Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 21

 

 

                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэргийн индекс: 114/2019/0006/3/

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Хариг төвийн байранд байрлах  “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын  улсын байцаагч Б.Б, Д.Б нарт холбогдох  

Нэхэмжлэлийн “Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                              Д.Г

Хариуцагч                                                                                  Д.Б                                       

Хариуцагч Б.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Ц.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******" ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Манай компани 2006 онд барилга угсралт, барилга цахилгаан сантехникийн материал худалдан борлуулах чиглэлээр үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нар нь манай компанийн 2013-2018 оны санхүүгийн баримтанд шалгалт хийж 2015 онд “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас худалдан авсан барааны 0018954553, 0018958577 дугаартай НӨАТ-н падаанууд, 2016 онд “Монгол гранд эйнжил интест” ХХК-иас худалдан авсан барааны 0020012314, 0020012319, 0020459596 дугаар бүхий НӨАТ баримт, мөн “Дашиншил” ХХК-с худалдан авсан барааны 0020012305, 00204464972, 0022391796 дугаар бүхий НӨАТ-н баримтууд нь хуурамч бичилттэй гэх үндэслэлээр 590,312,954 төгрөг зөрчилтэй гэж үзэж 59,031,295 төгрөгийн нөхөн татвар 36,415,641 төгрөгийн торгууль, алданги нийт 95,446,937 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015-2016 онуудад бид “Цагаан зуун” ХХК-ийн Булган аймаг болон Дархан-Уул аймагт баригдсан барилга обьект засварын ажлын материалыг ханган нийлүүлэгчээр хамтран ажилласан бөгөөд тухайн барилгуудад шаардлагатай материалыг Улаанбаатар хот болон БНХА Улсаас худалдан авч байсан. Тухайн ажил хариуцаж 100 айлын дэлгүүрүүдээс худалдан авалт хийж байсан болон Хятад улсаас бараа ачуулж байсан хүмүүс маань бараа материалын падаан баримтаа бүрдүүлэн өгөхөд дотоодын болон гадаад зах зээлээс дамжуулан ачуулсан барааны НӨАТ-ын баримтууд нь хүчинтэй, бүгд НӨАТ төлөгч аж ахуйн нэгжийнх байсан ба татварын программд 2 талаасаа шивэгдэн орж тухайн компанид нэмэгдсэн өртөгийн татвар төлсөн нь батлагдаж байсан.

Бид эдгээр худалдан авалт хийсэн падаануудыг 2015, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж өгсөн, баримтаар 2016 оны тайланг нотлох баримтаар өглөө, 2015 оны тайланг эрээд олохгүй байна. Банкнаас орон байраа барьцаалж эргэлтийн хөрөнгө зээлж чадан ядан зүтгэж байгаа бид мэдэх аргагүй бөгөөд цахим баримтын системд хуурамч шивэлт хийдэг гэдэгт итгэхгүй байна.

Татварын улсын байцаагч нараас хуурамч гэдгийг яаж ойлгох вэ, тайлбарлаад өгөөч гэж байсан, хий бичилт гэж дүгнээд байгаа нь учир дутагдалтай бөгөөд манай байгууллага мэдэх боломжгүй, харин үүнийг мэдэх субъект нь татварын улсын байцаагч нар байна. Бусдын буруутай үйл ажиллагааны улмаас татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх үндэслэлгүй, уг татварыг давхар төлүүлэхээр акт тогтоож байгаа явдал нь татвар төлөгчийг хохироож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар НӨАТ-ын падаан, тайландаа тусгасан байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1,1.2, 1.4 дэх буруутгасан зохицуулалт нь манайд хамаарахгүй юмаа. Татварын улсын байцаагчийн  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот  шийтгэлийн хуудсаар 95,446,937.20 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснээс 1,549,384.60 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрч байгаа учир холбогдох хэсгээс татгалзаж байна.

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нарын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсаар тогтоосон татвараас үлдэх 93,897,552.70 төгрөгтэй холбоотойг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нараас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд Д.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар тайлбартаа:- Татварын Ерөнхий газраас ирсэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичиг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Татварын  хэлтсийн хяналт шалгалт хийх 19180600137 тоот томилолт зэргийг  үндэслэн “*******” ХХК-ийн 2013-2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.

Санхүүгийн болон татварын баримт материалыг шалгах явцад “*******” ХХК нь “Монгол Гранд Эйнжил Инвест” ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 16-нд 0018954553 дугаартай падаанаар 54,567,272.70 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 0018958577 дугаартай падаанаар 136,363,636.40 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 30 нд 0020012314 дугаартай падаанаар 12,545,454.60төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 30 нд 0020012319 дугаартай падаанаар 91,145,454.60 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 28-нд 0020459596 дугаартай падаанаар 95,909,090.90, Дашиншил ХХК-иас 2016 оны 01 дугаар сарын 30-нд 0020012305 дугаартай падаанаар 91,067,545.50 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 27-нд 0020464972 дугаартай падаанаар 91,090,909.10 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сарын 30-нд 0022391796 дугаартай падаанаар 7,090,909.10 төгрөгийн нийт 579,780,272.90 төгрөгийн худалдан авалтыг хийсэн мэтээр НӨАТ-н тайланд “нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа”  хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7,8,11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх татвараас хасч тооцно, 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн..., 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг  албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн. “Монгол Гранд Эйнжил Инвест” ХХК нь болон Дашиншил ХХК нь 2015, 2016 үйл ажиллагаа явуулаагүй байж, 2016 онд 126 тэрбум төгрөгийн худалдан авалт борлуулалт хийсэн мэтээр хий бичилт хийсэн ба  дээрх хий бичилттэй падааныг  “*******” ХХК-д бүрдүүлж өгсөн гэдэг нь  Прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Татварын хяналт шалгалтаар 590,312,954.10 төгрөгийн зөрчил илрүүлэн 59,031,295.40 төгрөгийн нөхөн татвар, 17,709,388.60 төгрөгийн торгууль 18,706,253.20 төгрөгийн алданги нийт 95,446,937.20  төгрөгийн төлбөр ногдуулснаас нэмэгдсэн өртгийн албан татвараар нөхөн ногдуулсан 1,053,268.10 төгрөг, 315,980.40 төгрөгийн торгууль, 180,136.00 төгрөгийн алданги нийт 1,549,384.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч үлдэх нэмэгдсэн өртгийн албан татвараар нөхөн ногдуулсан 57.978.027,30 төгрөг 17.393.408,20 төгрөгийн торгууль 18.526.117,20 төгрөгийн алданги нийт 93.897.552,70 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 Татвар төлөгч нь гомдлоо Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Аймгийн Маргаан таслах зөвлөл болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргасан бөгөөд 2 шатны маргаан таслах зөвлөл маргааныг хянан хэлэлцээд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн. Татварын улсын байцаагч нар нь тус байгууллагад татварын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчилд Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу 192201872 тоот шийтгэлийн хуудсыг үйлдсэн тул татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 1,549,384.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч татгалзаж байх тул нэхэмжлэлийн  шаардлагаас хэсэгчлэн татгалзсан татгалзлыг батлаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  Үүнд:

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нар нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тус заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсаар 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч дээрх маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч гомдол гаргахад  Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор тус тус татварын улсын байцаагч нарын гаргасан 192201898 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудсаар 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулснаас 1,549,384.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, энэ шаардлагаас татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн хэсэгчлэн татгалзсан татгалзлыг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2006 оноос хойш  барилгын материал болон цахилгаан сантехникийн материалын жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд 2015 онд 12 дугаар сард “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас барилгын бараа материал худалдан авалт хийж Татварын албанаас зөвшөөрөгдсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 0018958577, 0018954553 тоот падааныг,  “Дашиншил” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 27, 29, 3 дугаар сарын 31-ний өдөр, “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас 2016 оны 01 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд бараа  материалын худалдан авалт хийж, Цахим төлбөрийн баримтын системээс шивэлт хийж гаргасан 6 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг тус тус үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.3-т “ ...бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” гэж зааснаар төлөх албан татвараас хасч тооцож, тайланг гаргасан болох нь *******” ХХК-ийн 2016 оны 01,03 дугаар сарын тайлан, “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын, 2016 оны 01, 03 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, “Дашиншил” ХХК-ийн 2016 онд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн нэгтгэл зэргээр тогтоогдож байх бөгөөд тухайн үед ямар нэгэн татварын зөрчил гараагүй байна.

 

Иймд “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “татвар ногдох орлого,орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан,эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн”, 1.4-т “ ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3-д “нягтлан бодох бүртгэл,тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-д “Энэ хуулийн 74.1,74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх” гэж зааснаар  татвар төлөхөөс зайлсхийсэн, бууруулсан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагад шалгалт хийж нөхөн татвар оногдуулахдаа Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК нь ямар ч бараа, ажил үйлчилгээ явуулаагүй, орлого олоогүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдагч, жолоочоор бичүүлж байсан гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан “Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, нэгтгэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын орлогын ордер, зарлагын падаан зэргээс үзэхэд огт үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд үйл ажиллагаа явуулж Татварын албанд татвараа тайлагнаж байсан нь нотлогдож байна. Дээрх компаниуд нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад шилжүүлж ашиглуулсан нь эдгээр компаниудын буруутай үйл ажиллагаа болох юм.

“Монгол гранд эйнжил инвест” ХХК, “Дашиншил” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 тоот дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн  Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар Прокурорын тогтоол зэргээс үзэхэд буруутай үйл ажиллагаа нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч “*******” ХХК-ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, сэжигтэн, гэрчээр байцаалт, мэдүүлэг аваагүй, дээрх 8 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй эсэхийг тодорхой тогтоогоогүй байхад зөвхөн Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгүүдийг үндэслэн шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”  гэж заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас гаргасан 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “*******” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар 57,978,027.30 төгрөг, торгууль 17,393,408.20 төгрөг ,алданги 18,526,117.20 төгрөг, нийт 93,897,552.70 төгрөгийг төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.13 дахь  хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК нь татварт 95,446,937.20 төгрөгийн төлбөр оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шаардлагаас хэсэгчлэн 1,549,384.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч татгалзаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тус заасныг баримтлан үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 192201898 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “*******” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар 57,978,027.30 төгрөг, торгууль 17,393,408.20 төгрөг, алданги 18,526,117.20 төгрөг, нийт 93,897,552.70 төгрөгийн төлбөр оногдуулсныг хүчингүй болгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг танилцуулсугай.

  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                                                                                                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА