Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0048

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

БНСУ-ын иргэн HSM-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Нэхэмжлэлийн шаардлага: БНСУ-ын иргэн HSM-ийн “HSM-ийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах, хилээр нэвтрэх визийн зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 767 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0653/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн HSM-аас ГИХГхолбогдууланБНСУ-ын иргэн HSM-ийн “HSM-ийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах, хилээр нэвтрэх визийн зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 767 дугаар шийдвэрээр: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2, 30 дугаар зүйлийн 30.2, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасныг тус тус баримтлан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн HSM-ээс Гадаадын иргэн харьяатын газарт холбогдуулан гаргасан ГИХГБүгд Найрамдах Солонгос Улсын иргэн HSM-ийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах, хилээр нэвтрэх визийн зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсгийн төгсгөлд “ ... Энэ тохиолдолд “КСБЭ” ХХК-ийн 25 хувиас дээш хувийн хөрөнгө оруулсан  HSM-ийн оруулсан хөрөнгө оруулалт 100,000 ам долларт хүрэхгүй байгаа нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзсэн хариуцагчийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө нь хуульд заасан шаардлага хангахгүй байх тул визийн журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хөрөнгө оруулах ангиллаар виз олгох боломжгүй гэж дүгнэжээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй: 9.2.1. хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих гэж заасны дагуу гадаадын хөрөнгө оруулагч хуулийн шаардлага хангаж буй эсэхийг хяналт тавих эрх бүхий байгууллага болох Эдийн засаг хөгжлийн яам 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээрх заалтыг хэрхэн хэрэгжүүлж, хяналт тавьж байгаа талаар нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй.

3.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн үнэлж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

“КСБЭ” ХХК нь хоёр хөрөнгө оруулагчтай бөгөөд нэхэмжлэгч HSM нь 80,000 ам доллар буюу 80 хувийн, өөр нэг хөрөнгө оруулагч болох CESнь нэхэмжлэгч HSM-аас бага хөрөнгө оруулалт 20,000 ам доллар буюу 20 хувийн хөрөнгө оруулсан байхад ямар үндэслэлээр CES-ийг 100,000 ам долларын хөрөнгө оруулах шаардлагыг хангасан гэж үзэж оршин суух зөвшөөрлийг сунгасан болохыг тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй, 20 хувийн хөрөнгө оруулалтыг хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа нь  2013 оноос өмнө хөрөнгө оруулагч бүрт 100,000 ам доллар шаардахгүй байдлаар хууль хэрэгжиж байгааг илтгэх үйл баримт болохыг, үүнийг хариуцагч ойлгож мэдэж байгааг нотолсон болохыг үнэлж дүгнээгүй.

3.3. Түүнчлэн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Тухайн үед ГИХГдарга нь дэд даргын хамт гадаадад томилолтоор явсан байсан бөгөөд  HSM-ийг хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрт гомдол гаргана гэхэд сайн дураар Монгол Улсаас гарах хугацааг нь наашлуулж даргыгаа ирэхээс өмнө Монгол Улсаас гаргаж оршин суух хугацааг татгалзсан шийдвэрт нь захиргааны журмаар гомдол гаргах эрхийг зөрчсөн болохыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй.

3.4. Мөн үндэслэх хэсгийн 2 дах хэсэгт “ ...Нэхэмжлэгч нь 2017, 2018 онд оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр шийтгэл хүлээж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хэдийгээр тухайн үед хугацаа хэтрүүлсэн үндэслэлд хариуцлага тооцон оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байх боловч энэ нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.2-т заасан оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа дараа зөрчсөн гэх үндэслэлд хамаарах юм гэжээ. 

Ингэхдээ шийтгэл ногдуулсныхаа дараа зөвхөн 2017, 2018 онд хугацаа сунгасан мэтээр дүгнэж, түүнээс хойшхи 2019 оноос 2021 он хүртэлх хугацаанд жил тутам сунгаж ирсэн гэх үйл баримтыг зориуд орхигдуулан, зөрчил гаргаагүй 2019-2021 он хүртэлх хугацаа нь өмнөх зөрчилд хэрхэн холбогдож байгааг дүгнээгүй.

3.5. Цаашилбал 3 дах хэсгийн төгсгөлд “...Тус заалтаас үзвэл хариуцагч нь оршин суух зөвшөөрөл сунгахдаа хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан эсэхийг харгалзан үзэхээр байх бөгөөд ... хэрэгт авагдсан нэхэмжлэгчтэй уулзан эмчлүүлж авсан тайлбар гэх баримтаас үзвэл нэхэмжлэгчийн байгуулсан компанид Монгол ажилтан байхгүй нь тогтоогдож байна” гэжээ. 

Коронавируст цар тахал, цар тахлын нөлөөллийг бууруулах тухай хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, олон удаагийн хөл хорих арга хэмжээний улмаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байтугай Монгол аж ахуй нэгжүүд ч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж  ажилтнуудаа гэрээс нь, зайнаас ажиллуулах, цомхотгох, үйл ажиллагаа зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж гадаадын хөрөнгө оруулагч нарын оршин суух хугацааг сунгах хүсэлтийг гаргаж өгчээ.

3.6. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 онд УИХ-аар батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулагч бүр 100,000 ам доллар хөрөнгө оруулсан байх заалт хэрэгжиж эхэлсэн. Уг хууль 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул уг хуулийн 3.1.5-д заасан үндэслэлд хамааруулан тайлбарлаж хуулийг буцаан хэрэглэж байгаа нь ноцтой үр дагавар үүсгэж байна.

 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0767 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, БНСУ-ын иргэн HSM-ийн “Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, түүний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах, хилээр нэвтрэх визийн зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн HSM нь 2010 оноос Монгол Улсад хөрөнгө оруулагч ангиллын оршин суух зөвшөөрөлтэй байсан бөгөөд, HSM-ийн үүсгэн байгуулсан “КСБЭ” ХХК нь 2 үүсгэн байгуулагчтай, үүсгэн байгуулах дүрмийн сангийн нийт дүн нь 100 000$, нийт 1000 ширхэг хувьцаа бүхий тус бүрийн хувьцааны үнэ 100$ байхаар тусгажээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” ойлгохоор заасан, мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авсан гадаадын хөрөнгө оруулагчийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан "хөрөнгө оруулагч" гэж үзэх бөгөөд энэ хугацаа дуусгавар болсноор тухайн хөрөнгө оруулагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.

Анхан шатны шүүх КСБЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр HSM, CESнар бүртгэлтэй, HSM 80 хувь буюу 80.000 ам доллар, CES20 хувь буюу 20.000 ам долларын хөрөнгийг тус компанид оруулсан талаар улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэл, хөрөнгө оруулалтын гэрчилгээ, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон талаар мөн КСБЭ ХХК-ийн 25 хувиас дээш хувийн хөрөнгө оруулагч HSM-ийн оруулсан хөрөнгө оруулалт 100.000 америк долларт хүрэхгүй байгаа талаар хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.  

Хэрэгт авагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээгээр БНСУ-ын иргэн HSM 80% буюу 80,000$, CES-20% буюу 20,000$ нийт 100,000 ам долларын өөрийн хөрөнгөтэй болох нь тогтоогдсон, мөн тэрээр HSM нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлагдахаас өмнө хөрөнгө оруулагч ангиллаар виз авсан байх боловч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх” гэж заасан, уг хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авсан гадаадын хөрөнгө оруулагчийг тухайн зөвшөөрөлд заасан хугацаа дуусах хүртэлх хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан "хөрөнгө оруулагч" гэж үзэх бөгөөд энэ хугацаа дуусгавар болсноор тухайн хөрөнгө оруулагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлнэ гэж заасан нь “Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдахаас өмнөх хөрөнгө оруулагчид тавигдах нөхцөл шаардлага хэвээр үргэлжилнэ” гэсэн агуулга буюу Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д заасныг өмнө нь хөрөнгө оруулалтын нөхцөлөөр оршин суух зөвшөөрөл авсан этгээдэд хамаарахгүй гэсэн утга санааг илэрхийлэхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул уг хуулийн 3.1.5 дахь заалт үүнээс хойшхи хөрөнгө оруулагч нарт хамааралтай байхад шүүх уг хуулиас өмнө байгуулагдсан аж ахуйн нэгжид хамааруулж тайлбарлан хэрэглэсэн нь хууль буцаан хэрэглэх үр дагавар үүсгэсэн, хууль буцааж хэрэглэх заалт байхгүй байхад хуулийг буруу хэрэглэсэн ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно. 27.3-т “дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно, 27.3.2-т энэ хуульд заасан виз, бүртгэл, оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн” гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч HSM 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4.2-т зааснаар оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авагдаж байсан болох нь ГИХГанкет, зөрчлийг шалган шийдвэрлэсэн тухай материал зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн оршин суух зөвшөөрлийг “... оршин суух журмыг 2 буюу ... удаа зөрчсөн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн уг шийдвэр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасантай нийцсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх “... Монгол Улсад  хөрөнгө оруулах хэлбэрээр хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох нөхцөл болох хөрөнгө оруулагч байх шаардлагыг хангаагүй, Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангаагүй, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлж шийтгэл хүлээсэн зэрэг нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.3.2-т заасан үндэслэлд хамаарч  байна” гэсэн дүгнэлт үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

 Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын  5.1-т Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хүсэлтийг харгалзан хөрөнгө оруулах зорилгоор оршин суух гадаадын иргэнд Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан байдал, татвар төлөлт, үйл ажиллагааны тогтворжилт, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн саналын дагуу дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн HSM-тэй хийсэн ярилцлагад “ ...Сүүлийн 3 жил ковид-19 өвчний улмаас үйл ажиллагаа зогссон байгаа. Компанид үндсэн Монгол ажилтан байхгүй” гэж тайлбарласан нь тусгагдсан байх тул уг тайлбарыг үндэслэн шүүх нэхэмжлэгчийг “Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангаагүй” нь тогтоогдсон гэсэн агуулгатай дүгнэлт хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын  12 дугаар зүйлийн 12.3-т “Гадаадын иргэнд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус улсаас сайн дураараа гарахыг сануулж, оршин суух үнэмлэхийг хураан авч хүчингүй болгоно гэж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 27.3-т заасны дагуу татгалзсан хариу өгсөн тохиолдолд шалтгааныг нь тайлбарлах үүрэг хүлээхгүй” гэж тус тус заасан байх тул хариуцагч нь нэхэмжлэгч HSM-ийн Монгол Улсын оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтэд татгалзсан үндэслэлд шалтгааныг тайлбарлаагүйг буруутгах үндэслэлгүйг, мөн  шүүхийн хэргийн үйл баримтад дүгнэлт маргааныг хянан шийдвэрлэх хүрээ хязгаар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тодорхойлогдох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... CES-ыг 20,000 ам доллар буюу 20 хувийн хөрөнгө оруулсан байхад 100,000 ам долларын хөрөнгө оруулах шаардлагыг хангасан гэж үзэж оршин суух зөвшөөрлийг нь сунгасан болохыг тодруулаагүй, дүгнэлт хийгээгүй ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ