Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/246

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Д.Б-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........... өдөр ............. төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цаг албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн гэх Б.Д.Б- /РД:........./,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ........ дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг е-март худалдааны төвийн гадна явж байсан иргэн Ю.Э-ий I phone X загварын гар утсыг түүний халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ю.Э- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би эцэг болох Б.Мөнхгэрэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Е-март худалдааны төвд худалдан авалт хийхээр орсон. Тэгээд гараад явахдаа iphone X маркийн гар утсаа гадуур хувцасныхаа баруун халаасанд хийгээд барааны тэргээ түрээд машиндаа ирэхэд халаасанд гар утас байхгүй байсан...” гэжээ /хх-ийн 19-р тал/

 

Яллагдагчаар Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Е-март худалдааны төвөөс 2 эрэгтэй хүн гараад явсан. Ингээд хойноос нь дагаж байгаад баруун талын халаасанд гар утас харагдахаар аваад явсан. Хулгайлсан гар утсаа хартал iphone 10 маркийн хар өнгөтэй, гадуураа кейстэй утас байсан. Гэртээ унтаж байтал шөнө 3 цагдаа ирээд баригдсан...” гэжээ /хх-ийн 36-р тал/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8-9/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-10/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/,  Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-27/, иргэний үнэмлэхийн лавлагаа бусад хх-46-50, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх-51, хохирогч Ю.Энх-Эрдэнэ гомдол саналгүй талаарх хүсэлт хх-65 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрү*******, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг е-март худалдааны төвийн гадна явж байсан иргэн Ю.Э-ий I phone X загварын гар утсыг түүний халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8-9/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-10/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-13/,  Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25-27/, хохирогч Ю.Э гомдол саналгүй талаарх хүсэлт /хх-65/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Бд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110002790128 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Ю.Э- нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бд нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ