Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

О овогт Нгийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Нгийн М нь Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, зээгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Н.М нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Бэтэй маргалдан зодож, биед нь “зүүн дээд, доод зовхи, дээд уруул, зүүн өгзөг, гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б гэх залуугийн гэрт манай хүү найзуудтайгаа хамт архи уусан байсан. Б нь над руу залгаж “танай хүү манай гэрт эхнэртэйгээ байна, ирж ав” гэж ярьсан. Би хүүгээ авах гээд тухайн айлд очиход бөөндөө архи уучихсан, замбараагүй байдалтай байсан. Би Бын гэрт  орж өөрийн хүү Тийг сэрээсэн. Дараа нь бэр Бийг сэрээх гэж дуудсан боловч сэрэхгүй байхаар нь дахин дуудаж сэрээхэд Бэ миний өөдөөс салаавч гаргахаар нь уур хүрээд түүний зүүн хацар руу нь хоёр удаа алгадсан. Намайг ороход Бийн биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Би алгадсанаас өөр үйлдэл хийгээгүй. Зодсоноо хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Т бид хоёр гадуур явж байгаад 100 айлын ойролцоо Тийн найз гэх Бтай уулзаад бид гурав 10 дугаар хорооллын ломбардад гар утсаа тавьсан. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Бын гэрт ирсэн. Замдаа дэлгүүр орж архи, пиво, ундаа, бэлэн хоол авч орсон. Тэгээд уугаад сууж байсан чинь Т бид хоёр жижиг маргаанаас болоод хоорондоо хэрэлдсэн чинь Т миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Миний уруулаас цус гарахад Т “хайрыгаа уучлаарай, цаасаар цусаа арчаад угаачих” гэж хэлсэн. Орой 23 цагийн үед гаднаас Тийн эх М, Жаагүй нар орж ирсэн. Т ээжийгээ ирэхээс өмнө газар гудсан дээр хэвтээд би хажууд нь сууж байсан. Тийн ээж нь намайг хараагаад “Б аа чи яах гэж ийм муухай балиар хүүхэн гэртээ оруулсан юм” гээд миний зүүн талын өгзөг болон гуя хэсэг рүү хөлөөрөө цохиод байсан чинь Т “Бэ буруугүй, би өөрөө дуудаж уулзсан юм” гэж хэлэхэд Тийн ээж “битгий хуцаад бай” гээд хэрэлдээд байсан. Тэгсэн Б “та нар яагаад Бэ рүү дайраад байгаа юм, Т өөрөө л дуудаж уулзсан байна лээ шүү дээ, санаад байна гээд, та нар миний гэрт хэрэлдэхээ боль, гар, яв” гэж хөөгөөд бид гэрээс нь гараад явсан. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн. Миний зүүн талын нүд, зүүн гуя хөхөрсөн, уруулын дотор талд цус хурсан байсан. Т бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна. Бид дундаасаа нэг хүүхэдтэй. Тухайн үед Т миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, харин хадам эх М миний зүүн талын гуя хэсэг рүү хөлөөрөө цохиж, үснээс зулгаасан юм. Би тухайн үед нэлээн согтсон байсан. ...Намайг зодож байхад миний хажууд Б байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний зүүн дээд, доод зовхи, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтлийг М, харин дээд уруулд учирсан гэмтлийг Т учруулсан. Т надад эмчилгээний зардал гэж мөнгө өгөөгүй. Надад гомдол, санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

 

2. Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“...С.Бэ бид хоёр 2012 оны 7 дугаар сарын 21-нд төрсөн өдрөөр нь танилцаж байсан. Тэгээд бид уулзахгүй байж байгаад 2017 оны 8 дугаар сарын 03-нд би төрсөн өдрөөрөө дуудаж уулзсан юм. Тэрнээс хойш уулзаж учирдаг болсон. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би ажлынхаа тэмцээнд орчхоод ажлынхантайгаа гадуур караокед орж дуулж сууж байгаад С.Бийг дуудсан. Бид хоёр тэр орой буудалд хоноод маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө буудлаас гараад Бтай уулзаад бид гурав Модны хоёр орж би утсаа ломбардад тавьсан. Дэлгүүр орж том пиво, 0.5 литрийн архи аваад Бын гэрт очсон. Тэгээд авсан юмаа ууж, идэж дуусгаад дахиж дэлгүүр орж нэг шил архи, том пиво авч уугаад бид гурав тасраад унтсан. Нэг мэдсэн чинь манай ээж ирчихсэн намайг сэрээж байх шиг байсан. Бэ бид хоёр маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Тухайн үед Б миний утсыг хүнтэй утсаар яриадахъя гээд гэрээс аваад гарсан. Тэгэхэд манай ээж над руу залгаж таарсан гэсэн. Тэгэхээр нь Б манай гэрт байна гэж хэлсэн гэсэн. Сүүлд ээжээс сонсоход Бэ над руу харааж, хэл амаар доромжилж, салаавч гаргаад байхаар нь алгадсан гэж байсан. Бийн биед учирсан гэмтлүүдийг би учруулаагүй. Уг гэмтлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь Бийг цохиж, зодож байсан удаа байхгүй. Харин хэрүүл хийж байсан. Бэ ер нь гадуур их архи, дарс ууж явдаг юм. Манай найз нөхөд болон өөрийнхөө найзуудтайгаа хүртэл нийлж ууж идээд яваад байдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

3. Шүүгдэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байж байхад 21 цагийн үед манай хүүгийн найз болох Б над руу согтуу залгаад “Т, Бэ хоёр манай гэрт ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би охиныхоо найз эмэгтэйг дуудаад, бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 30-25 тоотод буюу Бын гэрт очиход Б, Т, Бэ нар бүгд унтаж байсан. Т, Бэ хоёрыг бос гэж сэрээхэд Бэ босож ирээд, Т босохгүй хэвтээд байсан. Бэ босож ирээд “пиуны минь” гээд миний өөдөөс салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би зүүн талын хацар руу нь баруун гарынхаа ар талаар алгадсан. Би Тийг сэрээж босгож ирээд “та хоёр саллаа гээд байсан яасан бэ, Б намайг дуудаад би ирлээ” гэсэн. Тэгсэн Бэ “би бие засчхаад ирье” гээд гэрээс гараад зугтсан. Би Тийг гэр рүүгээ аваад явсан. Бэ сэрээд босож ирэхэд нүүр, ам нь ямар нэгэн хөх эрээн болж, цус гарсан зүйл байхгүй, зүгээр байсан. Харин Бэ над руу салаавч гаргахаар нь би нүүрэн тус газар нь гараараа цохисон. Гэхдээ би гэмтэл гартал цохиогүй. Бэ, Т хоёр тухайн үед нэлээн согтсон байсан. ...Т миний дэргэд Бийг цохиогүй. Намайг ирэхээс өмнө юу болсон талаар мэдэхгүй. Зүүн дээд, доод зовхи,  гуянд цус хуралт гэмтлийг би учруулсан юм. Харин зүүн өгзөг, дээд уруулд учирсан гэмтлийг би учруулаагүй. Хэн учруулсныг мэдэхгүй байна. Би тухайн үед эрүүл байсан. Би эмчилгээний зардал гэж мөнгө өгөөгүй. Өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10615 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд, доод зовхинд, зүүн өгзөгт 6х4 см, зүүн гуяны доод урд хэсэгт 6х3 см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Дээд уруулын дотор салстад хүрэн өнгийн цус хуралттай.

Дүгнэлтэд: “...1. С.Бийн биед зүүн дээд, доод зовхи, дээд уруул, зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Даваасүрэн/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

5. Шинжээч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...С.Бийн биед зүүн дээд, доод зовхинд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            6. Шүүгдэгч Н.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 30 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /үлдэгдэл 0.00/ тухай (хавтаст хэргийн 38 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 39 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Мт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.М нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Бэтэй маргалдан зодож, биед нь “зүүн дээд, доод зовхи, дээд уруул, зүүн өгзөг, гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүнбаян-Уулын 30-25 тоот болох иргэн Бын гэрт иргэн С.Бэтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүрэнд нь цохих зэргээр зодож, биед нь “зүүн дээд, доод зовхи, зүүн өгзөг, гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тийн ээж нь намайг хараагаад “Б аа чи яах гэж ийм муухай балиар хүүхэн гэртээ оруулсан юм” гээд миний зүүн талын өгзөг болон гуя хэсэг рүү хөлөөрөө цохиод байсан. ...Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн. ...Т миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, харин хадам эх М миний зүүн талын гуя хэсэг рүү хөлөөрөө цохиж, үснээс зулгаасан юм. ...Миний зүүн дээд, доод зовхи, зүүн өгзөг, гуянд цус хуралт учирсан гэмтлийг М учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

-Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бын гэрт очсон. ...нэг шил архи, том пиво авч уугаад бид гурав тасраад унтсан. Нэг мэдсэн чинь манай ээж ирчихсэн намайг сэрээж байх шиг байсан. ...Сүүлд ээжээс сонсоход Бэ над руу харааж, хэл амаар доромжилж салаавч гаргаад байхаар нь алгадсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-Шүүгдэгч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б над руу согтуу залгаад “Т, Бэ хоёр манай гэрт ирсэн байна” гэж хэлсэн. ....Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 30-25 тоотод буюу Бын гэрт очиход Б, Т, Бэ нар бүгд унтаж байсан. ...Бэ босож ирээд “пиуны минь” гээд миний өөдөөс салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би зүүн талын хацар руу нь баруун гарынхаа ар талаар алгадсан. ...Зүүн дээд, доод зовхи,  гуянд цус хуралт гэмтлийг би учруулсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал)

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 10615 тоот “... С.Бийн биед зүүн дээд доод зовхи, ...зүүн өгзөг, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал), Шинжээч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Н.М нь хохирогч С.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.М нь хохирогч С.Бийн бие махбодод хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч С.Бэ нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.М нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд ажил эрхэлдэггүй, ер нь насаараа ажил эрхэлж байгаагүй гэсэн тайлбар гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, хөлс орлогогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Нгийн Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Бэ нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА