Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2022/0252/З |
Дугаар | 221/МА2023/0050 |
Огноо | 2023-01-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0050
Ю.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, И.А
Гуравдагч этгээд Т.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Тын Т, Ю Б нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1344 гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 755 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А Т, Д.Н
Гуравдагч этгээд Т.Т
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0252/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Баас БЗДУБХ-т холбогдуулан “Тын Т, Ю Б нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1344 гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 755 дугаар шийдвэрээр: 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5, 13.7, 13.9,13.11, Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БЗД УБХ Ю Б, Тын Т нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 дугаартай гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Хариуцагч Т нь нэхэмжлэгч Ю.Б болон гуравдагч этгээд Т.Т нарын гэрлэлтийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 дугаар гэрлэлтийн бүртгэлд бүртгэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:” гээд 3.1.1-д “Нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх:” гэж 3.1.4-т “Үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх:” гэж тус тус заасан зарчмыг зөрчиж, Т.Тгийн 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Л.Бтэй гэрлэлтийн бүртгэл хүчинтэй байхад дээрх байдлаар Ю.Быг Т.Тгийн хоёр дахь нөхөр болгон хууль бус бүртгэл хийсэн болно.
3.2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд 13.2.1-д “гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх:” 13.2.3-т “гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө нь гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа:” гэж, мөн зүйлийн 13.7-д “Монгол Улсын харьяат иргэн гадаадын иргэнтэй, эсхүл гадаадын иргэд хоорондоо тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэж бүртгүүлэхдээ энэ хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна тэдгээрийн өргөдлийн орчуулга, тухайн гадаадын иргэнийг харьяалсан улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын, эсхүл тухайн орны иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолтыг хавсаргана:” гэж тус тус заасан боловч 2013 онд Ю.Бтай гэрлэлтээ бүртгүүлэхээр гаргаж өгсөн өргөдөлд Т.Тгийн баримт бичгийн бүрдэл дутуу бөгөөд хүчингүй болсон баримт бичиг Монгол Улсын иргэншлээс гарсан хэр нь өмнө нь хүчинтэй байсан Монгол Улсын иргэний үнэмлэхийг гаргаж өгсөн байна.
3.3. Ийнхүү гуравдагч этгээд Т.Т нь нэхэмжлэгч Ю.Бтай гэрлэлтээ бүртгүүлэхээр өргөдөл гаргаж өгөх үед хариуцагч байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “цахим мэдээллийн сан, мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалт, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хариуцах, мэдээллийн сангийн уялдаа холбоог хангах;” гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах” үүрэгтэй гэж тус тус заасны дагуу “Т.Тгийн 2004 онд Л.Бтэй гэрлэсэн гэрлэлтийн бүртгэл хүчинтэй талаарх” баримтыг шалгах, өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг шалгах үүргээ биелүүлээгүй нь хууль бус бөгөөд энэ тадаар шүүх дүгнэх боломжтой гэж үзэхээр байна.
3.4. Тус хэрэгт Л.Б, Т.Т нарын 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрлэлтийн гэрчилгээ, Л.Б, Т.Т нарын 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Гэрлэснийг бүртгэх анкет”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргаж өгсөн Л.Б, Т.Т нарын “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан бөгөөд эдгээр баримтуудаар “2013 оны Ю.Б болон Т.Т нарын гэрлэлтийг бүртгэх цаг мөчид Л.Б болон Т.Т нарын гэрлэлт нь хүчин төгөлдөр байсан” болох нь тодорхой байхад анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг “энэ үйл баримтын талаар мэдэх боломжгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.5. Түүнчлэн хариуцагч байгууллагаас 2013 онд Ю.Б болон Т.Т нарын гэрлэлт бүртгүүлэхээр гаргасан өргөдлийг хянан шалгах явцдаа Т.Т нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улсын иргэншилтэй болохыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлсэн бол дээр дурдсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.7-д заасны дагуу Т.Тгийн гэр бүлийн байдал буюу 2004 онд Л.Бтэй гэрлэсэн гэрлэлтийн бүртгэл хүчинтэй болохыг мөн олж мэдэх боломжтой байсан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 755 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 болон 10 дахь дүгнэлтийг өөрчилж өгнө үү гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хэлсэн “Т.Т нь Ю.Б надтай гэрлэх үедээ ИБУИНХУ-ын иргэншилтэй байсан байна. Түүнийгээ надад хэлээгүй бөгөөд Монгол Улсын иргэн гэж хэлж, Монгол Улсын иргэний үнэмлэхээр гэрлэлтээ баталгаажуулсан байна. Ийм хуулийн зөрчилтэй байхад Иргэний бүртгэлийн хэлтэс дээр нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр, гэрлэлтийг бүртгэхээс татгалзахгүйгээр бүртгэж авсан нь хууль бус байна гэх агуулга бүхий үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй” гэжээ.
4.2. Миний бие 1977 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын иргэн бөгөөд дахин давтагдашгүй регистрийн дугаар маань ************ ба Х овогт Тын Ч нэртэй байж байгаад 2011 онд өөрийн нэрээ Т болгон өөрчилсөн. Ийнхүү өөрчлөх болсон шалтгаан маань 2002 онд миний бие Англи улс руу сурч ажиллахаар явсан бөгөөд виз маань тухайн үед сунгагдаагүй учраас виз гаргаж өгдөг хүмүүсийн зөвлөснөөр өөр овог, нэр, төрсөн он сараар цагаачлалын виз болон иргэншил хүсэхэд гарсан нь Тын Т 1975 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрснөөр надад Англи улсын иргэншил олгогдсон юм. Улмаар уг Т гэсэн овгоо Т болгож, өөрийн Ч гэсэн нэрээ Т болгон өөрчлөн хоёр баримтаа ижил болгосныг зохих байгууллагад бүртгүүлсэн байдаг.
Тодруулбал, Миний бие Монгол Улсын иргэн бөгөөд иргэншлээ солиогүй, Монгол Улсын иргэншлээс намайг гаргаагүй, хасаагүй бөгөөд Монгол Улсын иргэний үнэмлэх маань ч ямар нэгэн зөрчилгүй хүчин төгөлдөр байгаа билээ.
Энэ нь Харьяатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Монгол Улсын харьяат хаана оршин сууж байгаагаас үл хамааран төрийн ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулна.” Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэний харьяаллыг гэрчлэх баримт бичиг нь Монгол Улсын иргэний үнэмлэх, түүнийг авах хүртэл хугацаанд төрсний гэрчилгээ байна” гэж заасантай нийцэх ба анхан шатны шүүх намайг гадаадын иргэн мэтээр дүгнэж шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
4.3. Түүнчлэн нэхэмжлэгч Ю.Б намайг өмнө нь Англи улсад Л.Бтэй хамтын амьдралтай байсан бөгөөд дундаасаа 2 охинтойг ч мэдэж байсан төдийгүй энэ бүхнийг маань хүлээн зөвшөөрч бид сайн дураараа гэр бүл болох шийдвэрийг хэн аль нь гаргаж, улмаар 2013 онд гэр бүл болсон. Тухайн үед миний Англи улсын иргэншлийн баримт бичигтэй ч мэдэж байсан бөгөөд 2019 онд хоёр том охиноо Англи улс руу явуулахад ч 2 охиныг маань Английн иргэншилтэйг мэдэж байсан. Мөн нэхэмжлэгч бид хоёрын дундаас 2014 онд төрсөн Б.Оюунбилэг охин маань Англи улсын иргэншил авсныг хамгийн сайн мэдэж байгаа билээ. Би эдгээр үйл баримтыг нуух шаардлага байгаагүй.
Гэтэл анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг тодруулж, тогтоохгүйгээр шууд нэхэмжлэгчийн тайлбар үгэнд шууд итгэж улмаар энэ олон жилийн дараа нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасантай нийцэхгүй гэж үзэж байна.
4.4. Анхан шатны шүүх өмнө гэр бүл бүртгэл байхгүй буюу хүчин төгөлдөр гэрлэлтийн бүртгэл байгааг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй гэж зөв дүгнэсэн хэр нь гадаадын улсын иргэн болсон гэдгийг мэдэх боломжтой байсан гээд улмаар улсын бүртгэлийг бүртгэхээс татгалзах ёстой гэж үндэслэх хэсгийн 13,14-д дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Миний бие Л.Бтэй хамтын амьдралтай байсан эсэх дээр маргахгүй бөгөөд харин хууль тогтоомжид заасан журмаар гэр бүлээ батлуулж чадаагүй бөгөөд 2011 онд хамтын амьдралаа дуусгавар болгохдоо гэр бүлийн бүртгэл байхгүй тул гэрлэлт цуцлуулах шаардлага байгаагүй юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн хэр нь зөвхөн намайг Монгол улсын иргэнээс гадна гадаад улсын баримт бичигтэй байна гээд бүртгэхээс татгалзах үндэслэл болгосон нь Иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасантай нийцэхгүй
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0755 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5, 13.7, 13.9, 13.11, Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг дэх Иргэний бүртгэлийн хэлтсээс Ю Б, Тын Т нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 дугаартай гэрлэлтийн бүртгэл хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн үндэслэлийг дутуу тайлбарлаж дүгнэсэн байх тул шийдвэрийн үндэслэлд хамаарах зарим үндэслэлийн талаар нэмэлт дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:
2.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Лхагвын Б, Тын Т нарыг 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд Монгол Улсаас Их Британи Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд бүртгэж №04/007 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ[1] олгож, тэдний дундаас 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Бат-Эрдэнийн Х, 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б С нар төрсөн, Х овогт Тын Ч нь Халаг овогт Тын Т болж овог нэр өөрчилсний бүртгэлийг 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1054-рт бүртгэж гэрчилгээ олгосон, Ю Б, Тын Т нарыг гэр бүл болсныг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1110001344 дугаарт бүртгэж гэрлэлтийг баталсан, Тын Т нь ИБУИНХУ-д оршин суухдаа Тын Т нэрээр оршин сууж байсан, Тын Т нь Паспортын дугаар *********** дугаартай, ИБУИНХУ-ын иргэншилтэй, Монгол Улсад Н-2 ангиллын визээр түр оршин суух *************** үнэмлэхтэй” гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
2.2. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.2-т “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана:” 13.2.1-т “гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх”, 13.2.2-т эрүүл мэндийн тодорхойлолт; 13.2.3-т гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа”, 13.5-д “Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа талаар хангалттай нотлох баримт байгаа бол иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж болно”, 13.7-д “Монгол Улсын харьяат иргэн гадаадын иргэнтэй, эсхүл гадаадын иргэд хоорондоо тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэж бүртгүүлэхдээ энэ хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна тэдгээрийн өргөдлийн орчуулга, тухайн гадаадын иргэнийг харьяалсан улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын, эсхүл тухайн орны иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолтыг хавсаргана”, 13.11-т “ Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд хоорондоо, эсхүл гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат нөгөө нь гадаад улсын харьяат иргэн гэрлэсэн бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар 30 хоногийн дотор бүртгэж болно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл гэрлэхийг хүсэгчид гэрлэхээр бүртгүүлэхдээ аль улсын харьяат иргэн болохыг тодорхойлох баримт болох иргэний үнэмлэх зэрэг баримт болон өмнө нь гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтны холбогдох шийдвэрийг хавсаргасан байх шаардлагатай байх бөгөөд хуульд заасан эдгээр баримтуудыг бүртгэлийн ажилтан хүлээн авч хянахаас гадна Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа талаар хангалттай нотлох баримт байгаа бол уг гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж болохоор байна.
Анхан шатны шүүх “... Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т ... гэж заасны дагуу 2013 онд Ю.Б болон Т.Т нарын гэрлэлтийг бүртгэх цаг мөчид 2004 онд Л.Б болон Т.Т нарын гэрлэлт нь хүчин төгөлдөр байсан, эсхүл хүчин төгөлдөр бус байсан гэдгийг Иргэний хэргийн шүүхээс тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа тохиолдолд энэ үйл баримтыг иргэний улсын бүртгэлийн байгууллага мэдэж боломжгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.
Учир нь, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн байгууллагын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10/5726 тоот албан бичиг[2]-ээр “... Улсын бүртгэлийн нэгдсэн архивт иргэн “Лхагвын Б, Тын Т нарын 2009 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Лондон дахь Элчин сайдын яаманд гэрлэсний бүртгэлийн 0007 дугаарт бүртгэгдсэн ХААТР-15 (А) маягт байх боловч Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна ...” гэсэн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа[3], Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/5458 дугаар албан бичгээр ирүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн хуулбар[4] зэрэг баримтуудад гуравдагч этгээдийн өмнө гэрлэсэн байдлын талаарх он зөрүүтэй байх боловч иргэний бүртгэлийг эрхлэн хариуцах чиг үүрэг бүхий Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед уг гэрлэлтийн бүртгэлийг хийх үүрэгтэй, уг бүртгэлийг үндэслэн нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын гэрлэлт бүртгүүлэх өргөдлийг хуульд заасан журмын дагуу нягтлан шалгаж, улмаар дээр дурдсан 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааж журамласан зохицуулалтын хүрээнд Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Дараахь байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно”, 9.1.1-т “өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол” гэж заасны дагуу гуравдагч этгээдийн өмнөх гэрлэлт хүчинтэй байдлыг нягтлан тодруулж, улмаар уг үндэслэлээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гэрлэлт бүртгүүлэх өргөдлийг бүртгэхээс татгалзсан байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг үндэслэн 2013 онд Ю.Б болон Т.Т нарын гэрлэлтийг бүртгэх цаг мөчид 2004 онд Л.Б болон Т.Т нарын гэрлэлт хүчин төгөлдөр байсан, эсхүл хүчин төгөлдөр бус байсан гэдгийг Иргэний хэргийн шүүхээс тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа тохиолдолд энэ үйл баримтыг иргэний улсын бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй гэж үзнэ” гэсэн нь энэ маргааны тохиолдолд хэрэглэгдэх үндэслэлгүй байна.
Хэдийгээр Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, ... гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд ... шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох шалтгаан үндэслэлийг тодорхойлж заасны дагуу 2004 онд Л.Б, гуравдагч этгээд Т.Т нарын гэрлэлтийг тухайн үед хүчин төгөлдөр эсхүл хүчин төгөлдөр бус байсан болохыг иргэний хэргийн шүүх тогтоосон, энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байсан болох нь тогтоогдоогүй нь үндэслэлтэй гэж үзэхээр байх боловч энэ үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гэрлэлтийг бүртгэснийг зөвтгөх үндэслэлгүй байна.
Учир нь, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хүрээнд хариуцагч байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх тул шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцох тохиолдлыг зааж хуульчилсан Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн зохицуулалттай холбогдуулан захиргааны хэргийн шүүх гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн өмнө нь гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн, түүнчлэн гэрлэгчдийн хэн нэгний эрх, зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэл гарсан гэж үзэх үндэслэлгүй, харин улсын бүртгэлийн байгууллага гуравдагч этгээдийн өмнөх гэрлэлтийн бүртгэлийг хийж баталгаажуулсан байх үүрэгтэйн хувьд энэ талаарх нөхцөл байдлыг нягтлан тодруулах байсан, улмаар гуравдагч этгээдийн өмнөх гэрлэлттэй нь холбогдуулан Гэр бүлийн тухай хуулийн 9.1.1-т “өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол” гэж заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гэрлэлтийг бүртгэхээс татгалзах байсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Ийнхүү анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гуравдагч этгээд Тын Т нь 1975 онд төрсөн, “Тын Т” гэх нэрээр иргэн Л.Бтэй гэрлэснийг ИБУИНХУ-д суугаа элчин сайдын яаманд бүртгүүлсэн, Гуравдагч этгээд Тын Т нь “Тын Т” гэх нэрээр тус улсад амьдарч байсан үйл баримттай маргаагүй, зэрэг үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзсэн атлаа ... гэрлэлт хүчин төгөлдөр байсан эсэх, эсхүл хүчин төгөлдөр бус байсан гэдгийг Иргэний хэргийн шүүхээс тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа тохиолдолд энэ үйл баримтыг иргэний улсын бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэхээр байна.
Харин анхан шатны шүүхийн “... Улсын бүртгэлийн байгууллага тухайн үед нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын гэрлэлт бүртгүүлэх хүсэлтийг хүлээн аваад гуравдагч этгээдийн иргэний харьяаллыг нягтлан тодруулах боломжтой атлаа энэ талаар тодруулалгүйгээр гэрлэлтийг бүртгэснийг зөв гэж үзэх үндэслэлгүй” гэсэн агуулгаар “... хариуцагч Баянзүрх дүүрэг дэх иргэний улсын бүртгэлийн хэлтэс нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 дугаарт Ю.Б болон Т.Т нарын гэрлэснийг бүртгэхдээ Тын Т нь гадаад улсын иргэн болсон гэдгийг мэдэх боломжтой байсан, тухайлбал Монгол Улсад оршин суух MNG 1792183 дугаартай үнэмлэхийг мэдээллийн сангийн лавлагааны тусламжтайгаар мэдэх боломжтой байсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т “гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх”, 13 дугаар зүйлийн 13.7-д “Монгол Улсын харьяат иргэн гадаадын иргэнтэй, эсхүл гадаадын иргэд хоорондоо тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэж бүртгүүлэхдээ энэ хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна тэдгээрийн өргөдлийн орчуулга, тухайн гадаадын иргэнийг харьяалсан улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын, эсхүл тухайн орны иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолтыг хавсаргана”, 13.11-т “Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд хоорондоо, эсхүл гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат нөгөө нь гадаад улсын харьяат иргэн гэрлэсэн бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар 30 хоногийн дотор бүртгэж болно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь гэрлэхийг хүсэгчдийн өргөдөлд хавсаргасан баримтыг нягтлан шалгах үүрэгтэй атал тухайн үед нэхэмжлэгч гуравдагч этгээд нарын гэрлэлт бүртгүүлэх өргөдлийг хүлээн аваад Тын Тгийн Паспортын дугаар ********** дугаар бүхий ИБУИНХУ-ын иргэншилтэйг, *********** дугаар оршин суух үнэмлэхээр Монгол Улсад Н-2 ангиллын визээр түр оршин сууж буй байдлыг нягтлан тодруулж гэрлэлтийн бүртгэлийг хийлгэхээр зохих этгээдэд хандсан эсэхийг нягтлан шалгаж, “хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар 30 хоногийн дотор бүртгэж болно” гэсний дагуу тухайн үед гэрлэлтийг бүртгэхээс татгалзах, эрх бүхий этгээдэд хандах талаар зөвлөж буцаах боломжтой байсан гэж үзэхээр байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн “... миний бие Монгол Улсын иргэн бөгөөд иргэншлээ солиогүй, Монгол Улсын иргэншлээс намайг гаргаагүй, хасаагүй байхад анхан шатны шүүх намайг гадаадын иргэн мэтээр дүгнэж шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтийг зөвтгөж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ