Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 8002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол, 903-61 тоотод оршин суух, Болдын Золчимэг /РД:ЧД87090244/-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 45-д байрлах “МИАТ” ХК-д холбогдох,

Маркетинг, борлуулалтын хэлтсийн маркетинг хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 1,120,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Золчимэг, түүний өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагч “МИАТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  И.Төгс-Оюун нар  оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Золчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 онд “МИАТ” ХК-ий Маркетинг, борлуулалтын хэлтсийн маркетинг хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод тасралтгүй ажиллаж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүү Б.Ивээлээ төрүүлсэн. Чөлөөтэй байж байгаад 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа орсон.  Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 тоот захирлын тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Маркетинг, борлуулалтын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Ц.Чинсанаа, маркетинг хариуцсан мэргэжилтэн С.Батбаяр, бид нарыг ажлаас чөлөөлж, Ц.Чинсанааг маркетинг хариуцсан мэргэжилтнээр, С.Батбаярыг тус хэлтэсийн орлогын удирдлага хариуцсан мэргэжилтнээр буюу өмнөх ажил албан тушаалд дүүцэхүйц орон тоонд, харин намайг манай хэлтсийн харъяа Тасалбар түгээврийн тасгийн суудал захиалагч, билет бичигч албан тушаалд бууруулж шилжүүлсэн.Би үүнийг шударга бус гэж үзэж байна. Би энэ албан тушаал дээр 5 жил тасралтгүй ажилласан, намайг жирэмсний чөлөөтэй байхад С.Батбаярыг миний оронд томилон ажиллуулсан, шалгалт өгч тэнцсэн байдал, ажилласан хугацаа зэргээс үзвэл Маркетинг борлуулалтын хэлтэст үлдэх боломж нь надад илүү байсан. Яагаад гэвэл би Батбартай адилхан суувал зохих бүх сургалтууЯагаад маркетингийн менежерийн ажлыг давхардсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч би 2 нас 3 сартай 0-3 насны хүүхэдтэй, ажлын байр хадгалагдаж байх ёстой шэж үзэж байна. Намайг албан тушаал бууруулж шилжүүснээс болоод миний цалин буурсан. Иймд намайг Маркетинг, борлуулалтын хэлтэсийн маркетинг хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилж, цалингийн зөрүү 1,120,000 төгрөгийг МИАТ ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч МИАТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Даваадорж, Л.Ганчимэг нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээ авах тухай”2014 оны147 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 2/2025  дагуу удирдамжийн дагуу “МИАТ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хуулийн 76.1.18 болон компанийн дүрмийн 7.3.4-т заасан бүрэн эрхийн дагуу 215 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03/15 тоот тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, давхардлыг арилгах, харилцан уялдаа бүхий  байхаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн, орон тоог 622 нэгжээс 587 нэгж орон тоотой байхаар баталсан.Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан шинэ бүтэц, зохион байгуулалт, орон тооны хязгаарын дагуу компанийн хэлтэс нэгжүүдийн зохион байгуулалт, орон тоог хариуцсан  удирдлагын саналын дагуу Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд  гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Коммерийн захирлын харъяа хэлтсүүдийн бүтэц, зохион байгуулалт, ажилтнуудын томилгооны асуудлыг шийдвэрлэсэн.

Шинэчилсэн зохион байгуулалтаар Маркетинг борлуулалтын хэлтсээс суудал захиалга, хяналтын тасгийг татан буулгаж,тасгийн даргын орон тоог хассан, Идэвхижүүлэлт, зар сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоог хассан. Мөн Маркетинг, борлуулалтын хэлтэст Маркетинг хариуцсан ахлах мэргэжилтэн -1, мэргэжилтэн -2 гэсэн 3 орон тоо байсныг ажил, үүргийг нягтруулах, давхардлыг арилгаж зардал хэмнэх зорилгоор нэгтгэж, нэг мэргэжилтэнд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Чинсанаад хариуцуулсан. Үлдсэн 2 мэргэжилтний орон тоог Орлогын удирдлага хариуцсан мэргэжилтэн, Суудал захиалагч, билет бичигчийн орон тоо болгон өөрчилсөн.

Нөгөө талаас компанийн борлуулалтыг нэмэгдүүлж эрчимжүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, үйлчилгээний ажилтнуудын ажлын ачааллыг харгалзан суудал захиалагч, билет бичигчийн орон тоог нэмэгдүүлсэн болно.

Б.Золчимэгийг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар Маркетинг борлуулалтын хэлтэст Суудал захиалагч-билет бичигчээр томилсон ба энэ нь Маркетинг борлуулалтын хэлтэст харъяалагддаг, маркетингийн мэргэжилтний ажил үүрэгтэй нь шууд хамааралтай ажлын байр юм. Иймд Б.Золчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Золчимэг нь “МИАТ” ХК-д холбогдуулан тус компанийн Маркетинг борлуулалтын хэлтсийн маркетинг хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 1,120,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Тус компанийн маркетинг борлуулалтын хэлтэс нь Маркетинг хариуцсан ахлах мэргэжилтэн -1, мэргэжилтэн -2 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд маркетингийн ахлах мэргэжилтнээр  Ц.Чинсанаа, мэргэжилтнээр С.Батбаяр, Б.Золчимэг нар ажилладаг байжээ.

Б.Золчимэг нь тус албан тушаалд “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/265 тоот “Туршилтын хугацаагаар түр ажиллуулах тухай” тушаалаар ажилд орж, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 дугаартай “Компанийн хэлтэс, нэгжүүдийн орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах, ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан 2 дугаар хавсралтаар  Б.Золчимэгийг маркетинг хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, тус хэлтсийн Тасалбар түгээврийн тасгийн суудал захиалагч, билет бичигчийн ажилд томилсон байна.

Нэхэмжлэгч Б.Золчимэг нь байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлсөн асуудал дээр маргаагүй, харин шинээр ажилд томилохдоо урьд эрхэлж байсан ажлаас нөхцөл доогуур ажилд буюу суудал захиалагч-билет бичигчийн ажилд томилсон нь шударга бус байна. Яагаад гэвэл С.Батбаярыг хуучин ажилтайн дүүцэхүйц ажил болох Орлогын удирдлага хариуцсан мэргэжилтнээр томилохдоо ямар шалгуурыг үндэслэж ийнхүү томилсон нь ойлгомжгүй байна. Шалгалт өгч тэнцсэн байдал, ажилласан хугацаа зэргээс үзвэл тус хэлтсийн орлогын удирдлага хариуцсан мэргэжилтнээр үлдэх боломж надад илүү байсан гэж маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/119 дугаартай тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, маркетинг борлуулалтын хэлтсээс маркетинг хариуцсан ахлах мэргэжилтэн гэдгийг маркетинг хариуцсан мэргэжилтэн болгож, харин маркетинг хариуцсан 2 мэргэжилтний орон тоог орлогын удирдлага хариуцсан мэргэжилтэн, суудал захиалагч билет бичигч гэж тус тус өөрчилсөн. Энэхүү өөрчлөлтийн дагуу маркетингийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Чинсанаа маркетинг хариуцсан мэргэжилтнээр, харин маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байсан С.Батбаяр нь орлогын удирдлага хариуцсан мэргэжилтнээр, Б.Золчимэг нь суудал захиалагч, билет бичигчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Энэ нь маркетинг борлуулалтын хэлтэст харъяалагддаг, маркетингийн мэргэжилтний ажил үүрэгтэй нь шууд хамааралтай ажлын байр юм гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ компанийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт болон түүнийг маркетингийн мэргэжилтний ажлаас чөлөөлсөн асуудал дээр бол маргадаггүй, харин урьд эрхэлж байсан ажлаас нөхцөл доогуур албан тушаалд томилсон асуудал нь өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.  Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч Б.Золчимэг нь “МИАТ” ХК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн маркетинг хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэрнээ нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа тус хэлтсийн орлогын удирдлага хариуцсан мэргэжилтний буюу С.Батбаярын оронд намайг томилох ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Б.Золчимэг нь маркетинг хариуцсан мэргэжилтний ажилтай дүүцэхүйц ажилд томилуулах, эсхүл орлогын удирдлага хариуцсан мэргэжилтний ажилд тогтоолгох, энэ ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгүүлэхийг даалгах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 3 хүртлэх насны хүүхэдтэй тул миний ажлын байр хадгалагдах ёстой байхад ажлаас халсан гэж маргажээ.

Б.Золчимэг нь Гүйцэтгэх захирлын Б/119 дугаартай тушаалын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан  түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар маркетинг хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлж, билет бичигч-суудал захиалагчийн ажилд томилсон байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Золчимэг нь 2012 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүү Б.Ивээлийг төрүүлж, Б/119 дугаартай тушаал гарах үед 3 хүртэлх насны хүүхэдтэй байсан боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй   хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалт нь ажил албан тушаалаас буруу халсан нэхэмжлэлийн шаардлагын үед хэрэглэгдэнэ. Харин ажил,  албан тушаалд буруу томилсон гэх асуудалд энэхүү хуулийн заалт хамааралгүй гэж үзлээ.

Иймд Б.Золчимэгийн “МИАТ” ХК-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн маркетинг хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 1,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

Нөгөө талаас “МИАТ” ХК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн маркетинг хариуцсан мэргэжилтний зарим ажил үүрэг нь ахлах мэргэжилтний ажил үүрэгтэй давхардсан, зарим ажил үүрэг нь захиргаа, эрх зүйн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч, хэрэглэгчийн үйлчилгээ, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтний ажил үүрэгт хамаарч байсан. Өөрөөр хэлбэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд нийгмийн сүлжээг хөтлөх, хэвлэл мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтийг хүлээж авах, хариу өгөх зэрэг ажлууд нь давхардалтай байсан нөхцөл байдлыг үндэслэн ажил олгогч нь Компанийн тухай хууль, компанийн дүрэм, компанийн дотоод журамд заасан эрх хэмжээнийнхээ хүрээнд  бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, үүнтэй холбогдуулан ажилтныг ажлаас чөлөөлж, ажилд томилсныг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Золчимэг нь Тасалбар түгээврийн тасгийн суудал захиалагч-билет бичигчийн ажилдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан /хх 176-179/, “МИАТ” ХК болон бие даасан Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.6.3.2 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан ажлын 1 сарын цалинг олгосныг дурьдах нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон  

                                                                                                                           

        ТОГТООХ нь:  

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “МИАТ” ХК-ний Маркетинг, борлуулалтын хэлтсийн маркетинг хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулсан цалингийн зөрүү 1,120,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Золчимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Х.ЭНХЗАЯА