Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 682

 

“Шинэ үе” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06920 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шинэ үе” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Гансүхэд холбогдох

 

180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Конкай,

Хариуцагч Х.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Шинэ үе” Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч К.Конкай нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохиомж Дээд сургуулийн багш ажилчдын 57/2 тоот байрны ашиглалтыг хариуцаж байсан “Фэшн хаус” ХХК-ийн захиралтай тус байрны орц, орчны цэвэрлэгээ үйлчилгээ болон харуул хамгаалалтыг хариуцан гүйцэтгэхээр тохиролцож 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хийсэн ФШ-13-01 тоот гэрээг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс манай Сууц өмчлөгчдийн холбооноос тус байрны айл өрх тус бүртэй энэхүү байрыг улсын комисс бүрэн хүлээн авах хүртэлх хугацаанд орц, орчны цэвэрлэгээ хийх, хог татан авах ачуулах болон харуул хамгаалалтыг хариуцаж cap бүр айл өрх бүрээс 10 000 төгрөг авч байхаар тохиролцож гэрээ хийсэн. Зохиомж Дээд сургуулийн удирдлагаас 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын комиссын шийдвэрийг үндэслэн “УБЦТС” ТӨХК-д цахилгаан шугамын ашиглалтыг хүлээлгэн өгөхдөө Монгол улсын өмчийн харъяаллын тухай хууль бусад хуулиудын зохих заалтууд мөн “УБЦТС” ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа эрхэлсэн газрын 3/1746 албан тоот болон Техникийн зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2015 тоот шийдвэр, Гүйцэтгэх захирлын 2011 оны 157, 2011 оны 439 тоот тушаалаар батлагдсан дэг жаяг болон бусад шаардлагуудыг зөрчиж Цахилгаан шугамын инженерийн сүлжээг төрийн өмчид, Сантехникийн инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид, Дундын өмчлөлийн эд хөрөнгийг оршин суугчдад байрны зөвлөлд эсвэл СӨХ-д тус тус хүлээлгэн өгөөгүй бөгөөд тус байрны оршин суугчид хуралдаж байрны зөвлөл байгуулан байрны ашиглалт үйлчилгээг тус зөвлөлд хариуцуулахаар болсон шийдвэр гаргасанаар манай СӨХ-оос хийсэн гэрээний үйлчлэх хугацаа 2016 оны 01 сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон юм. Манай СӨХ-оос Зохиомж Дээд сургуулийн 57/2 байрны цэвэрлэгээ үйлчилгээ, харуул, хамгаалалтыг хариуцаж үйлчлэгч-жижүүрийг сарын 240 000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулж байхдаа айл өрхтэй хийсэн гэрээний дагуу тус байрны 20 тоотод оршин суух Х.Гансүх 18 сарын үйлчилгээ харуул хамгаалалтын ажлын хөлс 180 000 төгрөгийг төлөөгүй. Бид түүнээс эдгээр төлбөрийг төлж барагдуулахыг шаардаж, шаардах хуудас, нэхэмжлэл өгч байсан боловч тэрээр иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй, СӨХ-ны үйлчлэгч-жижүүрийн ажлын хөлсийг төлөөгүй байх тул бид шүүхэд иргэний нэхэмжилэл гаргаж байна. Иймд Х.Гансүхээс 180 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.4-т зааснаар хариуцагч Х.Гансүхээс 180 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шинэ үе” СӨХ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6 050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х.Гансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ный өдрийн 101/ШШ2016/06920 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

1. Анхан шатны шүух хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны горимыг зөрчсөн.

 Шүүхийн нарийн бичиг нь нэхэмжлэл гардуулахдаа баахан ижил цаас гаргаж ирээд л үүн дээр зур гээд л зуруулаад байсан. Би ч хүссэн газарт нь зураад өгсөн. Би хариу тайлбараа ямар хугацаанд өгөх, шүүх хурал хэзээ болохыг мэдэлгүй явсан ба шүүхээс ярих байх хэмээн хүлээж байсан. Гэтэл миний тайлбарыг авалгүйгээр, сонсолгүйгээр шүүх хурал аль хэдийн болоод өнгөрчихсөн байсан ба би энэ тухай гэр бүлийн хүнд шүүхээс утсаар “шүүхийн шийдвэрээ ирж аваарай гэж хэлснээр” би мэдсэн. Би тэр цааснууд дээр утасны дугаараа бичээд өгсөөр байтал энэ хооронд над руу хариу тайлбар өгөх, шүүх хурал хэзээ болох талаар нэг ч удаа яриагүй.

ИХШХШТХуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т “...72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ” гэсэн байх ба шүүхийн нарийн бичиг нь гарын үсэг зуруулаад л байснаас биш дээрх хуулийн 72.3 дахь хэсгийн талаар надад мэдэгдээгүй.

Иймээс миний бие хариу тайлбараа өгч, шүүх хуралд оролцож өөрийн эрх ашгаа хамгаалж чадалгүйгээр зөвхөн 1 талын хүсэлтийг шууд хангасан, талуудын тайлбар мэтгэлцээнээс шүүх зөвхөн үнэнийт тогтоох гэсэн зарчим алдагдсан, шударга үнэнд үл нийцсэн шүүхийн шийдвэрээр өр төлбөрт унах болсондоо гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх горимыг зөрчсөн.

Миний бие Х.Гансүх нь “Шинэ үе” СӨХ-тэй орон сууцны үйлчилгээ үзүүлэх талаар тохиролцоогүй, тэр байгууллагатай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, гарын үсэг ч зураагүй билээ. Тиймээс ямар ч төлбөр төлөөгүй, төлөх ч үндэслэлгүй юм.

Хэрэгт хавсаргасан СӨХ-оос надтай байгуулсан гэх гэрээг /хавтаст хэргийн 7-р тал/ баталгаажуулж гарын үсэг зурах хэсэгт оршин суугч Х.Гансүх гэсний дор зурсан гарын үсэг нь минийх биш, өөр хүнийх байгаа болно. Миний хувьд гарын үсгээ олон янзаар зурдаггүй, тогтсон 1 загвараар л зурдаг ба үүнийг миний иргэний үнэмлэх болон шүүхийн цааснууд, энэхүү өргөдөлд зурсанаас харж болно. Тэрхүү гэрээн дээрх гарын үсэг мөн эсэхийг шинжээчээр шалгуулах хүсэлтэй байна миний хувьд. Мөн “Шинэ үе” СӨХ-ны нэхэмжлэлд “байрны оршин суугчид хуралдаж үйлчилгээг “Шинэ үе” СӨХ-д хариуцуулахаар болсон” гэсэн байна. Миний мэдэхээр тийм хурал болоогүй билээ. Өөрөөр хэлбэл, нийт оршин суугчид хуралдаж ямар СӨХ-оос, ямар зардалтайгаар үйлчилгээ авах вэ гэдэг шийдвэрээ гаргах ёстой. Тус СӨХ нь оршин суугчдаас гаргасан шийдвэргүйгээр, надтай харилцан тохиролцож гэрээ байгуулаагүйгээр хэн нэгнээр миний өмнөөс гарын үсэг зуруулчихаад түүнийгээ гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж мөнгө нэхэж буй нь шударга үнэнд үл нийцэж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээний санал ч гараагүй, харилцан тохиролцоо ч хийгдээгүй, ямар ч иргэний эрхзүйн харилцаа үүсээгүй болно.

Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр гаргах хамгийн чухал зүйл болох “Гэрээ” нь талуудын хооронд байгуулагдсан эсэх, энэ нь үнэн зөв эсэх талаар нягтлалгүйгээр, хариуцагчаас энэ бүхнийг асуухгүйгээр, хариуцагчийг оролцуулалгүйгээр хариуцагчийг гэрээний үүрэг биелүүлэх ёстой гэж үзсэн нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байна гэдгийг хангахгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Х.Гансүхэд нэхэмжлэгч “Шинэ үе” СӨХ-ны нэхэмжлэлд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн 101/ШЗ2016/31284 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, эрх, үүрэг, хэргийн материалтай танилцуулж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагааг тус тус явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийг мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан тохиолдолд шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлож, мөн хуулийн 76.1.2-д заасны дагуу хэргийн оролцогчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрх тус тус үүсэж, мэтгэлцэх боломж бүрдэнэ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Гансүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                              А.ОТГОНЦЭЦЭГ

 

С.ЭНХТӨР