Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч А.Тунгалагтуяа,  

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Э овогт Эын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт Эын Б нь Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, ... хөгжмийн багш ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караокены ширээн дээрээс иргэн Б.Оын эзэмшлийн “Google фирм Pixel 2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Баас: Би хийсэн хэргээ хүлээж байна. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад:

1. Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...Намайг 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 00 цагийн үед найз болох Б Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокед дуудсан. Очиход Б, танихгүй эмэгтэй, эрэгтэй хоёртой хамт сууж байсан. Тухайн хоёр найзтай нь танилцаад 1 литрийн хэмжээтэй Eden нэртэй архинаас аваад бид хувааж уугаад сууж байсан. 03 цагийн үед караоке хаах гээд тооцоо хийх болж би өөрийн гар утсаа хайсан чинь байгаагүй. Мөн Бтэй хамт сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр найз нь бас байгаагүй. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа ирээд тухайн караокены хяналтын камерыг шүүж үзэхэд Бтэй хамт явж байсан Баяраа гэх залуу ширээн дээрээс миний гар утсыг аваад халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан. 9 дүгээр сарын 26-ны өдөр Бгээс дугаарыг нь асуугаад ...Баяраа мөн үү, Бгийн найз байна, чи миний гар утсыг аваад явсан байна гэж ярьсан чинь үгүй, би аваагүй гээд байгаа. Би караокед ороод өөрийн гар утсаа Бгийн найзтайгаа сууж байсан ширээн дээр тавьсан. Бүжиглэж байгаад 02 цагийн үед буцаж ирээд суухад миний утас ширээн дээр байсан. Баяраа нь 25-30 орчим насны, 165-170 см орчим өндөртэй, туранхай, шар царайтай залуу байсан. Би өөрийн гар утсаа 2019 оны 11 дүгээр сард Швед улсад амьдарч байхдаа монгол мөнгөөр 1.620.000 төгрөгөөр авч байсан. Миний гар утас хар өнгөтэй, Google pixel 2 маркийн гар утас байгаа. Би Бтэй хамт байсан Баяраа гэх залууг сэжиглэж байна. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

 

2. Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 11-02 тоот гэртээ байж байгаад өөрийн “Самсунг Эс 6” маркийн гар утсаа эвдээд утасгүй болсон байсан чинь төрсөн ах болох Э.Б хувцасны шүүгээнээс надад хар өнгийн, саарал гэртэй утас гаргаж өгсөн. Надад хэлэхдээ “чи шинэ гар утас авч байхаар наад гар утасныхаа кодыг гаргаад барьж болох нь уу, үз” гэсэн. Би тухайн өдөр гар утсыг аваад “Тэди” төвийн 4 давхрын 5 тоотын засварчин дээр очиж кодыг тайлуулаад ашиглаж барьсан. Б ахын надад өгсөн гар утас “Google pixel” 2 загварын гар утас байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

3. Гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Хан хөхий” дэлгүүр орж юм авах гээд зогсож байтал Янжин дэлгүүр дотор орж ирээд нэг цаг караокедоод пиво ууя л даа, ганцхан цаг болно гээд байсан. Дэлгүүрийн залуутай яриа өдөөд, бид хоёр караоке орлоо, араас ирвэл ирээрэй гээд байсан. Бид гурав Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах Билгүүн-Од караокед үйлчлүүлж байтал дэлгүүрийн залуу орж ирээд бид гурвыг дайлна гээд ус, ундаа, архи авч өгсөн. Бид архиа хувааж уугаад, хүний 3-4 шил пиво уусан байсан болохоор би түрүүлээд тасарсан. Нэг сэртэл дэлгүүрийн залуутай үлдчихсэн, дэлгүүрийн залуу гар утсаа алдсан гэж байсан. Харин Янжин, Приустэй залуу хоёр түрүүлээд явсан байсан. Би дэлгүүрийн залуугаас юу болсон талаар асуухад тэр хоёр түрүүлээд явсан, гар утаснаасаа мөнгө шилжүүлэх гэтэл гар утас байхгүй болсон байна гэж байсан. О хар өнгийн гар утас барьж байсан. Маргааш нь би тэр залуугийн дугаарыг Янжингаас авч залгаад “өчигдөр чи миний хажууд сууж байгаад ширээн дээрээс Оын гар утсыг авсан байна, цагдаа шүүх гэхээсээ өмнө эртхэн өгөөч” гэтэл тэр залуу өөдөөс уурлаад, би Янжингийн утсыг халаасандаа хийгээд өөрт нь өгсөн, өөр гар утас аваагүй, цагдаагаа дагуулаад хүрээд ир гээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

4. Гэрч Н.Яын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн:

 “...Би 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Быг караоке оръё гэж дуудаад, Бг хаана байгаа талаар асууж Зүүн салааны хуучин эцэст байрлах “Хан хөхий” дэлгүүр дотор уулзсан. Дэлгүүрийн худалдагчтай караокедох гэж байна гээд Б, Б нарын хамт Баянхошууны тойрог дээр байрлах Билгүүн-Од караоке орж нэлээн суугаад 1 хүний 3 шил пиво уугаад байж байтал дэлгүүрийн ах ороод ирсэн. Бид дөрөв архи уусан. Нэлээн байж байгаад Б бид хоёр буудал орж хамт унтсан. Маргааш өглөө нь бид хоёрын утас унтарсан байсан тул би гэртээ ороод утсаа асаатал Бгээс дуудлага ирчихсэн, бас “чамтай хамт ирсэн залуу чинь Оын гар утсыг авсан байна” гэсэн утгатай мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь би Б руу залгахад утсаа аваагүй. Би Бы машинд гар утас байхыг хараагүй. Маргааш өглөө нь Бы машины хойд суудлын доод талд гар утасны дуу сонсогдоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

5. Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн:

 “...Би өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн 44-73 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Жанцангаас Янжиндуламыг аваад Зүүн салааны хуучин эцэс рүү очтол Янжиндулам өөрийн эмэгтэй найзтайгаа уулзсан. Бид гурав Билгүүн-Од караокед орж үйлчлүүлж байтал тэр танихгүй эмэгтэй өөрийн бас нэг эрэгтэй найзыг дуудсан. Би дөрөв 0.75 литрийн Eden нэртэй архи, мөн 2-3 шил пиво уусан. Архи, пиво ууж байхдаа гар утаснуудаа ширээн дээр гаргаад тавьсан байхаар нь би эхлээд Янжиндуламын гар утсыг аваад алга болчихно гээд Янжиндуламд өөрт нь өгсөн. Дараа нь ширээн дээр хар өнгийн гар 1 гар утас үлдчихээр нь аваад пиджакны халаасандаа хийгээд бүжиглэж байгаад Янжиндуламыг явъя гэж дуудаад караокеноос гарсан. ...Янжиндулам бид хоёр буудал орж хоночихоод маргааш нь хамт машиндаа суугаад машинаа асаатал тухайн үед машинд байсан гар утас дуугарах шиг болоод цэнэг нь дуусаад унтарсан. Би гэртээ хариад нөгөө хар өнгийн гар утсыг хувцас хийдэг шүүгээндээ хийж орхичихоод байж байтал маргааш нь миний гар утас руу танихгүй дугаар зөндөө залгаад, нэг эрэгтэй хүн гар утсаа авъя гээд байсан. Тухайн үед тулгамдаад би аваагүй гэж хэлсэн. 10 дугаар сарын дундуур манай дүү гар утас эвдэрчихлээ, шинэ гар утас авна гэхээр нь би яах юм бэ гээд хувцасны шүүгээнээс хар өнгийн гар утсыг гаргаж өгсөн. Би тухайн үед алга болчих байх гээд хямгадаад авсан. Гар утсыг ашиглах, захиран зарцуулах зөвшөөрлийг эзнээс нь аваагүй. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, өөрийн хийсэн үйлдлээ хянах чадваргүй байсан.

Би бага насаа Ховд аймгийн Алтай суманд өнгөрүүлж, 2002 онд тус сумын 1 дүгээр ангид элсэн орж 2013 онд төгсөөд, Улаанбаатар хотод орж ирээд 2014 онд Соёл Урлагийн Их Сургуулийн дуурийн дуулаачийн ангид суралцаж төгссөн. ... хөгжмийн багшийн ажил эрхэлж байна. Би нийгмийн даатгал төлөөд сард 800.000 төгрөгийн цалин авдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-76 дугаар тал),

 

6. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 32-37 дугаар тал),

 

7. Э.Боос “Google pixel-2” загварын гар утсыг хураан авч, хохирогч Б.Оад хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

 

8. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 20/115 дугаартай “...Google фирм, Pixel 2 загварын гар утасны үнийг 1.200.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

9. Шүүгдэгч Э.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47, 49 дүгээр тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар тал), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 55-56 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 57-61 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн орчим иргэн Б.Оын эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэлд маргахгүй гэсэн тайлбар гаргаж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй караокены ширээн дээрээс иргэн Б.Оын эзэмшлийн “Google фирм Pixel 2” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...караоке хаах гээд тооцоо хийх болж би өөрийн гар утсаа хайсан чинь байгаагүй. ...Цагдаа ирээд тухайн караокены хяналтын камерыг шүүж үзэхэд Бтэй хамт явж байсан Баяраа гэх залуу ширээн дээрээс миний гар утсыг аваад халаасандаа хийгээд гарч байгаа бичлэг байсан. ...Би караокед ороод өөрийн гар утсаа Бгийн найзтайгаа сууж байсан ширээн дээр тавьсан. ... гар утас хар өнгөтэй, Google pixel 2 маркийн, 1.620.000 төгрөгөөр авч байсан гар утас байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),

-Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...утасгүй болсон байсан чинь төрсөн ах болох Э.Б хувцасны шүүгээнээс надад хар өнгийн, саарал гэртэй утас гаргаж өгсөн. ...надад хэлэхдээ “чи шинэ гар утас авч байхаар наад гар утасныхаа кодыг гаргаад барьж болох нь уу, үз” гэсэн. ...кодыг тайлуулаад ашиглаж барьсан. Б ахын надад өгсөн гар утас Google pixel 2 загварын гар утас байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...дэлгүүрийн залуу гар утсаа алдсан гэж байсан. Би дэлгүүрийн залуугаас юу болсон талаар асуухад тэр хоёр түрүүлээд явсан, гар утаснаасаа мөнгө шилжүүлэх гэтэл гар утас байхгүй болсон байна гэж байсан. ...“өчигдөр чи миний хажууд сууж байгаад ширээн дээрээс Оын гар утсыг авсан байна, цагдаа шүүх гэхээсээ өмнө эртхэн өгөөч” гэтэл тэр залуу өөдөөс уурлаад, би Янжингийн утсыг халаасандаа хийгээд өөрт нь өгсөн, өөр гар утас аваагүй, цагдаагаа дагуулаад хүрээд ир гээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-Гэрч Н.Яын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэртээ ороод утсаа асаатал Бгээс дуудлага ирчихсэн, бас “чамтай хамт ирсэн залуу чинь Оын гар утсыг авсан байна” гэсэн утгатай мессеж ирсэн байсан. ...маргааш өглөө нь Бы машины хойд суудлын доод талд гар утасны дуу сонсогдоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...ширээн дээр хар өнгийн гар 1 гар утас үлдчихээр нь аваад пиджакны халаасандаа хийсэн. ...Би гэртээ хариад нөгөө хар өнгийн гар утсыг хувцас хийдэг шүүгээндээ хийж орхичихоод байж байтал маргааш нь миний гар утас руу танихгүй дугаар зөндөө залгаад, нэг эрэгтэй хүн гар утсаа авъя гээд байсан. Тухайн үед тулгамдаад би аваагүй гэж хэлсэн. 10 дугаар сарын дундуур манай дүү гар утас эвдэрчихлээ, шинэ гар утас авна гэхээр нь би яах юм бэ гээд хувцасны шүүгээнээс хар өнгийн гар утсыг гаргаж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-76 дугаар тал),

-2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 32-37 дугаар тал),

-Э.Боос Google pixel-2 загварын гар утсыг хураан авч, хохирогч Б.Оад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 42-44 дүгээр тал),

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Э.Б нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр караокед хамт үйлчлүүлж байсан хохирогч Б.Оын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Бы үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Быг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

“Мастер үнэлгээ” ХХК нь хохирогч Б.Оын гар утасны үнийг 1.200.000 төгрөгөөр тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус утсыг иргэн Э.Боос хураан авч хохирогч Б.О /хх-42-44/-д хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гар утсыг хүлээлгэн өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хувийн байдлын хувьд дүүтэйгээ хамт амьдарч, 123 дугаар сургуульд багшилдаг, 650.000 төгрөгийн цалин хөлс авдаг тул 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Э.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэгдээгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хор уршгийг арилгасан”-ыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн.

Шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Э.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрээс шүүгдэгчид “500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд уг зүйлд торгох ялын  санкц байхгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан  торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт нь хуульд нийцээгүй байна.

 

3.Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокены хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Бд энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Эын Быг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж” бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Оад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокены хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА