Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн,  

хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч О.Баяраа,  

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

М овогт Дгийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Дгийн Т нь М Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн захын B1 давхрын зүүн урд буланд байрлах лангуун дээр хонины мах шулж байхдаа “хоосон яснуудыг намайг гаргаж хая гэж хэллээ” гэх шалтгаанаар Д.Этэй маргалдаж, гартаа байсан хутгаараа Д.Эийн цээжний зүүн дээд хэсэгт, зүүн бугалганы урд болон дотор хэсэгт 3 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: “Байцаалтад үнэнээ хэлж мэдүүлсэн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэсэн; 

 

Хохирогч Д.Э мэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 21 дүгээр хорооллын хажууд байрлах хоолны газарт мах шулуулж өгөх шаардлагатай байсан. Тэгээд мах шулаач нар байна уу гээд ороход байгаагүй. Эдгээр хүмүүс хаачсан талаар асуухад үсний найранд явсан, одоо ирэх байх гээд утсыг нь өгсөн. Би Д.Тын эхнэр гэх О руу утсаар ярихад “байж бай, бид одоо яваад очъё” гэж хэлсэн. Би ажилтай байсан учраас хальт гарчихаад ирэхэд хүрээд ирсэн байсан. Эдгээр хүмүүсийг согтуу байсныг мэдээгүй. Эхнэр нь над руу “архи  аваад өг, архи уулгахгүй, найрнаас хүрч ирсэн, үргэлжлүүлээд архи авч өг” гээд орилж хашхираад, агсам тавиад байхаар нь согтуу байсныг нь мэдсэн. Архи авч өг гэхээр нь чадахгүй гэхэд уурласан. Махыг нь шулсан ясыг өөрөө гаргаж хая гэхээр нь би зөөхгүй гэж уурласан. Би эхлээд намайг түлхчихлээ гэж бодсон чинь зүрхний хавьцаа хутгаар зүссэн байсан. Дараа нь гар руу хоёр удаа хутгалсан. Шүүгдэгч намайг алах санаатай байсан. Гадаа гараад харахад нил цус болсон байсан. Би хэсэг ухаан алдсан. Шүүгдэгчийг дахиад хутгалчихаж мэднэ гээд би түүнээс зугтаж, эмнэлэг, цагдаа дуудсан. Би эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Шөнө дунд 03-04 цагийн үед эмнэлэгт хэвтэх үү гэхээр нь за яахав гэсэн. Найзыгаа дуудахад эхнэртэйгээ ирж намайг авсан. Д.Т нь хэрэг болсоноос хойш нэг ч удаа надаас уучлалт гуйгаагүйд маш их гомдолтой байна. Би ганц хүүтэйгээ амьдардаг учраас амьд үлдсэндээ л баярлаж явна. Би махны лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд нэг сард 600.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг. Энэ хэргийн улмаас хохирч ажлаа 10 хоног хийж чадаагүй. Иймд эмчилгээний зардал 276.800 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 600.000 төгрөг төлснөөс ажиллаагүй 10 хоногийн хугацааны 200.000 төгрөг, мөн хутгалагдсаны улмаас цамц, фудволк, куртик цус болж өмсөх боломжгүй болсон тул цамцны үнэ 60.000 төгрөг, фудволкны үнэ 30.000 төгрөг, куртикны үнэ 350.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 18.000 төгрөг, 10 хоногийн хугацаанд 1.000.000-2.000.000 төгрөгийн орлого олох байсан тул олох байсан орлогод 500.000 төгрөг, нийт 1.434.800 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах”-ын B1 давхрын зүүн урд булан байрлах лангуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дугаар тал),

 

2. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах” худалдааны төвийн B-1 давхрын лангуунд бичигдсэн теле хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...мах шулж буй эрэгтэй хүн гартаа барьсан хутгаараа хатгах үед хатгуулсан эрэгтэй хүн зүүн гараараа хаах үйлдэл гаргаад хойш эргэж явж байгаа бичлэг бичигдсэн. Тухайн үед хутгатай байсан эрэгтэй хүн шулж байсан гулууз махан дээрээ буцаж очиж хутгаараа гулуузаа шулж байгаа бичлэг бичигдсэн, хохирогчийн явсан зүг рүү эргэн харж гулуузаа шулсаар байх ба, 41 секундэд гартаа байсан хутгаа лангуун дээр шидээд хохирогчийн явсан зүг рүү алхаж байгаа бичлэг бичигдсэн тухай. …” (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

3. Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:

“...Би хувиараа мах худалдан борлуулдаг ажилтай. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Шөнийн зах” худалдааны төвийн махны лангуун дээр очиж өмнө нь гулуузаа шулуулж байсан танил О руу яриад “манай 10 ширхэг гулуузыг шулаад өгөөч” гэж хэлсэн. О “би очоод шулаад өгье” гэж хэлээд тохиролцсон. Удалгүй О өөрийн нөхрийн хамт ирсэн байсан. Би лангуун дээр гулуузаа зөөгөөд О, түүний нөхөр хоёр шулсан. О “бид найр наадмаас ирлээ, та биднийг уулгаж идүүлсэнгүй, та одоо бидэнд архи авч өгөх нь дээ” гэх мэтээр хэлээд байхаар нь би “та нарт хөлсийг чинь л өгнө, архи авч өгч чадахгүй” гэж тоглоом болгоод хэлсэн. Тэгсэн О гэх эмэгтэй “чи яасан нарийндаа хатсан юм” гэхээр нь дуугараагүй. Тэгээд Оы нөхөр надад архи авч өгсөнгүй гэж хэлсэн үү, яасан “чи энэ шулсан яснуудаа өөрөө гаргаж хая” гэхээр нь би “та нарт хөлс мөнгийг нь өгсөн, өөрсдөө гаргаж хая” гэж хэлэхэд О гэх эмэгтэй над руу дайраад “гөлөг минь, гуйлгачин минь, чамайг хашраана, чамаар зөөлгүүлнэ” гэх мэтээр доромжилсон. Тэгэхээр нь би нөхрийнх нь доор байсан цаасан хайрцагтай шулсан яснуудаа гаргаж хаяхаар тонгойтол Оы нөхөр гартаа байсан хутгаараа миний зүүн цээж рүү хутгалахад миний биеэс цус гарсан. Т намайг нэг удаа удаа хутгалсан. Тухайн үед би гараа татахад шуун дээр мөн зүсэгдсэн. Би гэрээр эмчлүүлж, өөрөөр нь эдгээсэн. ...Т, О гэх хоёр хүн согтуу байсан. Архины халуундаа надтай маргаан үүсгэж ийм асуудал боллоо. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр тал),

4. Гэрч С.Оы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Тын хамт үсний найранд оролцсон. Т согтууруулах ундаа хэрэглэсэн. Айлд байхад өмнө нь мах шулуулж байсан Э залгаад “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “21 худалдааны төв”-д хүрч ирээд 10 ширхэг хонины мах шулаад өгөөч гэсэн. Нөхөр бид хоёр нэг махыг 3000 төгрөгийн үнэтэй шулдаг. Тэгэхээр нь би 15 цагийн орчим нөхрийн хамт 21 худалдааны төвийн махны хэсэгт орж хоосон лангуун дээр Ээгийн махыг шулсан. Манай нөхөр Т Ээд хандаж “ясаа хаяарай” гэж хэлсэн. Ээ уурлаад “би яахаараа хаядаг юм, та нарт мөнгийг нь өгсөн учир та нар хаях ёстой” гээд манай нөхөртэй маргалдсан. Ттай барьцалдаж авах шиг болоход Ээ “Ёо хатгачихлаа” гэж орилсон. Эийн зүүн гарын булчингаас цус урсаж байсан. Т Ээгийн биед гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би Эийг 3 удаа хутгалаагүй, нэг удаа хутгалсан. Би тухайн үед согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэглэсэн байсан тул болсон үйл явдлыг санаж байна. Д.Э гэх хүний дуудлагаар эхнэр Оы хамт гулуузыг шулж өгч байсан. Эийг шулуулсан махны яснуудаа гаргаж хаяарай гэж хэлэхэд “би хаяхгүй, та нар хаях ёстой” гэж хэлээд маргалдсан. Миний хажууд ирж зогсохоор нь гулууз шулж байсан хутгаараа нэг удаа Д.Эийн  зүүн гар тус газар нь хутгалсан. Уг гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12134 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн дээд хэсэгт суганы урд шугамаар 5-р хавирганы түвшинд 2,9-н цагийн байрлалд мэс заслын оёдол бүхий 2.5 см урт шархтай. Зүүн бугалган урд дунд хэсэгт 3,9-н цагийн байрлалд мэс заслын оёдол бүхий 1.5 см, зүүн бугалган дотор дээд хэсэгт 4,10 цагийн байрлалд мэс заслын оёдол бүхий 1.5 см шархтай, шархны орчны эдэд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

2020.10.19-ний өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт: онош: цээжний хэнхэрцгийн хатгагдсан шарх, зүүн бугалганд хатгагдаж нэвтэрсэн шарх гэжээ.

2020.10.19-ний өдрийн Допплерийн шинжилгээнд: Зүүн талын дээд мөч бугалганы дотор хэсэгт шархтай, шархнаас доош түвшинд бугалга, шууны тараагуур судаснууд collateral цусан хангамжтай гэжээ.

2020.10.23-ны өдрийн Хэт авиан шинжилгээнд: Бугалган тараагуур судасны тохой үс хэсэг орчимдоо бага зэрэг нарийссан, урсгал тасралтгүй, тэр хэсгийн арьсан арьсан доор өөхөн эдэд бага зэрэг хавангийн нэвчдэстэй. Зүүн гарын өнгөц болон гүний хураагуур судаснууд өргөсөлгүй, бөглөрөлгүй, шалчийлт хэвийн гэжээ.

Дүгнэлт: “...-Д.Эийн биед цээж, зүүн бугалганд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ш.Цэцэгмаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

7. Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:“...Цээж, зүүн бугалганд хатгагдсан шарх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. 2-3 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Цээж, зүүн бугалганд хатгагдсан шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4207 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй. /Шинжээч А.Азжаргал/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 31-34 дүгээр тал),

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5804 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас цус мэт зүйлийг бэхжүүлж авсан гэх бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь O (I) бүлгийн харьяалалтай хүний цус байна. /Шинжээч Б.Дэлгэрмаа/...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5803 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор саарал өнгийн даавуугаар ороосон 12 см иштэй, 25 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            11. Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дугаар тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Тт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.

1.Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим “хоосон яснуудыг намайг гаргаж хая гэж хэллээ” гэх шалтгаанаар Д.Этэй маргалдаж, гартаа байсан хутгаараа Д.Эийн цээжний зүүн дээд хэсэгт, зүүн бугалганы урд болон дотор хэсэгт 3 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа гаргасан дүгнэлтдээ “...Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1 удаа хутгалсан гэж мэдүүлж, 3 удаа хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Энэ хүн тухайн үед юу болсоныг санаж байгааг нь мэдэхгүй байна. Сэтгэл гаргах хэрэгтэй. Хувцасны мөнгийг өгөх хэрэгтэй. Шүүгдэгч хохирогчид учирсан гэмтлийн эмчилгээний зардалтай маргахгүй гэж бодож байна. Түрээсийн төлбөрийн мөнгө мөн адил баримтаар нотлогдож байгаа. Шүүгдэгчийн үйлдлээс болж өнөөдөр хохирогчийн хувцас урагдаж цоорсон. Үүнийг төлөхгүй гэж маргаж болохгүй. Баримтгүй байсан ч бид төлнө. Мөн хохирогч 10 хоног ажилгүй байсан. Зүүн гар нь даагдахгүй байсан. Хамгийн бага хэмжээгээр 500.000 төгрөг нэхэмжилж байгааг яагаад төлөхгүй гэж маргаж байна вэ, нийт 1.438.000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Хохирогчид учирсан гэмтлийн хувьд хөнгөн гэмтэл учирсан. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Харин хувцсыг хэзээ, хаанаас, ямар үнээр авсан нь тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаар ярьж байгаагүй байх тул цаашид нотлох баримтаа бүрдүүлээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилж болно. Ажилгүй байсан цалин хөлсийг нэхэмжилсэн 500.000 төгрөгийн хувьд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан. Олох ёстой байсан орлогын хувьд энэ талаар нотлох баримтгүй байна. Харин эмчилгээний зардалтай маргах зүйл байхгүй. ...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хохирогч Д.Э нь худалдааны захад мах борлуулдаг, шүүгдэгч Д.Т нь мах шулдаг ажил хийдэг байх ба, хохирогч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим шүүгдэгч Д.Таар мах шулуулахаар тохиролцон, улмаар шүүгдэгч Д.Т нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах”-ын B-1 давхрын зүүн урд буланд байрлах лангуун дээр Д.Эий ирүүлсэн хонины махыг шулж байхдаа “хоосон яснуудаа намайг гаргаж хая гэж хэллээ” гэх шалтгаанаар Д.Этэй маргалдаж, мах шулж байсан хутгаараа Д.Эийн цээжний зүүн дээд хэсэгт, зүүн бугалганы урд болон дотор хэсэгт 3 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дугаар тал),

-2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн зах худалдааны төвийн B1 давхрын лангуунд бичигдсэн теле хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...мах шулж буй эрэгтэй хүн гартаа барьсан хутгаараа хатгах үед хатгуулсан эрэгтэй хүн зүүн гараараа хаах үйлдэл гаргаад хойш эргэж явж байгаа бичлэг бичигдсэн.  …” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

-Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би лангуун дээр гулуузаа зөөгөөд О, түүний нөхөр хоёр шулсан. ...Оы нөхөр надад архи авч өгсөнгүй гэж хэлсэн үү, яасан “чи энэ шулсан яснуудаа өөрөө гаргаж хая” гэж хэлсэн. ....Оы нөхөр гартаа байсан хутгаараа миний зүүн цээж рүү хутгалахад миний биеэс цус гарсан. Т намайг нэг удаа хутгалсан. Тухайн үед би гараа татахад шуун дээр мөн зүсэгдсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр тал) болон шүүх хуралдаанд түүний өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-Гэрч С.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Ээ залгаад ...10 ширхэг хонины мах шулаад өгөөч гэж хэлсэн. ...Ээгийн махыг шулсан. Манай нөхөр Т Ээд хандаж “ясаа хаяарай” гэж хэлэхэд Ээ уурлаад “би яахаараа хаядаг юм, та нарт мөнгийг нь өгсөн учир та нар хаях ёстой” гэж хэлээд манай нөхөртэй маргалдсан. Тэгтэл нөхөр Ттай барьцалдаж авах шиг болоход Ээ “Ёо хатгачихлаа” гэж орилсон. Ээгийн зүүн гарын булчингаас цус урсаж байсан. Манай нөхөр Т Ээгийн биед гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Д.Э гэх хүний гулуузыг дуудлагаар эхнэр Оы хамт шулж өгч байсан юм. ...Эийг шулсан яснуудаа гаргаж хаяарай гэж хэлэхэд “би хаяхгүй, та нар хаях ёстой” гэж хэлээд бид маргалдсан. ...гулууз шулж байсан хутгаараа нэг удаа Д.Эийн  зүүн гар тус газар нь хутгалсан. Уг гэмтлийг учруулсан үйлдлээ би хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-73 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12134 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5804 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас цус мэт зүйлийг бэхжүүлж авсан гэх бинтэн дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь O (I) бүлгийн харьяалалтай хүний цус байна. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5803 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор саарал өнгийн даавуугаар ороосон 12 см иштэй, 25 см урттай хутган дээр цус илэрсэн. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

          Прокуророос шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч хохирогчийг нэг л удаа хатгаж хутгалсан гэж мэдүүлэх боловч хохирогчид учирсан гэмтлийн талаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12134 дугаартай “... Д.Эийн биед цээж, зүүн бугалганд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдсон. ...ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал) гарсан, шинжээч Ш.Цэцэгмаагаас “...Цээж, зүүн бугалганд хатгагдсан шарх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. 2-3 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Цээж, зүүн бугалганд хатгагдсан шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэж мэдүүлсэн. (хавтаст хэргийн 48-50 дугаар тал).

Хууль зүйн хувьд “онц харгис хэрцгийгээр” гэдгийг хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэхийг ойлгох ба шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Эийн биед 3 удаагийн зүсэгдсэн шарх буюу олон тооны гэмтэл учирсан нь тогтоогдсон тул онц харгис хэрцгийгээр уг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Тын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хохирогч, шүүгдэгч нарын тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа, бие биенээ үл хүндэлсэн байдал зэрэг нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.Т нь хохирогч Д.Эд онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Тус хэргийн улмаас шүүгдэгч Д.Т нь хохирогч Д.Эийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч нь шүүх хуралдаанд:

-эмчилгээний зардалд 276.800 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 18.000 төгрөг,

-хутгалсны улмаас ашиглах боломжгүй цус болсон куртикний үнэ 350.000 төгрөг, ноосон цамцны үнэ 60.000 төгрөг, фудволкны үнэ 70.000 төгрөг, нийт 440.000 төгрөг,

-түрээсийн төлбөрт 200.000 төгрөг,

-олох байсан орлого 500.000 төгрөг, нийт 1.434.800 төгрөгийг нэхэмжилж, түрээсийн төлбөр төлсөн, эмчилгээ, үзлэгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Шүүхээс хохирогийн нэхэмжилсэн нотлох баримтуудыг судалж үзээд эмчилгээний зардал болох 276.800 төгрөг, 10 хоногийн түрээсийн төлбөр 200.000 төгрөг, нийт 476.800 төгрөгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж хохирогч Д.Эд олгохоор шийдвэрлэв.

Харин түүний хувцасны үнэ 440.000 төгрөг болох талаар, шүүх эмнэлэгт төлсөн үзлэгийн төлбөр 18.000 төгрөг, олох байсан орлого 500.000 төгрөгийн талаар нотлох баримтгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

Шүүхээс шүүгдэгч Д.Тыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх хүсэлтийг гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан ба энэ хугацаанд шүүгдэгч Д.Т нь хохирогч Д.Эд 480.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох тэдний бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа дүгнэлтдээ “Шүүгдэгч хохирогчоос нэг ч удаа уучлалт гуйсангүй. Хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хүндрүүлэх нөхцөл байдлууд байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй тул 500 цагаас дээш хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “Хохирогчийг бусад зардлаа цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуульд хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зааж өгсөн. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймээс хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг барагдуулсан, үлдсэнийг төлөхөө илэрхийлж байгаа нь хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал болж байна. Тын хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг тул 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч Д.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу зэвсэг хэрэглэж, хүний биед 3 удаа хатгаж гэмтэл  учруулсан байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, хөлс орлогогүй зэргийг харгалзан түүнийг 440 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 13 см урттай ажлын хэсэгтэй, 11.5 см урттай, цайвар нийлэг утсаар ороосон, 3 хадаас бүхий хар иштэй хутга 1 ширхэг, марланд шингээсэн цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж;

-Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах” худалдааны төвийн махны лангуунд байрлах хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг  хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Дгийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр  үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 440 (дөрвөн зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Эд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Шөнийн зах” худалдааны төвийн махны лангуунд байрлах хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг  хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 13 см урттай ажлын хэсэгтэй, 11.5 см урттай, цайвар нийлэг утсаар ороосон, 3 хадаас бүхий хар иштэй хутга 1 ширхэг, марланд шингээсэн цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Э нь хувцасны үнэ, ажилгүй байсан хугацааны орлого, бусад зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА