Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 390

 

Р.Сод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Л.Б,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Сод холбогдох 201725031106 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овогт Р.С, 1975 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

Р.С нь 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “Артизан” ХХК-ийн урилгаар Монгол улсад ирж, “Премиум палас” зочид буудалд байрласан, БНСУ-ын CJ группын 25 багшийн буудлын төлбөр 32.930.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Р.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Р.Сод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Р.Соос 17.930.000 төгрөгийг гаргуулж “Премиум палас” ХХК-д олгох, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Сын урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх, улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар санал болгосон 1 жил 3 сарын хорих ялыг 2 жил болгон нэмж оногдуулсан нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ялын бодлогын хувьд шүүгдэгчид хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн шүүгдэгчид давж заалдах шатны шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй. Р.С нь “Премиум палас” ХХК-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоос 15.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 17.930.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөө илэрхийлж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулна уу гэж байхад хувийн байдал муутай гэж юуг үндэслэж дүгнэж байгаадаа тайлбар хийгээгүй бөгөөд шийтгэх тогтоолд дурдаагүй. Мөн ял шийтгэл оногдуулахдаа ялын бодлогыг чангатгасан гэж үзэж байна. Хохирогч “Премиум палас” ХХК-ийн хохирлын үлдэгдэл болох 17.930.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн. Мөн шүүгдэгч Р.Сын ар гэрт 0-1 насны нэг хүүхэд, бага ангийн 2 хүүхэд, түүний эхнэр Солонго нь хүүхдээ асран хамгаалахаар хуульд заасан хугацаанд ажилгүй байгаа, шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хийсэн хэргээ чин шударгаар хүлээж байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэв.   

Прокурор Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Р.Сод холбогдох хэргийг хянаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Р.Сод дээрх зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр нийт учруулсан хохирлоос 17.930.000 төгрөгийг нөхөн төлөөгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохбаяр болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Р.С нь 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “Артизан” ХХК-ийн урилгаар Монгол улсад ирж, “Премиум палас” зочид буудалд байрласан, БНСУ-ын CJ группын 25 багшийн буудлын төлбөр 32.930.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын “... 2016 оны 8 дугаар сарын эхээр “Сүнжин гранд” зочид буудлын ерөнхий менежер Р.С гэх хүн манай байгууллага дээр ирээд буудал хариуцсан менежер Ө-тэй уулзаад “Премиум палас” зочид буудалд урт хугацааны зочин байрлуулна, үнийн хөнгөлөлт үзүүлээч гэсэн. Тэгээд 50 хувь хямдруулаад байрлуулахаар болсон. Уг нь ярилцаж тохиролцсон өрөө нь 240.000 төгрөгийн үнэтэй өрөө юм. Менежер Ө-тэй ярилцаад тал үнээр нь буюу 120.000 төгрөгөөр буулгахаар болсон ба Р.С нь өөрийн хариуцсан зочид гэж хэлсэн байдаг. Тэгээд Р.С нь өөрийн “МС travel” ХХК-иар дамжуулан манай зочид буудалтай буудлын үнэ төлбөрийн талаар гэрээ байгуулсан. Тухайн гэрээн дээр 2016 оны 8 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх буудлын төлбөр өөрчлөгдөхгүй гэх гэрээ хийсэн байдаг. Манай зочид буудал нь зэрэглэл өндөртэй тул буудлын төлбөрийг үйлчилгээ үзүүлсний дараа авдаг журамтай юм. Ийм болохоор Р.Соос урьдчилгаа төлбөр аваагүй. 2016 оны 8 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Р.С нь зочдын төлбөрийг төлсөн. Буудалд буусан нийт 25 зочдын 216 хоногийн 63.666.200 төгрөгийн төлбөр төлөхөөс явцын дунд 30.500.200 төгрөг төлсөн. Одоо төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 33.166.000 төгрөг байгаа. 2016 оны 8 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зочид бууж дууссаны дараа Р.Соос буудлын төлбөрийг нэхэмжлэхэд Солонгос зочидоос мөнгө аваагүй байна, мөнгө орж ирэхээр өгье, санаа зоволтгүй гэдэг байсан. Тэгж хэлснээс нь хойш 40 хоног өнгөрөөд манай байгууллага аргаа бараад зочид буудалд буусан хамгийн сүүлийн Солонгос хүнтэй холбоо барихад “манай байгууллагаас буудлын бүх төлбөр тооцоог “Артизан” гэх компаниар дамжуулан бүрэн төлсөн байгаа, “Артизан” гэх компанитай холбогдож тодруул” гэсэн. Зочид буудлын төлбөрийг Р.Сын Голомт банкин дахь хувийн данс руу хийсэн байдаг. 2017 оны 1 дүгээр сарын дундуур Р.Стой уулзаад болсон явдлын талаар асуухад эхэндээ үгүй гэж байгаад “Артизан” ХХК-иас авсан баримтуудыг харуултал төлбөрийн мөнгийг авснаа хэлсэн. Төлбөр тооцооны мөнгийг Хятадуудтай хамтран ажиллахдаа зарцуулсан гэж хэлсэн. Тэгээд манай буудлын төлбөрийг төлөхийн тулд өөрийн нэр дээрх орон сууцаа заруулахаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар хандсан байгаа гэсэн. Тэр талаар нь асууж лавлахад худлаа байсан, төлбөр тооцооны талаар асуухаар удахгүй өгнөө л гэдэг байсан. 2017 оны 4 дүгээр сард Р.Стой уулзахад 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн дотор төлбөр тооцоог бүрэн барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн. Хугацаа нь болоод тухайн өдөр дахин уулзахад 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хятад улс руу Ерөнхий сайдтай явж байгаа, ажлаа бүтээгээд ирнэ, ирээд мөнгөтэй болчихно, санаа зоволтгүй гэж хэлсэн. Бид нар хэрэв тийм бол барьцаа болгож эд хөрөнгө үлдээ гэтэл маргааш нь барьцаанд тавьсан автомашины гэрчилгээний хуулбар болон хоёр газрын гэрчилгээний хуулбарыг авчирч өгсөн. Манай компаний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс хойш сураг чимээгүй алга болсон...” /1хх-22-23/,

гэрч Б.Ө-ийн “... Р.С анх надтай уулзахдаа өөрийгөө “MC travel” ХХК-ийн захирал гэж танилцуулсан. Тэгээд 8 дугаар сард Солонгос улсаас хэдэн зуун хүн ирнэ, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх хэрэгтэй байна, хэрвээ үнээ хямдруулах юм бол ирэх бүх хүмүүсийнхээ захиалгыг танай зочид буудалд өгье гэж хэлснээ, шууд 2 Солонгос иргэний захиалгыг тус тусдаа өрөөнд, 1 сарын хугацаатай байлгахаар захиалга өгсөн. Тэгэхээр нь би үнийн дүн дээр Р.Стой ярилцаад, 1 хоногийн 284.000 төгрөгийн өрөөг 120.000 төгрөг болгож хямдруулсан. 120.000 төгрөгөнд хоногийн бүх үйлчилгээ буюу өглөөний цай, НӨАТ багтсан. Ингээд Р.Стой харилцан тохиролцож гэрээ хийхээр ярилцсан бөгөөд гэрээн дээр зочидыг ирэхээр нь эхлээд төлөх ёстой мөнгөний 50 хувийг өгч, эхний 1 сар байрлаад дуусахаар 30 хувийг өгч, 2 дахь сар дуусахаар 20 хувийг төлж, тооцоо дуусгана гэж амаар тохиролцсон. Тэгэхдээ Р.С нь зочид цуварч ирнэ, ирж байгаа зочид нь хамгийн багадаа 1 сарын хугацаатай байрлана гэж ярилцаад тэр өдрөө явсан. Хамгийн эхний зочин болох Солонгос улсын иргэн Ким Киун 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ирсэн. Дараа нь 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Парк Киу Жин ирсэн бөгөөд тус өдөр Р.С манай байгууллагын ХААН банкны данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш 17 Солонгос иргэн ирсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа өөрийн ХААН банкны картыг буудлын уншигч машинд уншуулсан. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэмэгдэж 6 хүн ирсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Р.С 5.000.000 төгрөгийг мөн зочид буудлын карт уншигч машинд уншуулсан. Эхний 10.000.000 төгрөгийг шилжүүлснээс хойш дараагийн мөнгөнүүдийг шилжүүлэхдээ байнга гуйлгаж, араасаа утасдуулж, худлаа ярьж алга болоод байсан. Энэ үед би “танай зочдын өрөөг цэвэрлэхээ болилоо, өглөөний цайнд оруулахаа болилоо” гэхээр сандраад хүрээд ирдэг байсан. Энэ үед “Артизан” ХХК-тай Р.С нь холбоотой юм байна гэдгийг Солонгосчуудад хэлмэрчээр ажиллаж байсан эмэгтэйгээс олж мэдсэн. Би сүүлдээ “Артизан” ХХК-иас мөнгөө нэхэмжиллээ гэхээр сандраад бас л хүрээд ирдэг байсан. Солонгосоос ирсэн хүмүүс нь багш нар байсан юм байна лээ, надад жуулчид гэж худлаа ярьж итгүүлсэн байсан. Ингээд Солонгосчууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл байрлаад нутаг руугаа буцсан. Үлдэгдэл 32.930.000 төгрөгийн тооцоо үлдсэн. Энэ мөнгийг Р.Стой гэрээ хийсний дагуу нэхэмжилэхэд эхэндээ Солонгосоос мөнгө орж ирээгүй байна, мөнгө орж ирэхээр өгнө гэж хэсэг хугацаа өнгөрсөн. Явцын дунд тооцоогоо хийхгүй болохоор нь удаа дараа шахаж шаардахад ажил дээр ирээд надад хандаж “Ах нь буудлын тооцооны мөнгийг хувьдаа аваад ХонгКонгын хөрөнгийн бирж рүү гаргачихсан юм, энэ ажилд жаахан хугацаа шаардаад байгаа юм, цаг хугацаа өнгөрөх тусам оруулсан мөнгө нь их болдог гэж байна, чи 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл жаахан тэвччих, хүлээчих, тэгээд мөнгө орж ирнэ гэсэн. Хүсэлтийнх нь дагуу би ойлгоод хүлээсэн. Р.Сын өөрийнх нь эрхэлж байгаа ажил нь “Сүнжин гранд” зочид буудлын маркетингийн албаны дарга юм байна лээ. Ажил руу нь албан бичиг хийгээд очиход ээлжийн амралттай байсан. Түүнээс хойш дахин ажил дээр нь ирж уулзахад “нөгөө мөнгө маань удах юм шиг байна, болохгүй бол байраа зараад өгье” гэсэн. Тэгэхээр нь би “Ремакс”-д ажилладаг найз Анартай уулзуулаад байрыг нь заруулъя гэж оролдсон боловч зарагдаагүй. Хуулийн байгууллагад гомдол гаргалаа гэтэл маргааш нь ажил дээр ирээд машиныхаа гэрчилгээ, зуслангийн зориулалттай 2 газрын гэрчилгээг авч ирээд би Ерөнхий сайдын ажлын хэсэгт урагшаа Хятад руу яваад 7 хоноод ирнэ, тэгээд мөнгөтэй болно. Тэр болтол барьцаанд үлдээе гэсэн. Машин нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан учир тэр дор нь буцаагаад өгсөн. Зуслангийн газрыг нь очиж үзээд мөнгөний төлбөрт авах шаардлагагүй юм байна гэж үзсэн...” /1хх-27-29/,

гэрч Д.Н-ын “... Тухайн үед Р.С манай компанитай гэрээ хийхдээ 1 хоногийн, 1 хүний 130.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Би Төрийн банкаар нийт 64.880.000 төгрөгийг “Эм Си трайвэл” ХХК руу шилжүүлж байсан...” /1хх-215/,

Р.Сын яллагдагчаар өгсөн “... 2016 оны 8 дугаар сард миний танил С залгаад “мэддэг зочид буудал байна уу, удахгүй Солонгос улсаас хүмүүс ирэх гэж байгаа, хямдхан зочид буудал байна уу” гэхээр нь “олж өгч болно, хүнтэй холбоо бариад асууя” гэж хэлсэн. Дараа нь Т гэх найз руугаа залгаад асуутал “Премиум палас” зочид буудлыг зааж өгсөн ба Ө гэх менежерийн утасны дугаарыг өгөхөөр нь би түүний утас руу залгаж уулзаад 200.000 төгрөгийн үнэтэй өрөөг 120.000 төгрөгөөр оруулах захиалга авахаар болсон. Тэгээд “Артизан” ХХК-тай гэрээ байгуулахдаа 1 хүний, 1 хоногийн 130.000 төгрөгөөр байрлуулахаар тохирч гэрээ байгуулсан ба зөрүү 10.000 төгрөг тутмыг би өөрөө ашиг болгож авахаар болсон. Солонгос улсаас зочид ирэхдээ 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 27-28 зочин ирсэн ба уг хүмүүс нилээн цуварч бууцгаасан. Уг зочидын мөнгийг “Артизан” ХХК-ийн зүгээс миний дансанд тухай бүрт нь 1 хүний 130.000 төгрөгөөр бодож бүрэн шилжүүлсэн ба нийтдээ миний дансанд 51.786.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би үүнээс “Премиум палас” зочид буудалтай тооцоо хийхдээ цувуулаад нийт 19.000.000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр өөрийн биеэр “Премиум палас” зочид буудал дээр очиж, ХААН банкны уншигч машин дээр 5.000.000 төгрөг уншуулчихаад, менежер Ө гэх залуугийн данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо би нийт 18.166.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би тухайн үед дансанд орж ирсэн мөнгөө бага багаар нь үрээд дуусгачихсан...” /1хх-219/ гэх мэдүүлгүүд,

Хамтран ажиллах гэрээ /1хх-44-46, 198-199/, “Артизан” ХХК-ийн тооцоо /1хх-47/, “Премиум палас” ХХК-ийн дансны хуулга /1хх-60-61/, Б.Ө-ийн “ХААН” банкны дансны хуулга /1хх-62-63/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Р.Сод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Мөн Р.Сын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэснийг үндэслэлтэй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу Р.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс Р.Сыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа ойлгож дүгнэлт хийсэн, тодорхой хэмжээний хохирол төлөгдсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг журамлаагүй нь хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул зөвтгөх нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т : “...Р.Сод хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү ...”,  

шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Л.Б: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч  Р.Сын гэм буруугийн хэр хэмжээ, энэ хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй зэрэгт дүгнэлт хийхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болон хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзлээ.

          Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохбаяр, шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Прокуророос Р.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Р.Сыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэснийг, “... Р.Сыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар ...” гэсэн,

- 3 дахь заалтын “... Р.Сод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад...” гэснийг, “... Р.Сод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ...” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тогтохбаяр, шүүгдэгч Р.Сын өмгөөлөгч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН