| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Ц овогт Мгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овогт Мгийн Б нь Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1. 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон;
2. 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ял, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр жилийн хорих ялын зарим болох нэг жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жилийн хорих ялаар тогтоосон;
3. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 725 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “О” хорооллын ... тоотод эхнэр В.Нтай “чиний хүүхэд үгэнд орохгүй байна” гэх шалтгаанаар зодож, биед нь баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэ, тавхай, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Боос: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч В.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “О” хорооллын ... тоотод байрлах гэртээ ирсэн чинь нөхөр Б согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай унтаж байсан. Би гэртээ ороод хувцсаа өлгөөд зогсож байтал нөхөр сэрсэн. Манай нөхөр Баянхонгор аймгаар явж байгаад ирсэн болохоор би сайн явж ирсэн үү гэж асуухад сайн гэж хэлж байсан. Тэр үед нөхөр Б “чиний хүүхэд чинь үгэнд орохгүй байна, аавын гэрт байж байтал гараад явчихлаа” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би “чи зүгээр байхад нь хүүхдээ зодсон юм байлгүй дээ” гэж хэлэхэд уурлаж миний нүүр тус газар алгадахад би ухаан алдаад унасан. Тэгээд буцаад сэргээд босоод ирэхэд миний хоолойноос боогоод, хоёр талын хөл болон шилбэ рүү өшиглөөд байсан. Тэр үед Б “одоо хүүхдийн хувцас бэлд, би хүүхдээ чам дээр байлгахгүй, өөр дээрээ байлгана” гэж хэлэхээр нь би хүүхдийн хувцсыг чемодан дотор хийж байтал миний гар руу өшиглөсөн. Би яая гэж хэлэхэд чи яасан их яалдаг юм гэж хэлээд нөгөө талын гар руу бас өшиглөөд байсан. Тэгээд хүүхэд рүүгээ залга гэж хэлэхээр нь Д руу залгахад Цэргийн хотхонд байна гэж хэлсэн. Дыг очиж аваад явж байгаад Нарангийн гол руу салдаг замын тэр хавьд машинаа зогсоогоод өөрөө машинаас буугаад Дыг машинаас буугаад ир гэж хэлэхэд Д зугтсан. Б Дыг араас нь дуудсан боловч “та намайг зодох гэж байгаа биз дээ” гээд зугтаад явсан. Би машинаас буугаад зогсож байтал машин руугаа ор гээд миний бөгс рүү өшиглөсөн. Манай хүүхэд намайг зугт гээд байхаар нь би машинаас бууж зугтаад гүүрний тэр хавьд хүү Дтай уулзсан. Тэндээс бид хоёр такси бариад Орбитод байрлах хүргэн Мын гэрт очоод байж байтал нөхөр Б араас хүрээд ирсэн. Тэр үед миний бие өвдөөд байсан болохоор Түргэн тусламж дуудаж үзүүлэхэд өвчин намдаах тариа хийгээд, Гэмтлийн эмнэлэг орж үзүүл гэхээр нь очиж цээжний зураг авахуулахад гайгүй гэж хэлсэн. Надаас юу болсон талаар асуухад би нөхөртөө зодуулсан гэж хэлэхэд шууд гэмтлийн цагдаад хандаад, гэмтлийн цагдаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. ...Хэд хоногийн дараа манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд баривчилгаанд явсан. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний хоёр гар өвдөөд байхаар нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг орж үзүүлэхэд баруун талын гар шуу хэсгээрээ хугарсан байсан. Гартаа гипс тавиулаад байж байтал зүүн талын гар бас өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд шууны яс цууралттай гээд бас гипс тавиулсан. Тэгээд би дахин цагдаагийн байгууллагад хандах болсон. Б бид хоёр 20 орчим жил хамт амьдарч байна. Гэрлэлтийн баталгаатай, дундаасаа хоёр хүүхэдтэй. Намайг хүүхэддээ үг хэлсэнгүй гээд хэл амаар доромжилж цохиж зодох болсон. Би эмчилгээний зардалд гарсан мөнгийг төлүүлж авах болно. Надад баримтууд нь байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
-хохирогчоор дахин 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...Дүгнэлт дээрх гэмтлүүдийг нөхөр Б намайг цохиж зодож учруулсан. Тухайн үед миний баруун талын гар нэлээн том хавдсан байсан. Тоолгүй явж байгаад сүүлд гарны зураг авахуулахад хугарсан байна гэж хэлсэн. Би тухайн хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг төлүүлээгүй байгаа. Би их гомдолтой байна. Надад нэхэмжлээд байх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
2. Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 52-01 тоот гэртээ эхнэр, хүүхдийн хамт байж байхад хадам эх Н манай эхнэр рүү 19 цагийн орчимд залгаад аав чинь архи уучихсан, гэртээ орж ирээд намайг зодлоо гэж хэлсэн. Удалгүй хадам ээж такси барьчихсан манай гэрт Дын хамт ирсэн. Удалгүй араас нь хадам аав Б орж ирсэн. Тухайн үед хадам ээжийн гуя, хоёр гар нэлээн хөхрөөд хавдсан байсан. Тэгээд түргэн тусламж дуудаж үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт яаралтай очиж цээжний зураг авахуул гэхээр нь очиж цээжний зураг авахуулахад зүгээр байна гэж хэлсэн. ...хоёр хоногийн дараа гар нь хугарсан байна гэж эхнэр бид хоёрт хэлж байсан. Тухайн үед хадам ээж нэлээн даарчихсан, бие нь муудсан байдалтай Даар түшүүлчихсэн орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
3. Насанд хүрээгүй гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:“...Би өөрийн эцэг, эхийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),
4. Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хүү Дыг Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 68-31 тоот гэртээ дуудаж машиндаа засвар хийсэн. Юмаа хийж дуусаад аавын гэрт орж хоол идээд сууж байтал Д гэнэт гараад явсан. Буцаж орж ирэхгүй удаад байхаар нь гэр рүү орж үзтэл гэртээ байгаагүй. Бас гар утас руу нь залгахад утсаа аваагүй. Би тухайн үед санаа зовоод Сонгинохайрхан дүүүргийн 21 дүгээр хороолол, “О” хороололд байрлах байр руу явсан юм байх гэж бодоод араас нь очтол хүн байхгүй байсан. Тэгэхээр нь унтаад байж байтал 20 цагийн орчим эхнэр Н гэртээ ирсэн. Би Нд хүүхэддээ хараа хяналт тавихгүй болохоор хүүхэд чинь алга болоод, айлуудаар хонуудаар яваад байна гэж хэлэхэд Н хэн мэдэж байдаг юм, гар утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр нь миний уур хүрээд хөлийнх нь шилбэ рүү нэг удаа өшиглөөд, нүүр тус газар нь алгадсан. Тэгээд хүүхэд рүүгээ яг одоо залга гэж хэлээд залгуултал Д утсаа аваад “би Нефтийн энэ хавьд найзындаа байна” гэж хэлэхээр нь Дыг автобусны буудал дээр гараад ир гэж хэлчихээд эхнэр Нг машинд суулгаад очсон. Хүүхдээ машинд суулгаад Орбитын гэр рүүгээ явах замдаа хүү Дыг “чи мэдрэл муутай юм уу, хоол идчихээд хэл сураггүй алга болчихдог хаашаа юм бэ” гэж хэлэхэд юу ч дуугарахгүй байхаар нь хэл ам чинь татчихсан юм уу, юм асууж байхад дуугараач гэж хэлсэн. Тэгээд би машинаа зогсоож байгаад Дыг буугаад ир, хоёулаа ярилъя гэж хэлэхэд Д машинаас буугаад шууд зугтсан. Би араас нь хөөсөн боловч гүйцээгүй. Тэгээд буцаад машин дээр иртэл Н байхгүй болсон байсан. Нг хайж дүү Буянбат руу залгаад “чи эгчийнхээ утас руу залгаад хаана байгааг нь асуучих” гэхэд Н Орбит руу хүргэн Ооогийн гэрт очсон байсан. Би машинаа асаагаад араас нь очиж Түргэн тусламж дуудаж биеийг нь үзүүлсэн. Тэгэхэд 103-ын эмч үзээд гуя нь хавдсан, гэхдээ хуучин гэмтэл байна, өөр яс хугарсан зүйл байхгүй байна, гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд зүгээр байна гэж хэлсэн. Тэр өдөр гэмтэл дээр очиж үзүүлэхэд манай нөхөр намайг зодсон гээд хэлчихсэн. Тэрнээс болж гэмтлийн цагдаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсэн байсан. Маргааш нь намайг цагдаагийн газар дуудаж байцаалт авсан. Би энэ асуудлаас болж 10 хоногийн баривчилгаанд явсан. Би тухайн өдөр 0.5 литрийн Нийслэл нэртэй пивоноос хоёр лаазыг уусан. Н манай хүү Дыг буруу эрхлүүлж, дураар нь тавьдаг юм. Тэрнээс болж бид маргалдсан. Би байрны гадаа Нг огт цохиж зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11990 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн шууны тохойноос сарвуу хүртэл, баруун бугалганы дээд хэсгээс сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой, баруун нүдний дээд зовхинд 1х2 см бор шаргал өнгийн цус хуралттай, баруун шилбэний урд хэсэгт нэлэнхүйдээ овойж хавдсан, баруун тавхайн дээд хэсэг 3х6 см бор шаргал өнгийн цус хуралттай, баруун шилбэний урд дээд хэсэгт 2х6 см хүрэн улаан өнгийн тав тогтсон зулгаралттай, зүүн гуяны гадна дээд хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсэг овойж хавдсан, 8х10 см бор шаргал өнгийн цус хуралттай, зүүн гуяны дотор хэсэгт 6х8 см хөх ягаан өнгийн цус хуралттай.
2020.10.09-ний өдрийн баруун бугуйн үений рентген зурагт: шуу ясны диастел булуунд зөрүүгүй хугаралтай, богтос ясны шөвгөн сэртэн хугарсан, 2020.10.10-ны өдрийн зүүн гарын тохой, шуу, бугуйн үе, алга хамарсан хэвлэмэл зураг-1 ширхэг: яснуудад гэмтлийн өөрчлөлтгүй. /ШШҮХ-н ШЭШГ-н Дүрс оношилгооны их эмч О.Оюунбаясгалан, 2020.10.19-ний өдөр/ гэжээ.
Дүгнэлтэд: “...-В.Нгийн биед баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэ, тавхай, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ/...” гэсэн дүгнэлт, хавсралтад дүрслэл оношилгооны хариу, рентген зураг (хавтаст хэргийн 27-31 дүгээр тал),
6. Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 38-42 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
7. Шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолууд, шийтгэвэр (хавтаст хэргийн 70-88 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай албан бичиг (хавтаст хэргийн 61 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Бод холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “О” хорооллын ... тоотод эхнэр В.Нтай “чиний хүүхэд үгэнд орохгүй байна” гэх шалтгаанаар зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь “өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч М.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “О” хорооллын ... тоотод эхнэр В.Нтай “чиний хүүхэд үгэнд орохгүй байна” гэх шалтгаанаар зодож, биед нь баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэ, тавхай, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
-Хохирогч В.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр Б “чиний хүүхэд чинь үгэнд орохгүй байна гээд ...намайг хэл амаар доромжлоод байсан. ...Би “чи зүгээр байхад нь хүүхдээ зодсон юм байлгүй дээ” гэхэд ...миний нүүр тус газар алгадахад би ухаан алдсан. Тэгээд буцаад сэргээд босоод ирэхэд миний хоолойноос боогоод, хоёр талын хөл, шилбэ рүү өшиглөөд байсан. ...миний гар руу өшиглөсөн. Би яая гэж хэлэхэд чи яасан их яалдаг юм гэж хэлээд нөгөө талын гар руу бас өшиглөөд байсан. ...гар өвдөөд байхаар нь ...эмнэлэг орж үзүүлэхэд баруун талын гар шуу хэсгээрээ хугарсан байсан. Гартаа гипс тавиулаад байж байтал зүүн талын гар бас өвдөөд... гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд шууны яс цууралттай гээд бас гипс тавиулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
-хохирогчоор дахин өгсөн “...Дүгнэлт дээрх гэмтлүүдийг нөхөр Б намайг цохиж зодож учруулсан. Тухайн үед миний баруун талын гар нэлээн том хавдсан байсан. Тоолгүй явж байгаад сүүлд гарны зураг авахуулахад хугарсан байна гэж хэлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...хадам эх Н манай эхнэр рүү 19 цагийн орчимд залгаад аав чинь архи уучихсан, гэртээ орж ирээд намайг зодлоо гэж хэлсэн. Удалгүй хадам ээж такси барьчихсан манай гэрт Дын хамт ирсэн. ...хадам ээжийн гуя, хоёр гар нэлээн хөхрөөд хавдсан байсан. ...хоёр хоногийн дараа гар нь хугарсан байна гэж эхнэр бид хоёрт хэлж байсан. Тухайн үед хадам ээж нэлээн даарчихсан, бие нь муудсан байдалтай Даар түшүүлчихсэн орж ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),
-Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Нд хүүхэддээ хараа хяналт тавихгүй болохоор хүүхэд чинь алга болоод, айлуудаар хонуудаар яваад байна гэж хэлэхэд Н хэн мэдэж байдаг юм, гар утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр нь миний уур хүрээд хөлийнх нь шилбэ рүү нэг удаа өшиглөөд, нүүр тус газар нь алгадсан. ... гэмтэл дээр очиж үзүүлэхэд манай нөхөр намайг зодсон байна гээд хэлчихсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11990 дугаартай “... В.Нгийн биед баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхи, баруун шилбэ, тавхай, зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт, дүрслэл оношилгооны хариу, рентген зураг (хавтаст хэргийн 27-31 дүгээр тал),
-Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 38-42 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч М.Б нь хохирогчийн биед учирсан гэмтлээс “баруун шуу, богтос ясны далд хугарал”-ыг би учруулаагүй, өмнө авсан гэмтэл нь сэдэрсэн байсан гэж маргах боловч түүний энэхүү мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй бөгөөд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл хохирогч В.Н нь гэмтэл авснаас хойш өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гарын шуу богтос яс хугарсан байсан талаар мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр эмнэлгийн онош, рентген зурагт үндэслэн хохирогчид учирсан энэхүү гэмтэл нь тухайн хэрэг үйл явдал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн.
Шүүгдэгч М.Б нь хохирогч В.Нгийн биед халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон, хүндэвтэр гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна гэж шинжээч дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.
Мөн хууль зүйн хувьд шүүгдэгч М.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, хүсэж үйлдсэн байх хангалттай нөхцөлд байсан гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч М.Б, хохирогч В.Н нар нь 1992 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсон гэрлэгчид болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-55/ тогтоогдож байгаа ба, дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.Б нь хохирогч В.Нгийн бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан байх боловч хохирогч В.Н нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч М.Б дүгнэлтдээ “Би эхнэр, 2 хүүтэйгээ амьдардаг. Тухайн үед хүү үгэнд орохгүй байсан учраас миний уур хүрч ийм асуудал гарчихлаа. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь хувийн байдлын тухайд Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт, санд бүртгэгдсэн бүртгэл, шийтгэх тогтоол зэргээс үзвэл урьд гурван удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу удаа дараа ял шийтгэгдэж байгаа байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Б сүүлд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 725 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 3/408 тоот албан бичгээр дээрх шийтгэх тогтоолын гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим санд бүртгэлтгүй гэсэн лавлагаа ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан тул дээрх ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй, тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэж нэмж нэгтгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Мгийн Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Быг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч В.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА