Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

 

 

 

 

 

      2021         01            07                                         2021/ШЦТ/23

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Б...............н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Баглун овогт Б.............агийн Б...............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 0000 00419 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Баглун овогт Б.............агийн Б...............н, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэнхэр суманд 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн харцага цолтой, Архангай аймгийн “Бөх бэлэгт” дэвжээнд харьяалагддаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг................. түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .........................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Б...............н нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун замд “Toyota Prius” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс О.Ц..............л жолоочтой “Toyota Prius” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Б.О.................рын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Toyota Prius” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.095.000 төгрөгийн шууд, 3.175.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСLJ12782273 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн 2020.10.16 12:19:16...дуудлага хүлээн авсан. 2020-10-17 12:19:16...” гэх баримт (хавтаст хэргийн 18),

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын баруун талын талд мөргөсөн...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10),

3. Хохирогч Б.О.................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутын үед би найз О.Ц..............лын хамт ................. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины урд суудалд жолоочийн хажууд суугаад Ц..............л автомашинаа жолоодоод бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун талын шинэ замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас нэг Toyota Prius-20 маркийн автомашин дохио өгөлгүй гэнэт урдуур эргэж орж ирээд мөргөлдсөн. Мөргөлдөх үед би зүүн гараараа хаалганы дээд бариулаас барьсан байсан ба гараа юманд цохиод хугалсан. ...Эмчилгээнд гарсан бүх зардлыг буруутай жолооч гаргасан байгаа ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

4. Гэрч О.Ц..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би ................. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашин жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын баруун талын шинэ зам дээр ертөнцийн урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас нэг Toyota Prius-20 маркийн автомашин гэнэт дохио өгөлгүй урдуур эргээд ороод ирсэн би тэр машиныг хараад тоормосоо гишгээд мөргөлөөд цааш яваад нэг төмөр шонг мөргөөд зогссон. Манай найз О.................р миний хажууд сууж явсан би зүүн гарын атгаал яс хугарсан байсан...Жолооч Б...............н 3.175.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Уг автомашиныг янзлуулаад эзэнд нь өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32)

5. Гэрч Д.О..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эзэмшлийн Toyotoa Prius-30  маркийн 8528 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун талын шинэ зам дээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байсан. Тэгтэл миний урд явж байсан машины урд талын саарал өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар луу ордог туслах зам руу дохио өгөлгүй зүүн гар тийш эргээд ороход эсрэг урсгалаас чигээрээ явж байсан боронзон өнгөтэй Toyota Prius-20 маркийн автомашин баруун гар тал руугаа зайлуулж дараад тэр машинтай мөргөлдсөн. Тэгтэл миний урд явж байгаад зүүн гар тийш эргэсэн Toyota Prius-20 маркийн автомашин мөргөлдсөний улмаас буцаж эргээд миний автомашины зүүн хойд хаалгыг мөргөөд зогссон. ...Буруутай жолооч миний автомашиныг засварын газар оруулж янзлуулж өгсөн учир ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11995 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалгын доод хэсгээс сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой.

2020.10.17-ны өдөр зүүн атгаал ясны рентген зурагт: Зүүн атгаал ясны диафиз доод 1/3 хэсгээр ташуу хугарсан, зөрсөн, ШШҮХ-н ШЭШГ-н дүрс оношилгооны их эмч О.Оюунбаясгалан, 2020.10.19-ний өдөг гэжээ.

2020.10.18-ны өдөр Мед трама эмнэлгийн Толгойн КТГ-д: дүгнэлт гавал яс, тархины эдэд гэмтэлгүй гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.О.................рын биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39),

 

7. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 180 дугаартай мөрдөгчийн магадалгаа.

“...1. Тоуоta Prius-20”” маркийн ............... улсын дугаартай автомашины жолооч Б.............а овогтой Б...............н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Тоуоta Prius-20” маркийн ............ улсын дугаартай автомашины жолооч О.Ц..............л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 41),

 

8. “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний №23619 дугаар тайланд “...Эзэмшигч: “О.Амарсайхан...Тоуоta Prius-20” загварын ............ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэлд...шууд 2.065.000, шууд бус 80.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон үнэ 3.175.0000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-35),

 

9. Шүүгдэгч Б.Б...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эзэмшлийн Тоуоta Prius-20” маркийн ............... улсын дугаартай автомашинаа жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун талын шинэ зам дээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар руу орсон туслах зам руу зүүн гар тийш эргээд ортол нэг Тоуоta Prius-20” маркийн автомашин чигээрээ орж ирээд мөргөлдсөн. Би тэр машины урдуур амжаад орчих байх гэж бодож байсан тэгтэл ажилгүй мөргөлдсөн. ...Би Тоуоta Prius-20” маркийн ............ автомашины эзэнд 3.175.000 төгрөг өгсөн. Тоуоta Prius-30” маркийн автомашиныг 680.000 төгрөгөөр янзлуулж өгсөн байгаа. Хохирогч Б.О.................рт эхлээд 700.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн дараа нь түүний эмчилгээнд 980.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

10. Жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 15), тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 73), Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Хурцгэрэл (хавтаст хэргийн 24), иргэний нэхэмжлэгч О.Амарсайхан (хавтаст хэргийн 81-82) нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.О.................рын эмчилгээ, эм тарианд 1.680.000 төгрөг зарцуулсан зарлагын баримт (хавтаст хэргийн 54-60),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт,  жолоодох эрхийн лавлагаа, (хавтаст хэргийн 68, 70, 67), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 71, 72), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 61-64, 66) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б...............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б...............н нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошууны гудамжийг Толгойтын гудамжтай (Хилчин хотхоны замыг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун талын замтай) холбосон замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлийн дагуу Toyota загварын Prius NHW20  маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гол замаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын хойд талын туслах зам руу буюу ертөнцийн зүгээр зүүн гар тийш уулзвар нэвтрэх хөдөлгөөн хийхдээ ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлийн дагуу гол замаар хөдөлгөөнд оролцож явсан Toyota загварын Prius NHW20  маркийн 90-07 УВА улсын дугаартай иргэн О.Ц..............лын жолоодон явсан тээврийн хэрэгсэлд замд тавьж өгөөгүйгээс мөргөлдөж,  90-07 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О.................рын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 90-07 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ өмчлөгч О.Амарсайханд 3.175.000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь

- Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСLJ12782273 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн 2020.10.16 12:19:16...” гэх баримт (хавтаст хэргийн 18),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “....Зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын баруун талын талд мөргөсөн...” гэх баримт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10),

 

- Гэрч О.Ц..............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би ................. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашин жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын баруун талын шинэ зам дээр ертөнцийн урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас нэг Toyota Prius-20 маркийн автомашин гэнэт дохио өгөлгүй урдуур эргээд ороод ирсэн би тэр машиныг хараад тоормосоо гишгээд мөргөлөөд цааш яваад нэг төмөр шонг мөргөөд зогссон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32)

- Гэрч Д.О..................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би өөрийн эзэмшлийн Toyotoa Prius-30  маркийн 8528 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун талын шинэ зам дээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байсан. Тэгтэл миний урд явж байсан машины урд талын саарал өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар луу ордог туслах зам руу дохио өгөлгүй зүүн гар тийш эргээд ороход эсрэг урсгалаас чигээрээ явж байсан боронзон өнгөтэй Toyota Prius-20 маркийн автомашин баруун гар тал руугаа зайлуулж дараад тэр машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- Хохирогч Б.О.................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би найз О.Ц..............лын хамт ................. улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины урд суудалд жолоочийн хажууд суугаад Ц..............л автомашинаа жолоодоод бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун талын шинэ замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байтал эсрэг урсгалаас нэг Toyota Prius-20 маркийн автомашин дохио өгөлгүй гэнэт урдуур эргэж орж ирээд мөргөлдсөн. Мөргөлдөх үед би зүүн гараараа хаалганы дээд бариулаас барьсан байсан ба гараа юманд цохиод хугалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11995 дугаар дүгнэлт “...1. Б.О.................рын биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39),

- Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 180 дугаартай мөрдөгчийн магадалгаа. “... 1. Тоуоta Prius-20”” маркийн ............... улсын дугаартай автомашины жолооч Б.............а овогтой Б...............н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 41),

- “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний №23619 дугаар тайланд “...Эзэмшигч: “О.Амарсайхан...Тоуоta Prius-20” загварын ............ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэлд... үнэлгээгээр тогтоогдсон үнэ 3.175.0000 төгрөг...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-35),

- Шүүгдэгч Б.Б...............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...би өөрийн эзэмшлийн Тоуоta Prius-20” маркийн ............... улсын дугаартай автомашинаа жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын баруун талын шинэ зам дээр ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар руу орсон туслах зам руу зүүн гар тийш эргээд ортол нэг Тоуоta Prius-20” маркийн автомашин чигээрээ орж ирээд мөргөлдсөн. Би тэр машины урдуур амжаад орчих байх гэж бодож байсан тэгтэл ажилгүй мөргөлдсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б...............н нь болгоомжгүйгээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь хэсэгт заасан “Жолооч зүүн гар тийш ...эргэхдээ ...адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн уулзвар нэвтрэх дараалал зөрчсөн. Түүнчлэн дээрх захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.О.................рын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Б.Б...............ныг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал дээрх дүрмийн заалт нь баруун, зүүн гар тийш эргэж уулзвар нэвтрэхэд тухайн замаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигч унадаг дугуй гэх мэтийн хөдөлгөөнд давуу эрхтэй оролцох дараалал тогтоосон заалт байна.

Түүнчлэн мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо гэж тодорхойлсон байх боловч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Ulaanbaatar.mn цахим хаягийн дэд цахим хаяг болох Manaikhoroo.mn хаягаас үзвэл тухайн зам тээврийн осол болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд хамаарч байна. Иймд улсын яллагчийн гэмт хэрэг гарсан байдлыг тогтоосон байдлыг зөвтгөн шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй бөгөөд цаашид мөрдөгч, прокурор нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт болон гэмт хэрэг гарсан байдлыг зөв тогтоож байхыг анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Б.Б...............н нь хохирогч Б.О.................рын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирлын зардал 1.680.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Амарсайханы тээврийн хэрэгсэлд учруулсан хор уршигт 3.175.000, гэрч Д.О..................рын тээврийн хэрэгсэлд учруулсан эвдрэлийг тус тус барагдуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б...............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болон.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б...............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн.” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Б...............ныг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б...............нд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Эрүүгийн 2003 0000 00419 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баглун овогт Б.............агийн Б...............ныг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б...............ныг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б...............нд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б...............н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.МӨНХЗУЛ