Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Нэхэмжлэгч нэг нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг тус тус баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                    123/2018/0013/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би А.Н, Д.З нарын нэхэмжлэлтэй Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд холбогдох “Төв аймгийн Батсүмбэр сумын кадастрын мэдээллийн санд нэр бүхий 12 иргэний газрыг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/796, мөн өдрийн А/797 дугаар захирамжуудаар олгогдсон газрыг кадастрын мэдээлэлд зөвтгөн  оруулахыг даалгах тухай” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: нэхэмжлэгч А.Н, Д.З нар нь Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамалд холбогдуулан гаргасан Төв аймгийн Батсүмбэр сумын кадастрын мэдээллийн санд нэр бүхий 12 иргэний газрыг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох “Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/796, мөн өдрийн А/797 дугаар захирамжуудаар олгогдсон газрыг кадастрын мэдээлэлд зөвтгөн  оруулахыг даалгах тухай” шаардлагад нэхэмжлэгч нарын талаас  дээрх хуулийн заалтын дагуу буулт хийж буюу хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Газрын даамалын гуравдагч этгээд нарт олгосон гэх маргаж байгаа байршилаар маргахгүйгээр, харин одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжаар А.Н, Д.З нарын эзэмших 30000 м.кв газрын хэмжээгээ багасган 6 айлын газар тодруулбал 4200 м.кв болгон багасгаж өөр байршилд шилжүүлэн газрын кадастрын мэдээллийн санд оруулахыг хариуцагчтай харилцан тохиролцох саналтай байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал Б.Мө хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э болон хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамал Б.М нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч А.Н, Д.З нар нь тус шүүхэд “Төв аймгийн Батсүмбэр сумын Кадастрын мэдээллийн санд нэр бүхий 12 иргэний газрыг давхардуулан  бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/796, мөн өдрийн А/797 дугаар захирамжуудаар олгогдсон газрыг кадастрын мэдээллийн санд зөвтгөн  оруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч А.Н, Д.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь харилцан буулт хийж нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох “Төв аймгийн Батсүмбэр сумын Кадастрын мэдээллийн санд нэр бүхий 12 иргэний газрыг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж 2 дахь нэхэмжлэлийн шаардлага дээр гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөхгүйгээр Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/796, А/797 дугаар захирамжаар А.Н, Д.З нарын эзэмших 30000 м.кв газрын хэмжээгээ багасган 6 айлын газар тодруулбал 4200 м.кв болгон багасгаж өөр байршилд шилжүүлэн, газрын зураг гаргуулан кадастрын мэдээллийн санд оруулах санал гаргасныг хариуцагч Батсүмбэр сумын газрын даамал Б.М хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч А.Н, Д.З нар тус шүүхэд 2 шаардлагатай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн “Төв аймгийн Батсүмбэр сумын кадастрын мэдээллийн санд нэр бүхий 12 иргэний газрыг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” 1 дэх шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, ...” шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь  нэхэмжлэлийн 2 дахь “Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/796, мөн өдрийн А/797 дугаар захирамжуудаар олгогдсон газрыг кадастрын мэдээлэлд зөвтгөн  оруулахыг даалгах тухай шаардлагын тухайд харилцан тохиролцон 2019 оны 06 дугаар сарын                     27-ны өдөр “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.Н, Д.З нараас өгсөн итгэмжлэлээр олгосон эрх, үүргийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...хариуцагчтай эвлэрэх”, 28 дугаар зүйлийн 28.2.5-д “эвлэрэх”,  хариуцагч нь мөн хуулийн 21 дугаар зүйлийн 21.1.1-д                                     “ ...нэхэмжлэгчтэй эвлэрэх”, гэж заасны дагуу эвлэрлийн гэрээг байгуулж, энэхүү эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “ нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагатай холбогдуулан иргэн Э.Б, Э.А, Д.И, Н.Э, Э.Б, Б.М, Д.З, Э.Б, Э.С, С.Б, Г.Б Д.А нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж шүүхээс гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаасаа татгалзсан тул гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.

Иимд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хариуцагч Б.М нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд нар болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ...биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, хуулийн 68.4-д  “нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь нэг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах  ба эвлэрлийн гэрээ байгуулсан талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд  шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т  “...шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх  журамтай болохыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 68 дугаар зүйлийн 68.1,68.2,68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь нэхэмжлэлийн Төв аймгийн Батсүмбэр сумын кадастрын мэдээллийн санд Э.Б, Э.А, Д.И, Н.Э, Э.Б, Б.М, Д.З, Э.Б, Э.С, С.Б, Г.Б Д.А нарын газрыг давхардуулан бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагаас татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн “Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/796, мөн өдрийн А/797 дугаар захирамжуудаар олгогдсон газрыг кадастрын мэдээлэлд зөвтгөн  оруулахыг даалгах тухай” шаардлагын талаар талууд харилцан буулт хийж,  2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч  нарын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэсгээр дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

  

ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ