Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц

шүүгдэгч Э.Цэлмэг, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адаацаг овогт Энхцацралын Цэлмэгт холбогдох эрүүгийн 2010000001033 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Флора Говь” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 74-20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Адаацаг овогт Энхцацралын Цэлмэг РД: /УШ94101659/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Цэлмэг нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 17 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 дүүргийн хороо, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Эдийн засгийн сургууль, Сарнайх дэлгүүрийн хойд талын автозамын уулзварт Нийслэлийн засаг даргын А/1248 захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Амаржаргалыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Цэлмэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тухайн үйл явдал болсон. Би гэм буруугаа зөвшөөрч байгаа. Эхнэрийнхээ уудаг эмийг авах гээд “Мини маркет”-ын эмийн сан орчхоод гэртээ харих гэж байгаад тухайн үйл явдал болсон...” гэв.

 

Эрүүгийн 2010000001033 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,

Гэрч Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

Гэрч А.Цогмандахын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,

Гэрч Ө.Дагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-26-р хуудас/

Шүүгдэгч Э.Цэлмэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,

“Paparazzi.mn” цахим хуудаснаас бэхжүүлэн авсан бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р хуудас/

Нийслэлийн Засаг даргын А/1248 дугаартай захирамж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн явган эргүүлийн хуваарь, томилгоо /хх-ийн 61-63-р хуудас/,

Шүүгдэгч Э.Цэлмэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/,

Шүүгдэгч Э.Цэлмэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 119-121-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 122-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй талаарх тодорхойлолт /хх-ийн 123-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 124, 126-128-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 125-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 129-р хуудас/ оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 131-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Цэлмэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаар шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Цэлмэг нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цаг 17 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүүргийн хороо, Зайсанд ХААИС болон Сарнайх дэлгүүрийн автозамын уулзвар дээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолыг үндэслэж Нийслэлийн Засаг даргын А/1248 дугаартай захирамжаар “...явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах” тухай шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ажиллаж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Амаржаргалыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь:

 

        Хохирогч М.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нийслэлийн засаг даргын А/248 дугаартай захирамжийн дагуу бүх нийтийн өндөржүүлсэн байдал зарласантай холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Сарнайх дэлгүүрийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 16 цаг 15 минутын орчим 9306 УНЭ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин хязгаарлалт тогтоосон бүс рүү нэвтрэхээр хойноос урагшаа чиглэлтэй явж байсныг  зогсоосон. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж “хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой цагаар хязгаарласан” талаар хэлэхэд тус машины жолооч “хуц пизда минь” гээд над руу салаавч гаргасан. Тээврийн хэрэгслээ зогсоохгүй бага багаар урагшлаад байсан тул би жолоочид “та тээврийн хэрэгслээ зогсоо” гэсэн шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй урагшаа бага багаар яваад байсан тул би автомашиных нь урд гарч зогссон. Би жолоочид “та бичиг баримтаа шалгуул” гэж шаардлага тавихад тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ урдаас шидэхэд гэрчилгээ нь газар унасан. Би Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь газраас авсан. “Та машинаа хөдөлгөөнгүй болго” гэж шаардлага тавихад машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд миний цээж хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би “та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлнэ үү, бие эрх чөлөөнд халдаж болохгүй” талаар хэлэхэд “чи хэн юм бэ, би чамайг хачин болгоно пизда минь” гэж дайраад байхаар эргүүлийн чиглэлийн ахлах ажилтан хошууч Н.Сүхбаатарт утсаар мэдэгдэж, тухайн шаардлага эсэргүүцсэн иргэнийг гарыг ард нь гаргаж баривчилж Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Арцат-111 чиглэлийн тээврийн хэрэгсэлд өгч явуулсан. Би иргэн Э.Цэлмэгт хууль ёсны шаардлага тавьсан боловч эсэргүүцсэн ба Э.Цэлмэгийн биед халдаагүй. Харин Э.Цэлмэг нь миний биед халдаж гараараа цээж рүү нэг удаа цохисон. Мөрдөс болон мөрдсөнд тогтоосон байсан гар станц авч зам дээр шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,

Гэрч Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нарт хяналт тавьж, Оргил хотхоны үүдэнд үүрэг гүйцэтгэж байхад 16 цаг 20 минутын үед станцаар Арцат-34 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Амаржаргал “Сарнайх дэлгүүрийн үүдэн дээр нэг залуу машинаараа намайг түрээд ам руу салаавч өгөөд, машинаасаа бууж ирээд намайг цохиод, цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байна, та хурдан хүрээд ирээч” гэж станцаар хэлсэн. Үүний дагуу надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Дотоод хэргийн их сургуулийн багшийн хамт очиход Зайсангийн Сарнайх дэлгүүрийн уулзвар дээр 30 орчим насны 180 см орчим өндөр нуруутай залуу цагдаагийн дэслэгч М.Амаржаргалыг түлхэж “Та нар ер нь юу юм бэ, наад шийдвэр чинь надад ямар хамаатай юм бэ пизда минь” гэж хэлж байсан. Иргэд тойроод зогсчихсон тэр залууг “Чи болиоч, наад цагдаа нар чинь албан үүргээ гүйцэтгэж байгаа ш дээ” гэж хэлж байсан. Би дөхөж очоод тэр залууд хандаж “Чи болио залуу, наашаа хүрээд ир, хоёулаа уулзъя, яасан юм бэ” гэхэд над руу хуруугаараа заасан уу, салаавч өгсөн үү нэг үйлдэл гаргасан. Би өөдөөс нь алхаж очоод “Чи яагаад цагдаагийн шаардлага эсэргүүцээд байгаа юм бэ” гэж хэлтэл тэр залуу “Чи бас юу юм бэ” гээд зүүн гараараа миний баруун талын мөрөн дээрээс атгаад авсан. Тэгэхээр нь би Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу биеийн хүч хэрэглэж, урдаас баривчлах мэх хэрэглээд зүүн гарыг нь хойд талд нь мушгиж газар унагаасан. Тэр үед би сонсогч болон цагдаа нарыг хол бай, битгий оролц гэсэн шаардлага тавьсан. Тухайн хүний гарыг мушгиж байхад тэр залуу миний цээж рүү хөлөөрөө нэг удаа өвдөглөхөөр нь мушгиад тэр чигт нь газар унагаасан. Тухайн хүний гарыг ард нь өчсөн байхад станцаар юу болж байгаа талаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганбаяр асуугаад байхаар нь “Цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн хүн байна, энэ хүнийг удахгүй хэлтэс рүү авч очлоо гэж станцаар хариулсан. Удалгүй 1 минут орчмын дараа авто эргүүлийн Арцат-111 чиглэлийн машинтай алба хаагчид ирээд надад гав өгөхөөр нь би гарыг нь ард нь гавлаад өгч явуулсан. Би араас нь хэлтэс дээр ирээд илтгэх хуудсаар хэлтсийн даргад танилцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

Гэрч А.Цогмандахын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагаас 00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн сургууль, Сарнайх хүнсний дэлгүүрийн уулзвар дээр Нийслэлийн засаг даргын захирамж, Улсын онцгой комисс, Засгийн газрын 178 дугаартай тогтоолын дагуу Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Амаржаргал, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн 4 дүгээр дамжааны сонсогч Ө.Дагвадорж нарын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 16 цаг 17 минутын үед Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн сургуулийн хойд талын уулзвараар урагш чигт манай пост руу саарал өнгийн Ланд-200 маркийн автомашин орж ирсэн. Дэслэгч М.Амаржаргал уг машины зогсоож хөл хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж ямар шалтгаанаар явж байгаа талаар асуухаар зогсоож асуусан. Тухайн хүн ямар шалтгаанаар явж байгааг хэлэхгүй машинаараа урагшаа яваад байсан. Тэгэхээр нь дэслэгч М.Амаржаргал “та зогсож байгаарай” гээд машины урд талд нь гараад зогссон чинь тухайн машины жолооч машинтайгаа дэслэгч М.Амаржаргалыг түрж явсаар байгаад 10 орчим метр яваад манай постыг нэвтэрчихсэн. Дэслэгч М.Амаржаргал тухайн жолоочийг “буугаад ир, бичиг баримтаа шалгуул” гэсэн чинь тэр машины жолооч би та нарт бичиг баримтаа үзүүлдэг хүн биш гээд гараараа салаавч гаргасан. Тэр машины жолооч машинаасаа бууж ирээд дэслэгч Амаржаргалын цээж рүү гараараа цохиж түлхээд байсан, цохих гээд байсан. Дэслэгч Амаржаргал бичиг баримтаа үзүүл гэсэн чинь тэр жолооч залуу байж бай пизда минь үзүүлэх гээд байна гэснээ бичиг баримтаа дэслэгч Амаржаргалын өөдөөс шидсэн. Дэслэгч Амаржаргал бичиг баримтыг нь газраас аваад бид нарыг хариуцан ажиллаж байгаа чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Сүхбаатарыг станцаар дуудсан. Удалгүй хошууч Сүхбаатар хүрч ирээд тэр залууд “болиоч, юу болоод байгаа юм” гэсэн чинь тэр залуу хошууч Сүхбаатарын өөдөөс чи одоо хэн бэ гээд шууд заамдаад аваад өвдөглөсөн. Тэгсэн хошууч Сүхбаатар тухайн залууд биеийн хүч хэрэглэх мэх хэрэглэж гарыг нь ард өчиж газар хэвтүүлсэн. Хошууч Сүхбаатар станцаар хөдөлгөөнт эргүүлийн чиглэл дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,

Гэрч Ө.Дагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагаас 00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн сургууль, Сарнайх хүнсний дэлгүүрийн уулзвар дээр Нийслэлийн засаг даргын захирамж, Улсын онцгой комисс, Засгийн газрын 178 дугаартай тогтоолын дагуу Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Амаржаргал, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн 4 дүгээр дамжааны дэд түрүүвч А.Цогмандахын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 16 цаг 17 минутын үед Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн сургуулийн хойд талын уулзвараар урагш чигт манай пост руу саарал өнгийн Ланд-200 маркийн автомашин орж ирсэн. Дэслэгч М.Амаржаргал уг машины зогсоож хөл хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлж ямар шалтгаанаар явж байгаа талаар асуухаар зогсоож ямар шалтгаанаар явж байгаа юм бэ гэж асуусан чинь шалтгаанаас хэлэхгүй машинаа урагшаа хөдөлгөөд байсан. Тэгэхээр нь дэслэгч М.Амаржаргал “та зогсож байгаарай” гээд машины урд талд нь гараад зогссон чинь тэр машинтай жолооч машинаараа урагшаа яваад дэслэгч М.Амаржаргалыг түрж явсаар байгаад 10 орчим метр яваад манай постыг нэвтэрчихсэн. Тэгээд “буугаад ирээ, бичиг баримтаа шалгуул” гэсэн чинь тэр машины жолооч “би та нарт бичиг баримтаа үзүүлдэг хүн биш” гээд салаавч гараад машинаасаа буугаад ирсэн. Тэр машины жолооч машинаасаа бууж ирээд Амаржаргал дэслэгчийг цохих гээд цээж рүү нь гараараа түлхээд, цохих гээд байсан. Тэгээд дэслэгч Амаржаргал бичиг баримтаа үзүүл гэсэн чинь тэр машины жолооч залуу байж бай пизда минь үзүүлэх гэж байна гээд бичиг баримтаа дэслэгч Амаржаргалын өөдөөс шидсэн. Дэслэгч Амаржаргал дэслэгч бичиг баримтыг нь газраас аваад бид нарыг хариуцаж ажиллаж байгаа чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Сүхбаатарыг станцаар дуудсан. Удалгүй хошууч Сүхбаатар хүрч ирээд тэр залууд “болиоч, юу болоод байгаа юм” гэсэн чинь тэр залуу хошууч Сүхбаатарын өөдөөс “чи одоо хэн бэ” гээд шууд заамдаад аваад өвдөглөөд цохих гээд байсан. Тэгсэн хошууч Сүхбаатар тухайн залууд биеийн хүч хэрэглэх мэх хэрэглэж гарыг нь ард өчиж газар хэвтүүлсэн. Хошууч Сүхбаатар станцаар хөдөлгөөнт эргүүлийн чиглэл дуудаж тухайн залууг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/,

 

        Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт “...Э.Цэлмэг нь саарал өнгийн Ланд Круйзер-200 маркийн автомашинтай замын уулзварт зогссон байх ба тэрээр автомашинаас бууж цагдаагийн албан хаагч М.Амаржаргалтай маргаан үүсгэж, бие рүү нь түлхэх зэргээр халдсан. Мөн цагдаагийн албан хаагч Н.Сүхбаатартай заамдалцаж буй дүрс бичлэг, Цагдаагийн албан хаагч Н.Сүхбаатар, М.Амаржаргал нар нь Э.Цэлмэгийн хоёр гарыг ард нь гавлаж буй” дүрс бичлэг,

 

        Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-26-р хуудас/

 

Шүүгдэгч Э.Цэлмэгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны  А/1248 дугаартай захирамж /хх-ийн 61-р хуудас/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн явган эргүүлийн хуваарь, томилгоонд: д/ч М.Амаржаргал “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Сарнайх дэлгүүрийн 4 замын уулзварт хяналт тавих хуваарьтай  /хх-ийн 62-63-р хуудас/,

Шүүгдэгч Э.Цэлмэгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Хорио цээрийн дэглэм тогтоосон үед дэглэм зөрчиж 17 цагаас өмнө зорчих гэсэн нь миний буруу энэ үйлдэлдээ харамсаж, уучлалт гуйж байна. Миний маркет орж хүнсээ цуглуулаад гэр рүүгээ орох гээд машинтайгаа явахад цагдаа оруулахгүй гээд маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон тавьсан шаардлагыг нь үл биелүүлж хүч хэрэглэсэн үйлдэл, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн эс үйлдэхүйгээр илэрдэг.

           Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д зааснаар “Бүх нийтийн бэлэн байдал” зарласан байхад шүүгдэгч Э.Цэлмэг нь нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Амаржаргалаас иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг биелүүлэх шаардлагыг татгалзан маргалдаж улмаар цагдаагийн албан хаагчийн бие рүү түлхэх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

        Иймд Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж шүүгдэгч Э.Цэлмэгийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

         Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Цэлмэгийг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.    

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ шүүгдэгчийн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Шүүгдэгч Э.Цэлмэг нь хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч оролцов.

          Хохирол, хор уршгийн талаар:

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

Хохирогч М.Амаржаргал нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч Э.Цэлмэгийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

          Эрүүгийн хариуцлагын талаар

      

          Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Цэлмэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнээс “шүүгдэгч нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсад өсөж, боловсрол эзэмшсэн. Соёлын ялгаа зэргээс шалтгаалан учир холбогдлыг ойлгоогүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн ходоодны хүнд өвчтэй хувийн байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү” гэсэн саналыг гаргав.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “..хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

          Шүүгдэгч Э.Цэлмэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласан үед нийтийн хэв журмыг сахиулах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан үзэхийн зэрэгцээ тэрээр анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдал зэргийг харьцуулан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Цэлмэгт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Адаацаг овогт Энхцацралын Цэлмэгийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цэлмэгийг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Цэлмэгт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Цэлмэг нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Цэлмэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР