Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

С овогт Дийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Дийн Г нь Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 11-ний Говь-Алтай аймгийн Гуулин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Д.Нтай маргалдан, улмаар биед нь халдаж, хутгаар хутгалж, зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гаас: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Өөр нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:

“...Д.Г бид хоёр 2008 онд танилцаж, 2010 оноос эхлэн хамтран амьдарсан. Дундаасаа 3 хүүхэдтэй. 2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчим гэртээ байж байгаад нөхөр Гтай мөнгөний асуудлаас болоод танайхан, манайхан гэж хэрэлдсэн. Тэгээд Г уурлаад “чамтай хэрэлдэж байхаар би зайллаа” гээд цүнхэндээ хувцсаа хийгээд аваад гарахаар нь би “чи битгий яв лдаа” гэж хориглосон боловч гараад явсан. Шөнө 04 цагийн үед хаалга нүдээд, нохой хуцаад байхаар нь гарч хашааны хаалга онгойлготол нөхөр Г ирчихсэн, согтуу зогсож байсан. Гэтэл Г газраас тоосго аваад шидэх гэж байхаар нь над руу шидэх гэж байна гэж бодоод хажуу айл руу гүйж орсон. Г араас утасны гэрлээ тусгаж орж ирсэн. Хоол, цай хийж өг гэхээр нь хийчихсэн байгаа гэж хэлсэн чинь чи яагаад айлд орж ирээд байгаа юм гээд бөгс рүү цохих шиг болоход би орон дээр унасан. Бөгснөөс халуу дүүгээд байхаар нь гараараа бариад үзэхэд цус гарсан байсан. Тухайн айлд байсан 70 орчим настай эмээ манай нөхөр Гыг миний хүү хутгаа өгчих, болохгүй шүү дээ гэж хэлэхэд Г хутгаа өгсөн. Тухайн үед цус ихээр гарч байсан. Г “би юу хийчих вэ” гэж хэлээд гараад явсан. Би өөрөө Түргэн тусламж дуудаж, эмнэлэг дээр ирж шархаа цэвэрлүүлээд оёдол тавиулсан. Намайг хутгалсан гэх хутга нь жижиг бор иштэй хутга байсан. Тухайн хутга нь Гын өөрийнх нь хутга байгаа юм.

Г согтууруулах ундаа их хэрэглээд байдаггүй. Зүрх муутай, уучихаараа ухаанаа алдчихдаг. Зан араншингийн хувьд төлөв даруу зантай, дуу цөөтэй ба ял шийтгэл эдэлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

 

2. Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 04 цаг өнгөрч байхад манай хашаанд гэрт амьдардаг Н манайд ороод ирсэн. “Манай нөхөр согтуу байна, айгаад байна, энд жаахан суучихъя” гээд байж байтал нөхөр Г нь нэг их удалгүй гаднаас орж ирсэн. Эхнэртээ “гэртээ ор, чи яагаад наанаа гүйж орж байгаа юм бэ, би чамайг хаана ч байсан олно” гээд хоорондоо маргалдаад, эхнэрээ барьж аваад гараараа далайгаад цохиод байсан. Нөхөр Г нь гэнэт гартаа хутга барьсан байсан. Эхнэрээ хутгалахыг нь би хараагүй. Би “миний хүүхдүүд ингэж болохгүй” гэж хэлээд гараас нь хутгыг нь аваад ширээн дээр тавьсан. Орны хөнжил цус болчихсон байхаар нь хүүе энэ чинь юу болж байна гэтэл гэнэт цус гараад эхэлсэн. Эхнэр Н нь түргэн тусламж дуудсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

3. Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:

                 “...2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 04 цаг 45 минутын үед Д.Г “та манайд хүрээд ир” гэхээр нь би “чи согтуу байгаа юм уу” гэж асуухад “би Ныг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Гын гэрт очиход тэдний гэрт түргэн тусламж ирж таараад Ныг үзээд Гэмтлийн эмнэлэг авч явсан.

                 Д.Г нь Говь-Алтай аймгийн Гуулин суманд 1984 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Дийн 2 дахь хүү болж мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн гар дээр хүмүүжиж, тус сумын 8 жилийн сургуульд элсэн суралцан 5 дугаар анги төгсөж бага боловсрол эзэмшээд мал малласан. Түүнээс хойш хувиараа ажил хийж байгаа. Д.Г нь Д.Н гэх эмэгтэйтэй гэр бүлж болж, дундаасаа 3 хүүхэдтэй болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

4. Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:

“...Д.Г нь эхнэрээ хутгалсан гэж мэдсэн. Би Д.Г, Д.Н нар хэрэлдлээ, маргалдлаа гэж сонсогддоггүй байсан. Д.Г согтууруулах ундаа их хэрэглээд байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ эхнэр Нтай мөнгөний асуудлаас болж маргалдаад гэрээс гарч явсан. Тэгээд 6 буудлын тэнд найз Жагаатай уулзаад караоке орж 2 шил архи уусан. Би согтоод юу болсоныг санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд гудамжинд машин дотроо унтаж байсан. Утсаа нээгээд асаасан чинь эгч над руу залгаад “чи яагаад эхнэрээ хутгалж байгаа юм, хүрээд ир” гэж хэлсэн. Би эхнэрээ айлгах гэж байсан юм болов уу гэж бодож байна. Би хөдөө авч явдаг байсан жижиг бор эрээн иштэй хутгаараа хутгалсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12693 тоот дүгнэлтэд:

                 Хэсэг газрын үзлэгт: Зүүн өгзөгний гадна дээд хэсэг 1.5х0.2 см хэмжээтэй, зах ирмэг тэгш, 1 тооны оёдол бүхий шархтай, уг шархыг тойроод ногоон шаргал өнгийн цус хуралттай, ариун боолттой.

                 Эмнэлгийн бичиг баримтад: ...Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмчийн үзлэгт: ...Онош: Зүүн түнхний үений гадна хажуу хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх. 2020.10.27 гэжээ.

                 2020.10.28-ны өдрийн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд: Онош: Зүүн өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх гэжээ.

                 2020.10.27-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудсанд: Зовиур: Шархаар өвдөнө, зүүн ташаа орчмоор. ...Хэсэг газрын үзлэгт: Зүүн ташаа орчим 10-12 см орчим гүн зүсэгдэж хатгагдсан шархтай. Онош: Зүүн түнхний үений гадна хажуу хэсгийн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх.

                 Дүгнэлт: “...Д.Нын биед зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Т.Сэлэнгэ/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6068 тоот дүгнэлтэд:

                 -Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж гэсэн марль дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

                 -Цусны дээж гэсэн марль дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 116-118 дугаар тал),  

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6067 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн бор хар алаг өнгийн 7 см иштэй, 16 см урттай хар өнгийн хуйтай хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Бор хар алаг өнгийн 7 см иштэй, 16 см урттай хар өнгийн хуйтай хутган дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. /Шинжээч Ц.Бямбадорж/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 122-124 дүгээр тал),  

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4433 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмдөнд зүсэгдэлт хурц иртэй, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, ханзралт, цооролт, гогодолт гарсан байна. Ханзралт, цооролт, гогодолтын материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

-Саарал өмдөнд гарсан зүсэгдэлт, ханзралт, цооролт шинээр гарсан байна.

-Саарал өмдөнд гарсан зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. /Шинжээч Г.Ганцэцэг/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-39 дүгээр тал),  

 

10. Хэргийн газар буюу ... тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар тал),

 

11. 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан 17 см урттай, 9.5 см ажлын хэсэгтэй, 7.5 см хар бор алагласан бариултай хутга байх ба хутганы ажлын хэсэг болон бариул хэсгийн зарим газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. ...” гэсэн хэсэг, уг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал),

 

12. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 92-93 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 81-82 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 83-91 дүгээр тал),

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            13. Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дугаар тал), ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 113-114 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 49-67 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.

1.Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Д.Нтай маргалдан, улмаар биед нь халдаж, хутгаар хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Г нь гэм буруугийн талаар маргахгүй” гэсэн тайлбар хийж, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, мөн шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Д.Нтай “мөнгөний асуудлаар” хоорондоо маргалдан, улмаар эрүүл мэндэд нь халдаж, зүүн өгзөгт нь хутгаар хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр Гтай мөнгөний асуудлаас болоод ...хэрэлдсэн. Г уурлаад ...гараад явсан. Шөнө 04 цагийн үед ...Г согтуу байсан. ...хажуу айл руу гүйж орсон. Гаас араас ...орж ирсэн. ...чи яагаад айлд орж ирээд байгаа юм гээд бөгс рүү цохих шиг болоход би орон дээр унасан. Бөгснөөс халуу дүүгээд байхаар нь гараараа бариад үзэхэд цус гарсан байсан. ...70 орчим настай эмээ манай нөхөр Гыг миний хүү хутгаа өгчих, болохгүй шүү дээ гэж хэлэхэд Г хутгаа өгсөн. Тухайн үед цус ихээр гарч байсан. ...Би өөрөө Түргэн тусламж дуудаж, эмнэлэг дээр ирж шархаа цэвэрлүүлээд оёдол тавиулсан. Намайг хутгалсан гэх хутга нь жижиг бор иштэй хутга байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

-Гэрч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н манайд ... нөхөр согтуу байна, айгаад байна, энд жаахан суучихъя гээд байж байтал Г ...гаднаас орж ирсэн. ...хоорондоо маргалдаад, эхнэрээ барьж аваад гараараа далайгаад цохиод байсан. Нөхөр Г нь гэнэт гартаа хутга барьсан байсан. ...гараас нь хутгыг нь аваад ширээн дээр тавьсан. Орны хөнжил цус болчихсон байхаар нь хүүе энэ чинь юу болж байна гэтэл гэнэт цус гараад эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 04 цаг 45 минутын үед Д.Г “та манайд хүрээд ир” гэхээр нь би “чи согтуу байгаа юм уу” гэж асуухад “би Ныг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би Гын гэрт очиход тэдний гэрт түргэн тусламж ирж таараад Ныг үзээд Гэмтлийн эмнэлэг авч явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

-Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...эгч над руу залгаад “чи яагаад эхнэрээ хутгалж байгаа юм, хүрээд ир” гэж хэлсэн. Би эхнэрээ айлгах гэж байсан юм болов уу гэж бодож байна. Би хөдөө авч явдаг байсан жижиг бор эрээн иштэй хутгаараа хутгалсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12693 тоот “...Д.Нын биед зүүн өгзөгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6067 тоот “... Шинжилгээнд ирүүлсэн бор хар алаг өнгийн 7 см иштэй, 16 см урттай хар өнгийн хуйтай хутган дээр цус илэрсэн. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 122-124 дүгээр тал),  

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4433 тоот “....Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмдөнд зүсэгдэлт хурц иртэй, мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, ханзралт, цооролт, гогодолт гарсан байна. ...Саарал өмдөнд гарсан зүсэгдэлт, ханзралт, цооролт шинээр гарсан байна. Саарал өмдөнд гарсан зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-39 дүгээр тал), 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7 дугаар тал),

-2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн “...хураан авсан 17 см урттай, 9.5 см ажлын хэсэгтэй, 7.5 см хар бор алагласан бариултай хутга, хутганы ажлын хэсэг, бариул хэсгийн зарим газарт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. ...” гэсэн хэсэг, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 103-104 дүгээр тал),

-Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 92-93 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 81-82 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 83-91 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Г нь хутга хэрэглэж  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тухайн үед үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Д.Г нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Гыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Нын бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Д.Н нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ “Д.Гтай хамт амьдарч байгаа, түүнийг уучилсан, гомдол санал байхгүй” /хх-130/ гэсэн байх бөгөөд хохирогч Д.Нын “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч тодорхой хэмжээний өмч, хөрөнгөтэй, түүний дансны хуулгаар 2 сарын хугацаанд орлого олсон байна. Иймээс улсын яллагчийн гаргасан саналаар ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдэж байсан байх боловч нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцүүлэн шүүгдэгч Д.Гын зэвсэг хэрэглэн хүний биед халдсан гэмт хэрэг үйлдэгдсэн шинжийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 17 см урттай, 9.5 см ажлын хэсэгтэй, 7.5 см хар бор алагласан бариултай нэг ширхэг хутга, хар ногоон өнгийн марль нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг  тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Дийн Гыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Н нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 17 см урттай, 9.5 см ажлын хэсэгтэй, 7.5 см хар бор алагласан бариултай нэг ширхэг хутга, хар ногоон өнгийн марль нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА