Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Ц.Н, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн С.Ц.Тт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......... өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ...ажилтай, ам бүл .........тоотод оршин суудаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай гэх С.Ц.Т /РД:........./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны 18 цаг 57 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн зам, Дэнжийн автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарц дээр “Хундай верна” маркийн 15-02 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас тарж байхдаа энэ хүнд дайруулсан. Намайг гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм барих хэрэгтэй, тэгж байж бие чинь сайжирна гэсэн. Төмөрбаатар надтай холбогдож байгаагүй, миний эргэн тойрны хүн холбогдож байсан гэсэн. Намайг манай ээж асардаг байсан. Би цагаан сарын дараагаас босдог болсон. Надад эмчилгээний мөнгө хэрэгтэй байна гэхэд Төмөрбаатар ажил хийж чадаагүй, одоохондоо мөнгө өгч чадахгүй гэсэн. Та ямар нэгэн байдлаар хүнээс ч гэсэн мөнгө зээлээд олоод өгөөч гэхэд би хүнээс юм гуйдаг хүн биш чадахгүй гээд над руу уурлах маягтай утсаа салгасан. Хөл хорио тавигдаад энэ хүнийг ажил хийсэн байх гэж бодоод утсаар ярихад бие нь яаж байна, гайгүй юу гэж асуугаагүй, өмнөөс мөнгө байхгүй юм чинь юугаа өгөх юм гэж байсанд гомдолтой байна. Тухайн үед эрүүл мэндтэй холбоотой зардалд 2.429.249 төгрөг, өнөөдрийн байдлаар 193.700 төгрөг, үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан. Ажилгүй байсан хугацааны цалин 3.600.000 төгрөг, энэ талаар цалингийн тодорхойлолтоо байгууллагын нягтлангаас авсан баримт нь байгаа. Нийт 6.222.949 төгрөгийг Төмөрбаатараас нэхэмжилж байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү. гэв

 

Гэрч Т.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг мөргөсөн... Явган зорчигчийг автомашиныхаа урд хэсгээр мөргөсөн...” гэжээ /хх-ийн 47-р тал/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1343 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...2. Ц.Нгийн биед ууц яс, баруун умдаг ясны дээд, доод салаа, бүсэлхийн 5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 73-75-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-17-р тал/,  хохирогчийн өвчний түүх болон шинжээчийн дүгнэлтүүд /хх-21-30/, хохирлын баримтууд /хх-32-42/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-189/, Ял шийтгэлийн хуудас /хх-61/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-64-70, 100-106/, шүүхийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн хүснэгт, хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрү*******, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны 18 цаг 57 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн зам, Дэнжийн автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарц дээр “Хундай верна” маркийн 15-02 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Нг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 1343 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Тт нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Нг мөргөж, эрүүл мэндэд нь ууц яс, баруун умдаг ясны дээд, доод салаа, бүсэлхийн 5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Т Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Тт нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд хохирогч Ц.Н нь хохирлын 2.429.249 төгрөг баримтаар нэхэмжилсэн бөгөөд хохирол төлбөр барагдаагүй байна.

 

 Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 193.700 төгрөг, үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин сард 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан ба ажилгүй байсан хугацааны нийт цалин 3.600.000 төгрөг, нийт 6.222.949 төгрөгийг Т-аас нэхэмжилж байна гэсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 200.000 төгрөг төлсөн гэснийг хохирогч *******сгэхгүй байна.

Шүүх нотлох баримтын шаардлага хангасан 4.162.949 төгрөгийг шүүгдэгч Ц.Таас гаргуулж хохирогч Ц.Нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн хүснэгт зэргээс үзэхэд хохирогч нь үндсэн болон шагналт цалин авдаг болох нь тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв.

 

Иймд хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн №... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ц.Тт буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч С.Ц.Тыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Тт нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Таас 4.162.949 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Нд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн №..... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ц.Тт буцаан олгосугай. 

 

7. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8. Хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ