Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

 

 

 

 

 

  2021         01           12                                     2021/ШЦТ/18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.О-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-,

шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогт Н-ийн Э- холбогдох эрүүгийн 2003004630000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13-р гудамж 00 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, О- овогт Н-ийн Э-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Э- 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэгээс баруун замд Тоёота Приус маркийн 00-00 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ж.Д- амь нас хохирсон,

Дээрх зам тээврийн осол хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хадам ах Т-ийн охин Ө-  би урьд нь Өлзийт хороололд зарах газар үзнэ гэж ярьж байсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед над руу Ө- залгаад хоёулаа нөгөө газраа үзэх үү эгчээ та Б- цогцолборын хажууд колонкийн зогсоол дээр хүрээд ир би тэнд байна гэхээр нь би өөрийнхөө 00-00 УБВ дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Вива сити хорооллоос гарсан юм. Ө-ийн байгаа газар очсон чинь Ө- одоо манай найз ирнэ гээд хүлээгээд зогсож байсан. Удалгүй 5-10 минутын дараа нь найз нь гэх нэг эрэгтэй хүн машинтай ирээд машинаа тэнд үлдээгээд миний машины баруун хойд талд ирж суусан. Ө- урд суудал дээр сууж явсан юм. Өлзийт хорооллын цагдаагийн постын баруун хойд талын газрыг Ө-ийн найз Г- нь надад Google-с хараад энд гайгүй сул газар байгаа юм шиг байна гээд надад үзүүлсэн юм. Тэр газар нь урдуураа жоохон жалгатай байсан учраас би өөр газар хармаар санагдаад Өлзийт хорооллын цагдаагийн пост өнгөрөөд уулзвараар баруун гар тийш эргээд Өлзий хороолол руу чиглээд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад гадаа харанхуй болчихсон газар сайн харагдахгүй болчихоор “за за гадаа харанхуй болчихлоо дараа үзье” гээд тухайн зам дээрээ буцаж эргээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 50 орчим км цагийн хурдтай явж байхад гэнэт миний урд зам дээр нэг хар юм харагдахаар нь би зайлуулж гарах гээд жолоогоо баруун гар тийш дарахад машины зүүн урд дугуй нөгөө хар юман дээгүүр овгоноод гарчихсан юм. Бид 3 хоорондоо юм сая юу байсан гэж ярилцаад жоохон яваад юу ч гэсэн буцаж очиж харъя гээд буцаад эргэж очиход нөгөө байсан хар юман дээр араас ирж байсан машин ирээд зогсчихсон хүмүүс буугаад ирчихсэн гар утасныхаа гэрлийн тусгачихсан тойроод гар гээд гараараа дохиод байсан. Би зам дээр хэвтэж байсан хүн дайрсан гэдгээ мэдсэн. Буцаж эргээд явж байхад хүн дайрсан гэдгээ мэдсэн байсан болохоор маш их айж сандраад машинаа барьж чадахгүй болоод “яаснаа би машинаа барьж чадахгүй байна” гэсэн чинь Г- “би бариад явах уу” гэхээр нь машинаа бариулаад өөрөө машиныхаа арын суудал дээр суусан. Өлзийт хорооллын пост дээр ирэхэд цагдаа манай машиныг зогсоогоод бичиг баримтаа гэхээр нь гаргаж өгөх зуураа Ө- бид 2 сая тэнд осол гаргачихлаа гэж хэлэхэд хажуу талд нэг машин ирээд бас ослын талаар хэлж таарсан. Тэр үед цагдаа Ө- бид 2 хэлснийг сонсоогүй. Хажууд ирж хэлсэн хүнийг үгийг сонсоод манай бичиг баримтыг өгчхөөд яваад өгөхөөр нь бид нар бас цаашаагаа явсан. Г-ын машин тавьсан газар очоод Г-ыг машин дээр нь буулгачхаад Ө- бид 2 манай гэрийн автобусны буудал хүртэл яваад тэндээс би гэр лүү гээ яваад Ө- гэр лүүгээ явсан. Маргаашаас нь эхлээд ойр зуурын ажил төрөлдөө машинаа унаад явж байхад 10 дугаар сарын 05 билүү 06-ны өдөр замын цагдаагаас ирээд ирээч гэж дуудсан. ...3.777.860 төгрөг өгсөн байгаа...” гэжээ. /хх-ийн 2 дугаар хавтас 42-43-р хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн төрсөн дүү нь. Хохирогч нь айлын том нь ганц бие, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байсан. 9 дүгээр сарын 24-нд цагдаагийн байгууллагаас амь хохирогчийг нас барсан талаар мэдэгдсэн. Тухайн үед байсан байцаагчаас хэргийн материалтай танилцсан. Шүүгдэгчтэй энэ хэргээс хойш уулзаж байсан. Хохирол төлбөрийн тал дээр нэхэмжлэх зүйлгүй...” гэв. 

 

Эрүүгийн 2003004630000 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 1 дүгээр хавтас 4-11-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 55-56-р хуудас/

Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 167-168-р хуудас/

Гэрч Т.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 184-185-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-92-р хуудас/

Гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 82-83-р хуудас/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2029 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 203-209-р хуудас/

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 644 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 223-226-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 4015 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас  234-240-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 5363 дугаартай  дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас  245-248-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 3960 дугаартай дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас  3-8-р хуудас/

Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 2 дугаар хавтас 27-29-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 32-33-р хуудас/

Шүүгдэгч Н.Э-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 42-43-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 65-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 66-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 62-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 2 дугаар хавтас 64-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 64-р хуудас/, ял шалгах /хх-ийн 2 дугаар хавтас 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Э-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Э- 2020 оны 09 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн орчимд “Тоёота Приус” маркийн 00-00 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн шалган нэвтрүүлэх цэгээс баруун зүгт явах замд явган зорчигч Ж.Д- дайрч амь насыг нь хохироож зам тээврийн осол гаргасан,

 улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан ба цагдаагийн байгууллагаас уг хэргийг илрүүлэхээр ажиллагаа явуулсны үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Н.Э-ийг олж тогтоосон хэргийн үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 1 дүгээр хавтас 4-11-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Н.Э-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 00-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр: ...урд буферийн улсын дугаарын доод талын никель сээтэг  хуванцрын доод хэсэгт 16.05 см орчим хэсэгт хугарч унасан, урд буферийн зүүн хажуу хэсэг түгжээ хугарч ангайсан, буферийн дотор талын хуванцар хаалт байхгүй,...урд дугуйны гарын боолт суурилсан хэсэгт төмрийн засвараар үс хавчуулагдсан” гэж тэмдэглэгджээ. /хх-ийн 1-р хавтас 20-23-р хуудас/

 

          Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр Хотын төвөөр байр худалдаж авах зорилгоор байр сонирхоод явж байсан чинь миний танил Ө- гэх эмэгтэй “Архангай аймгаас ирж байна, эгчтэйгээ Өлзийт хороолол уруу газрын байршил сонирхмоор байна” гэж хэлэхээр нь, би Ө-  Нисэхийн тойргийн урд талд байдаг колонк дээр 18 цаг 20 минутын орчим уулзаад Ө-ийн эгч болох Э-эй холбоо бариад тэндээ хүлээж байгаад Э-ийг ирэхээр нь түүний цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинд би арын суудалд, харин Ө- урд суудалд нь суугаад Өлзийт хороолол уруу явсан. Тэгээд Өлзийт хорооллын постын хажууд очоод замын хажууд байсан газрыг хараад цаашаа Өлзийт хороолол уруу газрын байршил сонирхохоор явж байгаад Өлзийт хорооллын захад очоод буцаж эргээд явж байтал гэнэт машин донслоод юман дээгүүр дайраад гараад явчихсан. Тэгэхээр нь би жолооч Э-ийг “та хүн дайрчихсан юм биш үү, буцаж очоод харах хэрэгтэй” гэж хэлсэн чинь, Э- “мэдэхгүй байна, би зам дээр байсан гулзайсан хар юман дээгүүр дайраад гараад явчихлаа” гэж хэлээд буцаж эргээд, нөгөө газраа очсон чинь машинууд овоорчихсон зам дээр хүн хэвтэж байхыг хараад хүн дээгүүр дайрч гарсан талаараа мэдээд, хүн дайрсан газраараа нэвт гараад Өлзийт хорооллын захад буцаж очоод Э- айж сандраад машинаа барьж чадахгүй байхаар нь би машиныг нь бариад пост уруу орсон чинь цагдаа зогсоогоод бичиг баримт үзэж байгаад “тэнд осол гарсан байна” гээд шууд гүйгээд явчихаар нь би хөдөлж явсан. Бид нар тухайн үед цагдаад “тэнд осол гарсан байна” гэж хэлэх гэж байсан боловч гүйгээд явчихсан. Тэгээд цааш яваад Нисэхийн тойргийн урд талын колонк дээрээс өөрийн машиныг очоод аваад шууд гэртэй харьсан. ...Тухайн үед жолооч Э- хүн дайрсан талаараа мэдээд маш их сандарч “би наад газар чинь очмооргүй байна” гэж хэлэхээр нь цаашаа хөдөлж яваад постын хажууд очоод би машиныг жолоодоод пост дээр очиход цагдаа дохиод зогсоочхоод яараад яваад өгсөн учраас гэмт хэргийн талаар хэлж чадаагүй. ...Э- надад хэлэхдээ “гэмт хэрэг үйлдсэн талаараа Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ” гэж хэлсэн учраас би Э-ийг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байх гэж бодоод хэлээгүй юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 167-168-р хуудас/

 

Гэрч Т.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр ...18 цагийн орчим танил найз Г-уруу яриад “Өлзийт хороолол орж газрын байрлал үзэх гэсэн юмаа” гэж хэлээд, Нисэхийн тойрог дээр уулзахаар болж тохиролцоод бэр эгч Э- рүү залгаад “би Өлзийт хороолол орж газар үзэх гэсэн юм аа, та хамт яваад өгөөч” гэж хэлээд Нисэхийн тойргийн хажууд байдаг П- шатахуун түгээх станцын хажууд уулзаад байж байтал Г- ирсэн байхаар нь очиж уулзаад Г-ын машиныг Б- 2 хорооллын зогсоол дээр үлдээгээд эгч Э-ийн машинаар цаашаа Өлзийт хороолол орохоор явсан. ...уулзвараар буцаж эргээд чигээрээ явж байтал нэг харанхуй гэрэлтүүлэггүй газар зам дээр хэвтэж байсан хар юман дээгүүр миний сууж явсан талын дугуй донслоод гараад явчихсан, тэгээд жаахан цаашаа явж байгаад “юу дайрчих ваа, таржигнаад гарчихлаа ш дээ” гэж ярилцаад, буцаад нөгөө газраа ирсэн чинь нэг машин зам дээр хөндөлдөж зогсоод 2 хүн утасны гэрэл асаасан “тойроод гар” гэж хэлж байхаар нь харсан чинь зам дээр хүн хэвтэж байхаар нь сандраад “сая бид нарын дээгүүр гарсан чинь хүн байсан байна ш дээ” гээд сандралдаад цаашаа чигээрээ явж байгаад буцаж эргээд пост руу явж байтал эгч айж сандраад машинаа барьж чадахгүй болоод хамт явсан Г-ыг “машин бариад өгөөч” гэж хэлээд машинаа бариулаад пост орсон чинь цагдаа ирээд бичиг баримтаа гэж хэлээд шалгах гэж байтал давхар машин орж ирээд “тэнд хүн дайруулсан байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь цагдаа цаашаа эргээд гүйгээд явчихаар нь бид нар шууд чигээрээ яваад Г-ыг машин дээр нь очиж буулгаад эгч бид 2 Яармаг руу эргээд эгчийн гэрт очоод би цаашаа 5 шар руу гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш өдөр нь ахынхаа гэрт өнжөөд 3 дахийн өдөр өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сум руу явсан. ...Бид нар буцаад очиход машин ирчихсэн байхаар нь цагдаа дуудах байх гэж бодоод явсан. ...Би түүнээс хойш маш их шокт ороод шөнө болгон хар дарж зүүдлээд байсан тэгээд айгаад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. ...Зам дээр хөндлөн байрлалтай байсан бөгөөд миний сууж явсан жолоочийн эсрэг талын дугуйгаар дайраад бага зэрэг донслоод гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 37-38-р хуудас/,

 

 Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “Манай багын найз О- Америкаас ирсэн гээд бид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байх гэрт очоод архи, виски уусан. О-“хүүхдээ сургуулиас нь авах болоод бид нарыг А-ийн гэрт хүргэж өгсөн. ... Талийгаач бид хоёр А-ийн гэрээс гараад автобусанд суух гээд засмал замаар явахдаа Өлзийт чиглэл рүү явж байсан. Талийгаач замын эсрэг талд миний хойд талд алхаж байх шиг байсан. Би автобусанд сууна гэж бодоод зам хөндлөн гарсан харин талийгаач миний араас зам хөндлөн гарах гээд замын эсрэг талд алхаж байсан. Гэнэт пид пад гэх чимээ гарахаар эргээд харахад мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн автомашин зогсох гээд хурдаа сааруулж байгаад шууд хурдаа нэмээд яваад өгсөн. Талийгаач газар хэвтэж байхаар гүйж очиход доошоо харсан байдалтай байхаар эргүүлэхэд амнаас нь цус гоожоод үг хэлж чадаагүй. Миний санаж байгаагаар анх улаан хүрэн машин зогсох шиг болсон мөн хажууд нь дахин нэг машин зогсохоор нь “манай ахыг машин мөргөөд зугтаачихлаа” гээд тусламж гуйхад тэдгээр хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 82-83-р хуудас/,

 

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтад өгсөн “Би ээжийгээ Өлзийт хүргэж өгөөд буцаж явахад нэг хүн зам дээр орилоод зогсож байхаар нь зогстол хамт явж байсан хүн нь дайруулсан байдалтай нас барсан байсан. Зам дээр орилоод зогсож байсан хүн утсаараа цагдаагийн байгууллагад дуудлага гэхээр би өөрийнхөө гар утсаар цагдаагийн 102 болон түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд уг хүнийг нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 91-92-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост хийсэн 2029 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Талийгаачийн цогцост гавал тархины ил гэмтэл, цээж хэвлийн хөндийн хавсарсан гэмтэл, дагз ясны цөмөрсөн хугарал, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух, баруун чамархайн ар ба дагз, зүүн тал бөмбөлгийн суурийн урд хэсэг, бага тархины зүүн тал бөмбөлгийн ар хэсгийн аалзан хальс доорх тархмал болон голомтлог цус харвалт, эрүү ясны хугарал, элэгний 2 дэлбэнгийн зааг хэсгийн задрал, язрал, эдийн няцрал, бяцралт, баруун бөөрний үүдэвч хэсгийн язрал, баруун уушгины няцрал ба гялтан доорх цус хуралт, гол судасны гадна хана, 2 бөөрний өөхөн эд ба хальсан доорх, элэгний өргөн холбоос, өрцний цус хуралт, баруун, зүүн талын 2-10-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын булчингийн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, дух, дагзны хуйх, баруун хөмсөг, баруун хацар шанаа, зүүн шууны язарсан шарх, эрүү, баруун шуу, баруун, зүүн сарвуу, хурууны үе, зүүн тохойн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач 2020.09.28-ны өдөр жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр 23 цаг 55 минут цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байна.

6. Талийгаач ВIII бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 2.9% промилли спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно...” гэх дүгнэлт  /хх-ийн 1 дүгээр хавтас 203-209-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 4015 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн никель өнгийн 1 ширхэг хар өнгийн 3 ширхэг хуванцар эд зүйлс нь 00-00 УБВ Тоёота Приус автомашины эд ангитай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед хэв гажилт, шахалт, татагдах хүчний үйлчлэлээр автомашинаас салсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас  234-240-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 5363 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн яс мэт зүйлээс авсан дээжээс эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн яс мэт зүйлээс илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Ж.Д-гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас  245-248-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 3960 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн 3 ширхэг хуванцар эд зүйлс нь 2004-2009 оны Тоёота Приус маркийн автомашины эд анги байна...” гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас  3-8-р хуудас/

 

Мөрдөгчийн магадалгаа: “...Т.Приус маркийн 00-00 УБВ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н- овогтой Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч 50 настай, Ж.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас 27-29-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.О- мөрдөн байцаалтад гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа: “...Талийгаачид тогтоогдсон гавал тархины ил гэмтэл, цээж хэвлийн хөндий хавсарсан гэмтэл нь баруун чамархай суурь ясны шугам хугарал тархины 2 далд бөмбөлгийн дух чамархай, дагз, суурийн урд хэсэг мөн бага тархийн эдийн цус харвалт аалзан хальсан доорх цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь талийгаач босоо байрлалаас мөргөлдөөд хавтгай гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой. Цээж, хэвлийн гэмтлүүд болох элэгний 2 дэлбэнгийн зааг хэсгийн задрал, эдийн няцрал баруун уушгины няцрал, баруун зүүн талын 2-10-р хавирганы хоёрлосон хугарал гэмтлүүд нь хэвтээ байрлалд цээж хэвлий дээгүүр автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой ба гол судасны гадна хана, 2 бөөрний өөхөн эд хальсан доор цус харвалт гэмтэл нь дотор эрхтний доргилтын үед үүснэ. Өөрөөр хэлбэл талийгаач босоо байрлалд мөргөлдөөд цээж хэвлий хэсгээр дайрагдах үед үүсэх гэмтлүүд байна. Дээрх хүчтэй зэргийн согтолттой үед судасны цохилт, амьсгалын тоо буурч өвдөлт болон рефлексийн үйл ажиллагаа буурч эхэлдэг ба тухайн хүний архийг хэр удсан хэрэглээний даах чадвар, нойр, сэтгэл зүйн байдал, идэж уусан хоолны байдлаас шалтгаалан харилцан адилгүй байна. Иймд өөрийн биеийн хянах чадвартай эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх   мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 32-33-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-ийн “...Миний ах Д- манай гэрт манай охиныг хардаг байсан. 5-6 хоногийн өмнө яг хаана байдаг талаар нь мэдэхгүй байна циркийн хажууд байдаг найзынхаа байранд засвар хийнэ гэж хэлээд явсан. Түүнээс 2 хоногийн өмнө Д- ах өөрийн 0000000 дугаараас над руу залгаад засварын ажлаа 1 дэх 2 дахиас дуусаж байх танай гэрт хэзээ очих вэ гэж асуухаар нь та 3, 4 дэх өдөр манай гэрт ирээд хүүхэд харна шүү гэж хэлсэн чинь “за, тэр үеэр яваад очъё” гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш холбоо бариагүй байсан. миний ах Д- Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хэддүгээр байр гэдгийг нь мэдэхгүй байна 2 байрны зүүн талын байрны 0000 тоотод ганцаараа амьдардаг байсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 00-000 тоот гэртээ байж байсан чинь миний ахын цэргийн он жав Р- гэж дууддаг ах Д- зам тээврийн осолд ороод нас барсан байна. Цагдаа дээр очиж уулзах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн дүү Ж.Б-д мэдэгдсэн. Бид нар Тээврийн цагдаагийн албан дээр ирээд ахыгаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд машинд мөргүүлэн нас барсан талаар мэдсэн. Өлзийт хороололд бид нартай хамт өссөн дүү А- гэх залуу байдаг. Тэдний гэрт л очсон байх гэж бодож байна. Миний мэдэж байгаагаар өөр тэнд очих таньдаг айл байхгүй. Хэрэг болох үед миний ах өөрийн найз Б-ын хамтаар явж байсан талаар сонссон. ...Манай ах Д- байнга архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Хааяа ажил төрөл хийгээд мөнгөтэй болсон үедээ бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бид нар дээр нэг их ирээд байдаггүй. Гэртээ уугаад л амардаг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 55-56-р хуудас/  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч Н.Э- нь Тоёота Приус маркийн 00-00 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж явган зорчигч Ж.Д- дайрч амь насыг нь хохироосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Гэрч Г.Г-, Т.Ө-, Ц.Б- нарын мэдүүлснээс үзвэл шүүгдэгч Н.Э- нь осол гаргаснаа мэдсэн байх бөгөөд тэрээр осол гаргасан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоож, холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй атал энэхүү буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр ослын газрыг зориуд орхин явж хариуцлагаас зайлсхийх санаа зорилготой зугтаасан идэвхтэй үйлдлээр илэрсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч Н.Э- нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “... урд зам дээр нэг хар юм харагдахаар нь би зайлуулж гарах гээд жолоогоо баруун гар тийш дарахад машины зүүн урд дугуй нөгөө хар юман дээгүүр овгоноод гарчихсан” гэж амь хохирогч Ж.Д- зам дээр хэвтэж байснаар тайлбарлаж мэдүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.О- мөрдөн байцаалтад гаргасан дүгнэлтээ тайлбарлахдаа: “...Талийгаачид тогтоогдсон гавал тархины ил гэмтэл, цээж хэвлийн хөндий хавсарсан гэмтэл нь баруун чамархай суурь ясны шугам хугарал тархины 2 далд бөмбөлгийн дух чамархай, дагз, суурийн урд хэсэг мөн бага тархийн эдийн цус харвалт аалзан хальсан доорх цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь талийгаач босоо байрлалаас мөргөлдөөд хавтгай гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой” гэж, мөн гэрч Ц.Б- “... автобусанд сууна гэж бодоод би зам хөндлөн гарсан. Талийгаач миний араас зам хөндлөн гарах гээд замын эсрэг талд алхаж байсан” гэж мэдүүлгээс үзвэл амь хохирогч нь хүчтэй зэргийн согтолттой байсан боловч замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.

           Шүүгдэгч Н.Э- нь жолоочийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ зөрчиж хүний амь нас хохироосон нь хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, харин зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн гэж үзнэ.

           Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

           Иймд шүүгдэгч Н.Э-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас Ж.Д- амь нас хохирсон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогчийн дүү Ж.Д-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д- нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд 4.777.860 төгрөгийн зардал гарсан талаарх баримт /хэргийн 1-р хавтас 62-69-р хуудас/ мөн амь хохирогч Ж.Д-нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Г.М-тай зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөг зээлэхдээ Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Москвагийн гудамж 48А байрны 0000 тоот орон сууцаа зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан /хх-ийн 1-р хавтас 77-79-р хуудас/ талаарх баримт ирүүлсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д- шүүхийн хэлэлцүүлэгт “Н.Э-ээс 9.777.860 төгрөг хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Э-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

                   Шүүгдэгч Н.Э- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ба мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцитай.

         Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжээр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс “шүүгдэгч Н.Э- нь 13-15 насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал гаргав.

          Амь хохирогч Ж.Д-нь осолд орох үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2029 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; гэснийг зөрчсөн зохих буруутай байдал мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Н.Э- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амь хохирогч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

        Шүүгдэгч Н.Э-т ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тодруулбал, тэрээр зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан ба цагдаагийн байгууллагаас уг гэмт хэргийг илрүүлэхээр зохих ажиллагааг явуулсны үр дүнд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгчийг олж илрүүлсэн байдлыг тал бүрээс нь харьцуулан дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзсэн.

          Шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-т мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоов.

Шүүгдэгч Н.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Н.Э-ийн “В” ангиллын №000000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Э-т нь буцаан олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хүний яс мэт зүйл 1 ширхэг, автомашины под крылоны хугархай хар өнгийн хуванцар 2 ширхэг, шилний хагархай 1 уут, хар өнгийн хуванцар 1 ширхэг, никель өнгийн хуванцар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. О- овогт Н-ийн Э-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

   Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-т оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

 6. Шүүгдэгч Н.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс тоолсугай.

 

 7. Шүүгдэгч Н.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

 8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Д-т 9.777.860 төгрөг төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхийн 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хүний яс мэт зүйл 1 ширхэг, автомашины под крылоны хугархай хар өнгийн хуванцар 2 ширхэг, шилний хагархай 1 уут, хар өнгийн хуванцар 1 ширхэг, никел өнгийн хуванцар 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10. Шүүгдэгч Н.Э-ийн “В” ангиллын №00000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Н.Э-т буцаан олгосугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР