Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01800

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01489 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1463 дугаар магадлалтай,

 Б.Б-ын нэхэмжлэлтэй

НШШГГ-т холбогдох,

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх санал болгох хурлын шийдвэр хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 394 дүгээр шийдвэрээр Б.Б-аас 20.772.510 төгрөг гаргуулж Е Д ХЗХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах заалт байхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн санал болгох хурлаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 6-173 тоотод байх газар, хувийн сууцыг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн энэ хурлын товыг Л.Буянзаяад мэдэгдээгүй. Өнөөдрийн байдлаар 8.300.000 төгрөгийг төлсөн. Иймд барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуудлага худалдааг 2 удаа зарласан боловч үнийн санал ирж, худалдан борлогдоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурал болж, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасан журмыг Б.Б- зөрчиж 1 жил гаруй хугацаагаа хэтрүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Б.Б- нь үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүх хуралдаанд ирэхгүй чирэгдүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Е Д ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, дуудлага худалдааг 2 удаа зарласан боловч үнийн санал ирж, худалдан борлогдоогүй тул 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр санал болгох хурал болж, барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бүх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01489 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож шийдвэрлэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1463 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2018/01489 дүгээр шийдвэрийн Удиртгал хэсгийн Монгол Улсын нэрийн өмнөөс гэсний дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: гэсэн хэсэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэсний дараа Б.Оюунбилэг гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчигдөөгүй хуулийн дагуу явуулсан хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байгаа бөгөөд анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.2-т заасныг зөрчсөн шийдвэр гаргасан байсныг давж заалдах шатны шүүх алдаа гэж үзсэн атлаа шийдвэр хүчингүй болгох үндэслэл биш гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр нь шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон хурлын нарын бичгийг заан бичээгүй нь хууль ёсны үндэслэл бүхий хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус ажиллагааг дур мэдэн явуулдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дарааллын дагуу явуулдаггүй ялангуяа ганц төлбөр төлөгч биш цаана нь хэний, хэдэн хүний эрх зөрчигдөж байгааг анхаардаггүй бусдын эрхийг байнга зөрчдөг хэт дураараа авирладаг байгууллага билээ. Үүний нэг хэлбэр бол Баянгол дүүргийн 11-р хороо Зүүн Ард Аюушийн 6-173 тоот хувийн сууц, 313 м.кв талбай бүхий газрын хамтран өмчлөгч нь Л.Буянзаяа, охин Б.Анударь нар байхад шийдвэр гүйцэтгэгч нь өмчийн эздийн эрх хөндөгдөж байгааг үл хайхран төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэх санал болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б-, НШШГГ-т холбогдуулж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх хурлын шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж үндэслэлээ, “...шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар заагаагүй, ...санал болгох хурлын зарыг өмчлөгч Л.Буянзаяад мэдэгдээгүй...” гэснийг хариуцагч “...шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан...” гэж зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Б- шүүхийн шийдвэрийн дагуу Е Д ХЗХ-д 20.772.510 төгрөг төлөх үүрэгтэй байна. Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт заасныг үндэслэж, НШШГГ- шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйлийг битүүмжлэн, хурааж, улмаар үнэлгээ тогтоон анхны болон хоёрдох дуудлага худалдаа зарласан боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна.

Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана.

Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг санал болгох ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр явагдаж, төлбөр авагч Е Д ХЗХ нь уг хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг зөвшөөрчээ. Иймд хариуцагч НШШГГ- дээрх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчөөгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан төлбөр авагчийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах эрхийг Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байна.

Тухайлбал, ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заажээ. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө барьцааны зүйл бөгөөд Е Д ХЗХ, Б.Б- нарын хооронд байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх дүгнэлт өгч, барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн тул хариуцагч нь иргэнээс төлбөр гаргуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал харгалзахгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа явуулах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2-т заасныг зөрчсөн тухайлбал, шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгч, нарийн бичгийн даргын нэрийг бичилгүй орхигдуулсан байх боловч тухайн хуралдааны тэмдэглэл, хэргийн бусад баримтаар шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхтөр даргалж, нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг оролцсон нь тогтоогджээ. Давж заалдах шатны шүүх энэхүү зөрчлийг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу биш байна.

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх санал болгох хуралд төлбөр төлөгч Б.Б- оролцсон нь тогтоогдсон байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1463 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ