Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0065

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О”.. ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0823 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “О”.. ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М..

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М..

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У...

 

Хэргийн индекс: 128/2022/0662/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0823 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О”.. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дүгээр захирамжийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М... дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 39-ний өдрийн 128/ШШ2022/0823 дугаартай шийдвэрийг хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд батлан гаргасан бөгөөд тухайн байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулах нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь, 7.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4 дэхзаалт, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалт, Газарын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт, 40.1.2 дахь заалт, 40 дахь заалт, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоол, Хот тосгоны, төлөвлөлт норм ба дүрэм БНБП 30.01.04, 2.14, 12 дахь хэсгийн тус үндэслэн тухайн шийдвэрийг баталсан.

Анхан шатны шүүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч ажиллах Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон заалтыг анхаараагүй, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний баримтыг нотлох баримтаар татан авах ажиллагаа зэргийг хийгээгүй бөгөөөд тус байршил нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр барилгажих боломжгүй бүс тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах 17808003378 нэгж талбар 876 м2 газарт 9 давхар орон сууцны барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын . 9.., 9.., 9..а, 9..б байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль, тогтоомжийг зөрчсөн байх тул 0000015829 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Нийслэлийн ерөнхий архитекторын 2016 оны МЗХ2016/01/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0823 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон дахин анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “О”.. ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргасан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар тус компанийг “9 давхар барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын 9.., 9.., 9..а, 9..б байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

3. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь дээрх иргэдийн өргөдлийн дагуу тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, барилгын зөвшөөрөл нь ямар хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн зөрчсөн талаар тогтоосон ямар нэгэн баримтгүй, нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулаагүй байх тул А/711 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Анхан шатны шүүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдарч ажиллах Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон заалтыг анхаараагүй, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний баримтыг нотлох баримтаар татан авах ажиллагаа зэргийг хийгээгүй бөгөөд тус байршил нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөөр барилгажих боломжгүй бүс  газарт 9 давхар орон сууцны барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын 9..,9..,9..а, 9..6 байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль, тогтоомжийг зөрчсөн...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Учир нь маргаан бүхий А/711 дүгээр захирамж нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, барилгажих боломжгүй бүс  газарт 9 давхар орон сууцны барилгын ажил эхлүүлсэн гэх үндэслэлээр гараагүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж үзэх үндэслэлгүй.

6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах ямар эрхийг, хэрхэн зөрчсөн, холбогдох хууль, барилгын норм дүрмийн аль заалтыг зөрчиж, барилгын зөвшөөрөл олгосон талаар баримт байхгүй, энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байх тул шүүх “иргэдийн Үндсэн хуульд заасан эрхийг анхаараагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Харин хариуцагч нь иргэдийн гомдол, мэдээллийг хуульд заасан журмын дагуу хянан шалгаж, иргэдийн маргаж буй гэрчилгээ, зөвшөөрөл нь Барилгын тухай болон холбогдох хууль, норм, дүрмийн шаардлага хангасан эсэх, түүний улмаас иргэдийн эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2022/0823 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М...ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                                 Т.ЭНХМАА

                    ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

      ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ