| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/56 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/56
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Ш.Н, Н.М, тэдний өмгөөлөгч С.Чулуунбаатар,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
З овогт Дийн Т,
Ц овогт Шгийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт;
Б овогт Нгийн Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт,
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. З овогт Дийн Т нь Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1.2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1, 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял;
2.2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан, түүний биечлэн эдлэх ялыг нэг жилийн хорих ялаар тогтоосон;
3.2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5, 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялын заримыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоосон;
4.2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Нокиа-3310 маркийн гар утсыг хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял;
5.2010 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд багтаан, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тогтоосон;
6.2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар угаалгын машиныг хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
7. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 456 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 300.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай магадлалаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 13 хоногийн хорих ял болгон өөрчилж, хорих ялыг эдэлсэнд тооцож суллагдсан (РД:...).
2. Б овогт Нгийн М нь Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял;
-2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 6, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял ял тус тус шийтгэгдэж байсан (РД:...).
3. Ц овогт Шгийн Н нь Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Д.Т, Н.М, Ш.Н нар нь бүлэглэн “Toyota belta” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашиныг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Найрамдалын “...” гэх газарт бэлчээрт байсан иргэн П.Аийн эзэмшлийн хүрэн халзан морь, бор буюу ягаан морь, саарал морь, сартай хүрэн морь, хул морь зэрэг 5 тооны адуу буюу олон тооны мал хулгайлахыг завдаж, бусдад 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан;
-мөн Н.М нь 2020 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Замын цагдаагийн газрын ойролцоо М.Тыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, нүүр тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, буйлны язрал, баруун дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, буйлны язрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум явж айлын 5 адуу барьж авсан. Нтэй морьдоо тууж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн;
2. Шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ... гэх газраас айлын 5 адууг ярилцаж байгаад хулгайлсан нь үнэн. Т, Н 2 хулгайлсан адуугаа тууж явсан. Би урдаас нь машинтай тосч авсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар маргахгүй гэсэн мэдүүлэг;
3. Шүүгдэгч Ш.Нгээс: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэсэн тайлбар тус тус гаргасан.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:
1. Мал хулгайлах гэмт хэргийн талаарх хэргийн нотлох баримтууд:
1.1. Хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ... гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар тал),
1.2. ... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...уг машины жолоочийн хойд талын хаалгыг онгойлгоход машины дотор буюу арын хүн суудаг сандал дээр суран хазаар болон 10 метр орчим урттай мяндсан бугуйл байсныг гэрэл зургаар баримтжуулан, үзлэгээр хураан авсан. ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал),
1.3. Хохирогч П.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Бичигтийн ам гэх газар манай адуунууд байж байхыг харсан. Уг өдөр би хот руу ажил амжуулахаар яваад 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө эрт адуугаа эргэхээр очиход манай адуунаас хүрэн халзан морь, бор буюу ягаан морь, саарал, хул, сартай хүрэн морьд байхгүй болсныг мэдсэн. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд мал малладаг иргэд фэйсбүүк групптэй байдаг юм. Тус группэд “эдгээр адуунууд хулгайлагдаж байна” гэсэн пост оруулсан байсныг хартал манай адуунууд байсан. Морьдууд нь миний унаган адуунууд буюу ширээтэй чойндон тамгатай байсан. Харин сартай хүрэн нь нум тамгатай, саарал зүстэй нь сартай туухай тамгатай байсан. Уг адуунууд нас бие гүйцсэн. Зах зээлийн ханшаар нэг адууг 1.500.0000 төгрөгөөр буюу нийт 7.500.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би алдагдсан гэх таван тооны адууг тоо ёсоор хүлээн авсан. Бусдын эзэмшлийн малд нууцаар халдаж, мал хулгайлсан гэх хүмүүст хууль ёсны шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
1.4 Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...Манайх Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Найрамдалын ... гэдэг газар 20 тооны адуутай байдаг юм. ...2020 оны 11 дүгээр сарын сарын 01-нээс 02-нд шилжих шөнө адуугаа манаад хоносон. Шөнө 02 цаг өнгөрч байхад 2 морьтой хүн 3 морь хөтөлсөн, манай адууг хашаан дотор хураагаад бөөгнүүлээд байхаар нь би ямар учиртай хүн бэ гэж асуусан чинь дуугарахгүй, манай адууг туугаад цааш яваад байхаар нь би араас нь очоод асуусан чинь Партизанаас явж байна гэж хэлэхээр нь харанхуй шөнөөр яахаараа адуу туудаг юм гэсэн чинь тэр хүмүүс мухар хашаа руу зугтсан. Тэгэхээр нь би араас нь хөөсөн чинь тэр хүмүүс унаж явсан хоёр морь, хөтөлж явсан гурван морио үлдээгээд зугтаасан. 3 морь хөтөлж явсан хүн нь 30 гаруй настай, бараан царайтай, хүрэндүү дээлтэй, дунд зэргийн биетэй хүн байсан. Би тэр хүнийг харвал шууд танина. Тэр хүмүүсийн үлдээсэн морь нь бор, хонгор, хүрэн халзан зүсмийн морь байх шиг байна лээ. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
1.5. Шүүгдэгч Ш.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой 16 цагийн үед Мын автомашинтай Д.Т нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Партизан руу явсан. Бид 10 дугаар сарын 31-ний орой Мын гэрт байхдаа мөнгөний хэрэг байна гэж ярилцаад Т надад эмээл, хазаар бүгд байгаа гэж байсан. Санал нийлээд Төв аймгийн Батсүмбэр сумаар эргэлт хийж хэдэн адуу хулгайлъя хэмээн тохиролцсон. Сонгинохайрхан дүүргийн “Бичигтийн ам” гэх газарт таван тооны нас бие гүйцсэн бүдүүн морьд байсан. 11 дүгээр сарын 01-ний өдөр гэгээ тасрахын үед “Бичигтийн ам”-нд байсан сартай хүрэн, бор, хүрэн халзан, саарал, хул зүсмийн морьдыг би бугуйлдсан. Намайг бугуйлдаж байх үед М хорьж өгсөн. Харин Т миний бугуйлдсан морьдыг оосорлосон. Би сартай хүрэн морийг зайдан унаад, Т хул зүсмийн морийг эмээллэж унасан. М хоол цай хийгээд урдаас тосно гээд машинаа унаад гэр рүүгээ явсан. Т бид хоёр морио унаад явж байтал Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо “...” гэх газар адуу манаж байсан хүнтэй таартал бид хоёроос “хаанаас хаа хүрч байгаа юм бэ” гэж асуухаар нь Т “Партизанаас Зүжээ орох гээд явж байна” гэж хэлсэн. Адуу манаж байсан залуу цагдаад дуудлага өгсөн. Би Н.М, Д.Т нартай үйлдсэн хэргийнхээ адуунуудыг эзэнд нь эргүүлэн өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дугаар тал),
1.6. Шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой М, Н нарын хамт Мын машинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан руу явж байгаад Арцатын ам гэх газар адуунууд бэлчиж байхаар нь таван тооны адууг Н бугуйлдаж, М бид хоёр хорьж өгсөн. Уг таван адууг Н бид хоёр унаж Улаанбаатар хотын чиглэлд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд адуу манаж хонож байгаа хүнтэй таараад унаж болон хөтөлж явсан морьдоо үлдээгээд явсан. Тэгээд Мыг урдаасаа тосуулаад машинд нь суугаад явж байхад цагдаа нарт баригдсан. Бугуйлдсан гэх адуунууд хүрэн халзан морь, сартай цавьдар морь, бор морь, саарал морь, хул зүстэй морь байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар тал),
1.7. Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой Т, Н нарын хамт манай эхнэр Булганы эзэмшлийн ... УНД улсын дугаартай “Toyota Belta” маркийн автомашинаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Арцатын ам” гэх газар руу явсан. “Арцатын ам” гэх газарт очиход 40-50 орчим тооны адуу байсан. Н таван тооны адуу бугуйлдсан. Т бид хоёр хорьсон. Н, Т хоёр барьсан адуунуудыг унаж Сонгинохайрхан дүүргийн Их Наранд байдаг оршуулга орох гээд явсан. Би түрүүлж машинаа унаж яваад тосох гэж байсан юм. Хулгайлсан 5 тооны адууг махалж зарах гэсэн бодолтой байсан. Морь унаж явсан Т, Н хоёр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Ногоон толгой гэх газарт явж байгаад адуу манаж явсан хүнтэй таараад, унаж явсан морьдоо үлдээгээд зугтсан. Зугтаад над руу ярьсан. Тэр хоёртой уулзаж явж байгаад цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дүгээр тал),
1.8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2852 дугаартай “...нас гүйцсэн нэг тооны морийг 1.300.00 төгрөгөөр, 5 тооны морийг нийт 6.500.000 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
1.9. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2873 дугаартай “...“Toyota Belta” маркийн автомашины үнийг 3.500.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),
1.10. ... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” маркийн автомашиныг битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
1.11. ... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан суран хазаар 1 ширхэг, 10 метрийн урттай мяндсан бугуйл 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эмээл 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 33 дугаар тал),
1.12. Хүрэл халзан морь, ягаан морь, саарал морь, хул морь, сартай хүрэн зүсмийн нийт 5 тооны нас бие гүйцсэн бүдүүн морийг хохирогч П.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 42 дугаар тал),
1.13. ... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр Мунууш овогтой Булган бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа болон гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 207-209 дүгээр тал),
2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нотлох баримтууд:
2.1 Хохирогч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:
“...2020 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө найз Цэнд-Аюуш, танил ах Гэрлээ бид гурав “Андууд” гэж нэртэй Сонгинохайрхан дүүрэгт байрлах пабад тус бүр 4 шил Сэнгүр нэртэй пиво уугаад гарсан. Танил Оргилболд гадаа нэг танихгүй ахтай машинд сууж байгаад намайг дуудаад та нар суучих, хороолол орж хамт пиво ууя гэсэн. Тэр машинд суугаад хороолол явж байснаа санаж байна. Нэг сэрэхэд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Car wash” угаалгын газрын гадаа нөгөө суусан машиныхаа гадна урд талд нь сууж байсан. Тэгтэл найз Цэнд-Аюуш бос, явъя гэж босгосон. Би боссон чинь миний үүдэн шүд унасан, доод үүдэн шүд хөдөлсөн, амнаас цус гарсан байсан. Намайг Оргилболдтой хамт явж байсан ах зодсон байсан. Тэгээд би тэр чигтээ гэртээ очиж унтаад маргааш нь Оргилболдоос хамт явж байсан ахынх нь дугаарыг олж аваад миний шүд унасан байна, та намайг зодсон байна, хоёулаа цагдаа дээр очих уу гэтэл нөгөө ах цагдаа гэж байхаар уулзъя гэсэн. Би очиж уулзаад та яагаад намайг зодсон юм бэ гэтэл нөгөө ах чи намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байсан, маргалдаад би чамайг зодсон юм гэсэн. Би Оргилболдоос юу болсон талаар асуухад чи Мөөгий ахтай хэрүүл хийгээд байсан гэж хэлсэн. Би Мөөгийтэй хамт шүдний эмнэлэг ороход дээд шүд унасан, доод шүд суларсан, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Мөөгий хоёулаа цагдаа гээд яахав, тохиръё, маргааш гэхэд сая төгрөг өгнө гэж хэлэхээр тэгье гэж тохироод Мөөгий надад 350.000 төгрөг өгсөн. Тэгээд ахын дүү цагдаад битгий өгөөрэй гэж ярьж байснаа утсаа унтраагаад алга болсон. Мөөгийгөөс шүд гэмтээсэн хохирлоо барагдуулах шаардлагатай байна. Би одоогоор эмчилгээ хийлгээгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153-155 дугаар тал),
-хохирогчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн:
“...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ...Цэнд-Аюуш болон Гэрэлт-Од бид гурав танил Оргилболдын ажил болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороололд байдаг Андууд караоке орж хүний 7 орчим пиво уусан. Оргилболдын ажил нь шөнийн 00 цагт тарсан ба тэр үед бид гарсан. Оргилболд манайд очиж пиво ууя, хороолол оръё гэхээр нь бид зөвшөөрсөн. Оргилболд нэг машин дээр очоод энэ манай таньдаг ах байгаа юм, энэ машинд сууя гэсэн. Тэгээд цагаан өнгийн “Sprinter” маркийн автомашинд суугаад явсан. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Өргөө” кино театрын хойд талд байдаг “Car wash” нэртэй машин угаалгын гадаа Оргилболдын таньдаг ах Мөөгий гэх хүн намайг машиныхаа гадаа гаргаад зодсон. ...тухайн үед Мөөгий гэх хүн Цэнд-Аюуш, Гэрэлт-Од нарыг бууж бай гэж хэлээд машинаасаа буулгаад, ард талын хаалгаа нээгээд нүүр рүү өшиглөөд байсан гэж Цэнд-Аюуш надад хэлсэн. Мөн Гэрэлт-Од “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Car wash” угаалгын гадаа ирээд гэнэт л таксины жолооч чамайг зодоод эхэлсэн” гэж надад хэлсэн. Тэр үед Цэнд-Аюуш түүнд хандаж “та яаж байгаа юм бэ, маргааш асуудал үүснэ шүү дээ” гэж хэлсэн чинь Мөөгий “тэр ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн байсан. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Мөөгий гэх хүнтэй уулзаад цагдаад мэдэгдлээ гэж хэлэхэд хоёулаа учраа олъё, цагдаад битгий мэдэгдээрэй гэсэн. Тэгээд Мөөгийтэй хамт шүдний эмнэлэг орж шүдээ үзүүлээд дууссаны дараа Мөөгий “хоёулаа тохиръё, 1.000.000 төгрөг өгье” гэхээр нь тэгье гээд салсан. Тэр өдрийнхөө орой нь манай ах мэдээд “юу яриад байгаа юм бэ, тийм зүйл байхгүй шүү, цагдаад мэдэгдэх хэрэгтэй” гэхээр нь би 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хойд талд хар замтай гудамжинд намайг зодсон зүйл огт байхгүй, замдаа огт зогсоогүй. Би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Car wash” нэртэй автомашин угаалгын гадаа цустай холилдсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дүгээр тал),
2.2. Гэрч Б.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед Т над руу залгаад уулзъя гээд Сонгинохайрхан дүүрэг дээр очиход “Андууд” нэртэй пабад Т гурван танихгүй эрэгтэйн хамт пиво уугаад сууж байсан. Паб хаахад бид тав гараад “Андууд” пабын урд талын зогсоол дээр зогсож байсан жижиг цагаан өнгийн машинд суусан. ...Хороолол руу Тын хуурай ах гэж нэрлээд байсан ахыг гэрт нь хүргэж өгөх гээд явсан. Би таксинд хэсэг зуур унтсан байсан. Тэгээд сэрсэн чинь такси Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн ард байрладаг ард замаар ертөнцийн зүгээр хойш салсан хар замтай гудамжинд зогсож байсан. Таксины жолооч ах уурласан сууж байхаар нь юу болсныг мэдэх гээд машинаас буухад Т газар явган суучихсан, уруул нь хавдсан, хамраас нь цус гарсан, үүдэн шүд нь байхгүй харагдаж байсан. Би таксинд орж суугаад жолоочоос юу болсныг асуухад танай найз намайг өдөөд, “та ийм машин барьдаг, би ч гэсэн таксинд явдаг байсан” гээд байхаар нь би өшиглөчихсөн юм гэж хэлсэн. ...Намайг зүйрмэглэж байхад Т таксины ахтай би Соната 5 унаж байсан гэх зэргээр юм ярьж байсныг санаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157-158 дугаар тал),
2.3. Гэрч М.Булганы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:
“...2020 оны 8 дугаар сард нөхөр М нь хүн цохиод жаахан гэмтэл учруулсан гэж надад хэлсэн. Нөхөр Мыг хүмүүстэй хамт явж байхад нь нэг залуу нь машинд нус, шүлсээ хаяад “ийм ямбий юмаар таксинд яваад байхдаа яадаг юм” гээд хараагаад байхаар нь эргэж хараад нэг удаа цохисон гэсэн. Тухайн үед М ажил хийж байгаад 360.000 төгрөгийг хохирогч залууд өгнө гээд явж байсан. Тэгээд удаад байхаар нь араас нь очсон чинь М тэр хоёр дундаа том пиво тавиад ууж байсан. Тэр үед нь би Мд хандаж “мөнгийг нь өгсөн юм уу, яасан юм бэ” гэж асуухад М “дүү бид хоёр хоорондоо зохицсон, одоо ямар ч асуудалгүй” гэж хэлж байсан. Би цохиулж гэмтсэн гэх залууд “чи өөрөө л эхэлсэн юм байна лээ, хүний машинд суугаад шүлсээ хаяад, ямбийгаар нь дууддаг чи ер нь хэн юм бэ” гэж хэлсэн. ...Манай нөхрийг машин барьж байхад шүлс, нусаа хаяад, ямбийгаар нь дуудаад байсан. Тэр үед манай нөхөр эрүүл ухаанаар хандаад байж байсан, тэсэхийн аргагүй байдалд ороод нэг удаа л цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 187 дугаар тал),
2.4. Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө таксинд явж байсан. Тухайн үед 21 дүгээр хороололд байдаг “Андууд” пабын ойролцоо машинтайгаа зогсож байтал Оргилболд гурван найзтайгаа ирээд хороолол хүргээд өг гэхээр нь зөвшөөрөөд явсан. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Замын цагдаагийн ойролцоо явж байхад хэл амаар доромжлоод байхаар нь машинаа зогсоогоод машины ард Ттой хамт сууж байсан нэг найзыг нь буулгаад нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөж, нэг гараараа цохисон. Тэгээд Оргилболдын найзуудыг машиндаа суулгаад хороололд хүргэж өгсөн. 2020 оны 8 дугаар сарын 20-нд Тыг залгахаар нь шүдний эмнэлэгт үзүүлсэн. Шүдний эмнэлгээс гараад Т надаас 500.000 төгрөг нэхэхээр нь би 600.000 төгрөг өгье гэж хэлээд салсан. Би эхнэр Булганд зодсон талаараа хэлсэн. Сүүлд Т надаар пиво, тамхи авахуулсан. 150.000 төгрөг өгөөд явуулсан. Дараа нь цагдаад өргөдөл гаргасан байсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэгт нэгтгүүлж шалгуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 196-197 дугаар тал),
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9670 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд үүдэн 1-р шүд булгарсан, буйл цайвар өнгийн язралтай, бага зэрэг хонхор, баруун дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүднүүд нааш, цааш ганхаж хөдөлнө, шүдний уг хэсэгт буйланд язралтай.
Дүгнэлт:“...-М.Тын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, буйлны язрал, баруун дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, буйлны язрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид 5 хувь нөлөөлнө. /Шинжээч эмч О.Болороо/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 160-161 дүгээр тал),
2.6. Хохирогч М.Тын хохиролд 600.000 төгрөг хүлээн авсан тухай нотариатаар баталгаажуулсан хүсэлт, тодорхойлолт (хавтаст хэргийн 191 дүгээр тал),
3. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 126 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 1-11 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 125 дугаар тал),
3.2. Шүүгдэгч Д.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 116 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 128-130 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 12-76 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг (хавтаст хэргийн 123 дугаар тал),
3.3. Шүүгдэгч Ш.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 127 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 77-82 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дүгээр тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.М, Д.Т, Ш.Н нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нар нь бүлэглэн “Toyota belta” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашиныг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Найрамдалын “...” гэх газарт бэлчээрт байсан иргэн П.Аийн эзэмшлийн 5 тооны адуу буюу олон тооны мал хулгайлахыг завдаж, бусдад 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн Н.М нь 2020 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Замын цагдаагийн газрын ойролцоо М.Тыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, нүүр тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ш.Н, Н.М нарын өмгөөлөгч С.Чулуунбаатараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж дүгнэлтдээ “... Шүүгдэгч Н.М нь анх өмгөөлөгч Даваасүрэнгийн хамт мэдүүлэг өгсөн. Тухайн үед өмгөөлөгч Даваасүрэн үүсэх нөхцөл байдлын талаар тайлбарлан хэлсэн байсан бол Н.М худал мэдүүлэг өгөхгүй байсан. Харин яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээ зөвтгөж, үнэн зөв мэдүүлэг өгч байна. Тиймээс өмгөөлөгч Даваасүрэнтэй хамт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасч өгнө үү, Ш.Н, Н.М нар гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа” гэсэн; шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч С.Оюунцэцэгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Т, Ш.Н, Н.М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Мал хулгайлах гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нар нь бүлэглэн “Toyota belta” маркийн ... УНЦ улсын дугаартай автомашиныг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 01-02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Найрамдалын “...” гэх газарт бэлчээрт байсан иргэн П.Аийн эзэмшлийн 6.500.000 төгрөгийн үнэлгээтэй хүрэн халзан морь, бор /ягаан/ морь, саарал морь, сартай хүрэн морь, хул морь зэрэг 5 тооны адуу буюу олон тооны мал хулгайлахыг завдсан үйл баримт нь:
-Хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, ... гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8 дугаар тал),
-... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...суран хазаар болон 10 метр орчим урттай мяндсан бугуйл байсныг гэрэл зургаар баримтжуулан, хураан авсан ...” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал),
-Хохирогч П.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө ...адуугаа эргэхээр очиход манай адуунаас хүрэн халзан морь, бор /ягаан/ морь, саарал, хул, сартай хүрэн морьд байхгүй байсан. …21 дүгээр хороонд мал малладаг иргэдийн фэйсбүүк гррупэд “эдгээр адуунууд хулгайлагдаж байна” гэсэн пост оруулсан байсныг хартал манай адуунууд байсан. Уг адуунууд нас бие гүйцсэн. ...Би алдагдсан гэх таван тооны адууг тоо ёсоор хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
-Гэрч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын сарын 01-нээс 02-нд шилжих шөнө адуугаа манаад хоносон. Шөнө 02 цаг өнгөрч байхад 2 морьтой хүн гурван морь хөтөлсөн манай адууг хашаан дотор хураагаад бөөгнүүлээд байсан. ...ямар учиртай хүн бэ гэж асуусан чинь дуугарахгүй, ...тэр хүмүүс мухар хашаа руу зугтсан. ...араас нь хөөсөн чинь тэр хүмүүс унаж явсан хоёр морь, хөтөлж явсан гурван морио үлдээгээд зугтаасан. 3 морь хөтөлж явсан хүн нь 30 гаруй настай, бараан царайтай, хүрэндүү дээлтэй, дунд зэргийн биетэй хүн байсан. ...үлдээсэн морь нь бор, хонгор, хүрэн халзан зүсмийн морь байх шиг байна лээ. …” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-Шүүгдэгч Ш.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Мын гэрт байхдаа мөнгөний хэрэг байна гэж ярилцаад Т надад эмээл, хазаар бүгд байгаа гэж байсан, санал нийлээд Төв аймгийн Батсүмбэр сумаар эргэлт хийж хэдэн адуу хулгайлъя хэмээн тохиролцсон. ...Бичигтийн ам гэх газарт таван тооны нас бие гүйцсэн бүдүүн морьд байсан. ...Бичигтийн аманд байсан сартай хүрэн, бор, хүрэн халзан, саарал, хул зүсмийн морьдыг би бугуйлдсан. Намайг бугуйлдаж байх үед М хорьж өгсөн. Харин Т миний бугуйлдсан морьдыг оосорлосон. Би сартай хүрэн морийг зайдан унаад, Т хул зүсмийн морийг эмээллэж унасан. М хоол цай хийгээд урдаас нь тосно гээд машинаа унаад гэр рүүгээ явсан. Т бид хоёр морио унаад явж байтал ...адуу манаж байсан хүнтэй таарч, цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87-88 дугаар тал),
-Шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой М, Н нарын хамт Мын машинд суугаад ...Арцатын ам гэх газар адуунууд бэлчиж байхаар нь таван тооны адууг Н бугуйлдаж, М бид хоёр хорьж өгсөн. Таван адууг Н бид хоёр унаж Улаанбаатар хотын чиглэлд явж байхад ...34 дүгээр хороонд адуу манаж хонож байгаа хүнтэй таараад унаж болон хөтөлж явсан морьдоо үлдээгээд явсан. Тэгээд Мыг урдаасаа тосуулаад машинд нь суугаад явж байхад цагдаа нарт баригдсан. Бугуйлдсан гэх адуунууд хүрэн халзан морь, сартай цавьдар морь, бор морь, саарал морь, хул зүстэй морь байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар тал),
-Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний орой Т, Н нарын хамт ...... УНД улсын дугаартай “Toyota Belta” маркийн автомашинаар ...Арцатын ам гэх газарт очсон. ...Н таван тооны адуу бугуйлдсан. Т бид хоёр хорьсон. Н, Т хоёр барьсан адуунуудыг унаж ...явсан. Би түрүүлж машинаа унаж яваад тосох гэж байсан юм. Хулгайлсан 5 тооны адууг махалж зарах гэсэн бодолтой байсан. Морь унаж явсан Т, Н хоёр ...адуу манаж явсан хүнтэй таараад унаж явсан морьдоо үлдээгээд зугтсан. Зугтаад над руу ярьсан. Тэр хоёртой уулзаж явж байгаад цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дүгээр тал),
-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2852 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал),
-... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан эд мөрийн баримт, мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 33 дугаар тал),
-Хүрэн халзан морь, ягаан морь, саарал морь, хул морь, сартай хүрэн зүсмийн нийт 5 тооны нас бие гүйцсэн бүдүүн морийг хохирогч П.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 42 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.М гэм буруугийн талаар маргаж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй гэж мэдүүлж байсан боловч шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй. Харин шүүх шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж хуульчилсан.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нар гэмт хэрэг гарсан шөнө адуугаа манаж байсан гэрч О.Отай тааралдаж, улмаар хулгайлан авч явж байсан 5 тооны бод малыг орхиж зугтсанаар тэдний үйлдэл таслан зогсоогдсон бөгөөд өөрсдийнх нь санаа зорилго, үйлдлээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг таслан зогсоогдсон нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
Түүнчлэн “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах ба, хууль зүйн хувьд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Тус гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч нар нь 5 тооны бод буюу адуу хулгайлахыг завдсан байх бөгөөд 5 тооны бод нь олон тооны малд хамаарна.
Мөн шүүгдэгч нар нь мөнгө олох зорилгоор адуу хулгайлж махалж борлуулахаар тохиролцож, уг гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан тохиролцсон, улмаар эмээл, бугуйл зэргийг бэлтгэж, учрах саадыг арилгах зорилгоор буюу Найрамдалын “...” гэх газарт малын бэлчээрт машинаар очиж, машин механизм ашиглаж үйлджээ. Гэмт хэрэгт шүүгдэгч Н.М нь өөрийн гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг машин механизмыг жолоодон, шүүгдэгч Д.Т нь өөрийн эмээл, хазаар, бугуйлыг авч явсан, хэрэг үйл явдал болсон газарт очиж, улмаар бэлчээрт байсан адуун дундаас 5 тооны адууг Ш.Н бугуйлдаж, Д.Т, Н.М нар адууг бугуйлдахад хашиж өгөх, улмаар эмээллэх, бэлчээрээс адууг тууж явах зэргээр тус тус үүрэг оролцоотой үйлдлээрээ оролцсон байх бөгөөд мөн Н.М нь урдаас нь тосох зорилгоор машинтайгаа буцаж явсан байх ба тэдний тосох замд цагдаагийн байгууллагын ажилтан дуудлагын дагуу замаас тэднийг саатуулснаар үйлдэл нь таслан зогсоогджээ.
Иймд шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нар иргэн П.Аийн өмчлөлийн 5 тооны адууг үнэ төлбөргүй өөрсдийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлэхийг завдсан, уг үйлдлийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “олон тооны мал хулгайлж, 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж”, 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглаж” үйлдсэн гэх гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл хэсэгт зааснаар тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл бий болсон байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар.
2. Шүүгдэгч Н.М нь 2020 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Замын цагдаагийн газрын ойролцоо М.Тыг “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, нүүр тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, буйлны язрал, баруун дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, буйлны язрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хохирогч М.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэг сэрэхэд ...нөгөө суусан машиныхаа гадна урд талд нь сууж байсан. Тэгтэл найз Цэнд-Аюуш бос, явъя гэсэн. Би боссон чинь миний үүдэн шүд унасан, доод үүдэн шүд хөдөлсөн, амнаас цус гарсан байсан. Намайг Оргилболдтой хамт явсан ах зодсон байсан. ..Оргилболдоос хамт явж байсан ахынх нь дугаарыг олж аваад миний шүд унасан байна, та намайг зодсон байна, хоёулаа цагдаа дээр очих уу гэтэл нөгөө ах цагдаа гэж байхаар уулзъя гэсэн. Би уулзаад та яагаад намайг зодсон юм бэ гэхэд нөгөө ах чи намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байсан, маргалдаад би чамайг зодсон” гэсэн. ...Тэгээд ахын дүү цагдаад битгий өгөөрэй гэж ярьж байснаа утсаа унтраагаад алга болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 153-155 дугаар тал),
-хохирогчийн дахин өгсөн“...Оргилболд нэг машин дээр очоод энэ манай таньдаг ах байгаа юм, энэ машинд сууя гэсэн. ...Car wash нэртэй машин угаалгын гадаа Оргилболдын таньдаг ах Мөөгий гэх хүн намайг машиныхаа гадаа гаргаад зодсон. ...нүүр рүү өшиглөөд байсан гэж Цэнд-Аюуш надад хэлсэн. ... “Car wash угаалгын гадаа ирээд гэнэт л таксины жолооч чамайг зодоод эхэлсэн” гэж надад хэлсэн. ...Мөөгий гэх хүнтэй уулзаад цагдаад мэдэгдлээ гэж хэлэхэд хоёулаа учраа олъё, цагдаад битгий мэдэгдээрэй гэсэн. ...Car wash нэртэй автомашин угаалгын гадаа цустай холилдсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 180-181 дүгээр тал),
-Гэрч Б.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...жижиг цагаан өнгийн машинд суусан. ...Таксины жолооч ах уурласан сууж байхаар нь юу болсныг мэдэх гээд машинаас буухад Т газар явган суучихсан, уруул нь хавдсан, хамраас нь цус гарсан, үүдэн шүд нь байхгүй харагдсан. ...жолоочоос юу болсныг асуухад танай найз намайг өдөөд, “та ийм машин барьдаг, би ч гэсэн таксинд явдаг байсан” гээд байхаар нь би өшиглөчихсөн юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 157-158 дугаар тал),
-Гэрч М.Булганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 8 дугаар сард нөхөр М нь хүн цохиод жаахан гэмтэл учруулсан гэж надад хэлсэн. Нөхөр Мыг хүмүүстэй хамт явж байхад нь нэг залуу нь машинд нус, шүлсээ хаяад “ийм ямбий юмаар таксинд яваад байхдаа яадаг юм” гээд хараагаад байхаар нь эргэж хараад нэг удаа цохисон гэсэн. ...тэсэхийн аргагүй байдалд ороод нэг удаа л цохисон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 187 дугаар тал),
-Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Замын цагдаагийн ойролцоо явж байхад хэл амаар доромжлоод байхаар нь машинаа зогсоогоод ...буулгаад нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөж, нэг гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 196-197 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 9670 тоот “... М.Тын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, буйлны язрал, баруун дээд үүдэн 1, зүүн доод үүдэн 1-р шүдний сулрал, буйлны язрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид 5 хувь нөлөөлнө” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 160-161 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Н.Мын үйлдэл нь хууль зүйн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь /хх38/ хохирогч П.Аийн 5 тооны морийг нийт 6.500.000 төгрөгөөр үнийг тогтоожээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүрэн халзан морь, ягаан морь, саарал морь, хул морь, сартай хүрэн зүсмийн нийт 5 тооны нас бие гүйцсэн бүдүүн морийг хохирогч П.Ад хүлээлгэн өгсөн /хх-52/ болох нь мөрдөгчийн үйлдсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Харин хохирогч П.А нь хөрөнгийн үнэлгээний ажлын хөлсөнд 130.000 төгрөг төлсөн /хх-37/ байх тул шүүгдэгч нараас 130.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Төөс 43.333 төгрөг, шүүгдэгч Н.Маас 43.333 төгрөг, шүүгдэгч Ш.Нгээс 43.333 төгрөг тус тус гаргуулж хохирогч П.Ад олгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Н.М нь хохирогч М.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Тт 600.000 төгрөг хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн нотариатаар баталгаажуулсан хүсэлт /хх191/-ээр нотлогдож байх тул түүнийг хохирогч М.Тт төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.М, Д.Т, Ш.Н нарт Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Мд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 02 жил 50 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох, уг хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн, нийт 5 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах;
Шүүгдэгч Ш.Нд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
-мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин иргэн Булганых байх тул өөрт нь буцаан олгох, автомашины үнэ 3.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримт эмээл, хазаар бугуйл зэргийг улсын орлого болгох, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Ш.Н, Н.М нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар дүгнэлтдээ “шүүгдэгч Ш.Н, Н.М нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмээл, хазаар нь хэргийг нотлох чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Улсын яллагч эмээл, хазаарыг улсын орлого болгох санал гаргаж байна. Энэ зүйл нь цаашид ашиглагдах эсэх нь эргэлзээтэй. Н.Мын эцгээс түүнд үлдсэн эд зүйл тул буцаан олгож өгнө үү. Шүүгдэгч Н.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй болсон тул шүүх ял оногдуулахдаа анхаарч үзнэ үү. Хорих ял оногдуулж тэнсэн харгалзсан нөхцөлд итгэлийн асуудал яригдана. Би Н.Мын гэрт очиж үзсэн. Түүний гэр хогийн цэгийн хажууд байдаг. Хүүхэд нь хувцасгүй гэртээ гүйж, эхнэр нь ажилгүй гэртээ сууж байсан, ахуй амьдрал нь хүнд байгаа учраас ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч С.Оюунцэцэг дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Т анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Ар гэрийн хувьд бага насны 4 хүүхэдтэй, эхнэр нь цэцэрлэгийн багш хийдэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар завдсан гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх боломжтой. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт энэ зүйл ангийн хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.
Шүүхээс шүүгдэгч Д.Т, Ш.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин шүүгдэгч Ш.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч М.Тт учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Т, Ш.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнд” ангилалын гэмт хэрэг, шүүгдэгч Н.М нь дээрх хуульд заасан хөнгөн, хүнд ангилалын гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан.
Иймд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар Д.Т, Ш.Н, Н.М нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
-шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон 50 хоногийн буюу 01 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоов.
Мөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Н.М нь 2 удаа ял шийтгэгдэж байсан байх бөгөөд сүүлд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан;
-мөн шүүгдэгч Ш.Н нь нэг удаа ял шийтгэгдэж байсан байх ба, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж,
6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”
6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” мөн хэсгийн 2.4 дэх заалтад “хорих ялын нэг хоногийг” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Н.М нь 2020 онд, Ш.Н нь 2019 онд тус тус шүүхийн шийдвэрээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд буюу шүүхийн шийдвэрт заасан тэнсэнгийн хугацаа дуусаагүй байхад дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 6, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан заалтыг;
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Ш.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд 3 жилийн хугацаагаар хорих ял; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 7 сар 20 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар;
Шүүгдэгч Ш.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсын лавлагаа, цагдаагийн байгууллагын сангийн бүртгэлд 7 удаа ял шийтгэгдэж байсан талаар бүртгэлтэй байх ба, сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
3. Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”,
4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг бүлэглэж үйлдэхдээ ашигласан ... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” загварын тээврийн хэрэгсэл нь гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн лавлагаагаар Мунууш овогтой Булганы нэр дээр бүртгэлтэй байх тул дээрх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч М.Булганд буцаан олгож, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-иас “Toyota Belta” маркийн автомашины үнийг 3.500.000 төгрөгөөр (хх-30) тогтоосон үнэлгээг үндэслэн автомашины үнийг буюу шүүгдэгч тус бүрээс 1.166.666 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суран хазаар, эмээл зэргийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 10 метрийн урттай мяндсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Дийн Т, Ц овогт Шгийн Н, Б овогт Нгийн М нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд; мөн Б овогт Нгийн Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т, Ш.Н, Н.М нарыг тус бүрийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял;
-шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Мд Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 01 (нэг) сар 20 (хорь) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 1 (нэг) жил 7 (долоо) сар 20 (хорь) хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан заалтыг;
-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгч Ш.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нд 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 7 сар 20 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 (дөрөв) жил 7 (долоо) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар; шүүгдэгч Ш.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 73 (далан гурав) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, тус тус эдлэх ялаас нь хассугай.
9. Тус эрүүгийн хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Н.М нь хохирогч М.Тт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч П.Аийн хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн 130.000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Төөс 43.333 (дөчин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг, шүүгдэгч Н.Маас 43.333 (дөчин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг, шүүгдэгч Ш.Нгээс 43.333 (дөчин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг тус тус гаргуулж хохирогч П.Ад олгосугай.
11. Тус хэрэгт ... УНЦ улсын дугаартай “Toyota Belta” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч иргэн М.Булганд буцаан олгосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Д.Төөс 1.166.666 (нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг, шүүгдэгч Н.Маас 1.166.666 (нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг, шүүгдэгч Ш.Нгээс 1.166.666 (нэг сая нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суран хазаар, эмээл тус бүрийг улсын орлого болгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10 метрийн урттай мяндсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Т, Н.М, Ш.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА