Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

шүүгдэгч А.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Алексейн Бадамцэцэгт холбогдох эрүүгийн 2010022231086 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1975 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 92 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Алексейн Бадамцэцэг /РД:ТГ75061801/,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Бадамцэцэг нь фэйсбүүкт “H2 устөрөгчийн гайхамшиг” гэх нэртэй хаяг нээж, устөрөгчийн аяганы захиалга авна 10-14 хоногийн дотор ирнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Бямбасүрэн” гэх хаягтай иргэн С.Бямбасүрэнгээс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 350.000 төгрөгийг, “tsatsaa jadamba” гэх хаягтай иргэн Ж.Наранцацралаас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 170.000 төгрөгийг тус тус өөрийн охин Э.Халиуны 5026988743 тоот дансаар шилжүүлэн авч, устөрөгчийн аягаа өгөлгүй, гар утас болон “H2 устөрөгчийн гайхамшиг” гэх нэртэй фэйсбүүк хаяг, нийтэлсэн постоо устгаж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Бадамцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2010022231086 дугаартай хэргээс:

 

Хохирогч С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,

Хохирогч Ж.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

Гэрч Э.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Хохирогч С.Бямбасүрэнгээс гаргаж өгсөн фэйсбүүк чатын хуулбарууд, мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 35-42-р хуудас/,

Э.Халиуны Хаан банк дахь депозит дансны хуулга /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч А.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

Шүүгдэгч А.Бадамцэцэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Бадамцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаар шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч А.Бадамцэцэг нь фэйсбүүкт “H2 устөрөгчийн гайхамшиг” гэх нэртэй хаяг нээж, устөрөгчийн аяганы захиалга авна 10-14 хоногийн дотор ирнэ хэмээн хуурч, хохирогч С.Бямбасүрэнгээс 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 350.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Ривер стоун хотхонд оршин суух “tsatsaa jadamba” гэх хаягтай хохирогч Ж.Наранцацралаас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 170.000 төгрөгийг тус тус залилж авсан болох нь:

 

Хохирогч С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Бадамцэцэг гэх хүн фэйсбүүк хаяг дээр “Ус төрөгчийн гайхамшиг” гэсэн усны аяганы зураг байрлуулсан байсан. Би тэр аягийг маш үнэтэй гэдгийг мэддэг учраас Бадамцэцэг гэх хүн 2 ширхэг аягийг 700.000 төгрөгөөр зарна гэж байрлуулсан байсан. Би өөрийн 5037104116 тоот данснаасаа захиалга өгөхөөр 350.000 төгрөгийг 99196339 устөрөгч аяга урьдчилгаа гэсэн утгатай 5026988743 дугаартай Халиун гэх эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. ...Дараа нь асуухад “ариутгал хийж байгаа авангуутаа шууд тараалт” хийнэ гэсэн. 2020 оны 09 дүгээр сарын орчим “Устөрөгчийн гайхамшиг” гэх хаяг руу ороод чат бичих гэтэл тухайн хаяг идэвхгүй болсон байсан. Урьд нь оруулсан байсан постуудаа устгасан байсан. Ингээд л өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн. ...тэгээд тогтсон хугацаандаа Бадамцэцэг гэдэг хүн мөнгө болон ус төрөгчийн аягийг өгөөгүй. 2020 оны 09 дүгээр сард би фэйсбүүк хаягийг нь хайсан боловч хаягаа устгасан байсан. Хохирлын мөнгө болох 350.000 төгрөг шилжүүлж өгч миний хохирлыг барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-10-р хуудас/,

Хохирогч Ж.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн: “... фэйсбүүкд “Tsatsaa Jadamba” гэх хаягаасаа “Н2 устөрөгчийн гайхамшиг” гэх хаяг руу хандаж чат мессенжерээр 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж харьцаад 18-ны өдөр нь Халиун гэгч эмэгтэйн Хаан банкны дансаар аяганы 50 хувь болох 170.000 төгрөгийг өөрийн 5720366266 гэсэн данснаас “Tsatsaa Jadamba 99092406” гэх гүйлгээний утгатай 5026988743 тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснийхээ дараа 90114460 гэсэн утас руу залгаад “мөнгөө шилжүүлчихлээ” гэсэн чинь дунд эргэм насны эмэгтэй хүн утас аваад “Японоос таны захиалга орж ирнэ, 10-14 хоног болох байх” гэж хэлсэн. Дараа нь 16 хоногийн дараа асуухад хил дээр шалгагдаж байгаа гэсэн. ...хүлээж бай гэж хэлээд 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш дахин холбогдох гэсэн боловч тухайн хаяг утасны дугаарууд нь холбогдох боломжгүй болсон. Цагдаагийн байгууллагад хандсан. ...2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бадамцэцэг гэх эмэгтэй яриад хохирлын 170.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлж намайг хохиролгүй болгосон. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

 Гэрч Э.Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорниа мужийн Лос Анжелес хот руу сургуульдаа сурахаар явсан. Явахдаа өөрийн 5026988743 тоот дансаа ээж Бадамцэцэгт үлдээсэн. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр чартер нислэгээр Монголд ирсэн. Намайг явснаас хойш ээж миний дансыг ашигладаг байсан. Ээж Бадамцэцэгээс өөр хүн миний дансыг мэдэхгүй. Ямар зорилгоор миний дансыг ашиглаж байгаа талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 Хохирогч С.Бямбасүрэнгээс гаргаж өгсөн фэйсбүүк чатын хуулбарууд, мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 35-42-р хуудас/,

Э.Халиуны Хаан банк дахь депозит дансны хуулга /хх-ийн 52-р хуудас/,

Шүүгдэгч А.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 07 дугаар сард өөрийн барьж байсан 90114460 гэсэн утасны дугаарыг ашиглаж байхдаа өөрийн фэйсбүүк хаягаар “H2 устөрөгчийн аяга зэрэг зүйлийг зарна” гэж пост оруулж төрсөн охин Э.Халиуны данс болох  5026988743 тоот данс руу Ж.Наранцацрал гэх хүн 170.000 төгрөг авсан. Дараа нь С.Бямбасүрэн гэх хүн 350.000 төгрөг шилжүүлсэн. Би тохирсон цаг хугацаандаа өгч чадаагүй. Өөр хэн нэгэн хүнд мөнгөний асуудал надад байхгүй. Миний буруу дахиж ийм үйлдэл хийхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч А.Бадамцэцэг нь цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч гэмт хэрэг үйлдсэн байх ба хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэрийн гудамж, Ривер стоун хотхоноос хохирогч Ж.Наранцацрал нь шүүгдэгч А.Бадамцэцэгт мөнгөө дансаар шилжүүлэн өгсөн байх тул Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг төгссөн гэж дүгнэлээ.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч А.Бадамцэцэг нь хохирогч Ж.Наранцацрал, С.Бямбасүрэн нараас “H2 устөрөгчийн гайхамшиг” гэх нэртэй хаягаар ус төрөгчийн аяга захиалж өгнө хэмээн хохирогч нараас эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч мэхлэх аргаар үйлдсэн байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Наранцацралд 170.000 төгрөгийн, хохирогч С.Бямбасүрэнд 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Ж.Наранцацралын “А.Бадамцэцэгээс 170.000 төгрөгийг шилжүүлж өгч намайг хохиролгүй болгосон. Гомдол, санал байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 78-р хуудас/, хохирогч С.Бямбасүрэнгийн “А.Бадамцэцэг гэх хүн миний хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт /хх-ийн 77-р хуудас/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Бадамцэцэгийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч А.Бадамцэцэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч А.Бадамцэцэгийг “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч А.Бадамцэцэгт ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Шүүгдэгч А.Бадамцэцэг нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул түүний орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоов.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Бадамцэцэгт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Бадамцэцэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Алексейн Бадамцэцэгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бадамцэцэгийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т заасныг баримтлан шүүгдэгч А.Бадамцэцэгт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Бадамцэцэгт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Бадамцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бадамцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР