| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0186/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/210 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Ч.Батбаатар,
иргэний нэхэмжлэгч Б.Л, Э.Ц,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Я.Д,
хохирогч Л.М, түүний өмгөөлөгч Л.Соёмбо,
шүүгдэгч Ш.Р, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн И.Ш.Р-ид холбогдох эрүүгийн 2003005140034 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... өдөр, ......... төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, а...... мэргэжилтэй, ........ажилтан ажилтай, ам бүл ........тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И.Ш.Р- /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ш.Р нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг 10 минутын орчимд Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүрний замд “Тоёота приус-20” маркийн 81-52 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота аллион” маркийн 82-22 УНР, “Тоёота приус-20” маркийн 19-57 УБА, “Субару Форестер” маркийн 11-78 УНҮ, “Субару Форестер” маркийн 95-10 УБЕ улсын дугаартай нийт 4 тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Э.Цын эрүүл мэндэд хөнгөн, жолооч Л.М-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би үйлдвэр комбинатаас зайсан орох гэж явж байгаад энэ ослыг гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд энэ талаараа үнэн бодиттойгоор нь хэлсэн. Нэмж хэлэх зүйл гэвэл хохирогч нарын хохирол 24.000.000 төгрөгийг барагдуулсан. Хохирогч Мөнх-Эрдэнэ болон түүний аав, хохироосон хүмүүсээсээ уучлалт гуйж явж байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр Шангрилаагаас Зайсан руу явж байхад энэ хүн араас машинаар мөргөөд би ухаан алдаж унасан. Намайг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан. Би эмнэлэг рүү яаж ирснээ санахгүй байгаа. Эмчлүүлж байгаа эмчилгээний зардалд 6.162.960 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч Л.М-ийн: “2020 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед найз Анхбилэг өөр хүнтэй утсаар ярьж байгаад Зайсан орж хүнтэй уулзахаар явж байсан гэсэн би сайн санахгүй байгаа. Осол болох үе болон өмнөх үеийн болсон зүйлийг сайн санахгүй байгаа...Гомдолтой байна. Эмчилгээний зардал, унаж явсан автомашиныхаа хохирлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Японд үйлдвэрлэсэн аллион маркийн миний эзэмшлийн машин байсан. автомашины эвдрэлийг эрх бүхий үнэлгээний байгууллага 5.806.000 төгрөгөөр үнэлсэн. Зах зээлийн үнийн талаар дүүгээрээ уламжилж хэлүүлсэн, шүүгдэгч боломжгүй болохоор нь 5.806.000 төгрөгөөр болно гээд авсан. Сүүлд надад 1.000.000 төгрөг өгчхөөд гомдолгүй гэсэн бичиг авмаар байна гэж явсан. Миний хувьд маш их гомдолтой байгаа. Үнэлгээний газар энэ машины зах зээлийн ханш нь 7.000.000 төгрөг байдаг юм байна гэж хэлсэн...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Лийн: “Миний эзэмшлийн “Тоёота аллион” маркийн 82-22 УНР улсын дугаартай автомашиныг хүү Мөнх-Эрдэнэ 2020 оны 10 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө жолоодож яваад Зайсангийн гүүрэн дээр осолд орсон. Ослоос хойш хүү Мөнх-Эрдэнийн биеийн байдал эмнэлгээр олон хоног хэвтэн эмчлүүлж байгаад гарсан... Автомашин маш их эвдрэлтэй дахиж хөдөлгөөнд оролцох боломжгүй байдалтай байна. Үнэлгээ хийлгэхэд 5.806.000 төгрөгийн хохирол гарсан. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Машины үнэлгээний 7.600.000 төгрөгийг надад төлсөн байгаа. Би тухайн машинаараа халтуур хийдэг байсан. 10 дугаар сарын 31-нд осол болсон. Тэр өдрөөс хойш 3 сар хүртэл зээлийнхээ төлөлтийг хойшлуулсан. Түүнийгээ нэхэмжилж байгаа. 2020 оны 11 сараас хойш сард 366.000 төгрөгийг төлөх ёстой байсан төлөлт тасарсан. Тухайн автомашиныг авахын тулд цалингийн зээл авсан, сард 600.000 төгрөгийн цалинтай, би байр түрээсэлж амьдардаг тул хаа хаанаа хүрэлцэхгүй, орой ажлаа тараад халтуур хийдэг байсан. Халтуур хийсэн мөнгөө цааш нь хуримтлуулж байж цалингийн зээлээ төлдөг. Хаан банкны хуулгаа авч ирсэн. Мөн эмчилгээний 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. 19-57 дугаартай машин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. “Инержи пиналс”-аас 1.500.000 төгрөгийн зээл авсан байсан. Тэр зээлээс 500.000 төгрөгийг төлж дуусаагүй тул үүнийгээ нэхэмжилнэ. Нийт 5 сарын зээлийн төлөлт зэрэг 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.А: “Зам тээврийн осолд орсон “Тоёота приус-20” маркийн 19-57 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Э.Ц 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж...авсан. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал ашиглалт хамгаалалтыг зээлдэгч Э.Ц өөрөө хариуцахаар гэрээнд заасан байгаа. Одоогийн байдлаар зээлийн төлөлт хэвийн байгаа. Манай байгууллагаас үнэлгээгээр гарсан 7,600.000 төгрөгийн нэхэмжилж зээлдэгчээ гомдолгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Я.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй байгаа. Бид 2 хоёр хүүхэдтэй, манай хүүхэд хамгийн бага нь 7 сартай, том нь 7 настай, би ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ар гэрийн амьдралыг авч явдаг хүн маань манай нөхөр. Хохирогч нараас бүгдээс нь нөхрийнхөө өмнөөс уучлалт гуйя...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Я.Дгийн: “... Уг автомашиныг манай нөхөр Рэнчиндорж бид хоёр ээлжилж унадаг, Тэр өдрийн өглөө ажилдаа явна гээд машинаа жолоодоод явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/,
Хохирогч Б.Амарзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 30-аас 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө 00 цаг 05 минутын орчим... такси бариад Зайсангийн гүүрэн дээр явж байх үед хүчтэй доргилт, чанга чимээ гараад хүмүүс орилоод утаа гараад би амьсгалж чадахгүй цээжээр өвдөөд байсан. Мөргөлдөх үед утсаа оролдоод доошоо харсан учраас осол болохыг хараагүй...Түргэн ирээд намайг суулгаад гэмтлийн эмнэлэг аваад явсан. Би тэр автомашинд суугаад миний суух суудалд бүсийг нь зүүсэн байдлаар тайлж байгаад журмаар нь зүүсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу баасан гаригт манай хамт амьдардаг нутгийн найз Мандах бид хоёр Зайсан толгойн зогсоол дээр машинтайгаа гараад буцаж явсан. Мандах миний машиныг жолоодож явсан. Хотын төв буюу хойд зүг Зайсангийн гүүрэн дээр явж байхад нэг Приус автомашин манай урд нэг машины урд явсан машинтай мөргөлдөх шиг болохоор нь зугтааж баруун гар тийш дарах гэтэл үйлдэл хийж амжаагүй байхад өөдөөс явсан саарал өнгийн Приус автомашин манай машиныг ирж мөргөөд зогссон. Машинаасаа буугаад тэр машин дээр яваад очиход жолооч нь ухаантай согтуу байсан... Надад гэмтэл бэртэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Үнэлгээгээр гарсан мөнгөө авбал өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,
Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны орой 12 цаг 20 минутын орчим найз Рэнцэнгийн эзэмшлийн автомашиныг би жолоодоод Зайсангийн гүүрээр хойд зүгт явж байтал чанга чимээ гараад миний урд явсан машин тоормос гишгээд зогсох гэхээр нь би бас дагаад тоормос гишгээд хурдаа хасаж байтал урдаас гэнэт саарал өнийн Приус машин хурдтай ирээд мөргөсөн... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө ...хотын төв буюу хойд зүгт Зайсангийн гүүрэн дээр явж байтал гэнэт маш хүчтэй чимээ гараад миний машины зүүн талаас хүчтэй саарал өнгийн приус мөргөөд би гүүрний зүүн буюу өөрийн гараар баруун талын явган хүний зам дээр машинтайгаа шидэгдэж гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 102 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Б-ий: “Миний машин маш их эвдрэлтэй хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд 5.675.000 төгрөгийн хохирол учирсан байгаа Үнэлгээгээр гарсан хохирлыг төлж барагдуулбал өөр надад нэхэмжлэх зүйлгүй. Ослын улмаас надад ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 136 дугаар хуудас/,
Гэрч Э.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цаг 50 минут өнгөрч байхад ажлаа тараад хамт ажилдаг тогооч нар болох Эрдэнэтулга, Нарантуяа, Амарзаяа миний бие 4 ажпаас гараад такси бариад гэр лүүгээ явж байсан. Зайсангийн гүүрэн дээр гарч ирж байх үед гэнэт хүчтэй чимээ гараад манай сууж явсан машины баруун хэсэг рүү би толгойгоороо цохиосон... Эмчилгээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг, /хх-ийн 104 дүгээр хуудас/,
Гэрч М.Эрдэнэтулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...: “2020 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цаг 50 минут өнгөрч байхад ажлаа тараад хамт ажилдаг тогооч нар болох Сүхтулга, Нарантуяа, Амарзаяа миний бие 4-үүлээ ажпаас гараад такси бариад гэр лүүгээ
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12694 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Амарзаяагийн биед бүсэлхийн 4-р нугалмын сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт, зүүн бугалга, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 170-171-р тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12763 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Л.М-ийн биед гавлын суурь ясны их бага далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн дотор цусан хураа, зүүн хацрын ясны нуман хугарал, эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, сээрний 11-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн дээд 1,3.4-р шүд, доод зүүн 5-р шүд, доод баруун 7-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 182-184-р тал/
“Вендо” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Тоёота аллион” маркийн 8222 УНР улсын дугаартай автомашинд 5.045.000 төгрөгийн шууд, 5.806.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, /хх-ийн 141-142 дугаар хуудас/,
“Хас Үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Субару Форестер” маркийн 11-78 УНҮ улсын дугаартай автомашинд 5.495.000 төгрөгийн шууд, 5.675.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, /хх-ийн 149 дүгээр хуудас/,
“Виннэр вэй” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: ““Субару Форестер” маркийн 95-10 УБЕ улсын дугаартай автомашинд 1.427.600 төгрөгийн шууд, 1.550.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, /хх-ийн 200 дугаар хуудас/,
“Итгэлт хөрөнгө” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Тоёота Приус-20” маркийн 19-57 УБА улсын дугаартай автомашинд 6.200.000 төгрөгийн шууд, 7.600.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, /хх-ийн 208-209 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 25 дугаар магадалгаа: “...“Тоёота приус” маркийн 81-52 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Шоовдор овогтой Рэнчиндорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Бусад автомашины жолооч нар Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. Осол гарах үед “Тоёота приус” маркийн 81-52 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Шоовдор овогтой Рэнчиндорж нь дээрх дүрмийн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа /1хх-ийн 188-189-р тал/
Жолооч Ш.Рийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-21-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 09-20-р тал/, жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-22-25-р тал/, хохирогч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хохирлын баримтууд /1хх-27-58/, хохирогч Б.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хохирлын баримтууд /1хх-59-61/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М хохирол төлбөрийн 20 хуудас баримт, шүүгдэгч Ш.Р хохирол төлбөр барагдуулсан болон хувийн байдлыг тодорхойлсон 31 хуудас баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрү*******, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ш.Рид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Р нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг 10 минутын орчимд Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүрний замд “Тоёота приус-20” маркийн 81-52 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота аллион” маркийн 82-22 УНР, “Тоёота приус-20” маркийн 19-57 УБА, “Субару Форестер” маркийн 11-78 УНҮ, “Субару Форестер” маркийн 95-10 УБЕ улсын дугаартай нийт 4 тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Э.Цын эрүүл мэндэд хөнгөн, жолооч Л.М-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 12694, 12763 тоот дүгнэлтүүд, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 25 дугаар магадалгаа, “Вендо” ХХК, “Хас Үнэлгээ” ХХК, “Виннэр вэй” ХХК, “Итгэлт хөрөнгө” ХХКомпаниудын гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, үйлчилгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Р нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота аллион” маркийн 82-22 УНР, “Тоёота приус-20” маркийн 19-57 УБА, “Субару Форестер” маркийн 11-78 УНҮ, “Субару Форестер” маркийн 95-10 УБЕ улсын дугаартай нийт 4 тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Э.Цын эрүүл мэндэд хөнгөн, жолооч Л.М-ийн эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мд эмчилгээний төлбөрт 3.540.611 төгрөгийн, хохирогч Б.Амарзаяад эмчилгээний төлбөрт 645.600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Лид автомашины хохиролд 5.806.000 төгрөгийн, Б.Рэнцэнд 1.550.000 төгрөгийн, Э.Цт 7.600.000 төгрөгийн, Э.Билгүүнд 5.675.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ш.Рид Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Рид нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн, цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэм хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгчөөс “...Хохирлыг тал дээр 5.250.000 төгрөг нэхэмжилж байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс тал мөнгийг эмчилгээгээ тасалдуулахгүй тал мөнгийг нь өгье гэж байгаа боловч Басхүүгийн эмнэлэг нь 100 хувь төлбөрөө төлсний дараа эмчилгээ хийлгэнэ гэж байгаа. Нийт 6.162.968 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, шүүхийн шатанд барагдуулж өгнө үү. Бусад зардлыг баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхээр хангаж өгнө үү. гэжээ
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан хохирол төлбөрийн нийт 6.162.968 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 912.914 төгрөгийн баримтыг хангаж, 5.250.051 төгрөгийн цаашид гарах гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан бөгөөд энэ нь бодит хохирлыг шаардана.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Мд эмчилгээний төлбөрт 3.540.611 төгрөгийн, хохирогч Б.Амарзаяад эмчилгээний төлбөрт 645.600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Лид автомашины хохиролд 5.806.000 төгрөгийн, Б.Рэнцэнд 1.550.000 төгрөгийн, Э.Цт 7.600.000 төгрөгийн, Э.Билгүүнд 5.675.000 төгрөгийн хохирол учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч нь төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд төлснийг дурдаж, нийт гэм хорын хохирол төлбөрт 24.717.611 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байх тул хохирол төлбөр барагдуулсан гэж үзэв.
Хохирогч Б.Амарзаяа, Иргэний нэхэмжлэгч Б.Рэнцэн, Э.Билгүүн, Ч.Долгормаа нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И.Ш.Р-ид автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Ш.Р-ийг хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэм хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмээ авахыг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ш.Рид тэнсэж, хянан харгалзсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Роос 912.917 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мд олгосугай.
8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ