| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0124/э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Б.Гүнсэл,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн У.О.Н-д холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... өдөр ......... төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, У.О.Н-д, /РД:........../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Н нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ....дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн архи, ундааны лангуун дээр ажиллаж байхдаа иргэн ........... загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 463.167 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Э.Д- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...гар утсаа Саямаа худалдааны төвийн дотор байрлах архи, ундааны лангуун дээр мартаж гарснаа санаад буцаад очиж лангууны эзэн болох 30 орчим насны, шар царайтай эрэгтэй хүнээс би Redmi note-7 маркийн гар утсаа мартаад гарсан байна та харсан уу гэж асуухад ямар нэгэн гар утас хараагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь танай хяналтын камер ажиллаж байгаа юу гэж асуухад манай хяналтын камер ажиллахгүй байгаа, Нисэхийн хулгайч нарын нэгэн авсан байх гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цагт Саямаа худалдааны төв дээр очиж хяналтын камерыг шүүхэд миний гар утсыг архи, ундааны лангууны хүн аваад лангуун доор хийсэн бичлэг байсан.” гэжээ /хх-ийн 17-18-р тал/
Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Мөнхөө над руу залгаад Саямаа захын архины лангуун дээрээс манайд зөгийн бал хүргэдэг хүүхэд гар утсаа мартаад явсан гэж байна, та хяналтын камер шүүлгээд өгөөч гэж над руу залгаж ярьсан. Тухайн үед би гэртээ байсан болохоор маргааш ажил дээрээ очоод шүүгээд өгий гэж хэлсэн. Ингээд төд удалгүй тус захын Архины лангууны залуу болох О.Н над руу залгаад “та надад хяналтын камерын кодыг хэлээд өгөөч, би нэг бичлэг устгах гэсэн юм” гэхээр нь би “яах гэсэн юм, хамаагүй хүнээр камераа оролдуулахгүй, шаардлагатай бол маргааш үзээд өгий” гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн үед нөгөө гар утсаа алдсан гэх хүүхэд болон ажилтан Ганбаатар бид 3 камераа шүүж үзэхэд Архины лангуун дээр гар утсаа мартаж явсных нь дараа О.Н тус гар утсыг авч доод шургуулгадаа хийгээд, сим-ийг нь авч буй дүрс бичигдсэн байсан...” гэжээ /хх-ийн 23-р тал/
Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/
Дамно ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Яллагдагч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...ус ундааны лангуун дээ шаргал өнгөтэй загварыг нь сайн мэдэхгүй байна нэг хүн үлдээгээд явсан байхаар нь би тус гар утсыг аваад шургуулга дотор хийсэн юм. Тухайн үед би наймаа хийгээд хүн амьтан их байсан, шургуулга дотор байсан утас дуугараад байхаар нь уур хүрээд тус утасны дууг нь хаах гэж олон удаа оролдсон боловч утасны дуу нь хаагдахгүй байхаар нь би тус гар утсыг нь унтраасан юм. Нэг залуу орж ирээд НӨҮТ харсан уу гэж надаас асуусан, би тэгэхээр нь хараагүй юм байна гэж хэлсэн. Нөгөө залуу лангуу тойроод явж байгаад дэлгүүрээс гарч яваад 30-40 минутын дараа манай дэлгүүрт орж ирээд “камераа шалгуул” гэж хэлсэн болохоор нь миний дургүй хүрсэн тул би утас чинь байхгүй гэж хэлээд, камер шүүхээр нь гаргаж өгнө гэж бодоод явуулсан юм...” гэжээ /хх-ийн 50-51-р тал/
Шүүгдэгч О.Н нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саямаа” худалдааны төвийн архи, ундааны лангуун дээр ажиллаж байхдаа иргэн Э.Д-ийн гээгдүүлсэн Redmi note-7 загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 463.167 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогчийн Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-8-р тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15-р тал/, Дамно ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 849 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-29-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч О.Нд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцлээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрү*******, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Нд оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Нд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Хохирогч Э.Д- нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий сиди нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч У.О.Н-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Нд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Нд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэг бүхий сиди нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ