Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2017/00032/И |
Дугаар | 152 |
Огноо | 2017-04-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 152
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг 2-25 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, Хонин овгийн Рэгжидлхамын Батнасангийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Батнасан шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Богд сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл бохирын сантехникч, засварчнаар ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд намайг Өвөрхангай аймгийн Богд сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл бохирын сантехникч, засварчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Батнасан Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Р.Батнасан нь Өвөрхангай аймгийн Богд сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл бохирын сантехникч, засварчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай Богд сумын Нийтийн аж ахуй, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 25 тоот, 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот, 03 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Богд сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1983 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7 тоот тушаал, гэрч Д.Төмөрбат, М.Дагвадорж, Ч.Лхагвацоодол нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Р.Батнасанд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХонин овгийн Рэгжидлхамын Батнасанг Өвөрхангай аймгийн Богд сумын Нийтийн аж ахуйн Ахуй үйлчилгээний газарт 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл бохирын сантехникч, засварчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА