Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч: Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000048 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.О- нь 2020 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12-279 тоотод хохирогч Ч.Ч-ийг зодож түүний биед баруун, зүүн шанаа, баруун хацар, эрүү, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалга, цээж, зүүн шуу, уруул, хүзүү, нуруу, цээжний зулгаралт, цус хуралт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ч.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 06 цаг өнгөртөл архи уугаад байсан ба би боль гэж дараа нь таарахаараа хэлнэ гэж бодоод өглөө 00 ороод гарч байхдаа О-тэй таараад миний дүү өндөрлөх болоогүй юу гээд хэлсэн чинь надад хандаад О- гэх эмэгтэй хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэдэг шиг чи юу вэ, би энд зөндөө олон жил болж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байхад цаанаас хамт архи уусан гэх найз нь гарч ирээд юу болоод байгаа юм гээд хэлтэл О- толгойтой үс зулгаагаад намайг доош дарсан. Тэр үед нь би зөрүүлээд үснээс нь атгаад авсан. Гэтэл нөгөө найз нь намайг боль наад хүн чинь жирэмсэн гэж хэлсэн. Тэгээд хэсэг зууралдаад байж байхад Бүрнээ гэх нөгөө өрөөг хөлсөлдөг эмэгтэй гараад ирсэн. Тэгээд арай гэж салах гэхээр эргэж дайраад үснээс зуураад тавихгүй байсан. Тэгж байгаад арай гэж салсан. ...Тэгээд өрөөндөө орохоор нь байрны эзэн гэх хүнд ууж идсэн зүйлийнх нь зургийг авах гэтэл ахиж гарч ирээд намайг дахиад үсдэж дараад толгой цохиж, нүүр ам маажаад үснээс зулгаагаад хэсэг газар халзалсан. Надад учирсан дээрх гэмтэл бэртлийг О- гэх эмэгтэй учруулсан. Харин хамт байсан гэх нөгөө эмэгтэй нь намайг салгаж байгаа гээд ганц нэг хүрсэн нь нэг их гэмтэл гэх зүйл учруулаагүй. Надад нэхэмжлэх зардал байхгүй. Гэхдээ намайг зодсон үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэрэг гарсан өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 28-ны 06 цагийн үед манай байрны хажуу өрөө түрээсэлдэг хоёр хүн маргаад байсан. Тэгээд би боль гэж өрөөнөөсөө хэлээд эргээд хэвтсэн. Гэтэл нөгөө хоёр болихгүй маргаанаа хийгээд байсан бөгөөд тэгээд бүүр хороондоо чангаар хэрүүл хийгээд байхаар нь гараад очиход нэг нэгнээ үсдээд байж байсан бөгөөд О-тэй хамт байсан нэг үл таних охин салгах гээд байгаа бололтой байсан. Тэр хоёр нэгнээ тавихгүй үснээсээ зууралдаад хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад нөгөө охины хамт би О-, Ч- нарыг салгасан бөгөөд энэ асуудлаас хойш арай гайгүй болохоор нь би өрөөндөө орж үсээ угаагаад гарч ирэхэд дахиад дуу нь чангараад хэрүүл маргаан болоод ахин зууралдаад байж байсан. ...О-тэй хамт байсан охин миний харснаар оролцоогүй. Надтай хамт салгаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр хоёр нэг нэгнээ үсдээд хараалын үг хэлээд зууралдаад байсан. Тэгээд би нөгөө хоёрыг салгах гэтэл салахгүй зууралдаад байсан. Энэ үед хажуу өрөөнд нь байдаг гэх охин гарч ирсэн бөгөөд бид хоёр салгах үед манай нөхөр хүүхдээ аваад ...гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Шинжээчийн 363 тоот дүгнэлтэд: “...Ч.Ч-ийн биед баруун, зүүн шанаа, баруун хацар, эрүү, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалга, цээж, зүүн шуу, уруул, хүзүү, нуруу, цээжний зулгаралт, цус хуралт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26-27/,

Яллагдагчаар Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би жирэмсэн байгаа бөгөөд хордлого өгөөд жаахан ууртай байгаа болохоор тэсэж чадалгүй үснээс нь гараараа зуураад авсан юм. Тэгээд намайг ч зөрүүлж үсдээд авсан бөгөөд бид хоёр нилээд зууралдсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд дүгнэлттэй холбоотой санал гомдол байхгүй. Ч-ийн биед учирсан гэмтлийг хэрүүл маргааны үед миний буруугаас учирсан гэмтэл байгаа. ...Манай найз бид хоёрыг салгасан болохоос биш Ч-ийг цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 46-48/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 36-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 55-99/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.О- нь 2020 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12-279 тоотод хохирогч Ч.Ч-ийг зодож түүний биед баруун, зүүн шанаа, баруун хацар, эрүү, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалга, цээж, зүүн шуу, уруул, хүзүү, нуруу, цээжний зулгаралт, цус хуралт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Ч-ийн: “...О-тэй таараад миний дүү өндөрлөх болоогүй юу гээд хэлсэн чинь надад хандаад О- гэх эмэгтэй хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манай гэдэг шиг чи юу вэ, би энд зөндөө олон жил болж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байхад цаанаас хамт архи уусан гэх найз нь гарч ирээд юу болоод байгаа юм гээд хэлтэл О- толгойтой үс зулгаагаад намайг доош дарсан. Тэр үед нь би зөрүүлээд үснээс нь атгаад авсан. Гэтэл нөгөө найз нь намайг боль наад хүн чинь жирэмсэн гэж хэлсэн. Тэгээд хэсэг зууралдаад байж байхад Бүрнээ гэх нөгөө өрөөг хөлсөлдөг эмэгтэй гараад ирсэн. Тэгээд арай гэж салах гэхээр эргэж дайраад үснээс зуураад тавихгүй байсан. Тэгж байгаад арай гэж салсан. ...Тэгээд өрөөндөө орохоор нь байрны эзэн гэх хүнд ууж идсэн зүйлийнх нь зургийг авах гэтэл ахиж гарч ирээд намайг дахиад үсдэж дараад толгой цохиж, нүүр ам маажаад үснээс зулгаагаад хэсэг газар халзалсан. Надад учирсан дээрх гэмтэл бэртлийг О- гэх эмэгтэй учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/, гэрч Б.Б-ын: “...нөгөө хоёр болихгүй маргаанаа хийгээд байсан бөгөөд тэгээд бүүр хороондоо чангаар хэрүүл хийгээд байхаар нь гараад очоод нэг нэгнээ үсдээд байж байсан бөгөөд О-тэй хамт байсан нэг үл таних охин салгах гээд байгаа бололтой байсан. Тэр хоёр нэгнээ тавихгүй үснээсээ зууралдаад хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад нөгөө охины хамт би О-, Ч- нарыг салгасан бөгөөд энэ асуудлаас хой арай гайгүй болохоор нь би өрөөндөө орж үсээ угаагаад гарч ирэхэд дахиад дуу нь чангараад хэрүүл маргаан болоод ахин зууралдаад байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-14/, гэрч Б.Б-ын: “...тэр хоёр нэг нэгнээ үсдээд хараалын үг хэлээд зууралдаад байсан. Тэгээд би нөгөө хоёрыг салгах гэтэл салахгүй зууралдаад байсан. Энэ үед хажуу өрөөнд нь байдаг гэх охин гарч ирсэн бөгөөд бид хоёр  салгах үед манай нөхөр хүүхдээ аваад ...гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, шинжээчийн 363 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О- нь хохирогчтой маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.О-д ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу жирэмсэн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.О-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР