| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2021/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/82 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Д.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Имжгаадан овогт Долгорын Отгонжаргалд холбогдох эрүүгийн 2010000001105 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Имжгаадан овогт Долгорын Отгонжаргал /РД:АЕ79062770/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Отгонжаргал нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 55 дугаар байрны доор байрлах авто зогсоолд хаалтын ажил гүйцэтгэж байхдаа А.Тогтохтой зогсоолоос машин гаргасангүй, хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдан толгой, нүүрэн тус газар нь бахиар хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зулай, зүүн чихний дэлбээнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2010000001105 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/
Хохирогч А.Тогтохын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Гэрч А.Уртбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 13422 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Отгонжаргалын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.Отгонжаргал нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 55 дугаар байрны доор байрлах авто зогсоолд хаалтын ажил гүйцэтгэж байхдаа хохирогч А.Тогтохтой “зогсоолоос машин гаргасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийн толгой болон нүүрэн тус газарт гараараа болон барьж байсан бахиар цохисны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зулай, зүүн чихний дэлбээнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/
Хохирогч А.Тогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өглөө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 55 дугаар байрны 19 тоотод гэртээ унтаж байтал 09 цаг 50 минутын орчимд миний утсанд 93110201 гэсэн дугаараас дуудлага орж ирсэн. Манай байрны Сууц өмчлөгчдийн хорооны дарга Ганбаатар гэдэг хүн “таны гарааш хууль бус байна. Гараашийг түгжих гэж байна” гэж хэлсэн. Би гарааш руу буугаад очтол 2 хүн гагнуурын аппарат тавьчихсан зогсож байсан. Би “та нар ямар учиртай хүмүүс вэ? Хорио цээрийн үед бүх ажлыг хорьсон байхад барилгын ажил хийнэ гээд байдаг юм” гэхэд өндөр залуу нь “миний хэн байх чамд ямар хамаатай юм бэ? гэсэн. Би худалдаж авсан гарааш буюу 8 дугаартай зогсоол дээр миний эзэмшлийн 17-30 УНЛ улсын дугаартай Мерседес Бенз машин байсан. Би “машинаа хөдөлгөхгүй” гээд явах гэтэл тэр өндөр залуу нь “чи юундаа азаргалаад байгаа юм бэ? гээд гартаа барьсан төмөр бахиар үгийн зөрүүгүй шууд толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгэхээр нь би зугтааж гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирж бид нарыг цагдаагийн хэлтэс дээр дагуулж ирсэн. 55 дугаар байрны доор байрлах 08 дугаартай гараашийг 2017 онд тус байрыг авахдаа цугт нь авч байсан юм. Гэрчилгээ нь миний төрсөн эгч Аниа овогтой Оюунцэцэг гэдэг хүний нэр дээр байдаг юм. Мөн байрны ордер нь А.Оюунцэцэгийн /99091123/ нэр дээр байдаг. Энэ зогсоолыг 3 дахь жилдээ эзэмшиж байгаа. ...Намайг цохиулж байхад цуг ажиллаж байсан намхан залуу харж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Гэрч А.Уртбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 55 дугаар дулаан зогсоолд хаалтын ажил хийхээр болж Отгонжаргалын дуудсанаар ирсэн юм. Бид ажлаа эхлэхээс өмнө Сууц өмчлөгчдийн хорооны дарга гэх хүнтэй уулзаж нийт 8 зогсоолд хаалт хийх байсан тул уг зогсоолд байрлуулсан машины эздийг нь дуудаад өг гэж хэлсэн. Д.Отгонжаргал бид хоёр ажлаа хийгээд байж байтал №8 дугаартай зогсоол дээр машинаа байрлуулсан гэх эрэгтэй хүн жаахан уцаартай хүрч ирээд “та нар юун хүмүүс вэ?” гэхээр нь би Д.Отгонжаргалыг зааж өгсөн. Гэтэл урдаас “та нар май гэж удирдлагууддаа хэл” гэж байсан. Гэтэл Д.Отгонжаргал “та удирдлагуудтай яриад учраа олоодох” гэж хэлтэл тэр хүн гарах гэж явж байгаа харагдсан. Тэгснээ гэнэт буцаж эргээд “миний эд хөрөнгөнд халдлаа” гээд гараараа Д.Отгонжаргалын нүүрэн тус газарт цохиж авч байгаа харагдсан. Тэр 2 барьцалдаад авахаар нь би салгах гэж очтол Д.Отгонжаргал нь зөрүүлж цохиж байгаа харагдсан. Гэтэл удалгүй тэр залуугийн зүүн талын нүднээс цус гарч байгаа харагдсан. Тэр хүн “цагдаа дуудна” гээд гараад явчихсан. Удалгүй цагдаа нар ирж Д.Отгонжаргал болон нөгөө эрэгтэйг дагуулж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 13422 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. А.Тогтохын биед тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зулай, зүүн чихний дэлбээнд шарх тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Отгонжаргал нь хохирогч А.Тогтохын толгой, нүүрэн тус газарт гараараа болон барьж байсан бахиар цохисны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зулай, зүүн чихний дэлбээнд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Отгонжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй боловч “хохирогчийг бахиар цохиогүй” гэсэн тайлбар гаргав.
Хохирогч А.Тогтохын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “хохирогч А.Тогтохын биед учирсан дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт, хохирогч А.Тогтохын “...гартаа барьсан төмөр бахиар толгойн тус газарт хэд хэдэн удаа цохиж авсан” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Д.Отгонжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Тогтохын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх учиртай.
Хохирогч А.Тогтох нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой КТГ-ын оношилгоо, шинжилгээ хийлгэсэн зардалд 100.000 төгрөгийн баримт ирүүлсэн байна.
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу хохирогч А.Тогтохын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд зарцуулсан 100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч Д.Отгонжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэх хугацаа тогтоов.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Отгонжаргалд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Отгонжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Имжгаадан овогт Долгорын Отгонжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Отгонжаргалаас 100.000 төгрөг гаргуулж хохирогч А.Тогтоход олгосугай.
5. Хохирогч А.Тогтох нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Отгонжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Отгонжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР