Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0078

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Чын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0903 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч Н.Долгорсүрэн,

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа,

            Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал,

Хэргийн оролцогчид: 

            Нэхэмжлэгч Н.Ч,

            Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

Хэргийн индекс: 128/2022/0651/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0903 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Н.Чаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгон” шийдвэрлэжээ.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 903 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Н.Чын нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар 20-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх амины орон сууцны хотхоны зориулалттай 70.000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл,: хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж заасан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй" гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн "хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино." гэж тус тус заасан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Нэхэмжлэгч нь тус газарт амины орон сууцны барилга барихаар “Арт инженеринг" ХХК-аар эскиз зураг хийлгэн батлуулах болон “Beijing Andude Technology” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулан ажиллаж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх бүхий газрыг хугацааг 15 жилээр сунгасан 2017 оноос хойш тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж үзсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмж болон Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд заасантай зөрчилдөж байна.

Мөн “сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байх тул” гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас явуулсан “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02-06/1865 дугаар албан бичгийг гардан авч, хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгч нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар хүсэл зориг байгаагүй, амины орон сууцны хотхон барихаар 2018 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас өөр ямар ч үйл ажиллагаа хийгээгүй гэдгийг дүгнэлгүй шийдсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 903 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, нэхэмжлэгч Н.Чын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

            2. Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч нь тус газарт амины орон сууцны барилга барихаар “Арт инженеринг” ХХК-аар эскиз зураг хийлгэн батлуулах болон “Beijing Andude Technology” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулан ажиллаж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хугацааг 15 жилээр сунгасан 2017 оноос хойш тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна..” гэж дүгнэж маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

3. Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 5 дугаар 5.3-д Энэ дүрмийн 5.1.1, 5.1.2-т заасан байгууллага зураг төслийн холбогдох хэсгийг хянаж, зөвшилцөхөд галын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргана”, 5.4-д “Зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийн дарга (захирал) Барилгын тухай хуулийн 38.1.3-т заасны дагуу иж бүрэн зураг төслийн нүүр хуудсанд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна”, 5.5-д “Зураг төслийн холбогдох хэсгийн зохиогч боловсруулсан зураг төслийг мэргэшлийн зэрэг бүхий архитектор, инженерээр хянуулж, шалгуулсан байна”, 5.6-д “Зураг төслийн холбогдох хэсгийн хуудас тус бүрийг зохиогч болон хянаж шалгасан инженер, архитектор гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулсан байна” гэж тус тус заасны дагуу баталгаажуулсан “эскиз” зураг хэрэгт байхгүй байна.

4. Анхан шатны шүүхийн үнэлсэн, хэрэгт авагдсан дээрх “Арт инженеринг” ХХК-аар хийлгэсэн гэх “Амины орон сууцны хотхоны эскиз зураг”-т боловсруулсан этгээд нь гарын үсэг зураагүй, мөн зураг төслийн нүүр хуудсанд холбогдох эрх бүхий этгээд буюу архитектор, инженер хянаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй, түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10/4412 дугаар албан бичигт “...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд амины орон сууцны хотхон барих эскиз зургийг батлуулахаар иргэн Н.Чаас гаргасан хүсэлт тус газарт бүртгэгдээгүй байна” гэжээ.

5. Мөн нотлох баримтаар хэрэгт авагдсан 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Beijing Andude Technology” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 9.6-д “Талуудын эрх бүхий этгээдүүдэд энэхүү гэрээнд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно” гэж заасан атал уг гэрээ нотариатаар батлагдаагүй байна.

6. Гэтэл анхан шатны шүүх дээрх 2 баримтыг буруу үнэлж, “... барилгаа барихаар гэрээ байгуулж, барилгын ажлаа эхлүүлэх үйл ажиллагааны урьдчилсан нөхцөл .... буюу Барилгын тухай хуулийн 22.1, 23.3-т заасан техникийн нөхцөлүүдэд үндэслэсэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулахаар заасан үйл ажиллагааг нэхэмжлэгч явуулж байсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй гэх зэргээр дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй.

7. Мөн нэхэмжлэгч Н.Ч нь 2011 онд уг 70000 м.кв газрыг бусдаас шилжүүлэн авч мод үржүүлгийн зориулалтаар эзэмшсэн, зориулалтыг 2017 онд өөрчилсөн боловч маргаан бүхий акт гарах хүртэлх 11 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулаагүй байхад анхан шатны шүүх зөвхөн газар эзэмших эрхийн хугацаа сунгасан 2017 оноос тооцож, “газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жилийн хугацаанд” гэснийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

8. Түүнчлэн хэрэгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03-06/7151 дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02-06/1865 дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг тус тус Н.Чт хүргүүлсэн, нэхэмжлэгч нь дээрх 2022 оны 02-06/1865 дугаар албан бичгийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч/, гарын үсгээ зурсан хавтаст хэргийн 158 дугаар талд/, түүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэл 28 хоногийн хугацаанд ямар нэгэн тайлбар, саналаа захиргааны байгууллагад гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

9. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох мэдэгдэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй, оролцогчийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27.5-д заасныг буруу хэрэглэсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... сонсох ажиллагааны  мэдэгдэл хүргүүлэх тухай” 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгийг гардан авч, хариу тайлбараа ирүүлээгүй....” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0903 дугаар хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-д заасныг баримтлан Н.ЧынНийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/687 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ