Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 683

 

Д.Нямлхагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгоцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01351 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нямлхагвын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Суруга монгол” ХХК-д холбогдох

 

 Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор  гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, цалингийн урамшууллын 50 хувийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Урамшуулал цалинд олгосон 1 380 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Нямлхагва,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхамсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Нямлхагва шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Суруга монгол” ХХК-д борлуулагчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр борлуулалтын хэлтэс татан буугдаж удирдлага солигдсонтой холбогдуулан борлуулалтын алба татан буугдсан гэсэн үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцална гэсэн мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өгч хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Би Удирдлагын хэлтэст ажиллаж байсан. Гэтэл борлуулалтын хэлтэс татан буугдаж байна гэж намайг халсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа больж, ажилгүй байсан хугацааны цалин 4 077 272 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, бонус 50 хувь болох 1 380 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр борлуулалтын хэлтсийг татан буулгах ерөнхий захирлын тушаал гарсан. Өөрөөр хэлбэл, борлуулалтын хэлтэс, маркетингийн хэлтэс гэсэн нэг чиг үүргийн 2 хэлтэс борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг байсныг нэг болгож, мөн эдийн засаг хүндрэлтэй, барилгын салбар хүнд байсан учраас зайлшгүй шаардлагаар аль нэг хэлтэс салбарыг татан буулгах шаардлага гарч борлуулалтын хэлтсийг татан буулгасан. Борлуулалтын ажилтнуудыг ажлаас халахад хууль зөрчсөн асуудал байхгүй. Компаниас олгодог 1 сарын нөхөн төлбөр болон холбогдох зардлуудыг бодож өгсөн. Борлуулалтын 50 хувь буюу бонусны 50 хувийг өмнөх гүйцэтгэх захирал Ийока Такао өөрийн хувийн тамгаар дарсан хуулбараар өгдөг гэсэн. Уг мөнгийг манай компани олгохгүй байх боломжтой байсан. Компанийн албан ёсны тамга тэмдэггүй олгох ёсгүй мөнгийг сүүлд нь олгосон. Борлуулалтын 50 хувийг олгох ёсгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүлгээр нотлогдсон. Иймд олгох ёсгүй байсан 1 380 000 төгрөгийг нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж шаардаж байгаа. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах үед нэхэмжлэгч жирэмсэн байсан. Жирэмсэн учраас манай компани шууд хөдөлмерийн гэрээгээр цуцлах боломжгүй. Сул зогсолтонд оруулсан. Өөр орон тоо гарсан тохиолдолд шилжүүлэн ажиллуулах боломжтой гэж сул зогсолтын нөхөн олговор олгосон. Гэтэл нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр сул зогсолтонд орохгүй, намайг цомхотголд оруулж өгнө үү гэсэн байдаг. Компанийн зүгээс цомхтголд оруулах боломжгүй гэсэн. Гэтэл нэхэмжлэгч өөрөө би шүүхээр явж маргаан гаргахгүй, намайг цомхотголд оруулж өгнө үү гээд актанд гарын үсэг зурсан. Иймд зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсгийг баримтлан  нэхэмжлэгч  Д.Нямлхагвыг “Суруга  монгол” ХХК-ийн  удирдлагын хэлтсийн  борлуулалтын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт ийлгүүлэхийг хариуцагч “Суруга монгол” ХХК-д даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Суруга монгол” ХХК-аас 3 674 288 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Нямлхагвад олгож, үлдсэн 402 984 төгрөг, бонус 50 хувь болох 1 380 000 төгрөг, нийт 1 782 984 тегрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Суруга монгол” ХХК-ийн гаргасан урамшуулал цалин болгож олгосон 1 380 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийн улсын төсөвт урьдчилан төлсөн 37 030 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл уг хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ дараах зүйлсийг үнэлээгүй, хэрэглээгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт

А/ Шүүх хурал дээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбараар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн зарим хэсэг болох ажилд эргүүлэн томилох нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэ талаар шүүх хурал дээр удаа дараа тайлбарласан байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй, ажилд эргүүлэн томилсон нь үндэслэлгүй юм.

Б/ Нэхэмжлэгч нь өөрөө удирдлагын хэлтэст бус борлуулалтын хэлтэст томилогдон ажиллаж байсан, шууд удирдлага нь удирдлагын хэлтсийн дарга бус борлуулалтын хэлтсийн дарга Шинбо Ёшихаруд ажлаа тайлагнадаг байсан. Гэтэл шүүх хурал дээр удирдлагын хэлтэст ажилладаг байсан гэх тайлбарыг хэлж түүнийг нь шүүх үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн.

2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт

Нэхэмжлэгч нь удирдлагын хэлтэст бус борлуулалтын хэлтэст ажиллаж байсан, үүрэгт ажлаас чөлөөлсөн буюу ажлаас халах тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Нямлхагвыг манай компани ажлаас нь халалгүй, сул зогсолтонд хамруулсан. Гэтэл нэхэмжлэгч Д.Нямлхагва нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдах тухай хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтэнд /хх28х/ “сул зогсолтонд хамрагдах боломжгүй тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж өгнө үү” гэсэн байдаг. Уг хүсэлтийг “Суруга Монгол” ХХК-ийн захирал шийдвэрлэхдээ ажилтанд нэмэгдэн ордог нэг сарын цалингийн нөхөн олговрыг олгож, хуулийн дагуу тушаал гаргасан. Гэтэл уг хүсэлтийг шүүхээс үнэлээгүй нь үндэслэлгүй юм. Тиймээс 3 674 288 төгрөгийг хариуцагч “Суруга Монгол” ХХК нэхэмжлэгчид төлөх үндэсгүй.

Тиймээс дээрх нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Нямлхагва нь хариуцагч “Суруга монгол” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, цалингийн урамшуулалын 50 хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, урамшуулал цалин болгон олгосон 1 380 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч “Суруга монгол” ХХК-ийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 072 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн борлуулалтын ажилтан Д.Нямлхагвыг 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 3 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр борлуулалтын хэлтсийг татан буулгах ерөнхий захирлын тушаал гарсан тул борлуулалтын ажилтнуудыг ажлаас халсан. Нэхэмжлэгч Д.Нямлхагва нь өөрийн хүсэлтээр сул зогсолтод орохгүй намайг цомхотголд оруулж өгнө үү гэж актад гарын үсэг зурсан тул 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, мөн оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарласан боловч хөдөлмөрийн гэрээг нэхэмжлэгчийн буюу ажилтны хүсэлтээр эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын байр хасагдсан үндэслэлээр цуцалсан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу  баримтаар нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргаж байгаа тохиолдолд хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч “Суруга монгол” ХХК-ийн Удирдлагын хэлтэс байгаагүй, харин Борлуулалтын хэлтэс татан буугдаж Маркетингийн хэлтэс болсон гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр хариуцагч нь түүнийг удирдлагын хэлтэст борлуулалтын ажил үүрэг гүйцэтгэхүүлэхээр тохиролцсон байна.

 

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж, татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийхээр зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар тооцож хариуцагчаас 3 647 288 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Харин анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбар гаргасныг нэхэмжлэгчээс асууж тодруулалгүй хангаж шийдвэрлэсэнийг давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тодруулахад нэхэмжлэгч Д.Нямлхагва нь ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж тайлбарлаж байх тул ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Мөн хариуцагч байгууллагын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх үүргийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг шүүх хэргэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.

 

Хариуцагч буюу ажил олгогчоос нэхэмжлэгчид ажил үүргээ хэрхэн гүйцэтгэсэн тохиолдолд хэдий хэмжээний урамшууллыг ямар хугацаанд олгохоор тохиролцсон нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, үүнтэй холбоотой үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг болон хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх үед урамшуулал болгон түүнд олгосон 1 380 000 төгрөгийг үндэслэлгүй илүү олгосон болох нь тогтоогдоогүй гэж тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж хариуцагч маргаж байгаа хэдий ч уг үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байх тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй байв.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/01351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Суруга монгол” ХХК-иас 3 674 288 төгрөг гаргуулан Д.Нямлхагвад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 782 984 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нямлхагва нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.” гэж,

2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалингийн зөрүүд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цалингийн зөрүүд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                                                         ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                                                                            С.ЭНХТӨР