Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Н.Нарангэрэл

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ц.Н.Э-ад холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... өдөр ..... төрсөн, ..астай, ...гтэй, .. боловсролтой, .... ажилтай, ам бүл ........тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололын 356 дугаар байрны 1102 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц.Н.Э- /РД:....../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Лакшири хотхоны 90/1 дүгээр байрны 105 тоотод өөрийн найз той маргалдан улмаар түүний гараас хутгыг нь авахаар булаацалдаж байх үедээ О.А-ын хэвлийн тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...бид 2 ноцолдсон. Тэгтэл А- гартаа хутга барьж байсан. Би хутгыг нь булаах гэж байгаад хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-р тал/

 

Хохирогч О.А- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэбат 0,75 литрийн 1 шил архи, ундаа барчихсан орж ирэхээр нь архийг задлаад бага хэмжээгээр уугаад сууж байхдаа зүүрмэглээд сэрээд архинаасаа 2-3 хундагыг татаад босож яваад ирэхдээ гартаа хутгатай ирээд өөрийгөө ална гэхээр нь хутгыг нь булаах гэж зууралдаж эхэлсэн. Тэгж байхдаа Эрдэнэбат бид 2 зүсэгдсэн. ...Эрдэнэбатын гараас хутгыг булаах гэж байхдаа учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/

 

Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...дуудлагын дагуу 23 цаг 27 минутын үед очиход Зайсан лакшири хотхоны харуулын постын хажууд 30 гаран насны 180 см орчим өндөртэй эрэгтэй хүн цайвар өнгийн фүдволктой, фудволкны урд энгэр нь цус болсон байдалтай, цус болсон хэсгийг гараараа дарсан байдалтай газар өвдөглөөд сууж байсан. Түүнээс юу болсон тухай асуутал тэрээр “хамт архи ууж байсан найз Эрдэнэбатад хутгалуулчихлаа, намайг хутгалсан хутга энэ байна, Эрдэнэбат 4 давхарт гэртээ байгаа бариад аваарай” гээд постын довжооны хажууд хэвтэж байсан хар өнгийн иштэй, цустай хутгыг заасан. ...дотогш ороход өрөөний гол хэсэгт байрлах буйдан дээр 30 гаран насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай чармай, шалдан унтаж байсан. Тухайн хүний согтолт их байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р тал/,

 

Гэрч Э.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би А-оос юу болсон тухай асуутал тэрээр “Эрдэнэбат намайг хутгалчихлаа, зүв зүгээр байж байгаад намайг хутгалчихлаа, эрүү юмаа” гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р тал/,

 

Гэрч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...харуулын өрөөнд камер хараад сууж байтал 1 дүгээр байрны орцноос 1 хүн гараад хутга бариад гүйгээд хүрээд ирсэн. Ирээд “би цуг архи ууж байсан Эрдэнэбат гэх найз даа хутгалуулчихлаа” гэсэн. Хаана юу босон талаар асуухад 1 дүгээр байрны 4 давхарт л гэсэн. Хутгалуулсан хүн өөрөө согтуу байсан болохоор олигтой юм ярихгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7743 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...О.А-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, элэгний зүүн 3 дугаар сегментийг нэвт хатгасан шарх, дотуур цус алдалт, хэвлийн хагалгааны дараах байдал, ооч, зүүн эрхий хурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл...” гэх дүгнэлт /хх-ийн 90-р тал/

 

Шинжээч эмч Т.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Хохирогчийн биед учирсан гэмтэл нь эгц урд хэсэгт учирсан гэмтэл байсан. Уг гэмтлийг ноцолдож, зууралдаж байх үед учруулах боломжтой. Жишээ нь хүнд хутгалуулах, хүнтэй хутга булаацалдаж байх үед учруулах боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 101-р тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №929 дугаартай “...Н.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Э нь болсон үйл явдлыг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Э нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл ******* байна. Н.Эад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 96-р тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /х- ийн 31-37х, 39-46х/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38х/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 149х/, Хохирогч О.А-ын “Интермед эмнэлэг болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх болон бусад баримтууд /хх-ийн 159-195х/, Шүүгдэгч Н.Эын хувийн байдалтай холбоотой оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад баримт /хх-ийн 116-119/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114/, Хохирогч О.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /1хх-ийн 244/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрү*******, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Лакшири хотхоны 90/1 дүгээр байрны 105 тоотод өөрийн найз О.А-той маргалдан улмаар түүний гараас хутгыг нь авахаар булаацалдаж байх үедээ О.А-ын хэвлийн тус газарт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.А- болон шүүгдэгч Н.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7743 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч О.А-ын эрүүл мэндэд учирсан “...биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, элэгний зүүн 3 дугаар сегментийг нэвт хатгасан шарх, дотуур цус алдалт, хэвлийн хагалгааны дараах байдал, ооч, зүүн эрхий хурууны шарх” бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Н.Эын хохирогч О.А-той маргалдан улмаар түүний гараас хутгыг нь авахаар булаацалдаж байх үед үүссэн бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Эын хохирогч О.А-той маргалдан улмаар түүний гараас хутгыг нь авахаар булаацалдаж байх үед биед хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /1хх-ийн 244-р тал/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн учирсан гэм хорын хохирол төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэл гаргаагүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Н.Эад хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн .......... дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө *******, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32  см урттай хутга 1 ширхэг, ногоон эрээн, хүрэн өнгийн даавуу 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ирүүлсэн Ц.Н.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Э нь тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32  см урттай хутга 1 ширхэг, ногоон эрээн, хүрэн өнгийн даавуу 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ