Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасансүрэн,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч П.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х.П.Ат холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............өдөр .... төрсөн, ....настай, ...., бүрэн дунд боловсролтой, ...мэргэжилтэй, ....жолооч ажилтай, Ам бүл ............тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.П.А /РД:..../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд замд “Хюундай Соната” маркийн 52-17 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Эрмүүнийг /7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч П.А мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Нисэхийн Яармагт хүн хүргэж өгчхөөд буцаад нисэх орохоор явж байгаад 118-р сургуулийн урд талын явган хүний гарц дээр би 2 дугаар эгнээнээс 3 дугаар эгнээ рүү шилжиж ороод явган явган хүний гарц бараг өнгөрч яваад машиныхаа баруун хойд хаалгаар хүүхэд шүргэсэн. Тэгээд тэр дороо буцаж очиход газар унасан байсан. Мөргүүлсэн хүүхэд эмээтэйгээ явж байсан. Намайг эмээ нь загнаад эмнэлэг явъя гээд цагдаад дуудлага өгөөгүй ГССҮТЭмнэлэг орж гарын зураг авхуулахад хугарсан байна гэсэн. Энэ хооронд ээж нь ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Осол болсны дараа эмээ нь 16 цаг 50 минутын орчим надад утсаар ийм осол боллоо гэж мэдэгдсэн...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэг орж гар болон тархины зураг авхуулахад баруун гарын бугалгын хэсгээр хугарч яс нь зөрсөн байна гэсэн ...Жолооч миний хүүхдийн эмчилгээний зардал болон миний хүүхдээ асарсны төлбөрт 400.000 нийт 800.000 төгрөг өгч хохирол барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл болон санал гомдол байхгүй болно...” гэх мэдүүлгүүд, /хх-ийн 20, 84-р тал/

 

Гэрч Б.Туул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...118 сургуулийн урд талын автобусны буудлын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зам гарч явахад зүүн талаас ирж байсан суудлын машин зээ хүүг мөргөөд унагаасан. Би зээ хүүгийн хамт нэгдүгээр эгнээ болон хоёрдугаар эгнээгээр өнгөрөөд гуравдугаар эгнээ рүү орох гээд явж байтал ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 281 тоот шинжээчийн дүгнэлтэд: “....Эрмүүн-н биед баруун шуу богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/

 

            Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа: “...Х.Сонота маркийн 6 загварын 52-17 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Пүрэвсүрэн овогтой Адъяатөмөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн...” гэх магадалгаа /хх-ийн 33-35 тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 6-10/, Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх-11/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрцэцэгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд, /хх-ийн 53-56/, ял шалгах хуудас /хх-ийн 58/, шүүгдэгч П.Аийн жолоодох эрхийн лавлагаа хуулбар /хх-59/ бусад лавлагаа /хх-ийн 60-61/,  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрцэцэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 97/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрү*******, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, П.Адъатөмөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч П.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд замд “Хюундай Соната” маркийн 52-17 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Эрмүүнийг /7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрцэцэг болон шүүгдэгч П.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №281 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.А нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Эрмүүнийг /7 настай/ мөргөж “...биед баруун шуу богтос ясны хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч П.Аийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дэлгэрцэцэг нь “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 97-р тал/ гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож  байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч П.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэл гаргаагүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч П.Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.А торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар П.Ат оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн ............ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө *******, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.П.Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.Ат оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ