Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/137

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Энхжин,

Улсын яллагч Ц.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Б,

Шүүгдэгч Б.Э,

Шүүгдэгч Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Б.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн О.Ц.Б-, Т.Б.Э, А.Э.М-нарт холбогдох эрүүгийн 2110000150011 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .......... өдөр Дорноговь аймгийн ............. төрсөн, ... настай, ...., халх, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, .......... ажилтай гэх, ....... хамт амьдардаг, .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх О.Ц.Б-/................./

 

2. Монгол Улсын иргэн, ............... өдөр ............ төрсөн, ...настай, ...., халх, бүрэн дунд боловсролтой, ......., ........... ажилтай гэх, .......... хамт амьдардаг, ........... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Т.Б.Э-/............./

 

3. Монгол Улсын иргэн, ........... өдөр ........... төрсөн, ...настай, ......., халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ..........хамт амьдардаг, ..........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх А.Э.М-/......./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Э, Ц.Б Э.М нар нь бүлэглэн, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө ................ байрлах иргэн ................ийн эзэмшлийн “ТНТ” гэх хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 449.200 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлнээр 250.000 төгрөг зэргийг хулгайлан авч, бусдад 699.270 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Сөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй ” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Сөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй ” гэв.

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Сөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй ” гэв.

 

Яллагдагчаар Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 1042 дугаар байрны хойд талд хүн хараад зогсож байхад тэр 2 дэлгүүр рүү ойртоод нэг нь дотогш орж байгаа харагдсан. Хэн гэдгийн нь сайн хараагүй. Бид нар бүгд юу хийж байгаагаа мэдэх хэмжээний бага зэргийн согтолттой байсан. Үнэлгээгээр гарсан 700.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг би гаргаж, Мөнхсүлд 250.000 төгрөг, Эрдэнэ-Очир 250.000 төгрөг хохирогч Т.Л- гэх хүний эхнэр Б.Болдмаагийн дансанд шилжүүлсэн. Бид 3 тамхи татмаар санагдсан болохоор ийм үйлдэл хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р тал/

 

Яллагдагчаар Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хотхон дотор байдаг контей нэртэй хүнсний дэлгүүр дээр очиж хаалгыг нь тогштол хүн байхгүй байсан. Тэгэхээр нь бид 3 ороод тамхи авчихъя гэж ярилцаад Ц.Б ах ”би хүн харж байя” гээд цааш явсан. Э.М бид 2 цонхны төмөр хаалтыг гараараа татаж дэлгэж байгаад вакум цонхыг нь Э.М бид 2 хүчтэй түлхсэн чинь онгойсон. Тэгэхээр нь би цонхоор нь дотогш орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р тал/

 

Яллагдагч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 02 цаг өнгөрч байхад гараад дэлгүүр дээр очиход гэрэл нь асаалттай юм шиг харагдахаар нь хаалга, цонхыг нь нүдтэл онгойхгүй хүн байхгүй байсан. Тэгээд бид 3 тэр хавиар холхиж байгаад би цонхны хаалт төмрөөс бариад зогсож байхад Б.Э энэ цонх ингээд онгойчихдог ш дээ гээд гараараа түлхсэн чинь онгойсон.Тэгээд би Очироо ахыг та хүн харж бай гээд цааш явуулсан. Цонхны хаалт төмрийг Б.Э бид 2 татаж хүн орох зай гаргаад дотогш Б.Э орсон” гэх мэдүүлэг/хх-ийн 105-106-р тал/

 

Хохирогч Т.Л- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Б.Болдмаа орлогоо тоолоод 450.000 төгрөгөөс 5000,10.000, 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүд нийлсэн 250.000 төгрөг бэлнээр шилэн лангууны дотор байх тамхины хайрцаг дотор үлдээгээд 200.000 төгрөг гэр рүүгээ авч орсон юм байна лээ. Шилэн лангууны дунд байсан Алпэн голд шоколад-7 ширхэг, Шоко рошен үрлэн шоколад-8 ширхэг, Нипс үрлэн чихэр-8 ширхэг, Рошен шоколад-6 ширхэг, Макс фан шоколад-4 ширхэг, маом ууттай чихэр-2 уут, иштэй чихэр-100 ширхэг, арын лангууны доороос коварын компот -3 ширхэг, кастер тамхи-3 ширхэг, парламент тамхи-4 ширхэг, майлд тамхи-6 ширхэг, компакт майлд-5 ширхэг, цэнхэр эссэ-8 ширхэг, эссэ чэнж-6 ширхэг, ЛД клаб тамхи-9 ширхэг, ногоон эссэ тамхи-4 ширхэг, райнсон тамхи -5 ширхэг алдагдсан. 100x120 хэмжээтэй Ваакуум цонхыг 250.000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо түгжээ эвдрээд хаагдахгүй байгаа учир шрүпдсэн байгаа. Гаднах хамгаалалтын сараалжин төмрийг 150.000 хийлгэж байсан одоо 2 тулгуур нь хугарсан байна. Миний дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн” гэжээ. /хх-28-30-р тал/  

 

Гэрч Ө.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхрийг цагдаа ирж авч яваад орой 22 цагийн үед ирэхэд нь шалшаасаар байгаад асуусан чинь надад Б.Э, Ц.Б хоёртой гараад тамхи татья гэж бодоод ТҮЦ хайхад Хан-Уул дүүргийн Буянт Ухаа-2-ын хавьд нэг түцний гэрэл асаалттай юм шиг байхаар нь очоод цонхыг нь хэд тогштол хүнгүй байхаар нь түлхсэн чинь онгойхоор нь 4-5 хайрцагыг аваад салцгаасан гэж надад ярьсан...” гэжээ. /хх-39-р тал/  

                                                                    

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Б.Э гэх залуутай үерхээд жил орчим болж байгаа. Тэгээд саяхан 2020 оны 12 дугаар сарын 11 билүү 12-нд найз залуутайгаа хороололд уулзаж байсан чинь цагдаа түүн рүү залгаж, "чамтай хулгай хийсэн 2 найз чинь хэргээ хүлээсэн, чи хүрээд ир гэсэн” тэгээд асуухад Ц.Буян- Очирын гэр болох Хан-Уул дүүрэгт байрлах Буянт-Ухаа 2 хороололд байх хүнсний мухлагаас нийлж 2 ширхэг компод, 2 ширхэг чанадаг гоймон, 5 ширхэг хайрцагтай тамхи, нипс болон өөр төрлийн чихрүүд болон задгай мөнгөнүүд авсан гэж хэлсэн.Байнга өмсөж харагддаг өвлийн хувцас нь цагаан саарал, өнгийн дундаж урттай куртик, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн үдээстэй түрийтэй өвлийн гуталтай” гэжээ. /хх 40-р тал/  

 

Гэрч Г.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ц.Б ах саяхан надад нэг дэлгүүрээс хулгай хийсэн. Цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлэхээр нь ирсэн” гэжээ. /хх-41-р тал/  

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-23/, Хөрөнгийн үнэлгээний "ДАМНО” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ХУ2-2-832 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 55-57-р тал/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 80-82-р тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хх-73-79/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрү*******, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б, Б.Э, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Э, Ц.Б Э.М нар нь бүлэглэн, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө ................ байрлах иргэн ................ийн эзэмшлийн “ТНТ” гэх хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 449.200 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлнээр 250.000 төгрөг зэргийг хулгайлан авч, бусдад 699.270 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-23/, Хөрөнгийн үнэлгээний "ДАМНО” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ХУ2-2-832 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 55-57-р тал/ шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Э, Ц.Б Э.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийн хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Шүүгдэгч Б.Э, Ц.Б Э.М нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан тул шүүгдэгч Б.Э, Ц.Б Э.М нар нь бүлэглэн, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ................ийн эзэмшлийн “ТНТ” гэх хүнсний дэлгүүрийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж хулгайлсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Шүүгдэгч Б.Э, Ц.Б Э.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.Э, Ц.Б Э.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010000000745 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө *******, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Э, Ц.Б Э.М нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Л-д мөрдөн шалгах ажиллагааны явцад 700.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий  сиди нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ц.Б,

 - шүүгдэгч Т.Б.Э,

 - шүүгдэгч А.Э.М-нарыг бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, Ц.Б, Э.М нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ц.Б, Э.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий  сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Э, Ц.Б, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            И.ГАНБАТ