| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0230/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/233 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/233
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч, хохирогч Э.О,
Шүүгдэгч, хохирогч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн О.Э.О, Ш.Б.Н нарт холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, ....... өдөр .......... төрсөн. Эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл-................ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Э.О /РД:.........../
2. Монгол Улсын иргэн, ........... өдөр ........... төрсөн. Эмэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ам бүл-............ тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш.Б.Н /РД:............../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.О нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ............. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтаас болж Б.Нтай маргалдан хоорондоо зодолдон, Б.Нгийн биед тархи доргилт, зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө ............... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтаас болж Э.Отэй маргалдан хоорондоо зодолдон, Э.Оийн биед зүүн чигчий хуруу, мөрөнд шарх, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ханын материалд айлд Э.Отэй таараад бид хоёр нэг лааз пиво хувааж уугаад байж байсан чинь Оюунка би танай нөхөртэй явалддаг гэх мэт хачин юм яриад байхаар нь дагуулаад 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нөхөр хүүхэд хоёр байсан, өөр хүн байгаагүй 2.5 литр Нийслэл пиво байсныг талыг нь ганцаараа уугаад сууж байсан. Тэгээд Оюунка бид хоёр нэг нэг аягыг уугаад би нөхөртөө хандан Э.Оийг дагуулаад ирлээ гэж хэлсэн...Э.О хажуунаас нөхрийг чи үнэнээ хэлээч гээд байхаар нь Оюунка руу уурласан тэгээд бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаагаад давхаралдаад газар унасан бид хоёрыг зууралдаж байх хооронд нөхөр хүүхэд аваад гараад явсан байсан. Бид хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан /мөн нэг нэгнийгээ гараараа цохисон, бараг 20-д минут зууралдсан байх/ зууралдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
Хохирогч Э.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б.Н чи манай нөхөртэй явалддаг гэсэн гээд намайг гичий янхнаар дуудаж байснаа нэг үснээс зулгаахаар нь би болиоч гэсэн чинь миний үсийг зулгаахаа больсон. Тэгээд нэг хэсэг зүгээр сууж байснаа гэнэт уурлаад чи манай нөхөртэй явалддаг гэхээр нь Б.Нг би чи одоо болиоч ээ надад агсам согтуу тавих гэж дуудсан юм уу гэсэн чинь Б.Н тийм чи одоо мэдэж байгаа юм уу гээд шургуулгаас жижиг хар өнгийн иштэй авахаар нь би хутгыг авах гээд барьсан чинь миний зүүн гарын алга долоовор хуруу хоёр бага зэрэг зүсэгдсэн. Тэгээд Б.Н миний үснээс зулгаагаад гэрийн хоймор хэсэгт байх ор руу чирсэн. Нэг харсан чинь Ганлхагва хүүхдээ тэврээд гараад явж байсан. Тэгээд миний үснээс зулгаагаад тавихгүй дээр гараад суучхаад үснээс зулгаагаад толгойг шал руу 3-4 удаа мөргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал тал/,
Гэрч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагийн үед эхнэр найзтайгаа уулзана гээд гараад явсан бөгөөд би хүүгийн хамт гэртээ үлдсэн. Гэрт байж байсан чинь манай эхнэр миний танил Э.Оийн хамт халамцуу орж ирээд би чиний явалддаг хүүхнийг чинь олоод ирлээ гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ Э.О бид хоёр зүгээр л танилууд гэсэн чинь Э.Од уурлаж үснээс нь зулгааж сэгсрээд байхаар нь салгах гэтэл эхнэр гал тогооны шүүгээ онгойлгож, хар иштэй хутга зүүн гартаа барин авахаар нь би хутгыг тавиулахын тул зүүн гараараа мушгиж байгаад авч хутгыг орны доогуур шидчихээд 2 настай Өсөхбаярыг тэвэрч гэрээс гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө гэртээ амарч байсан чинь манай эгчийн хүүхэд Ганлхагва миний утас руу 02 цаг өнгөрч байхад залгаад манай эхнэр хүний хүүхэд алах нь гэрт хурдан хүрээд ирээч гэхээр нь нөхөр бид хоёр хувцсаа өмсөөд гэрээс гараад явж байсан чинь гудамжинд Ганлхагва хүүхдээ тэвэрчихсэн тавчигтай, дотуур өмдтэй дан цамцтай явж байсан...гэрийн хойд хэсэгт Б.Н нэг эмэгтэйн дээр гарчихсан үснээс нь зулгаагаад шал мөргүүлж байхаар нь нөхөр гүйж очоод тэр хоёрыг салгаад Б.Нг орон дээр суулгасан. Тэгсэн нөгөө охин зуухны хажууд зогсож байгаад над руу хандан уруулаа үзүүлээд эгч миний уруулыг хардаа гэхээр нь харсан чинь доод уруул нь бага зэрэг хавдаад дотор талдаа бага зэрэг шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эхнэр бид хоёр гэрт нь ороход гэрийн хойд хэсэгт Б.Н нэг эмэгтэйн дээр нь гарчихсан үснээс зулгаагаад шал мөргүүлж байхаар нь би салгах гэсэн чинь Б.Нгийн гар нөгөө охины үстэй орооцолдсон байхаар нь би хуруунуудыг нь нэг нэгээр нь салгаад Б.Нг орон дээр нь суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 455 дугаар дүгнэлт “...Б.Нгийн биед тархи доргилт, зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 511 дүгээр дүгнэлт “...Э.Од зүүн чигчий хуруу, мөрөнд шарх, баруун тохойд зулгаралт бүхий ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р тал/,
Шүүгдэгч Э.О, Б.Н нарын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, ял шалгах хуудас /хх-37/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Э.О нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө .............. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтаас болж Б.Нтай маргалдан хоорондоо зодолдон, Б.Нгийн биед тархи доргилт, зүүн гарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр,
2. Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө .....................тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтаас болж Э.Отэй маргалдан хоорондоо зодолдон, Э.Оийн биед зүүн чигчий хуруу, мөрөнд шарх, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч, хохирогч хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.О, Б.Н нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.О, Б.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Э.О, Б.Н нарын нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.О, Б.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.О, Б.Н нар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 1 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Э.О, Б.Н нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн ........... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө *******, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.О, Б.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Э.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ш.Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Б.Н нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл, торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.О, Б.Н нарт оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ