| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0157 |
| Дугаар | 2021/ШЦТ/165 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Улсын яллагч П.Энхболд,
шүүгдэгч, хохирогч С.Н,
Шүүгдэгч, хохирогч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн З.С.Н, Б.Б.Э нарт холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, .......... төрсөн, ... настай, дээд боловсролтой, ...., эрхэлсэн тодорхой ажилгүй, ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З.С.Н /РД.........../,
2. Монгол улсын иргэн, ......... ............... төрсөн, ...настай, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ....бичиг хэрэг, ам бүл 5л, нөхөр .... тоотод тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б.Э /РД........./,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 406 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүнийг маажих хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун тавхай, зүүн ядам хурууны зөөлөн эдийн няцрал , цус хуралт, баруун дал зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, нүүрэнд зулгаралт, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 406 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүнийг маажих цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн дээд зовхи, дээд доод уруул, хүзүүнд зулгаралт, зүүн эгэм, мөр, зүүн гарын 4-р хуруунд цус хуралт, 3-р хуруунд шарх, баруун чамархайн хуйхны үс зулгаагдаж унасан, зүүн бугалга, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч С.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед миний ам цангаад ундаа байгаа билүү гэж ярихад найз Энхчимэг нь танай хүүхдүүд л уугаа биз гэж хэлэхээр нь миний уур хүрч согтуудаа Энхчимэгийг бага зэрэг түлхсэн тэгсэн Энхчимэг намайг үсдэж аваад бид хоёр зууралдаж эхэлсэн, ...би өөрийгөө толинд харахад миний нүүр олон хумсны урт урт шарх үүссэн байсныг хараад миний уур хүрч Энхчимэгтэй үсдэлцэж байх үед Энхчимэгийн зүүн мөрөнд нь хазсан, ...миний нүүрийг Энхчимэг маажиж зүүн шанаа болон хүзүү орчмоор олон тооны хумсны шарх үүсгэсэн мөн миний толгойноос туг туг үс унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний дургүй хүрээд Нямсүрэнд манай хүүхэд ундаанаас чинь уугаагүй гэж хэлчхээд орон дээр сууж байхад Нямсүрэн миний шанаа руу алгадах нь би орон дээр хойш унасан босох гэтэл намайг үсдэхээр нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан, ...Нямсүрэн дахин намайг үсдэж газар унагаагаад зүүн талын мөрөн дээрээс хазсан баруун далан доор хазсан миний биед учирсан гэмтлүүдийг Нямсүрэн надад учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч С.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний ойлгосноор бол Энхчимэг, Нямсүрэн хоёр ундаанаас болж маргалдаад сүүлдээ зодолдож бие биеэ гэмтээсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өрөөнөөс гараад ирэхэд Нямсүрэн, Энхчимэг хоёр бие биеийнхээ үснээс зулгаасан байдалтай зогсож байхаар нь тэр хоёрыг хоёр тийш нь салгасан гэтэл Нямсүрэнгийн нүүр нь хумсанд маажуулсан байдалтай хумсны ором нэлээд хэд гарсан, ...Энхчимэг болон Нямсүрэн хоёр ундаанаас болоод хүүхдүүдээ өмөөрч хоорондоо маргаж зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Гэрч Ч.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Нэг харсан Нямсүрэн эхэлж Энхчимэгийн зүүн талын чихний доор хавьд нэг удаа алгадсан энэ үед Энхчимэг орон дээр суусан байсан тэгээд босоод үснээсээ 2-лаа зулгаалдаж 2 биеийнхээ нүүрнээс гараараа маажсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32 тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 293 дугаар дүгнэлт “...С.Нгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн дээд зовхи, дээд доод уруул, хүзүүнд зулгаралт, зүүн эгэм, мөр, зүүн гарын 4-р хуруунд цус хуралт, 3-р хуруунд шарх, баруун чамархайн хуйхны үс зулгаагдаж унасан, зүүн бугалга, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18-р тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 318 дугаар дүгнэлт “...Б.Эийн биед баруун тавхай, зүүн ядам хурууны зөөлөн эдийн няцрал , цус хуралт, баруун дал зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, нүүрэнд зулгаралт, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34-р тал/,
Шүүгдэгч С.Н, Б.Э нарын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37, 39/, ял шалгах хуудас /хх-45, 46/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч С.Н нь 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 406 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Этэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүнийг маажих хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун тавхай, зүүн ядам хурууны зөөлөн эдийн няцрал , цус хуралт, баруун дал зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, нүүрэнд зулгаралт, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэря, хохирогчийн мэдүүлгүүд хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр,
2. Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Ханбогд хороолол, 406 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүнийг маажих цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн дээд зовхи, дээд доод уруул, хүзүүнд зулгаралт, зүүн эгэм, мөр, зүүн гарын 4-р хуруунд цус хуралт, 3-р хуруунд шарх, баруун чамархайн хуйхны үс зулгаагдаж унасан, зүүн бугалга, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч, хохирогч хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Н, Б.Э нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н, Б.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч С.Н, Б.Э нарын нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Н, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н, Б.Э нарт оногдуулсан торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар С.Н, Б.Э нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн ............. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө *******, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Н, Б.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч З.С.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б.Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н, Б.Э нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Н, Б.Э нарт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Н, Б.Э нарт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ