Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 716

 

М.Уламбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00039 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Уламбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “АГМ майнинг” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Уламбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс гадаадын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. “АГМ майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пак Тэ Гүю нь “Б.Батням шүүхэд гомдол гаргасан байна, өмгөөлөгч Г.Баяржаргал, Б.Батням нар гэрээ нуусан, 8 дугаар сарын 26-ны гэрээг хэн ингэж бич гэж зааварчилснийг хэл, шүүхэд өгнө, ажлаас хална” гэж намайг 2 cap шахам хугацаанд шахаж дарамтлан, өргөдөл бичүүлж хууль бусаар ажлаас чөлөөлсөн. “АГМ Майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пак Тэ Гүю нь 2015 оны 2 сард томилогдсон үеэсээ эхлэн Монголчуудыг хардаж, сэрдэн, өмнөх удирдлагын үйл ажиллагааг үндэслэлгүй шүүмжлэн, өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан биднийг байнга сэтгэл санаагаар дарамталж, бүгдийг нь халсангүй гэж байнга буруутгаж, ажилчидтай зүй бусаар харьцаж сүрдүүлэн дарамталдаг байсан. Ингээд 2015 оны 3 сараас 2016 оны 6 cap хүртэлх хугацаанд 20 шахам хүнийг ажлаас халж, зардлаа хэмнэх үүднээс хөрөнгө оруулагчийн шаардлагаар хийсэн гэж тайлбарлаж байсан.

2016 оны 4 сараас эхлэн намайг дарамталж загнасаар байгаад 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хурал хийн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичүүлж авсан. Намайг халсан асуудал нь дараах үйл явдлаас үйдэлтэй. 2015 оны 3, 4 сард “АГМ Майнинг” ХХК-ийн 2012-2014 онуудад хөрөнгө оруулалтгүй үед үүссэн их хэмжээний бараа, ажил, үйлчилгээний өглөгийг шийдвэрлэхийн тулд дансны өглөгийн мэдээллийг Санхүүгийн захирал Пак Тэ Гүю, гүйцэтгэх захирал Б.Батням, нягтлан бодогч нар гаргаж, хөрөнгө оруулагч болох “Партрон” компанийн удирдлагуудад танилцуулан батлуулснаар хөрөнгө оруулагчид өглөгийг барагдуулах шийдвэр гаргасан. Харин би өглөг хаасан тухай загварыг боловсруулж “АГМ Майнинг” ХХК болон хөрөнгө оруулагч “Партрон” компанийн удирдлагуудад танилцуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд “АГМ Майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батням болон санхүүгийн захирал Пак Тэ Гүю нар манайхаас авлагатай компанийн удирдлагуудтай уулзан, төлбөрийн эцсийн дүнг тохиролцож, М.Уламбат би өглөг хаасан тухай актыг компьютерт шивж хэвлэн гаргаж “АГМ Майнинг” ХХК-ийн санхүүгийн захирал Пак Тэ Гүю нар гарын үсэг зурж, тамга даран актыг баталгаажуулж байсан. Яг л энэ журмаар 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг “Глобал Дилл” ХХК-ийн өглөг хаасан тухай актыг би бэлдэж өгснөөр талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан. Энэ үйлдэлд намайг буруутгаж байгаа. 2016 оны 4 сард гүйцэтгэх захирал Б.Батнямыг компанид хохирол учруулсан хэмээн ажлаас чөлөөлсний дараа 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Пак Тэ Гүю нь хүний нөөцийн ажилтан Г.Цээнэр, санхүүгийн ажилтан н.Ганжигүүр нарын хамт намайг дуудаж уулзан “Чи Б.Батнямтай үгсэн хуйвалдаж компаниас мөнгө завшсан байна, “Глобал Дилл” ХХК-тай 2015 оны 5 cap болон 8 сард байгуулсан 2 гэрээний талаар мэдэж байсан уу” гэж асуусан. Би “Эдгээр гэрээний талаар мэдэхгүй, гэрээний нөхцөл, агуулгатай танилцаж байгаагүй, ямар нэгэн байдлаар компаниас мөнгө төгрөг завшаагүй” гэж албан ёсоор мэдэгдсэн. Энэ үед Пак Тэ Гүю “Нэгэнт Б.Батням явсан учир чи юу бодож байна, ажлаас гарна биз дээ” гэж шахаж дарамталсан. Би хэдийгээр Б.Батнямтай ойр дотно байдаг хэдий ч хөдөлмөрийн гэрээгээ “АГМ Майнинг” ХХК-тай байгуулсан учир цааш ажиллана гэдгээ хэлсэн. Тэгвэл “Глобал Дилл” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн талаар тайлбар бичиж өг гэсэн тул арга буюу хэлсэн зүйлийг нь нэгд нэгэнгүй бичиж гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Уулзалтын тэмдэглэлийг Г.Цээнэр хөтөлсөн ба надад хуулбар өгөөгүй. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүний нөөцийн менежер Г.Цээнэр, захирлын туслах Ч.Энхтулга, хуулийн зөвлөх Э.Одгэрэл нарыг оролцуулан хурал хийж “2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн “Глобал Дилл” ХХК-ийн өглөг хаасан актыг чи алдаатай бичиж өгсөн. Нийт 240,0 сая гаруй төгрөгийн өглөгтэй байсан. Энэ дүн нь 2 гэрээнд хамааралтай байхад актан дээр чи зөвхөн нэг гэрээг дурдсан байна. 2013 оны 5 сард болон 8 сард байгуулсан 2 гэрээ байхад чи зөвхөн нэг гэрээг буюу 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг л бичсэн байна. Хэний заавраар ингэж хийснээ хэл” гэж шаардсан. Ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өг гэж дарамталсан. Бичиж өгөхгүй бол Б.Батнямтай хамт шүүхэд өгнө, хэрэв хүсэлтээ бичиж өгвөл шүүхийн асуудалгүй, тэтгэмжийг бусад халагдсан ажилчдын жишгээр шийдэж өгнө гэж шахаж шаардсан. Би санаатай болон санамсар болгоомжгүй ямар нэгэн алдаа гаргаагүй талаараа хэлээд ойлголцож чадаагүй, шахалт дарамтанд орсон тул арга буюу түүний хэлсэн үг үсгээр ярьж хэлсэн болоод тэмдэглэл хөтлөгдөж, гарын үсэг зурснаар асуудал дууссан. Угаасаа хэзээ халагдах бол гэсэн сэтгэлийн шаналлаар мөн ямар ч холбогдолгүй хэргээр шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн тул надад энэ саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад сүүлд нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр оновчтой гарц байгаагүй. “Ингэж ингэж бичээд гарын үсэг зурвал 3 сарын тэтгэмж олгоно” гэж тодорхой нөхцөл тавьж дарамтлан миний мэдэхгүй зүйлийг бичүүлж аваад гарын үсэг зуруулж, тухай бүр нотариат руу явуулж батлуулж авсан, нотариатын мөнгийг компани төлж байсан зэрэг нь намайг дарамтанд орсныг нотлоно. Би ямар нэгэн баримттай болохын тулд бүх шаардсан үйл ажиллагааг нь хийж байсан. Үүний үр дүнд хамааралтай, баримтаа олж авсан. Шүүхэд гомдол гаргах гэтэл ямар нэгэн тушаал шийдвэр байгаагүй тул ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16-30 дугаартай тушаалыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээж аваад гомдол гаргаж байна. Байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахыг хориглодог хуулийн заалтыг зөрчиж надтай хугацаатай гэрээ байгуулсан. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 31 612 650 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “АГМ Майнинг” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Уламбат нь 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс манай компанитай Хөдөлмөрийн гэрээ байгуулан үйл ажиллагаа хариуцсан захирал, гадаад харилцааны менежер зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн. хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу 1 жилийн хугацаатайгаар байгуулж, жил бүр гэрээний сунгалт, өөрчлөлтийг бичгээр хийж баталгаажуулдаг байсан. Ажил гүйцэтгэх хугацаанд ч цалин хөлс, нийгмийн даатгал зэргийг хууль болон гэрээгээр тохиролцсон хувь хэмжээгээр тухай бүр төлж ирсэн. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр М.Уламбатын “үүрэгт ажлаасаа сайн дураар чөлөөлөгдөх тухай” хүсэлт гаргасныг хүлээн авч 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16-30 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д даасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан нь байх бөгөөд ор үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халагдсан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар “АГМ Майнинг” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 31 612 650 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай М.Уламбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00039дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхээс М.Уламбат нь ажил олгогчийн зүгээс шахалт дарамтад орж ажлаас сайн дураар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Зүгээр ажлаа хийж байгаа хүнийг дарга нь байн байн дуудаж хурал хийж , өөрийнх нь мэдэхгүй зүйлийг мэдэх ёстой гэж шахаж, тулгаж улмаар Солонгос захирлын хүссэн зүйлийг бичиж, Солонгос захирлын шаардсанаар нэг хүн дагаж явж нотариатаар гэрчлүүлэн баримт болгон авч байгаа үйлдлийг шахалт дарамт гэж үзэхгүй байгаа шүүхэд маш их гайхаж байна.

Шүүгч хүн өөрөөө ажлын байрын дарамтад орж байгаагүй болохоор энэ байдлыг ойлгохгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай УДШ-ийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 14 дүгээр зүйлд “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж заасан байна.

Гэтэл М.Уламбатыг ажлаас халагдах өргөдлөө бичиж өг, өгөхгүй бол н.Батням захиралтай хамт шүүхэд өгнө, өргөдлөө сайн дураар бичиж өгвөл тэтгэмж өгнө гэх зэргээр элдвээр оролдож, аргадаж, тэгээд хурал хийгээд тэмдэглэл бичээд гарын үсэг зуруулаад байгаа нь зүй бус нөлөөлөл юм. Түүнээс гадна “АГМ майнинг” ХХК нь байнгын ажлын байран дээр үргэлж хугацаатай гэрээ байгуулаад байгаа нь хууль зөрчиж байгаа ба ажилтныг мөн хугацаатай гэрээгээр шахаж дарамталж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Уламбат нь хариуцагч “АГМ майнинг” ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийг /Пак Тэ Гюү захирал удирдаж, ажилтан Г.Цээнэр хөтөлсөн/ хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 181/ШЗ2016/03280 тоот захирамжаар хүсэлтийг хангаж, дээрх баримтыг тус шүүхэд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор ирүүлэхийг хариуцагч “АГМ майнинг” ХХК-д даалгасан байх боловч хариуцагчаас уг захирамжид заасан нотлох баримтыг ирүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.6 дахь хэсэг зөрчигдсөн гэж үзнэ. /хэргийн 30-31 дүгээр тал/

 

Мөн хэрэгт авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 12, 5 дугаар сарын 30-ны өдрийн “Уулзалт, ярилцлагын тэмдэглэл” гэх баримтуудын хуулбар нь нотариатчаар гэрчлүүлсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг шүүх зөрчжээ.

/хэргийн 6-11, 48-49 дүгээр тал/

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/00039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

 

                                               ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

     С.ЭНХТӨР