Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                            Хэргийн индекс: 114/2018/0029/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа  даргалж,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойномыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хороолол, Россия зочид буудалд байрлах ‘‘Гобитекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр хууль бусаар үүсгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2003020142 дугаартай бүртгэл, Улсын бүртгэлийн 000429400 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                           Б.Ц,

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                В.В.Б

                                                                                                         

            Орчуулагч:                                                                             Л.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ийн захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Дархан-Уул аймаг /Дархан хот/-т аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2005 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сум 4-р баг 22 дугаар хороололд орших үл хөдлөх эд хөрөнгөнд их хэмжээний хөрөнгө оруулалт засан сайжруулалт хийж эзэмшиж ирсэн.

Гэтэл манай эзэмшиж буй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр 000429400 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ олгон, өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2003020142 дугаарт бүртгэсэн байна.

Аливаа иргэн, хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан мэдээллийг тусгаж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 5-д заасан баримт бичгийг хавсаргасан байхаар хуульчилсан.

Гэвч Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн барилгыг Оросын Холбооны Улсын өмчлөх эрхтэйг баттай нотолсон бичгийн баримт болон тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг Оросын Холбооны Улсад эзэмшүүлсэн гэх газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байхад эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчин Оросын Холбооны Улсад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож улсын бүртгэл үүсгэсэн нь манай компанийн илээр шударгаар эзэмшиж үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг зөрчих, оруулсан хөрөнгө оруулалт үнэгүйдэх, өмчлөгч гэх этгээд биднийг хууран мэхлэх төөрөгдүүлэх нөхцөлд хүргэх зэргээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчигдөхөд хүргээд байна.

Манай компанийн зүгээс энэ асуудлаар дээд шатны байгууллага болох улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдол гаргасан бөгөөд улмаар тус газраас 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 7/433 албан бичгээр хариу өгөхдөө ‘‘… бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй. ... хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй’’ гэх хариуг ирүүлсэн болно.

Дээрх хариунаас үзвэл өмчлөгч гэх этгээд нь Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 22 дугаар хороололд орших 6 дугаар байрны өмчлөгчөөр бүртгэгдэж байсан боловч улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн хувийн хэргийг Дархан-Уул аймагт шилжүүлэх үед манай компанийн эзэмшиж байгаа ‘‘Россия’’ зочид буудлын барилга /хуучнаар 12 дугаар байр/-ыг 6 дугаар байр мэтээр баримт бүрдүүлэн бүртгэлийн байгууллагыг төөрөгдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан болох нь илэрхий байна. Иймд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр хууль бусаар үүсгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020142 дугаартай бүртгэл, улсын бүртгэлийн 000429400 дугаар бүхий гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-с шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Y-2003020142 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр багт байрлах 4565.0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны улс Монгол Улсын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, Дархан хотын АДХГЗ-ны 1971 оны 11 тоот тогтоолыг тус тус үндэслэн Y-2202005426 дугаарт Оросын Холбооны Улсын өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 1809 тоот тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Y-2202005426  дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг харьяаллын дагуу бүртгэж, шинээр улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвшөөрсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улс буюу ФГУП” ГОСЗАГРАНСОБСТВЕННОСТ”-ын Алс Дорнодын Бүс Нутаг Улсын орнуудын төлөөлөгч С.С.Ж-н гаргасан мэдүүлэг хүсэлтээр харьяаллын дагуу эрхийн улсын бүртгэлийн Y-2003020142  дугаарыг шинээр олгон эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь “Гобитекс” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 Улсын бүртгэлийн Y-2003020142 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр багт байрлах 4565.0 мкв талбайтай орон сууцны зориулалттай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Оросын Холбооны Улсын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, улмаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх нь сэргэх буюу уг үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдэх нь хууль зүйн хувьд боломжгүй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаар өөрийн эрх зөрчигдсөн тохиолдолд захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэх журамтай. Гэтэл нэхэмжлэгчийн ямар, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна.

2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын  2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1809 дугаар тушаал, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.7-д заасныг тус тус үндэслэн эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах бүртгэлийг хөтөлсөн, хуулийн дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өмчлөх эрх түүнтэй холбоотой улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  өмчлөх эрхтэйг баттай нотолсон бичгийн баримт болон тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг Оросын Холбооны Улсад эзэмшүүлсэн гэх газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй байхад өмчлөх эрхийн гэрчилгээ олгож бүртгэл үүсгэсэн гэж нэхэмжлэл дээр дурдсан байсан ба энэ 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн бүртгэл маань анхны бүртгэл биш тухайн орон сууцны анхны бүртгэлийг Улаанбаатар хотод бүртгэсэн байсан, түүнийг харьяаллын дагуу шилжүүлсэн учраас бүртгэлд өөрчлөлт оруулсан, анхны бүртгэлд өөрчлөлт оруулсан тул 13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлагыг заавал хангах шаардлагагүй гэж үзэн бүртгэж, гэрчилгээг олгосон нь хууль зөрчөөгүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй гэж зааснаар Оросын Холбооны улс нь баримт бичгийг үнэн зөвөөр гаргаж өгсөн байгаа гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах орон сууцны 6 дугаар байр нь Оросын Холбооны Улсын өмч бөгөөд хоёр улсын Засгийн газрын гэрээ протоколын дагуу 1971 онд баригдсан барилга юм. Бүртгэлд орсон энэхүү Оросын Холбооны Улсын үл хөдлөх эд хөрөнгийн объектын бүртгэл нь 1999 оны 11 сарын 02-ны өдрийн Оросын Холбооны Улсын төрийн өмчийн сайдын орлогч дарга Мамигонов В.Г, гадаад хэргийн яамны сайдын орлогч дарга Сергеев И.И болон Монгол улсын төрийн өмчийн хорооны дарга н.Зоригт, төрийн нарийн бичгийн дарга н.Очиржав нарын хоорондын ажлын уулзалтын протоколоор баталгаажуулсан талуудын хүрсэн тохиролцоонд нийцүүлэн явагдсан бөгөөд 2000 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6774 тоот Оросын Холбооны Улсын гадаад хэргийн яамны нот бичигт заагдсан үйлчилж байгаа хууль тогтоомжийн актын үндсэн дээр Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын үл хөдлөх эд хөрөнгө болон Оросын Холбооны Улс дахь Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийг цогцолбороор нь бүртгүүлэхээр болсон ба бүртгүүлэх үед шаардлагатай бичиг баримтыг 1997 оны хэвлэлд бүртгүүлэх тухай хуулинд бүрэн тусгасан байгаа. Газрын тухай асуудал бол 1971 оны Засгийн газар хоорондын протокол байгаа бөгөөд олон улсын гэрээний тухай Венийн конвенцийн дагуу батлагдаж хүчин төгөлдөр болсон. Оросын Холбооны Улсын өмчийн, эзэмшлийн талаар урьд өмнө нь ийм эргэлзээтэй асуудал гарч байгаагүй. Энэхүү эзэмшлийн тухай асуудал нь Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн зарлигаар, өмчийн эрхийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр баталгаажсан мөн засгийн газрын тогтоолоор болон Оросын Холбооны Улсын хэрэг эрхлэх газрын хилийн чанд дахь өмчийн газрын бусад акт баримт бичгүүдээр баталгаажиж байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд Монгол улсын засаг захиргааны болон бусад акт бичгүүдийн хүрээнд өөрийгөө энэ өмчийн эзэмшигч гэж үзэж байгаа нь буруу юм. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь гадаадын улс орны төрийн өмчийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд зөрчигдөөгүй, зөрчих боломжгүй юм. Энэ тохиолдолд зөвхөн эзэмшигчийн эрх зөрчигдөх биш хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж байгаа бусад түрээслэгчийн эрх нь зөрчигдөх эрхийн асуудал яригдах юм.

 Нэхэмжлэгч нь түрээслэгчийн үүргээ удаан хугацаанд биелүүлээгүйн улмаас бидний зүгээс түрээслэгчийн тодорхой эрхийг хязгаарласан. Нэхэмжлэгч өөрийн яг ямар эрх нь зөрчигдөөд байгааг тодорхой тайлбарлаж гаргаагүй байна. Нэхэмжлэгч тухайн объектод засвар үйлчилгээ хийсэн талаар ярьж байгаа бөгөөд энэхүү асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Гэрээнд заасны дагуу анх түрээслэн авсан объектыг засварлах хамгаалах нь тэр хүний үүрэг юм. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага энэ байдал улсын бүртгэлтэй огт хамааралгүй, хоёр улсын эд хөрөнгийн асуудлыг ингэж хольж хутгаж байгаа нь буруу. Эд хөрөнгийн бүртгэл нь 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн бөгөөд 22850 тоот өмчийн эрхийн гэрчилгээгээр баталгааждаг. Оросын Холбооны Улсын объектын бүртгэлийг талуудын хэлэлцээрийн дагуу цогцоор нь Улаанбаатар хотод Улсын бүртгэлийн ерөнхий газарт хийгдсэн. Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд үүсгэн байгуулсан үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгө болон газрын асуудлыг дахин хянаж хэлэлцээд энэхүү объектыг Улаанбаатар хотын Улсын бүртгэлийн ерөнхий газраас урд нь бүртгүүлсэн Дархан-Уул аймагт орших Оросын Холбооны улсын объектуудыг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлд шилжүүлж, хуулийн дагуу дахин бүртгэл хийгдсэн бөгөөд шинээр бүртгэл хийгдээгүй юм. Анх 1999 онд бүртгэлд бүртгэсэн бөгөөд энэ хугацаанаас хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн байх ба энэ хүний гомдол гаргах хугацаа нь дууссан байна.

Нэхэмжлэгч байрны номер дугаар дээр маш их будлиж байгаа ба өөр байрыг 6 дугаар байр мэтээр баримт бүрдүүлэн бүртгүүлсэн гэж байна. Байрны номер солигдсон нь түүнд огт хамааралгүй асуудал, “Гобитекс” ХХК-тай хийсэн түрээсийн гэрээн дээр тодорхой байрны дугаар нь бичигдсэн байгаа. Нэхэмжлэгчийн зорилго бол объектын эзэмшигчийг өөрчилж өөрийн болгож авах зорилготой үйлдэл байна гэж үзэж байна.

Тухайн объектыг 2005 онд “Гобитекс” ХХК нь түрээсэлж эхэлсэн. 2015 онд гэрээний үүргээ санаатайгаар биелүүлээгүйн улмаас удаа дараа шаардлага хүргүүлээд, хоёр жилийн хугацаанд харж хүлээсэн ба аргагүйн эрхэнд гэрээг  автоматаар цуцалсан бөгөөд тэр үед тухайн байр аваарын байдалтай /хүн орохын аргагүй, хаалга цонхнууд нь хугарч хагарсан, дулаан болон халуун хүйтэн усгүй хаалгачихсан байсан/  байрыг хүлээлцэхэд нөгөө талаас нэг ч хүн ирээгүй. Бид дараагийн түрээслэгчтэй хамтарч байраа засаж авсан. Одоо зарим хэсэг нь ашиглагдахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ‘‘Гобитекс” ХХК ньАймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр хууль бусаар үүсгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2003020142 дугаартай бүртгэл, Улсын бүртгэлийн 000429400 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн  хэлтэс нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020142 дугаарт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хороололд орших /2821 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 5 давхар тоосгон барилга/ 6 дугаар байрны хууль ёсны өмчлөгчөөр Оросын Холбооны Улсыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429400 дугаартай гэрчилгээг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр олгосон байна.

 Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /тухайн үеийн нэрээр/ нь өмчлөгчийн эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлийн Ү-2202005426 дугаарт Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд орших  /орон сууцны зориулалттай, 5 давхар тоосгон барилга/ 6 дугаар байрыг 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Оросын Холбооны Улсын өмчөөр бүртгэж, өмчлөх эрхийн 22850 дугаар гэрчилгээ олгосон байх бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1809 дугаар тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005426 дугаар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 22850 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хувийн хэргийн цаасан суурьт нотлох баримтыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Гуравдагч этгээд Оросын Холбооны улс нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хуулийн этгээд/, ФГУП “Госзагрансобственность”-ын алс дорнодын бүс нутаг улс орнуудын төлөөлөгчийн 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 153/16 дугаар “Оросын Холбооны улсын өмчлөлд буй 4564 м.кв талбай бүхий 5 давхар орон сууцны 6 дугаар байрны барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчлэн авах тухай” албан бичиг, бусад холбогдох материалуудыг хавсаргаж Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийн тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “мэдүүлэгт ...дараах баримт бичгийг хавсаргана”, 13.9-д “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй...” гэж заасантай нийцсэн ба хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс “манай компанийн эзэмшиж байгаа ‘‘Россия’’ зочид буудлын барилга /хуучнаар 12 дугаар байр/-ыг 6 дугаар байр мэтээр баримт бүрдүүлэн бүртгэлийн байгууллагыг төөрөгдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан” гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд энэхүү байрыг Улаанбаатар хотод Улсын бүртгэлийн Ерөнхий газар /хуучнаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар/ нь бүртгэсэн байсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1809 дугаар тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202005426 дугаар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 22850 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосноор хариуцагч Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Оросын Холбооны улсаас гаргасан хүсэлт, холбогдох материалуудыг үндэслэн Дархан сумын 4 дүгээр багт орших орон сууцны зориулалттай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Оросын Холбооны улсын өмч гэж Ү-2003020142 дугаарт бүртгэж, 000429400 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр олгосныг хууль бусаар өмчлөх эрхийг үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэхүү 6 дугаар байрны хаяг өөрчилсөн болон хаягийн хөдөлгөөний талаар Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол шийдвэр гараагүй болох нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2018 оны 10 дугаар сарын 09-ний 2-137 дугаар албан бичиг, Дархан сумын 4 дүгээр багийн Засаг дарга П.Б нарын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд мөн 4 дүгээр багт байрлах 6 дугаар байр /төөрөгдүүлсэн гэх/  нь Монгол улсад шилжигдсэн, оршин суугчид нь тус байраа өмчилж өмчлөлийн гэрчилгээ олгогдсон байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн 22 дугаар хорооллын нутагт байрлах 6 дугаар байрны /12 дугаар байр/ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2202005426 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 150 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 240 дүгээр тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч маргаан бүхий орон сууцыг харьяаллын дагуу бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харьяалал өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчимд тус тус нийцжээ.

Нэхэмжлэгч “Гобитекс” ХХК нь Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дэргэдэх “Хилийн чанад дахь Өмчийн газар” Холбооны Засгийн газрын үйлдвэртэй 2006 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 524 дугаар “Түрээсийн гэрээ” байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд орших 2821,25 м.кв талбайтай 6 дугаар байрыг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан, уг үл хөдлөх эд хөрөнгөнд 2006 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Гобитекс” ХХК-тай байгуулсан 524 дугаар түрээсийн гэрээ бүртгэлтэй байгаа, энэхүү 6 дугаар байрыг /оршин суугчдын нэрлэдгээр 12 дугаар байр/ нэхэмжлэгч нь түрээсэлдэг байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, эрхийн улсын бүртгэлийн хэлтэст 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Гобитекс” ХХК-ний захирал Х.Батбаатарын гаргасан мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна

Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч “Гобитекс” ХХК нь тухайн 6 дугаар байрыг түрээсэлж байсан байх бөгөөд хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааны улмаас түрээслэгч “Гобитекс” ХХК-ний Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, Дархан сумын 22 дугаар хороололд орших 6 дугаар байрны өмчлөгчөөр Оросын Холбооны улсыг бүртгэж, өмчлөгчийн эрхийг баталгаажуулан улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон, түүнийг үндэслэн орон сууцны хаягийн өөрчлөлт хийсэн бүртгэл нь уг орон сууцыг түрээсээр эзэмшиж байсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эрх нь зөрчигдөж байгаа гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд орших 6 дугаар байр нь Оросын Холбооны Улсын өмч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Оросын Холбооны Улсын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороололд орших 6 дугаар байрыг улсын бүртгэлд  бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд маргаан бүхий Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ү-2003020142 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, 000429400 дугаар гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Б.Б /шүүх хуралдаанд өөрөө ирсэн байсан/ нарт шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-аас “нэгэнт хавтаст хэрэгт хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/  5 дугаар зүйлийн 5.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гобитекс” ХХК-ний захирал Х.Б-ын Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсын нэр дээр хууль бусаар үүсгэсэн эрхийн улсын бүртгэлийн Y-2003020142 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429400 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.НАРАНТУЯА