| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 185/2018/0127/Э |
| Дугаар | 403 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 403
С.Тад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Ц.Амгаланбаатар,
хохирогч Ц.Бын өмгөөлөгч Г.Т,
шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Н,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Г.Ны гаргасан давж заалдах гомдлоор С.Тад холбогдох 1709020560343 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овогт С.Т, 1960 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Замын хөдөлгөөний удирдлагын төвд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ........................ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;
С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Тоосгоны эцсийн автобусны буудлын орчим Ц.Бтой маргалдаж нүүр лүү нь гараараа цохиж, сандал руу түлхэн унагааснаас Ц.Бын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: С.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Тыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тыг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Тад оногдуулсан 1800 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолох, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.Таас 3.933.027 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хохирогч Ц.Бын өмгөөлөгчид төлсөн зардал болох 1.000.000 төгрөгийг гэм буруутай шүүгдэгч С.Таас гаргуулж, хохирогч Ц.Бод олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Г.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. С.Тыг гэм буруугүй болохыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс шинжлэн судлуулсан боловч шүүх хэт нэг талыг барьж, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй. Тухайлбал,
Миний үйлчлүүлэгч С.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болж байгаа үйл явдлыг хожим санадаггүй болохоо тогтвортой мэдүүлдэг бөгөөд эхнэр нь ч энэ тухай мэдүүлдэг. Хохирогч Ц.Бод архи уусны маргааш болсон үйл явдлаа санадаггүй гэдгээ хэлж байсан тухайгаа ч мэдүүлсэн. Иймд уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт бол эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан камерын бичлэг юм. Гэтэл уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь бичлэгт харагдаж байгаа бодит үйл явдлыг гуйвуулж бичсэн байсан тул миний бие шүүх хуралдаан дээр уг бичлэгийг шинжлэн судлуулсан. Бодит байдал дээр уг бичлэгт миний үйлчлүүлэгч С.Т нь, сандал дээр сууж байсан Ц.Бын өмнө ирж зогсоход Ц.Б эхлээд шилбэ рүү өшиглөхөд С.Т хариуд нь Ц.Бын шилбэ рүү өшиглөж байгаа нь тод харагддаг. Үргэлжлээд Ц.Б нь сандлаас босч ирээд 2-3 алхаж, хойш ухарч байгаа С.Тын зүүн хацар луу хоёр удаа цохидог. Энэ үед наана зогсож байсан эрэгтэй дундуур нь орж салгахдаа хоёуланг нь хоёр тийш түлхэх үед Ц.Б сууж байсан сандал дээрээ бөгсөөрөө суун тусч, урагш зүтгэж байгаад С.Тын хувцаснаас зуурч, гар алдаад газарт унаад өөрөө босоод сандал дээр суудаг. Гэтэл үзлэг хийсэн тэмдэглэлд уг үйл явдлыг тэс өөрөөр бичсэн байсан ба уг тэмдэглэлийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Үзлэг хийсэн тэмдэглэлд Б.Батсайхан, Ж.Нэргүй гэх хөндлөнгийн гэрчийг оролцуулсан байх боловч эдгээр гэрч нарын цахим үнэмлэхний хуулбар хэрэгт байдаггүй. Хэрэв камерын бичлэгийг сайн нягтлан үзсэн бол миний үйлчлүүлэгчийн хүчин зүйлийн үйлчлэлээс гэмтэл учраагүй болох нь тодорхой харагдах байсан. Тийм ч учраас би шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж “Сандал дээр бөгсөөрөө сууж, урагш өвдгөөрөө газарт унах үед энэ гэмтэл үүсэх боломжтой юу” гэдгийг асуухад шинжээч эмч “аль ч тохиолдолд үүсэх боломжгүй, зөвхөн хүчтэй өшиглөх, явж байгаад хөшиж унах үед энэ гэмтэл үүснэ” гэж тодорхой хэлдэг.
Ц.Б нь гэмтлийн эмнэлгийн карт дээрх Гэмтлийн шалтгаан гэх асуумж, түүнд хагалгаа хийхийг зөвшөөрсөн ар гэрийнхнийх нь гарын үсэг зурсан баримт зэрэг дээр “явганаас унасан” гэж хариулсан байдаг. Үүнийгээ Ц.Б болон түүний өмгөөлөгч Г.Т нар “Хүн чанар гаргаад, С.Тыг бодсондоо худлаа ярьсан юм.” гэж тайлбарладаг. Гэтэл дээрх явдлаас 7 хоногийн өмнө Ц.Б цагдаад өргөдөл өгсөн бөгөөд үүгээр хохирогч болон түүний өмгөөлөгчийн хүн чанар гаргасан гэдэг тайлбар няцаагддаг. Энэ баримт бол С.Тыг гэмт хэрэг үйлдээгүй, түүний хүчин зүйлийн үйлчлэлээр Ц.Бод гэмтэл үүсээгүй гэдгийг хангалттай нотлох чухал баримт юм.
Хохирогч Ц.Б, гэрч С.Э нар нь худал мэдүүлэг өсгөн, бодит байдлыг зориуд нууж байгаа нь мэдүүлгээс нь харагддаг.
Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бын хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчдөө төлсөн 1.000.000 төгрөгийг С.Таас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх зохицуулалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсаас санхүүжүүлсэн буюу улсын өмгөөлөгч, томилгооны өмгөөлөгч ажиллуулсан үед зохицуулагдах хуулийн заалт билээ.
Шинжээч эмч Ц.Быг сахарын суурь өвчтэй гэж дүгнэсэн. Ц.Бын эмчилгээний зардалд нэхэмжилсэн баримтан дотор сахар, зүрх судасны эмчилгээнд хэрэглэгдэх эм, тариа, тест зэрэг 379.260 төгрөг, шатахуун 120.000 төгрөг, мөн хүүхдийн памперс зэрэг хэрэгт ямар ч хамааралгүй баримтууд ч хэрэгт авагдаж, уг баримтдаа үндэслэж Ц.Б нь эмчилгээний зардалд 4.572.896 төгрөг нэхэмжилдэг. Үүнийгээ хагалгаанд орохын тулд зүрх судас, сахараа хянах шаардлагатай байсан гэж тайлбарладаг боловч ийнхүү эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн бичиг байдаггүй. Тэгээд ч гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороход бэлтгэж эмнэлэгт 74.000 орчим төгрөгийн үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүйгээр авагдсан. Баримтын шаардлага хангахуйц байсан бол тухайн эмчилгээ нь юунд зориулагдсан болохыг мэдэх боломжтой. Гэтэл шүүгч дээрх бүх шаардлагыг нь хангаад зогсохгүй юунд үндэслэсэн болохыг нь мэдэхгүй эмчилгээний зардлын хэмжээг 4.733.027 төгрөг болгон нэмэгдүүлж, гэм хорын хохиролд бодит хохирлыг гаргуулаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасанд гомдолтой байна.
Эмчилгээний зардалд Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Мөнгөн гөлтгөнө” гэх газраас 4.000.000 төгрөгийн протез авсан гэх баримт оруулсан байдаг. Гэтэл Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хагалгаанд орсон. Ямар учраас баримтын он сар өдөр хагалгаанд орсноос хойш байгаа нь ойлгомжгүй байгааг тэрээр шүүх хуралдааны явцад тайлбарлаж чаддаггүй. Гэтэл Ц.Б нь протез авсан гэх 4.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс авсан болох нь тус хэлтсийн хариу мэдэгдэх хуудсаар тогтоогддог. Гэтэл шүүх үүнийг анзаараагүйн зэрэгцээ шийтгэх тогтоолдоо мэдэгдэх хуудсын талаар дурдаагүй. Нэгэнт л хохирогч улсаас хиймэл протезийн мөнгө авсан бол Иргэний хуулийн 513 дугаар зүйл, 513.1 дэх хэсэгт “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс 4.000.000 төгрөгийг С.Таас нэхэмжлэх эрхтэй юм. Үүнээс үзэхэд Ц.Б нь халтирч унаж хагалгаанд ороод халамжаас 4.000.000 төгрөгөө авсан мөртлөө давхар С.Тыг гүтгэж мөнгө авах гэсэн байх боломжтой юм. Нөгөө талаас гэмт хэргийн улмаас хохирсон гэж цагдаад өргөдөл гаргаж, шалгуулж байж гэмтлийн эмнэлэгт гэр бүлээрээ зориуд худал мэдүүлж, халтирч унасан гэдэг зохиомол байдлыг зориуд бий болгон Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах боломжтой юм. Гэтэл шүүгч хохирогчийн дээрх шунахай үйлдлийг зөвтгөж, түүнийг өмгөөлж, хэт нэг талыг барьж, Ц.Бын хууль бус үйлдлийг өөгшүүлсэнд өмгөөлөгчийн зүгээс маш их гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд дээр дурдсан бүхий л үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтууд нь эргэлзээтэй, миний үйлчлүүлэгч С.Тын гэм бурууг хөтөлбөргүй нотолж чадахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй ...” гэв.
Хохирогч Ц.Бын өмгөөлөгч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан. Учир нь гол нотлох баримт болох камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нь хэргийн үйл баримтыг маргаангүй тогтоосон. Мөн С.Т, Болд нар нь олон жил айл саахалт амьдарч байгаа хөршүүд, хааяа хамт архи уудаг. Тухайн өдөр С.Т болон Болд нар нь нилээд согтуу таарсан. С.Т нь тухайн өдөр хэрүүл хийгээд хүн өдөөд явахаар нь Болд “гэртээ зүгээр хариач гэж хэлсний төлөө” хэрэг үйлдэгдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Болд нь миний хохирлыг барагдуулах юм бол гомдол саналгүй гэж удаа дараа мэдүүлдэг. Болдын хүүхдүүд нь С.Тын гэрт нь очоод “манай аавыг зодсон байна” гэхэд С.Т согтуу гэрт нь ирж хэл амаар доромжилсон байсан. Эдгээр байдлыг харахад С.Т нь гэм буруугаа хүлээгээгүй, гэмт хэрэгтээ гэмшихгүй, хохирлыг барагдуулах сонирхолгүй байгаа нь харагдаж байна. Мөн 4.572.896 төгрөгийн баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нягтлан шалгахад 160.000 төгрөг дутуу бодогдсон байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьсан хүүхдийн пампарс, кофе зэрэг хэрэглээний баримтууд нь энэ хэрэг гараагүй бол хохирогч Болдоос гарахгүй байсан. Яагаад гэвэл хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Тэгэхэд хохирогч Болд нь суурь архаг өвчтэй байсан. Энэ архаг өвчинг хэвийн төвшинд барьж, эмч нарын хяналтад байлгаж байгаад хагалгаа хийх шаардлагатай байсан. Түүнээс биш хохирогч хууч өвчнөө эмчлүүлэхээр эм тариа авсан зүйл байхгүй. Мөн хохирогч Болд нь улсад ажиллаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргээ төлж яваад хэн нэгнээс болж хохирсон. Тухайн хохирлоо өөрт үүссэн эрхийн дагуу авсан. Гэхдээ энэ мөнгөө одоо хүртэл аваагүй. Хохирогч Болдын дансанд шилжиж орсон баримт байхгүй. Харин хөнгөлөлт эдлэх ёстой эрхтэй юм гэсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан ...” гэв.
Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, эрүүгийн хуулийг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт Болдын гэм буруутай эсэхийг тогтоох ажиллагаа хийгдсэн ба камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь хэрэгт авагдсан. Уг бичлэгт “сандлын дэргэд зогсож байсан хүн сандлын дэргэд сууж байсан бараан хувцастай хүнтэй маргаж байгаа бололтой өөд өөдөөсөө хөлөөрөө жийлцээд сандал дээр байсан хүн өндийн босож ирэхэд зогсож байгаа хүн өшиглөж байгаа харагдана. Энэ үед сандал дээр сууж байсан хүн сандлын урд хагас суугаа байдалтай унаж, өшиглөсөн хүнийг нэг нь түлхэж холдуулж байгаа харагдана” гэсэн байдаг. Тэгэхээр тухайн үед С.Т нь Болдтой маргалдаж тухайн хохирогчийг нэг удаа цохиж, өшиглөж түлхэж унагаасан. Болд нь сандал руу унаад сандлын ирмэг хэсэгт мөргөж дахин урагшаагаа унасан үйл явдал болсон нь харагддаг. Энэ байдлыг тухайн үед зэрэгцээд сууж байсан гэрч С.Эрдэнэ-Уул тодорхой харж мэдүүлэг өгсөн. Гэртээ ямар байдалтай ирснийг гэр бүлийн хүмүүс хангалттай мэдүүлсэн. С.Тын үйлдэл хангалттай тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Тоосгоны эцсийн автобусны буудлын орчим Ц.Бтой маргалдаж нүүр лүү нь гараараа цохиж сандал руу түлхэн унагааснаас Ц.Бын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ц.Бын “... 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоосгоны эцэс”-ийн автобусны буудал дээр явж байхад Төрөө гэх зүс таних хүн архи уучихсан, тэр хавиар явж байсан хүмүүс рүү агсам тавиад байсан. Тэгэхээр нь би түүнийг “... яв, гэртээ харь...” гээд хэлчихсэн юм. Тэгтэл нөгөө залуу шууд миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Би түүнд цохиулаад ард байсан сандал дээгүүр даваад газарт унасан. Тэгэхэд миний баруун хөл эвгүй болсон. Төрөө намайг цохичихоод цааш яваад өгсөн...” /хх-7-8/,
гэрч Б.Б-гийн “... 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр манай төрсөн эгч Батдэмбэрэл яриад “... аав өчигдөр хүнд зодуулаад, хөдөлж чадахгүй хэвтэж байна...” гэж хэлсэн. Тэгээд би “эмнэлэгт үзүүлээч” гэхэд “гайгүй болчих байх, өнөөдөр хараад болохгүй бол маргааш эмнэлэгт үзүүлнэ” гэж байсан. Тэгээд би өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр аавын биеийг харахаар очиход гэртээ байхгүй, эмнэлэгт үзүүлэхээр явсан байсан. Намайг гэрт нь хүлээгээд сууж байтал аав, эгч нар ирээд “түнхний булууны яс нь хугарсан байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж байна” гэж хэлсэн ...” /хх-11-12/,
гэрч Ч.Н-ын “... Миний хадам эцэг Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж одоо хоёр суга таягтай гэртээ байгаа. Хадам аавыг яаж байгаад гэмтэл авсныг мэдэхгүй, өөрөө хүнд зодуулсан гэж хэлсэн. 4.572.896 төгрөг нь миний хадам аав бусдад зодуулж гэмтэл авсны улмаас хийлгэсэн эмчилгээний зардал буюу хохирол байгаа юм...” /х13/,
гэрч С.Э-ын “... 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр гэрээсээ гараад “Тоосгоны эцэс” дээр очиход замын хажууд байдаг саравчин дотор Болд ах хэдэн танихгүй хүмүүстэй сууж байсан. Би Болд ахтай мэнд мэдчихээд саравчнаас гараад доош уруудаж, зам дагаж алхаж яваад замын хажууд байдаг гуанзны сандал дээр Болд ах суусан. Би хажууханд нь зогсож байсан. Тэгтэл С.Т ах гараад ирсэн. Тэгээд Болд ахтай муудалцаад барьцалдаж авсан. Хоорондоо хэрэлдээд байсан, юунаас болж хэрэлдсэнийг нь мэдэхгүй байна. Тэгээд барьцалдаж авсан ба С.Т нь Болд ахын хөл хавьцаа нэг удаа өшиглөх шиг болсон, шанаан тус газарт нь нэг удаа гараараа цохисон чинь Болд ах сандалны хажуу тал руу уначихсан. Би дундуур нь орж салгасан ба Болд ахыг татаж босгоод сандал дээр суулгасан. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. ... Болд ах тэр өдөр С.Ттай муудалцсаныхаа дараа хөл өвдөөд, янгинаад байна гэсэн учраас такси барьж гэрт нь хүргэж өгсөн...” /хх-30-31/,
С.Тын яллагдагчаар өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр би гэртээ ганцаараа 1 шил, 0.5 литрийн “Хараа” архи уучихсан. Тэгээд гэрээсээ гарч яваад хаа хүрсэн, хэнтэй таарсан, юу болсон талаар юу ч санахгүй байна. Тухайн өдөр Болдтой үдээс хойш тааралдсан юм шиг байна лээ. Болдын охин 2017 оны 11 дүгээр сарын 5-ны орой манай гэрт ирээд “та манай аавыг түлхээд сандал руу давуулаад унагаачихсан байна, эмнэлэгт зургийг нь авахуулсан” гэж хэлсэн. Хэргийн явц байдлыг харахад би тэр хүний биед гэмтэл учруулсан гэх баримтууд цугларсан юм шиг байна, миний хувьд тэр өдрийн үйл явдлыг санахгүй байна ...” /хх-25-26/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ц.Бын биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13921 дугаартай дүгнэлт /хх-19/, DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-29/, хохирлын баримтууд /хх-99-107/, өвчний түүх /хх-79-90/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Тын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тад 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Г.Н “... С.Тын гэм бурууг хөтөлбөргүй нотолж чадаагүй, DVD-д үзлэг хийсэн тэмдэглэлд бичлэгт байгаа зүйлийг өөрөөр бичсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон “DVD” бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжлэн судалж үзэхэд “сандалын дэргэд зогсож байсан хүн буюу шүүгдэгч С.Т нь сандал дээр сууж байсан хохирогч Ц.Бтой өөд өөдөөсөө хөлөөрөө жийлцээд, Ц.Б босч ирэх үед С.Т нь цохиж, хохирогч Ц.Б сандалын өмнө хагас суугаа байдалтай унахад С.Тыг хажуугаас нь нэг нь түлхэж холдуулж байгаа” үйл баримт бичигдсэн, энэ явцыг үзлэгийн тэмдэглэлд бүрэн, зөв тусгасан байх ба камерын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл нь зөрүүтэй бичигдээгүй байна.
С.Тын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын биед “баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан” , “... дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна ...” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Түүнчлэн хэргийн үйл явцыг харсан гэрч С.Э-ын мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул түүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болсон үйл явдлыг “Хожим санахгүй байгаа” гэж мэдүүлж байх боловч энэ нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Мөн хохирогч Ц.Бын баримт бүрдүүлж нэхэмжилсэн эмчилгээний зардал 4.733.027 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 800.000 төгрөгийг хасаж, 3.933.027 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд нийцсэн шийдвэр болжээ.
Хохирогч Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Мөнгөн гөлтгөнө” ХХК-иас “түнхний хиймэл үений протез”-ийг хувиараа 4.000.000 төгрөгөөр авсан, мөн хуульд заасан эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч хөлсөлсөн зардалд 1.000.000 төгрөгийг төлсөн гэх баримтууд хэрэгт авагдсан байх ба дээрх хохирол, зардлуудыг шүүгдэгч С.Таас тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Учир нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн 2/220 дугаартай албан бичигт хөнгөлөлт гэж хэдэн төгрөг авсан нь тодорхой биш, нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэм буруутай этгээдээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “өмгөөлөгчид төлөх зардал” багтдаг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан тул шүүхээс хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Г.Ны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Г.Ны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.ОЮУНЧУЛУУН