Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2021/0229/Э |
Дугаар | 2021/ШЦТ/235 |
Огноо | 2021-04-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/235
2021 04 09 2021/ШЦТ/235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Х.Н-д холбогдох эрүүгийн ................ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... өдөр ....... төрсөн, ... настай, ...тэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......... тоотод оршин суух, урьд,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Х.Н- /................./;
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцонд хохирогч Г.Стай “орцонд архи ууж, шуугилдлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хөлөн тус газарт нь хайчаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Яллагдагчаар Х.Н мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...хайчаар нэг удаа хатгаж учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/
Хохирогч Г.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...гуталчин Заяа ахын гэрээс нүдний шилтэй ах гартаа 1 бараан иштэй зүйл барьсан гарч ирсэн. Тухайн үед би айж сандарсан болохоор хайч байсныг хутга гэж харсан байсан. ...Тэгээд шууд ...1 удаа барьж байсан хайчаар миний зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт хатгасан юм.” гэх мэдүүлэг /хх-20-р тал/
Гэрч Ч.Э мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...тухайн залуучууд орцонд архи уугаад. хөзөр тоглоод шуугилдаад байхаар нь манайд 2-3 хонож байсан миний найз Х.Н- “та нар гарч архи уу, орцонд битгий уугаад бай” гэхэд тоохгүй байхаар нь орхичхоод байж байхад миний хүү Мөнгөнбагана гарч орцноос хөөхөд үл тоогоод байсан чинь Х.Н- уурлаад гарч орцонд янз бүрийн юм болоод байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24-р тал/
Гэрч М.О мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ: “...Х.Н- гарч ирсэн, Г.С, Очки хоёрт “та нар болилдоо одоо, хүмүүсийг амраахгүй, тэгээд орцонд шүлс хаяад, архи уугаад завааруулаад байх юм” гэсэн чинь Г.С “чамд ямар хамаатай юм” гээд өөдөөс нь хэрэлдээд хэгжүүрхээд байсан...” гэх мэдүүлэг /хх-30-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 1676 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Сын биед зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-08/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад баримт /хх-ийн 58-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-79-82/, Хохирогч Г.Сын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 83/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Х.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцонд хохирогч Г.Стай “орцонд архи ууж, шуугилдлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хөлөн тус газарт нь хайчаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.С болон шүүгдэгч Х.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №1676 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Сын эрүүл мэндэд учирсан “...биед зүүн өвдөгт шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Х.Нын түүний хөлөн тус газарт нь хайчаар 1 удаа хатгах үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Н, хохирогч Г.Сыг хөлөн тус газарт нь хайчаар 1 удаа хатгаж биед зүүн өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн зүй бус харилцаа хандлага нөлөөлснийг дурдах нь зүйтэй.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Нын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 83-р тал/ гэж мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Х.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Н торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Х.Нд оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хайч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ныг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Нд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн бариултай хайч 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ