Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                              114/2019/0004/З/

  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрамыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг, Хариг төвийн байранд байрлах  “Булагт жим” ХХК-ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Б, Д.Б нарт холбогдох 

Нэхэмжлэлийн “Татварын улсын байцаагчийн 5,503,974.60 төгрөгийн торгууль ногдуулсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   И.А

Хариуцагч    Д.Б нар оролцов.                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Булагт жим" ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Манай байгууллага нь 2007 оноос өнөөдрийг хүртэл Дархан Хариг төвийн байранд цахилгаан сантехникийн худалдаа эрхэлж байна. Уг хугацаанд татварын тайлангаа цаг тухайд нь гаргаж байсан. 2017 онд татварын хяналт шалгалтанд хамрагдаж, тухайн үеийн илэрсэн зөрчлийн төлбөрийг төлж барагдуулсан. Мөн 2018 оны 2 дугаар сарын 27-нд “Пийк Ом Аудит” ХХК-аар санхүүгийн тайлан тэнцэлд аудит хийлгэж ямар ч зөрчилгүй байсан. Манай байгууллага дээр Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нар 2016-2017 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж,

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 192201872 дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 36.363.636,60 төгрөгийн худалдан авалт хийснийг зөрчилтэй гэж үзэн 5,715,591.90 төгрөгийн төлбөр ногдуулснаас 211617.30 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн, үлдэх 5,503,947.60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар гомдлоо 2 шатны Татварын маргаан таслах зөвлөлд хандсан  боловч бодитой үнэн зөвөөр шийдсэнгүй, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн.  

Манай компанийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр татварын улсын байцаагч Г.Г, Д.Т нар шалгаж, 1.493.447 төгрөгийн торгууль тавьж, манай компани төлсөн. Гэтэл нэг жилийн дараа 2018 оны 6 дугаар сарын 12-нд Татварын албанаас шалгалт хийж 5.715.591,90 төгрөгийн төлбөр ногдуулсан нь ойлгомжгүй байна. Улсын байцаагч Б.Б, Д.Б нар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 05-ны 10и3/827 дугаартай албан бичиг, Татварын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 05-ны 07/778 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот прокурорын тогтоолыг үндэслэн хяналт шалгалт хийгдсэн гэдэг боловч дээрх байгууллагуудын албан бичгийн агуулга, үндэслэлүүдийг тайлбарлаж ойлгуулаагүй.

Манай компанийг Монголд Гранд Эйнжил Инвест ХХК-аас 2016 оны 8 дугаар сарын 31-ний 431242811 дугаартай падаанаар 10 сая төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 582828586 дугаар падаанаар 26.362.636,36 төгрөгийн нийт 36.363.636,36 төгрөгийн худалдан авалт хийсэн, хий бичилттэй падаан авсан гэж  нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс 3.363.636,30 төгрөгөөр бууруулсан, үүн дээр 1.090.909,10  төгрөгийн торгууль, 776.701,90 төгрөгийн алданги, нийт 5.503.974,60 төгрөгийн төлбөр тавьсан. Татварын Ерөнхий Газрын Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны 49 тоот тогтоолоос харахад “Монгол Гранд Эйнжил Инвест” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргаж, эрүүгийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар прокурор хэргийг хаасан нь ойлгогдлоо.

Манай байгууллага “Монгол Гранд Эйнжил Инвест” ХХК нь татварын албанд бүртгэлтэй цахим сүлжээнд бүртгэгдсэн болохоор манай компани худалдан авалт хийх болсон. Тус компанийн төлбөрийн баримт болох 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн болон 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд нь албан ёсны юм.

Иймд Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 5503974.60 төгрөгийн торгууль ногдуулсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв. Манай байгууллага нь татварын тайланг ил тодоор тайлагнадаг, МУ-ын татварын албанд бүртгэлтэй, цахим сүлжээнд бүртгэгдсан Монгол “Гранд Эйнжил Инвест” ХХК татвар төлөгчөөс худалдан авалт хийсэн тул дээрх зөрчил гарах боломжгүй юм. . Гэвч үүнээс манай компани 211.617,30 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн. Үлдсэн 5.503.947,60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Урьд нь татварын шалгалт хийгдээд мөн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр “Пийк Ом Аудит” ХХК-аар санхүүгийн тайлан тэнцэл хийлгэхэд манай компанийг зөрчилгүй гэсэн дүгнэлт гарсан. Хэрэв манай компани зөрчилтэй байсан бол дээрх шалгалтуудаар илрэх байсан.

Иймд  татварын улсын байцаагчийн 2018 оны 192201875 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан татварын төлбөрөс 5,503,947.60 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нараас шүүхэд болон Д.Буянхишигээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Татварын Ерөнхий газраас ирсэн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичиг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Татварын  хэлтсийн хяналт шалгалт хийх 19180300034 тоот томилолт зэргийг  үндэслэн “Булагт жим” ХХК-ийн 2016-2017 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн.

Санхүүгийн болон татварын баримт материалыг шалгах явцад “Булагт жим” ХХК нь “Монгол Гранд Эйнжил Инвест” ХХК-аас 2016 оны 8 дугаар сарын 31-нд 431242811 дугаартай падаанаар 10 000 000 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 30-нд 582828586 дугаартай падаанаар 26.363.636,36 төгрөгийн буюу нийт 36.363.636,36 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Нэмэгдсэн өртгийн албан татваргүй үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасаж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан балан татварыг түүний төсөвт төлөх татвараас хасаж тооцно”, 14.1.11-д  “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг  албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн болох нь хий бичилттэй падаантай холбоотой бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримт, зарлагын баримт байгаа хэдий ч тухайн саруудын худалдан авалтын дэвтэрт тусгаагүй, бараа материалын тайлан хөтөлдөггүй, шалгалтын хугацаанд татвар төлөгчийн өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Прокурорын  газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоол, шийтгэлийн хуудсыг танилцуулж, гардуулсан тухай тэмдэглэл татвар төлөгчийн өгсөн тайлбараас харахад хий бичилттэй падаан борлуулсан гэх “Монгол Гранд Эйнжил Инвест” ХХК нь “Булагт жим” ХХК-д баримт бүрдүүлж өгсөн гэдэг нь тогтоогдож байна.

Татварын хяналт шалгалтаар 37.966.177,00 төгрөгийн зөрчил илрүүлэн 3.796.617,70 төгрөгийн нөхөн татвар, 1.138.985,30 төгрөгийн торгууль 779.988,90 төгрөгийн алданги нийт 5.715.591,90 төгрөгийн төлбөр ногдуулснаас нэмэгдсэн өртгийн албан татвараар нөхөн ногдуулсан 160.254,10 төгрөг, 48.076,20 төгрөгийн торгууль, 3,287.00 төгрөгийн алданги нийт 211.617,30 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх нэмэгдсэн өртгийн албан татвараар нөхөн ногдуулсан 3.636.363,60 төгрөг, 1.090.909,10 төгрөгийн торгууль, 776.701,90 төгрөгийн алданги нийт 5.503.974,60 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гарган шийтгэлийн хуудсыг гардан авсан.

Татвар төлөгч Булагт жим ХХК-ны захирал С. У-с холбогдогчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-гы өдрийн 10и-3/827 дугаартай албан бичиг, Татварын Ерөнхий газраас ирсэн 07/778 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 58 тоот тогтоол зэргийн танилцуулж, татварын хяналт шалгалт хийж байгаа үндэслэлийг танилцуулсан болно.

Татварын улсын байцаагч нар нь тус байгууллагад татварын хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу 192201872 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс 5,503,974.60 төгрөгий, төлөхгүй гэж маргаж байгаа татвар  төлөгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  Үүнд:

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулснаас 5,503,974.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нар нь нэхэмжлэгч “Булагт жим” ХХК-ийн 2016-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэж 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудсаар 5,715,591.90 төгрөгийн төлбөр  оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч дээрх маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч гомдол гаргахад  Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор тус тус татварын улсын байцаагч нарын гаргасан 192201872 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр баталж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн  2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудсаар 5,517,591.90 төгрөгийн төлбөр оногдуулснаас 211,617.30 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч, 5,503,947.60 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй маргаж байна. Нэхэмжлэгч “Булагт жим” ХХК нь 2007 оноос хойш  цахилгаан сантехникийн сэлбэгийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд 2016 оны 8,9 дүгээр сард “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас барилгын бараа материал худалдан авалт хийсэн болох нь  цахим төлбөрийн баримтын системээс гардаг “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ын нэмэгдсэн өртгийн албан татварын 2 ширхэг падаан, зарлагын падаан,  бэлэн мөнгөний орлогын баримт, 2016 оны 08,09 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан зэрэг нотлох баримтуудаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.3-т “ ...бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” гэж зааснаар төлөх албан татвараас хасч тооцож, тайланг гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн үед ямар нэгэн татварын зөрчил гараагүй  болох нь  Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 190021677 тоот актаар нотлогдож байна.

Иймд “Булагт жим” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3-д “нягтлан бодох бүртгэл,тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-д “Энэ хуулийн 74.1,74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх”  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “татвар ногдох орлого,орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан,эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн”, 1.4-т “ ... хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар  татвар төлөхөөс зайлсхийсэн, бууруулсан гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагад шалгалт хийж нөхөн татвар оногдуулахдаа Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн, “Монгол гранд эйнжил инвест” ХХК үйл ажиллагаа явуулж байгаагүй, хил дээр жолоочоос падаан авч байсан тайлбарлаж  маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын падаан зэргээс үзэхэд огт үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад шилжүүлж ашиглуулсан нь дээрх компанийн буруутай үйл ажиллагаа юм.

Мөн “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар Прокурорын тогтоол зэргээс үзэхэд дээрх компанийн буруутай үйл ажиллагаа байгаа боловч нэхэмжлэгч байгууллагыг  эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй, сэжигтэн, гэрчээр байцаалт, мэдүүлэг аваагүй, хохирогчоор татаагүй, дээрх 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй эсэхийг тодорхой тогтоогоогүй байхад зөвхөн Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны  2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичиг, шинжээчийн дүгнэлт, Сүхбаатарын дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”  гэж заасныг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас “Монгол гранд эйнжил инвест” ХХК-д шалгалт хийсэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн дүгнэлтийн хавсралт гэсэн жагсаалтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч дээрх жагсаалтыг хаанаас хуулбарлан авсан гэдэг нь тодорхойгүй, татварын улсын байцаагч  буюу хариуцагчийн өөрийнх нь тэмдгийг дарсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “Монгол гранд эйнжил инвест” ХХК-д холбоотой татварын улсын байцаагчийн дүгнэлт, хавсралтыг бүрэн эхээр нь хуулбарлан явуулахыг албан бичгээр шаардахад дүгнэлтийн хавсралт гэх баримтыг гаргаж өгөөгүй болно. Дээрх үндэслэлээр хариуцагчаас гаргасан өгсөн татварын улсын байцаагчийн дүгнэлтийн хавсралт жагсаалтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас гаргасан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “Булагт жим” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар  5,503,947.60 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх  хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.4, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 192201872 тоот шийтгэлийн хуудаснаас нэхэмжлэгч “Булагт жим” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн ногдуулсан татвар 5,503,947.60 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

                                                                                                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХТУЯА