Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хэргийн индекс: 114/2019/0014/3/

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг хуучин хорооллын 16 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай Д.У нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар 16-ны өдрийн 01-Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                         Д.У    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                 Б.Ц                                                            

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                          Г.Э нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт байрлах Од цогцолбор сургуулийн захирлаар ажилладаг нөхөр Н.Ю төрсөн дүү Н.О-ийг 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тушаалаар тус сургуулийн үйлчлэгчээр ажилд томилж авсан. Гэтэл 2019 оны 5 дугаар сард Авилгатай тэмцэх газраас шалгалтын явцад Д. У намайг хадам дүү Н.О-н эрх ашгийг хөндсөн 2018 онд Б/26, Б/59, 2019 онд А/03 дугаар тушаалыг гарган Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаагаар 30 хувиар бууруулсан.

1. Тус сургуулийн захирлын ажлыг гүйцэтгэж байгаагийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 264 дүгээр тогтоолын дагуу Төрийн албан тушаалын цалингийн доод жишгийг шинэчлэн тогтоосон Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу “Од” цогцолбор сургуулийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/59 дугаар тушаал хавсралтад тус сургуулийн нийт 175 хүний цалин шинэчлэн тогтоосон. Энэ тушаалыг хавсралтын 39-д үйлчлэгч Н.О 403.479 төгрөгөөр тогтоосон, цалингийн сүлжээний цалин тавигдсан.

2. “Од” цогцолбор сургуулийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний Б/26 тушаалаар нийт ажилчдын ээлжийн амралтын хуваарь баталсан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргасан.

3. Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралт 2, 5, 9-д заасан албан тушаалын цалингийн сүлжээ хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолын дагуу “Од” цогцолбор сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын                 25-ны өдрийн А/03 дугаар тушаалаар цалингийн сүлжээг нэмэгдүүлж оруулсан. Энд хадам дүү Н.О үйлчлэгч хавсралтын 38 дугаар бичигдсэн сарын цалин ТҮ-443279 төгрөгөөр тогтоогдсон.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсээгүй гэж үзэж байна. Учир нь захирал Д.У би өөрийн нөхөр Э.Ю-ийн дүү тус сургуулийн үйлчлэгч Н.О-д тусгайлан тушаал гаргаагүй, өөрийн үзэмжээр цалин нэмэгдүүлээгүй, ээлжийн амралт ганцаарчлан олгоогүй, гэрээ хэлцэл хийгээгүй болно.

            Харин Монгол Улсын Засгийн газрын 24, 264 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн мөрдөж ажилласан, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу амралтын тушаал гаргасан, ямар зөрчилгүй болно. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-ын 2019 оны 05 дугаар 16-ны өдрийн 01-Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.У Авлигатай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан үйлдлүүдийг хийгээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг шинэчлэн тогтоосон. 24 дүгээр тогтоолын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.У А/01 дугаар тушаал гаргаж сургуулийнхаа бүх ажилтны цалинг шинэчлэн тогтоосон. Харин тогтоолтой холбогдуулан мэдэгдэл хий гэсэн зүйл хуульд байхгүй тул мэдүүлэг гаргах боломжгүй. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 264 тоот тогтоолд төрийн албан хаагчийн цалингийн доод жишгийг тогтоосон байдаг. Үүний дагуу Д.У нь сургуулийнхаа 175 ажилтны цалинг Б/59 тоот тушаалаар шинэчлэн тогтоосон. Ганц үйлчлэгчээс болоод тэр олон ажилтны цалинг бодохгүй хохироох үндэслэл байхгүй. Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжүүлж тушаал гаргасан. Түүнээс Д.У санаачлагаараа тушаал гаргаж шинэчлээгүй. 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тушаал бол ээлжийн амралт олгосон тушаал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт зааснаар сургуулийнхаа 175 ажилтандаа ээлжийн амралт олгосон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн зүйл байхгүй, Засгийн газрын 2 тогтоол, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар л тушаал гаргасан.

Д.У Авилгатай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл,4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Н.О-д давуу байдал олгоогүй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалаа урвуулан ашиглаагүй, 3.2.1 дэхь хэсэгт зааснаар ашиг хонжоо гаргаагүй, ашигтай байдал бий болоогүй. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан зүйлд хамаарахгүй учир ашиг сонирхлын зөрчил үүсээгүй тул аймгийн Засаг даргын захирамжийг  хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            Нэг. Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас Дархан-Уул аймгийн боловсролын салбар дахь худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн болон Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаад 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03/3707 тоот “Хариуцлага тооцох тухай” албан бичгийг ирүүлсэн болно.

            Албан бичигт тус аймгийн Дархан сумын Од цогцолбор сургуулийн захирал Д. Уртнасан хадам дүү Н. О-ийн эрх ашгийг хөндсөн 2018 онд Б/26, Б/59, 2019 онд А/03 дугаар тушаалыг гаргаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага тооцож, хариуг ирүүлэх үүргийг өгсөн.

            АТГ-ын дээрх албан бичиг, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, тайлбар нотлох баримтыг цуглуулж, хувийн хэрэг бүрдүүлэн ажилласан. Аймгийн Засаг даргад танилцуулсны дагуу хариуцлага тооцох шийдвэр гарсан болно.

            Хоёр. Од цогцолбор сургуулийн захирал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан бөгөөд Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан болно.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Дархан сумын Од цогцолбор сургуулийн захирал Д. У хадам дүү Н. О-ийн эрх ашгийг хөндсөн 2018 онд Б/26, Б/59, 2019 онд А/03 дугаар тушаалыг гаргахдаа “албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” байсан энэ үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь хэсэгт заасны дагуу сарын үндсэн цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Энэхүү шийдвэр нь хуульд нийцэж буй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар 16-ны өдрийн 01-Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 01-Б/26 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь заалтыг үндэслэн Дархан сумын “Од” цогцолбор сургуулийн захирал Д.У нь хадам дүү Н.О-ийн эрх ашгийг хөндсөн 2018 онд Б/26, Б/59, 2019 онд А/03 дугаар тушаал гаргаж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 30 хувиар бууруулсугай гэж шийдвэрлэжээ.

       Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д. У нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжаар “Од” цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон байх ба улмаар “Од” цогцолбор сургуулийн захирлын 2011 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Ажилд томилох тухай” 15 дугаар тушаалаар нөхөр Н.Ю-н төрсөн дүү Н.О-г 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчийн ажилд түр томилон ажиллуулснаас хойш Н.О нь тус сургуулийн үйлчлэгчээр, Д.У захирлаар ажиллаж байгаа болох нь “Од” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/26, 2018 оны 09 дугаар сарын 03-ний өдрийн Б/59, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/03 дугаар тушаал, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” албан бичиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Д.У-г ажилд томилох тухай” Б/25 дугаар, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ”Д.У-г ажилд томилох тухай” Б/28 дугаар захирамжуудаар тус тус нотлогдож байна.

      Нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 264 дүгээр тогтоолын 2, 7 дугаар хавсралтыг үндэслэн “Од” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” Б/59 дүгээр тушаал түүний 1-р хавсралтаар нийт 175 багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоохдоо үйлчлэгч Н.О-ийн үндсэн цалинг ТҮ-1-ээр 403479 төгрөгөөр тогтоосон, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б/26 дугаар тушаал түүний 1-р хавсралтаар ЗАА-н ажилчдын амралтын хуваарийг гаргасан, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24-р тогтоолын 5, 9-р хавсралтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” А/03 дугаар тушаал, түүний хавсралтаар 174 багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоохдоо үйлчлэгч Н.О-ийн үндсэн цалинг ТҮ-1-ээр 443279 төгрөгөөр тогтоосон нь дээрх хуулийн заалт болон Монгол Улсын Засгийн Газрын тогтоолуудтай нийцжээ.

         Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг хамаарал бүхий этгээд болох хадам дүү Н.О-ийн эрх ашгийг хөндсөн Б/26, Б/59, А/03 дугаар тушаал гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн талаарх мэдэгдлийг гаргаагүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

         Учир нь Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; гэж тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгч Д.Уртнасан нь “Од” цогцолбор сургуулийн захирлын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, Засгийн газрын 2018 оны 264 дүгээр, 2019 оны 24 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлэн “Ээлжийн амралт олгох тухай” Б/26, “Цалин шинэчлэн тогтоох тухай” Б/59, А/03 дугаар тушаалуудыг гаргаснаар хадам дүү үйлчлэгч Н.О-ийн эрх ашгийг хөндөөгүй, мөн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал үүсээгүй байна.

        Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл... үүсээгүй тул Засгийн газрын тогтоолын дагуу хадам дүү үйлчлэгч Н.О-ийн цалинг шинэчлэн тогтоохоос татгалзаж, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдэх шаардлагагүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

        Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахаасаа өмнө “Од” цогцолбор сургуулийн захирал Д.У-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг хүргүүлэн 27.4.2-т заасны дагуу саналыг нь бичгээр авсан боловч хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ”Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход  ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэх хуулийн заалтыг зөрчин Авлигатай тэмцэх газрын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 03/3633 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” 03/3707 дугаар албан бичгүүдэд дүгнэлт өгч улмаар Засаг даргын 2019 оны 05 дугаар 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай”  01-Б/26 дугаар захирамжийг гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасантай нийцээгүй уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай”  01-Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.У-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 01-Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шүүхийн шийдвэрийг хүрэлцэн ирж гардан авах бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                                

 

 

                                                                                                                                                  

                         ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНЧИМЭГ                                 

 

 

                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 8.1.Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

29.2.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 264 дүгээр тогтоолын 2, 7 дугаар хавсралтыг үндэслэн “Од” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” Б/59 дүгээр тушаал түүний 1-р хавсралтаар нийт 175 багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоохдоо  үйлчлэгч Н.Одгэрэлийн үндсэн цалинг ТҮ-1-ээр 403479 төгрөгөөр тогтоосон, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б/26 дугаар тушаал түүний 1-р хавсралтаар ЗАА-н ажилчдын амралтын хуваарийг гаргасан, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24-р тогтоолын 5, 9-р хавсралтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” А/03 дугаар тушаал, түүний хавсралтаар 174 багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоохдоо үйлчлэгч Н.Одгэрэлийн үндсэн цалинг ТҮ-1-ээр 443279 төгрөгөөр тогтоосон байна.