Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж овогт Лгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж овогт Лгийн А нь Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- 1994 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан хот дахь сум дундын шүүхийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаартай шийдвэрээр эдлээгүй үлдсэн 2 сар 22 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж сулласан;

-1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 379 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн шүүхийн 153 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

-1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн  605 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон;

-1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, шүүхээс энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор оногдуулсан хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт  4 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 389 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

- 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Л.А нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49 дүгээр гудамжны задгай тоотод байрлах иргэн Н.Мгийн гэрт А.Уийг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Аээс: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Хохирогч А.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

“...Би Ү гэх найз залуутайгаа 1 дүгээр хорооллын арын дэнжид нийтийн байр түрээсэлдэг байсан. Бид нийтийн байрнаас хөөгдөөд 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “Чандмань” нэртэй дэн буудалд орсон. 2020 оны 7 дугаар сарын 13-ны өглөө унтаж байхад миний газрын бичиг баримт, гар утас, 120.000 төгрөгийг Ү аваад явсан байсан. Би гадагшаа гарч Үыг хайсан. Миний архи гараагүй халамцуу байсан ба нийтийн байр руу такси барьж яваад замаа андуураад Хамбын овооны тэнд очоод машинаас буусан. Тэгээд ганцаараа жаахан сууж байгаад зам уруудаад алхаж байхад миний ард архи уусан гурван ах явж байсан. Би хашааны сүүдэрт сууж байхад буурал толгойтой А гэж ах ирээд миний хажууд суусан. Би ууж байсан архинаасаа өгөхөд А уусан. Зарим үйл явдлыг санахгүй байна. Намайг М гэж хүн сугадаад байшинд орсон. Би тэр айлд унтсан. Нэг сэрэхэд тэр байшинд дөрвөн эрэгтэй хүн архи уугаад сууж байсан. Намайг шөнө унтаж байхад буурал толгойтой А гэж хүн оролдоод, надтай унтах гээд байхаар нь би “зайлаач пизда минь” гэж хэлэхэд учир зүггүй миний нүүр рүү аймар хүчтэй хоёр тал руу алгадаад байсан. Би толгойгоо бариад унтаад үлдсэн. Надтай бэлгийн харьцаанд ороогүй. Өглөө босож ирэхэд миний хоёр нүд тагларсан, нүүр хавантай, хоёр гарын шуу хөхөрсөн байсан. Би хэн намайг зодсон бэ гэж Мягаагаас асуухад Аагий ах чамайг зодсон шүү, би чамайг зодоогүй гэж хэлж байсан. Би босох гэхэд биеэ дийлэхгүй байсан. Мягаа нэг эрэгтэй хүнтэй архи авч ирээд уухаар нь би хамт уусан. Тэр үед цагаан футболктой хөгшин танихгүй ах орж ирээд нүүр ам чинь яасан юм бэ, чи ганцаараа айлд юу хийж байгаа юм бэ гээд надад эм өгсөн. Би тэр ахад А гэж буурал толгойтой ах намайг зодсон, би цагдаад өгнө гэж хэлсэн. Тэр ах Атэй уулзаад гэрээс нь надад эм авч ирж өгсөн. Удалгүй А араас орж ирээд цай унд, хоол өгч байсан. А чи юун цагдаа яриад байгаа юм бэ гээд сандарсан байдалтай байсан. А ах намайг “архи уух уу” гээд архи авч өгсөн. Тэгээд орой нь би гэр рүүгээ явлаа гэж хэлэхэд намайг урагш зам руу гаргаж өгсөн. Би тэндээс яваад шууд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Миний бие өвдөөд байхаар нь эмнэлэг рүү ороход өвчин намдаах тариа хийж өгөөд унтуулсан. А гэж хүн надтай унтах гэж оролдсон. Би дургүйцээд эсэргүүцэл үзүүлэхэд А намайг зодсон. Миний нүүр, толгой хавдартай, хоёр нүд хаагдсан байсан. Баруун нүдэнд цус хурсан, тархи доргисон. Би Од хийморь нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Маш их гомдолтой байна. Гарсан зардлаа баримттай нь авч ирж өгнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-хохирогчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мягаа гэх хүний гэрт зүүн талынх нь орон дээр ганцаараа согтуу унтаж байхад 23 цагийн орчимд А гэх ах согтуу орж ирээд миний хажуугаар хэвтээд намайг тэвэрсэн. Тэгэхээр нь би “хөгшин төгзөг минь зайлаач, пизда минь” гэж хэлээд А гэх ахын биеийнх нь хэсэг рүү хөлөөрөө түлхээд орноосоо буулгасан юм. Гэтэл А гэх ах “яадаг гичий вэ, пизда вэ” гэж хэлээд, уурлаад миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд шууд гэрээс гараад явсан. Мөн би өмнө өгсөн мэдүүлэгтээ найз залуу Ү буудлаас миний гар утас, бичиг баримт, бэлэн 120.000 төгрөг зэргийг аваад явсан байсан гэж хэлсэн ба уг зүйлсийг Ү надад буцааж өгсөн. Уг зүйлсийг Ү хулгайлах зорилгоор авч яваагүй, намайг унтаж байсан болохоор алга болчих байх гэж бодоод аваад гарсан юм байна лээ. Би 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 4, 5 хоногийн өмнө 1 дүгээр хорооллын хойно гэр хороололд найз залуу Үын тухайн үед түрээслэн амьдарч байсан нийтийн байранд орон дээр нь хэвтэж байхдаа өөрөө унаад баруун хөлийнхөө өвдөгний доод хэсгээр орны модонд цохиод уг хэсэгт хөхөрсөн байсан. Өөр зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

2. Гэрч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 12-13 цагийн үед А ах гэрийнхээ гаднаас намайг дуудсан. Би очиход Аийн гэрт согтуу эмэгтэй хэвтэж байсан. А “ахын дүү чи энийг аваад яв” гэж хэлсэн. Би У гэх эмэгтэйг аваад явахад явж чадахгүй байхаар нь үүрч гэртээ оруулсан. Намайг гэрт байж байхад манай найз Жагаа ирсэн. Жагаа, У бид гурав 0.75 литрийн архи хувааж уусан. Орой 21 цагийн үед А ах гаднаас орж ирсэн. Бид гурав унтаж амарсан. Маргааш өглөө нь У гэх эмэгтэй цээжин дээр дараад өгөөч, зүрх өвдөөд байна гэж хэлж байсан. Жагаа, У бид гурав дөрвөн шил архи хувааж уугаад өнжсөн. Маргааш нь А ах Хишигээ гэх найзтайгаа орж ирээд бид хэд 0.5 литрийн архи хувааж уусан. А ах өдөр 14 цагийн үед Уийг аваад явсан. Би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Би А ахын гэрт нь очиход Уийн нүүр, ам, нүд нь хөхөрч хавдаагүй байсан. Тэр өдрийн орой нь У нүд аргаад байна, нүдэн дээр хүйтэн жин тавиад өг гэсэн. Би нүдэн дээр нь хүйтэн жин тавьсны дараа баруун нүд нь хөхөрсөн байсан. Зүүн нүд нь яагаад хөхөрснийг мэдэхгүй байна. Баруун нүдний хавдар зүүн нүд рүү нь орсон байх. Хоёр хөл, хоёр гар нь хөхөрсөн байсан. У нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

3. Гэрч Т.Үын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

“...Би У гэх эмэгтэйтэй хоёр сарын өмнө танилцсан. У бид хоёр 6 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд байр түрээсэлж амьдарч байсан. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нийтийн байрнаас хөөгдсөн. Би 1 дүгээр хорооллын Чандмань нэртэй дэн буудлаас Уийг асуухад байхгүй гэж хэлсэн. Би Уийг гурван өдөр хайгаад 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн эмнэлэг орж асуухад У хүнд зодуулсан ирсэн, чи дүүргийн цагдаагаас асуу гэж хэлсэн. Би дүүргийн цагдаагаас асуухад Гэмтлийн эмнэлэг явсан гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэг дээр очоод Утэй уулзсан. Уийг харахад хоёр нүд нь хөхөрч хавдсан, дух нь хавдсан байдалтай байсан. Би Уээс юу болсон талаар асуухад би Хамбын овооны тэнд айлд хүнд зодуулсан гэж хэлсэн. Би Уийг авч яваад нийтийн байранд орсон. У 10 хоног гэртээ хэвтээд босож чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Суварганы задгай тоотод байрлах гэртээ баз Болд болон хоёр хүүхдийнхээ хамт байж байсан, хүүхдүүд гадаа тоглох гээд гэрээс гараад явсан. 12 цагийн үед миний төрсөн дүү Аюуш ирсэн. Аюуш, Болд бид гурав Улаанбаатар нэртэй 0.5 литрийн нэг шил архи хувааж уугаад дуусахад Болд Орхон аймгаас ирсэн байсан болохоор Болдыг Аюуш гэртээ цай уулгана гэж хэлээд манай гэрээс бид гурав гарсан.  Би гэрээсээ хоёр хүүхдээ хаана тоглож байгааг нь мэдэх санаатай гарсан. Суварганы орчимд бид гурав явж байсан. Тэгтэл нэг танихгүй согтуу эмэгтэй буюу тус хэргийн хохирогч У гэгч эмэгтэй “хүлээж бай хөөе” гээд дуудаад “би хамаг юм аа дээрэмдүүлчихлээ” гэчихсэн сугандаа 0.33 литрийн нэг шил архи хавчуулсан байсан. Уг архийг гаргаж ирээд “ганцаараа ууж чадахгүй байна, хуваагаад уучих уу” гэсэн. Тэр үед Аюуш, Болд хоёр явлаа гээд явсан. Тэгээд би У гэх эмэгтэйтэй үлдээд, бид хоёр Суварга руу гараад архийг нь хувааж уусан. Архи ууж байхдаа У Ү гэх найз залуутайгаа 3 хоног буудалд архи уусан, тэгсэн чинь Ү намайг зодоод миний бичиг баримт, хамаг юмнуудыг аваад явчихсан байна гээд уйлаад байсан. Тэгээд архиа ууж дуусахад У тасраад унасан, татаж босгох гэхэд миний нэг гар маань зам тээврийн осолд орсны улмаас хагалгаанд орж төмөр хийлгэж байсан болохоор түүнийг татаж дийлэхгүй байсан. Хаяад явчих гэхээр болохгүй байсан. Тэр үед Суварганы ойролцоо танил дүү М гэр рүүгээ явж байхаар нь дуудаад “энэ эмэгтэйг гэртээ оруулаад унтуулж байгаад сэрэхээр нь явуулчих, сая ууж байгаад тасраад уначихлаа” гэж хэлээд Уийг М үүрээд гэр рүүгээ явсан. Харин би салж яваад гэртээ очиж байж байгаад орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Суварганы задгай тоотод манай гэрийн доод талд байдаг Мгийн гэрт ороход У орон дээр согтуу унтаж байсан. Мгийн найз Жагаа, М хоёр нөгөө талын орон дээр бас согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би Мг дуудаж сэрээгээд “чи энэ эмэгтэйг явуулахгүй яасан юм” гэхэд “өөрөө явахгүй юм билээ” гэж хэлээд буцаад унтаад өгсөн. Тэгэхээр нь би У гэх эмэгтэйг явуулъя гэж бодоод сэрээх гэж хоёр талынх нь хацар руу 4, 5 удаа алгадаад, цамцных нь энгэрээс гараараа бариад татаад сэгсрэхэд У сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би Мгийн гэрээс гараад өөрийн гэрт орж унтаж амарсан. 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Мгийн гэрт очоогүй. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай гэрт Хишигсүрэн гэх дүү ирээд Мгийн гэрт чиний авч ирсэн эмэгтэй үхлээ гээд хэвтэж байна гэхээр нь Мгийн гэрт ороход У гэгч эмэгтэй архины хордлогонд орчихсон бололтой муухай царайлсан, хоёр нүд нь хөхөрсөн хэвтэж байсан. Хоёр нүд нь яасан юм гэж асуухад У мэдэхгүй гэсэн. Харин М хүйтэн жин тавьсан чинь нүд нь хөхөрчихсөн гэж хэлж байсан. Бас У зүрх өвдөөд байна, даралт ихсээд байна гэж байсан. Тэгэхээр нь би Мгийн гэрээс гарч яваад эгчийнхээ гэрээс даралтны эм аваад буцаж Мгийн гэрт очоод Ут өгсөн. Бас түүнд хоол хийж өгөөд орой 19 цагийн үед У явлаа гэсэн. Гадаа харанхуй болсон байсан, У харанхуйгаас айдаг юм, хүргээд өг гэхээр нь би танил дүү Хишигсүрэнгийн хамт Уийг 34-ийн гүүрний орчимд хүргэж өгөөд салсан. Мөн Мгийн гэр, манай гэр хоорондоо ойрхон байдаг. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байж байгаад сүүлд хороо хуваагдахад 39 дүгээр хороо болсон. Мгийн гэрийн хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Суварганы задгай тоот юм. М ганцаараа амьдардаг. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг, зөрчил байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8616 тоот дүгнэлтэд:

                 Хэсэг газрын үзлэгт: Духны баруун хажуу хэсэгт 8х4.5 см, духны урд дунд хэсэгт 3х1.2 см талбайд хөх ногоон цус хуралттай, бага зэргийн хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун нүдний дээд, доод зовхинд 5.5х4 см хөх ногоон цус хуралттай, баруун нүдний алимны эвэрлэг бүрхүүлийн захаар улаан хүрэн шимэгдэж буй цус хуралттай, зүүн нүдний дээд, доод зовхинд 4.5х4 см хөх ногоон цус хуралттай, хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, ам ангайлт хязгаарлагдмал, эмзэглэл ихтэй, баруун шилбэний дотор доод хэсэгт 8х2.5 см хөх ногоон цус хуралттай.

                 Дүгнэлтэд: “...1. А.Уийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /Шинжээч эмч Ц.Нандинцэцэг/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

6. Хохирогч А.Уээс хэрэгт ирүүлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 40 дүгээр тал), 150.000 төгрөг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан тухай шүүгдэгч, хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 59-60 дугаар тал),

            7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            Шүүгдэгч Л.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоол, суллагдсан тодорхойлолт, Өршөөл үзүүлэх комиссын тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 69-80 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дүгээр тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Ад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.А нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49 дүгээр гудамжны задгай тоотод байрлах иргэн Н.Мгийн гэрт А.Уийг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “...А.Ут гэмтлийг Ү учруулсан” гэж мэдүүлэх атлаа хохирогчийг зодсон үйлдэлд гэм буруугийн талаар маргахгүй гэх зөрчилтэй тайлбар гаргасан.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.А нь 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49 дүгээр гудамжны задгай тоотод байрлах иргэн Н.Мгийн гэрт хохирогч А.Уийг “хөгшин төгзөг гэж хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр тус газар нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь “духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч А.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Намайг шөнө унтаж байхад буурал толгойтой А гэж хүн оролдоод, надтай унтах гээд байхаар нь би “зайлаач пизда минь” гэж хэлэхэд учир зүггүй миний нүүр рүү аймар хүчтэй хоёр тал руу алгадаад байсан. Надтай бэлгийн харьцаанд ороогүй. Өглөө босож ирэхэд миний хоёр нүд тагларсан, нүүр хавантай, хоёр гарын шуу хөхөрсөн байсан. ...Мягаагаас асуухад Аагий ах чамайг зодсон шүү, би чамайг зодоогүй гэж хэлж байсан. ...танихгүй ах орж ирээд нүүр ам чинь яасан юм бэ, чи ганцаараа айлд юу хийж байгаа юм бэ гээд надад эм өгсөн. Би тэр ахад А гэж буурал толгойтой ах намайг зодсон, би цагдаад өгнө гэж хэлсэн. ...А чи юун цагдаа яриад байгаа юм бэ гээд сандарсан байдалтай байсан... А гэж хүн надтай унтах гэж оролдсон. Би дургүйцээд эсэргүүцэл үзүүлэхэд А намайг зодсон. Миний нүүр, толгой хавдартай, хоёр нүд хаагдсан байсан. Баруун нүдэнд цус хурсан, тархи доргисон. Би Од хийморь нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Маш их гомдолтой байна. Гарсан зардлаа баримттай нь авч ирж өгнө. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч Н.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...У нүд аргаад байна, нүдэн дээр хүйтэн жин тавиад өг гэсэн. Би нүдэн дээр нь хүйтэн жин тавьсны дараа баруун нүд нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

-Гэрч Т.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би гэмтлийн эмнэлэг дээр очоод Утэй уулзсан. Уийг харахад хоёр нүд нь хөхөрч хавдсан, дух нь хавдсан байдалтай байсан. Би Уээс юу болсон талаар асуухад би Хамбын овооны тэнд айлд хүнд зодуулсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Шүүгдэгч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...У гэх эмэгтэйг явуулъя гэж бодоод сэрээх гэж хоёр талынх нь хацар руу 4, 5 удаа алгадаад, цамцных нь энгэрээс гараараа бариад татаад сэгсрэхэд У сэрэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8616 тоот дүгнэлтийн “...А.Уийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, ...гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Л.Аээс хохирогч А.Ут учирсан гэмтлийг Т.Ү учруулсан гэж гэм буруугийн талаар маргах боловч түүний мэдүүлэг нь хохирогч А.У, гэрч Т.Ү нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Нөгөө талаас шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн маргаж буй үндэслэл нь хэрэгт цугларсан бусад эх сурвалж баримтаар нотлогдоогүй болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Л.А нь хохирогч А.Уийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Аийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Прокуророос яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг гарсан цаг хугацааг “2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр” гэж буруу бичсэнийг шүүх “2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр” гэж зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.А нь хохирогч А.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогч А.Уээс эмийн зардалд 38.185 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.А нь хохирогч А.Ут хохирлын 150.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гарсан хүсэлт /хх-59-60/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч Л.Аийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Л.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого, цалин хөлсгүй, мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Л.А нь дүгнэлтдээ "торгох ял оногдуулж өгнө үү" гэж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 5 удаа ял шийтгүүлж байсан байх ба нэмж нэгтгэх ялгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Л.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, хөлс орлогогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Лгийн Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аийг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Ут төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА