Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 23

 

                                 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                              114/2019/0010/З/

  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч иргэн Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Я.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгох” үндсэн шаардлагатай, “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 тоот тогтоол, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 газар болох 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      И.Д, Б.Ц,                                                                            Н.Л

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч                                           Л.О

Хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч:                              Б.М

Гуравдагч этгээд                                                                 З.Н                  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багд 30 гаруй өрх айл хамрагддаг. Эдгээр өрх айлууд нь өөрсдийн гэсэн цөөн тооны малаа маллаж, малынхаа ашиг шимээр амьдралынхаа эх үүсвэрийг залгуулж амьдарч ирсэн, малыг бэлчээргүйгээр маллана гэсэн ойлголт байхгүй юм.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тогтоолоор атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан байна.Энэ шийдвэрийн улмаас Хонгор сумын 1,2 дугаар багийн малчин айл өрхийн эрх ашиг зөрчигдөж, амьжиргааны эх үүсвэр болсон малаа бэлчээх бэлчээргүй болж цаашид амьдрахад нэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Хонгор сумын ИТХурлаас Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай тогтоолыг гаргахдаа тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа малчин айл өрхийн иргэдэд мэдэгдэж сонсох ажиллагаа явуулж, санал бодлыг сонсоогүйгээр барахгүй, огт мэдэгдэлгүй шийдвэр тогтоол гаргасан.Энэ 895 га газар нь Хонгор сумын бэлчээрийн газар бөгөөд иргэдийн өвөлжөө, хаваржаа, болон  Өндөр хөвч, Бэлчирийн шугуй ойн нөхөрлөлүүдийн ойг хамгаалах зориулалтаар эзэмшүүлсэн газруудтай давхцаж байгаа юм. Ингэснээр Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 26,27-р зүйл, Ойн тухай хуулийн 8-р зүйл, Тариалангийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж хууль бус тогтоол гаргасан байна гэж үзэж байна.

Хариуцагч талаас тайлбартайгаа холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримттай танилцаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 02 тоот тогтоолыг  2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-аар хэлэлцээд уг тогтоолыг дэмжсэн 13/04 тоот тогтоолыг гаргажээ. Уг тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр дэх 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг баталсан байна.

            Мөн Хонгор сумын ИТХурал нь газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 29-ны 01 тоот тогтоол гаргаж, энэ тогтоолын 1 дэх заалтаар Хонгор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулахдаа Хар бэлчирийн хөндийн 25 га газар болон 8-р бригадын /Загт өндөр/ 13 га газрыг тус тус  эрчимжсэн мал аж ахуйн фермерийн газар болгох шийдвэр гаргасан байна. Энэ тогтоолд дурдагдсан Хар бэлчирийн хөндийн 25 га  газар, 8-р бригадын 13 га  газарт  мал бүхий иргэд амьдардаг ба тэдний малаа бэлчээх, хадлан өвсөө бэлтгэж хадах, малын хаваржаа, зуслан байрладаг, бүгд 5-15 жилийн хугацаатай газар эзэмшиж байна. Иргэд малчдын нутаглаж, амьдарч байгаа нутаг дэвсгэрийг өөрсдөд нь мэдэгдэж сонсох ажиллагаа явуулахгүйгээр өөр зориулалтаар ашиглахаар шийдвэр гаргасан нь нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөж хохироож байгаа юм. 

            Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-р зүйлд зааснаар захиргааны актыг гаргахын өмнө хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар гаргах, санал гаргах боломжийг олгож сонсох ажиллагаа явуулахгүйгээр, холбогдох олон хууль тогтоомжийг зөрчиж, хууль бус тогтоолуудыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХурал гаргасан байхад түүнийг аймгийн ИТХурлаар баталсан нь мөн хууль бус үйлдэл байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  Хонгор сумын ИТХ-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01 тоот тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 га, 8-р бригадын 13 га газарт холбогдох хэсгийг, Дархан-Уул аймгийн ИТХ-иийн 2019 оны 04 сарын 02 өдрийн 13/04 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэв. 

 

            Хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжих тухай тогтоолыг гаргахдаа тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа малчин айл өрхийн иргэдэд мэдэгдэж сонсох ажиллагаа хийгээгүй гэжээ. Тариалангийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн тогтоол гаргасан. Мөн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” тогтоолын Хар бэлчирийн хөндийд 25 га, 8 дугаар бригадын орчимд 13 га газруудад эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж тусгасан. Дээрх газрууд нь иргэн, аж ахуй нэгжийн эзэмшил газартай давхцал байхгүй.

МУ-ын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор аймгийн Хонгор сумын 1,2,3 дугаар багийг тарилангийн бүс нутагт хамруулсан бөгөөд  Засгийн газрын тогтоолыг үндэслэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, аймгаас мөн дэд хөтөлбөрийг боловсруулж баталсан байгаа. Энэ дэд хөтөлбөрийг боловсруулахад ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс дэд хөтөлбөрийг танилцуулж, сонсох ажиллагааг явуулсан байгаа. Тухайн үед хөтөлбөр танилцуулж байхад иргэдээс ямар нэгэн эсрэг санал  яригдаагүй, иргэд санал бодлоо танилцуулж байсан, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг хийх, инновацийг нэвтрүүлэх, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх, өндөр ашиг шимтэй махны чиглэлийн үүлдрийн үхрийг эрчимжсэн технологиор өсгөж үржүүлэх, бэлчээрийн маллагаатай үхэр, хонийг махны чиглэлээр өсгөн бойжуулах, малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулахыг дэмжих, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын таримал тэжээлийн үр үржүүлгийн үйл ажиллагааг дэмжих зэрэг олон зорилт, арга хэмжээнүүд тусгагдсан.

Мөн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “аймгийн хэмжээнд бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистойгоор хослуулан хөгжүүлнэ” хэмээн тусгасан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 400 дугаар тогтоолоор “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улмаар 2018 оны 131 дүгээр тогтоолоор тариалангийн бүс нутгийг тогтоосон. Уг тогтоолын 1.3-т “Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар багийг тариалангийн бүс нутагт хамруулсан. Мөн тогтоолын 2 дахь заалтаар орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг хамрагдсан аймаг, сум бүр төлөвлөгөөтэй, үе шаттайгаар зохион байгуулах, тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчдын малыг бэлчээр, ус бүхий нутагт шилжүүлэх, мал сүргээ төрөлжүүлэх , эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийж бүх талын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт даалгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсөн.

Дээрх асуудлуудыг эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах, шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгож ажилласан. Улмаар аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан “Дархан-уул аймгийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлуулсан. Ингэхдээ дэд хөтөлбөрийн төслийг аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлж иргэдийн саналыг авах арга хэмжээг зохион байгуулсан.

Ийнхүү уламжлалт мал аж ахуйг эрчимжүүлэх, газар тариалантай хослон хөгжүүлэх чиглэлээр гарсан Засгийн газар бусад байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээг авч ажилласан. Мөн Иргэний танхимын хэлэлцүүлэгт аймаг болон тухайн сумдын холбогдох бүхий л байгууллага, аж ахуйн нэгж, мал бүхий иргэдийн төлөөлөл оролцож санал, бодлоо илэрхийлсэн тул нийтийн сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Улмаар Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүлгийн хуралд урьдчилан танилцуулсан бөгөөд уг хуралд 20 гаруй төлөөлөгч оролцсон.

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ  Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 дүгээр тогтоолуудыг Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн дурджээ. Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байрыг хориглоно” гэсэн нь малчид, мал бүхий иргэдэд тогтоосон зайнд дээрх үйл ажиллагаа явуулах болон өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа барьж байгуулахыг хориглосон зохицулалт юм. Түүнээс биш өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны дэргэд тариалангийн газар байрлахыг хориглосон зохицуулалт биш юм. Иймд дээрх тогтоолууд нь тариалангийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ Хар бэлчирийн хөндийн 25 га газар болон 8 дугаар бригадын 13 га атар газарт мал бүхий иргэд амьдардаг ба тэдний малаа бэлчээх, хадлан өвсөө бэлтгэж хадах, малын хаваржаа, зуслан байрладаг тул нийтийн иргэдийн эрх ашгийг хөндөж хохироож байгаа тухай дурджээ. Малчид, мал бүхий иргэдийн хадлан хадах, талбайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас тусгайлан тогтоодог бөгөөд дээрх газрууд нь хадлангийн газарт хамаардаггүй. Дээрх газрууд нь малчдын хаваржаа, зуслангийн газартай давхцаагүй ба энэ талаар тухайн газруудын ойролцоо амьдардаг малчдаас ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Иргэний танхимын хэлэлцүүлгийн үеэр ч ямар нэгэн гомдол санал гаргаагүй.

Мөн ойн нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тухай нэхэмжлэлдээ дурджээ. Ойн тухай хуульд ойн нөхөрлөлийн эрх, үүргийг тодорхой заасан байдаг. Ингэхдээ ойн нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж байгаа газарт эрчимжсэн болон бэлчээрийн аж ахуй байгуулахыг хориглосон заалт байхгүй байна. Мөн дээрх газрууд ойн санд хамаарахгүй тул ойн нөхөрлөлүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм.

4.Нэхэмжлэгч тал тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нэхэмжлэлийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь уг заалтад зааснаар нэхэмжлэгч тал шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэгч Н.Л нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдсэн байх учиртай. Учир нь Н.Л нь өөрийн биеэр тухайн хуралд биечлэн оролцсон. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч Хонгор сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, уг хурлаас тухайн багийн иргэдийг төлөөлөхөөр сонгогдсон тухай нэхэмжлэлдээ дурджээ.

Нэхэмжлэлд хавсаргасан багийн иргэдийн Нийтийн хуралд оролцсон гэх хүмүүсийн гарын үсэг бүхий баримтаас үзэхэд уг хуралд нийтдээ 57 хүн оролцжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “баг, хорооны хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас... нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан. Хонгор сумын 2 дугаар баг нь багийн Засаг даргын тодорхойлолтоор нийт 508 өрхтэй бөгөөд хуульд зааснаар 127-оос доошгүй хүн оролцож байж тухайн хурал хүчин төгөлдөр болно.

Мөн дээрх заалтад ... зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэн ... оролцох...,”-р заасан байна. Гэтэл хуралд оролцсон гэх 57 хүний талаас илүү хувь нь өөр сум, багийн иргэд байна. Энэ бүгдээс үзэхэд хуралдсан гэх багийн иргэдийн Нийтийн Хурал нь хүчин төгөлдөр бус байх ба уг хурлаас сонгогдсон гэх тухайн багийн иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргасан нэр бүхий 5 иргэн нь шүүхэд төлөөлөх хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан нэр бүхий 5 иргэнд хуулиар төлөөлөл хэрэгжүүлэх эрх олгогдоогүй гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэлийг бүхэлд нь буцаах эрх зүйн үндэслэл ч байгаа болно.

6.Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх асуудлыг хэлэлцээд зөвхөн дэмжин эрх бүхий байгууллагад уламжилсан ба эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах эрхтэйг дашрамд дурдая. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 13/04, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар бүхий тогтоолуудыг хүчинтэй хэвээр нь үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж тайлбар хүргүүллээ гэжээ.

Гуравдагч этгээд Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  Тус байгууллага нь  үндсэн чиг үүргийн дагуу МУЗГ-ын 2018 оны 400 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих Үндэсний хөтөлбөр  131-р тогтоолоор батлагдсан “Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай ” тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Дархан-Уул аймгийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дэд бүтцийн нэгж мал үржлийн алба, сумуудын Хөдөө аж ахуйн тасаг, холбогдох мэргэжлийн байгууллагууд, хувийн  хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд, малчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байна.

Нөгөө талаар эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр тус аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар өөрсдийн хуулинд заагдсан эрх мэдлийн хүрээнд онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд өөр өөрсдийн чиглэлээр мэргэжлийн байгууллага болох аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын зүгээс тавьж байгаа олон ажлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа ажлуудын нэг нь дээр дурдсан иргэдийн гаргасан нэхэмжлэхтэй холбоотой газрын эзэмшлийн асуудал байгаа болно. Хонгор сумын Засаг даргын 2018 оны 88 дугаар захирамжаар манай байгууллагын нэр дээр 776 га газрыг олгосон бөгөөд энэхүү 4502003323 дугаар бүхийгазар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдамжтай улсын хэмжээнд зохион байгуулагдсан Төрийн өмчийн тооллогоор тоологдож байгууллагын балансад тусгагдан болно.

Уг газрын зориулалт нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор болон олон наст, буурцагт ургамал тариалах зориулалтаар огогдсон болно. Тус байгууллагын Төрийн өмчийн дахин үнэлгээгээр бүртгэгдсэн тус байгууллагын балансад тусгагдсан 4502003323

тоот талбарын дугаар бүхий 776 га газар нь цаашид “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ашиглагдахаар төлөвлөгдсөн талбай болно.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Р.Э-с шүүх хуралдаанд “Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Л.Т нарын нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн хүсэлтийг ирүүлжээ. Нэхэмжлэгч Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Л.Т нар нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэн шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотариатаар баталгаажуулсан итгэмжлэлээс үзэхэд Ж.О 15 хүн, Н.Л 11 хүн, Б.Ц, И.Д нарт 37 хүн буюу нийт 63 иргэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зураг гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг олгосон байх боловч төлөөлүүлэх итгэмжлэлийг нэхэмжлэгч Ж.О нарыг шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх нэхэмжлэгч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсний дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон байна.

 Иймд  дээрх 63 иргэнээс 62 иргэнийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ төлөөлүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх ба иргэн Р.Э-аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч биш тул хүлээн авах боломжгүй байна.  Хэрэв эдгээр иргэд нь захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа бол шүүхэд төлөөлүүлэх эрхээ нэхэмжлэгч Ж.О нарыг шүүхэд нэхэмжлэл гаргахад итгэмжлэлээр олгох нь зүйтэй байсан байна.

Харин нэхэмжлэгч Л.Т нь нэхэмжлэгч Н.Л-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20,28 дугаар зүйлд заасан эрх, үүргээ  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн итгэмжлэлээр олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгох” үндсэн болон “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 тоот тогтоол, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 газар болох 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн  шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “е”-д “бүсчилсэн хөгжлийн бодлого, аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжил, хэтийн төлөвийг уялдуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 18.3-т “Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг  хэрэгжүүлнэ”,  Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэр гаргана” гэж тус тус заасныг баримтлан Хонгор сумын 2 дугаар баг, Дархан түлээт уулын ард 17 га газар, 55 га газар, 47 га газар, 1 дүгээр багийн нутаг Талын толгой орчим 776 га  атар газрыг тариалангийн газарт шилжүүлэхийг дэмжсэн 02 тоот тогтоол гаргасан болох нь  Хонгор сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/146 тоот албан бичгээр хүргүүлсэн санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

Мөн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн өдөр хуралдахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ...сум дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасныг баримтлан  2019 оны Сумын  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 01 тоот тогтоол гаргаж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Хонгор сумын 2 дугаар баг, 8 дугаар бригадын орчимд 13 га газар, Хар бэлчирийн хөндийд 25 га газрыг тус тус эрчимжсэн мал аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд нэмэлт оруулж шийдвэрлэсэн байна.

Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сум, дүүргийн Засаг даргын саналыг нэгтгэж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулсны үндсэн дээр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргаас Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 тоот тогтоолыг үндэслэн 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, 13/04 тоот тогтоолоор Хонгор сумын нутаг дэвсгэр дэх 895 га атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх жагсаалтыг баталж шийдвэрлэсэн нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1-10/198 тоот албан бичиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 13 тоот тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Дээрх Дархан-Уул аймгийн Хонгор сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан маргаан бүхий захиргааны актууд нь  нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.

Учир нь Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Газрын тухай хуулийн 20 дугар зүйлийн 20.1.2-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх талаарх Засаг даргын санал, Засаг даргын өргөн мэдүүлсэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, шийдвэр гаргах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргын саналыг үндэслэн Тарилангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шийдвэр гаргахаар хуулийн зохицуулалттай байх бөгөөд  Хурал тухайн сумын Засаг даргын санал болон өргөн мэдүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах саналыг зөвхөн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргахаар  хуулиар зохицуулсан байна. Харин сумын Засаг даргаас ирүүлсэн саналыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар  иргэдээр хэлэлцүүлж, санал авах, сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалт байхгүй байна.

 Хонгор сумын Засаг дарга дээрх саналуудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэхээс өмнө хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй, эсхүл өргөдөл, хүсэлт гаргасан этгээд байвал  захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, мэдэгдэх, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах боломжтой байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  маргаан бүхий газарт үзлэг хийхэд дээрх  тариалангийн газарт шилжүүлэхээр дэмжсэн 895 га атар газар, Хонгор сумын 2019 оны  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэхээр нэмэлт оруулсан  Хар бэлчирийн шугуй гэх нутагт байрших  25 га газар, 8 дугаар бригадын нутагт байрших 13 га газар нь ямар нэгэн байдлаар бусдын газартай давхцалгүй болох нь  газрын байршил, талбайн солбицолын зураг, Хонгор сумын газрын даамлаас гаргуулж авсан иргэдийн газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн  шаардлагын хувьд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх, энэ тохиолдолд шүүх хүчингүй болгож шийдвэрлэдэг журамтай бөгөөд Тарилангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан үндэслэлээр шийдвэрлэсэн хариуцагч нараас гаргасан дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ЖЖ.О, Б.Ц, И.Д, Н.Л, Л.Т нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т  заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О, Б.Ц, И.Д, Н.Л, Л.Т нараас Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Дархан-Уул аймгийн  иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан  “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгох” үндсэн болон “Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13/04 тоот тогтоол, Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тогтоолын Хар бэлчирийн хөндийн 25 газар болох 8 дугаар бригадын 13 га газруудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давах болон хяналтын шатанд гомдол гаргасан тохиолдолд эцсийн шийдвэр гартал хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

   4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,  хариуцагч,  тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

  5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

                                                                                                                                                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА