Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

Улсын яллагч: Г.Онон /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030910038 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.О- нь 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжны 17 тоотод Э.А-ыг зодож, түүний биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Энхтуул, манай найз О- бид 3 хороололд түрээсэлж байсан нийтийн байрандаа байж байсан. Тэр өдрийн өглөө манай найз Б- ирсэн. Тэгээд ирээд нэг шил архи аваад О-, Б- бид 3 хувааж уусан. Тэгээд эхнэрийн группийн мөнгө буугаад бид гуравт дахиад нэг шил архи авч өгсөн. Тэгээд архиа ууж дуусан чинь О- манай эхнэртэй хамт гараад дахиад нэг шил архи авчирсан. Тэгээд авчирсан архийг ууж дуусчхаад би О-тэй маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд би Б-ийг яв гээд гэр рүү нь явуулаад О- бид 3 гэрт үлдсэн. Тэгсэн чинь О- намайг ор руу түлхэж унагаад миний нүд рүү хөлийн өсгийгөөрөө өшиглөсөн. Хамар руу үнэртэй ус шидсэн. ...Би согтоод эхнэрээ зодсон юм шиг байна лээ. Тэгээд О- манай эхнэрийг өмөөрөөд надтай маргалдсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэрч У.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...О- гэнэт би сайхан уйлмаар байна гээд чанга, чанга орилж байснаа гэнэт манай гэрт байсан үнэртэй усны шилэн сав аваад Алтанбаганын нүд рүү нь шидээд гараараа манай нөхрийн нүүрэнд хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Шинжээчийн 11986 тоот дүгнэлтэд: “...Э.А-ы биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30-31/,

Яллагдагчаар Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Туулыг өмөөрсөн чинь Б- хамаг юм аа шидлээд байсан. Тэгээд би Б-г бариад тайвшруулж байсан чинь Б- эхнэрээ дахиад алгадаад авсан. Тэгэхээр нь би чи архи ууж чадахгүй дандаа эхнэрээ зодож хамаг юмаа эвдэж байх юм гээд цохиод унагасан. Тэгээд Б- босоод над руу дайрахаар нь би барьж аваад ор руу дарж унагаасан. Тэгсэн чинь гар нь мултарчихсан. Тэгээд би хажууд нь суугаад одоо чи боль жирэмсэн эхнэрээ зовоогоод байх юм гэсэн чинь ...Б- тайвшраад сууж байсан. ...Би Алтанбаганыг гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг 70-71/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, шүүх сэтгэц эмгэг судлалын 1227 тоот дүгнэлт /хх-н 35-36/, хохирлын баримтууд /хх-н 41-43/, хохирогчийн өвчний түүх /хх-н 47/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 48-64/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.О- нь 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжны 17 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.А-ыг зодож, түүний биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, зүүн нүдний салстын цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.А-ын: “...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр Энхтуул, манай найз О- бид 3 хороололд түрээсэлж байсан нийтийн байрандаа байж байсан. ...авчирсан архийг ууж дуусчхаад би О-тэй маргалдсан юм шиг айна лээ. Тэгээд би Б-ийг яв гээд гэр рүү нь явуулаад О- бид 3 гэрт үлдсэн. Тэгсэн чинь О- намайг ор руу түлхэж унагаад миний нүд рүү хөлийн өсгийгөөрөө өшиглөсөн. Хамар руу үнэртэй ус шидсэн. ...Би согтоод эхнэрээ зодсон юм шиг байна лээ. Тэгээд О- манай эхнэрийг өмөөрөөд надтай маргалдсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/, гэрч У.Э-ын: “...О- гэнэт би сайхан уйлмаар байна гээд чанга, чанга орилж байснаа гэнэт манай гэрт байсан үнэртэй усны шилэн сав аваад Алтанбаганын нүд рүү нь шидээд гараараа манай нөхрийн нүүрэнд хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, шинжээчийн 11986 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О- нь хохирогч Э.А-ыг эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.О-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР