| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2018/0050/Э |
| Дугаар | 387 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 387
Д.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогч Б.М, өсвөр насны хохирогч Б.Ма, бага насны хохирогч Б.Бын хууль ёсны төлөөлөгч Р.О нарын өмгөөлөгч Ц.И,
шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч О.Б,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Бд холбогдох 1703000010163 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Д.Б, 1960 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, группд байдаг, ам бүл 3, эхнэр, дүү нарын хамт ......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............................../;
Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд талын замд “Nissan Bluebird” загварын, 59-91 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.М, Б.Ма, Б.Б нарыг мөргөж, Б.Магийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 6 сар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүний №147921 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, хохирогчоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болох 400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нар бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй болно.
Тухайн хэрэг гарахад би өөрийн болгоомжгүй үйлдлээс болж, зам тээврийн осол гаргаж, хүний биед гэмтэл учруулсандаа одоо ч гэсэн харамсаж гэмшиж сууна. Тухайн осол болох үед би эмнэлгийн түргэн тусламж болон цагдаад дуудлага өгч, Гэмтлийн эмнэлэг рүү хамт явж, анхан шатны тусламж хохирогч нарт үзүүлж, эм тариаг нь авч өгсөн. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч нарт нийт 5.743.530 төгрөгийг тус тус төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг ч гэсэн нөхөн төлөхөө илэрхийлж байна.
Би одоо 58 настай, 2010 оноос эхлэн чихрийн шижин өвчнөөр өвчилж, өвчин маань улам даамжирч тулгуур эрхтэнд нөлөөлж эхэлсэн. Улмаар 2016 онд инсулинээс үл хамаарах чихрийн шижин оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Би ам бүл 3, эхнэр, эхнэрийн дүүгийн хамт амьдардаг. Эхнэр өндгөвчний хорт хавдартай, дүү сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн байдаг.
Иймд дээрх нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлсөн болон миний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж өгөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Бгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас авахуулаад зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Тухайн хэрэг гарах үед хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлж, цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн байдаг. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан. Хохирогч нар хохирлын хувьд гомдол саналгүй болсон.
Д.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т заасны дагуу “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Д.Б одоо 58 настай, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон №0072291 дугаартай актаар инсулинээс үл хамаарах чихрийн шижин оноштойгоор хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт амьдардаг, эхнэр нь өндгөвчний хорт хавдар оноштой, мөн сэтгэцийн өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй дүүгийн хамт амьдардаг болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Д.Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Ц.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг биш. Гэхдээ хохирогч нарын 2 нь бага насны хүүхэд байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд эв зүйгээ олж тохиролцсон боловч хүүхдүүдийн гэмтэл нь одоогоор мэдэгдэхгүй. Оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өөрчлөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хохирогч нар болон ар гэрийнхэн нь ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг надад хэлээгүй, би өөрөө хавтаст хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаанд оролцсон учраас хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Б зам тээврийн осол гаргах үедээ Замын хөдөлгөөний тухай хуулийн 13.1 дүгээр заалтыг зөрчсөн. Уг хуулиар явган зорчигч нь цагаан зураас бүхий тэмдэгтэй, явган хүний гарцаар гарахад давуу эрхтэй, бусад үед гэрэл дохио, тэмдэг, зохицуулагчийн дохио гэх мэтээр хязгаарлалтайгаар оролцдог. Гэтэл Д.Б нь давуу эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч нарыг харалгүйгээр мөргөнө гэдэг нь жолоочийн хувьд маш хариуцлагагүй, болгоомжгүй зам тээврийн авто осол гаргасан үйлдэл юм. Үүний улмаас хохирогч нарт хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлүүд учирсан. Шүүх Д.Бгийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Д.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хойд талын замд “Nissan Bluebird” загварын, 59-91 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.М, Б.Ма, Б.Б нарыг мөргөснөөс Б.Магийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Бын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Мгийн “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед би 2 дүүгийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замаар урд талаас нь хойд чигт зам хөндлөн гарч байтал гэнэт замын зүүн талаас нэг машин гарч ирээд намайг мөргөөд, дараа нь манай хоёр дүүг мөргөөд газар унагасан. Тэгээд би хоёр дүүгийнхээ хамт түргэний машинаар Гэмтлийн эмнэлэг явсан...” /хх-16-17/,
өсвөр насны хохирогч Б.Ма, бага насны хохирогч Б.Б нарын хууль ёсны төлөөлөгч Р.О-ын “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орой гэртээ байж байтал манай дунд охин Б.Ма гаднаас орж ирээд “... эгч, дүү, бид гурвыг арын зам дээр машин мөргөчихлөө...” гэхээр нь би Б.Маг дагуулаад осол болсон газарт ирэхэд манай хоёр хүүхэд байж байсан... Б.Мгийн аарцаг яс хугарсан, Б.Магийн баруун хөл нь гэмтсэн, хүү Б.Бын зүүн нүдний ухархайн яс хугарсан байсан. Хүүхдүүд маань эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой байна ...” /хх-29-30/,
өсвөр насны хохирогч Б.Магийн “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замаар замынхаа урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарч байтал замын зүүн талаас нэг машин гарч ирээд эхлээд эгчийг мөргөөд дараа нь намайг мөргөж газар унагасан. Намайг эгч, дүүгийнхээ хамт зам руу орох үед явган хүний гарцны наад талд олон машинууд явган зорчигч нарыг замаар гарахыг хүлээгээд зогсож байсан. Бид нарыг зам хөндлөн гарч бараг дуусахын үед гэнэт замын зүүн талаас машин гарч ирээд бид нарыг мөргөсөн...” /хх-32-33/,
Д.Бгийн яллагдагчаар өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 40 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн “Nissan Bluebird” загварын, 59-91 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, Ханын материалаас Яармаг орохоор явж байсан. Тэгээд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хойд талын замаар зүүнээс баруун тийш чигтэй замын 1 дүгээр эгнээгээр 10-20 км цагийн хурдтай явж байсан. Явган хүний гарц дөхөж ирэх үед явган хүний гарцаар хүмүүс зам хөндлөн гарч байгаа харагдахаар нь гарцны наад талд зогсоод гарцаар гарч байгаа хүмүүсийг хүлээж гаргачихаад дөнгөж хөдөлтөл замын урд талаас хойд тал руу чигтэй 3 хүүхэд гэнэт зам руу гүйж орж ирэнгүүт нь зогсоод хөдөлтөл миний машины баруун толинд тэр 3 хүүхэд гурвуулаа шүргэгдэж газарт унасан. Тэгээд би цагдаа болон түргэнд дуудлага өгсөн...” /хх-101-102/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Бын биед зүүн гайморын ар хана, зүүн нүдний ухархайн ар болон доод хана, суурь ясны зүүн талын их далавч яс руу үргэлжилсэн хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13000 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-67/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Мгийн биед баруун суудал ясны далд хугарал, тархи доргилт, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зулгаралт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12989 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-69/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Магийн биед баруун шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын хуруунуудын зулгаралт, хүзүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13001 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-71/,
Замын цагдаагийн албаны “... “Nissan Bluebird” загварын, 59-91 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 /Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө/ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Ма, Б.М, Б.Б нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 578 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-92/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9/, бичиг баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-12/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-13/, хохирлын баримтууд /хх-22-24, 35-37, 46-50, 63-64, 129-132, 161-162/, өвчний түүх /хх-77-83/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Д.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба Д.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрлүүдээс анхан шатны шүүх нь хорих ялыг сонгож, тухайн зүйл, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу Д.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, үр дагаварт тохирсон гэж үзэв.
Д.Б нь цагаан зураас бүхий тэмдэгтэй явган хүний гарцаар давуу эрхтэйгээр замын хөдөлгөөнд оролцож байсан 3 хүүхдийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, үр дагавар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч О.Б нарын “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Д.Бд оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.ОЮУНЧУЛУУН