Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: З.Баярцэцэг,

Улсын яллагч: Г.Онон /томилолтоор/,

Шүүгдэгч: Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-өд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005032840019 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжинд иргэн Ш.Г-г архины хагархай шилээр цээж орчим цохиж шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ш.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр найз С-ын гэрт очсон. Тэгээд хажуу айлаас манай найз О- бас орж ирсэн. Тэгээд бид 3 архи хувааж уусан. Тэгээд С-тай цуг манай руу очихоор болоод гараад Өргөө кино театрын ард явж байтал утсаар танихгүй эмэгтэй хүн залгасан, хүүхэд доромжлолоо хүрээд ир гэсэн. ...буцаад С-ын гэр рүү явсан. Тэгээд машинаас буугаад С- бид хоёр дээшээ алхаж байтал гудамжинд 3, 4 хүмүүс гарч ирээд зогсож байсан. ...тэгээд юу болсон бэ гээд очтол нэг ах үгийн зөрүүгүй цээж рүү цохих шиг болсон. Тэгсэн чинь цээж рүү халуу дүүгээд явчихсан, хартал цээжнээс цус гарч байсан, нөгөө ах руу хартал цаашаа гүйгээд явж байсан. С-д наад ах чинь хатгачихлаа гэсэн чинь араас нь гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/,

Гэрч Д.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...охин Шүр-Ундрам дэлгүүр явсан. 20 орчим минутын дараа орж ирээд дээд талын айлын ах намайг дээрэлхсэн, куртикнээс татсан ...заамдсан гэхээр нь ...би уг залууд та нар юу болоод байгаа юм гэхэд би мэдэхгүй манайд хүмүүс ирж архи уугаад явсан гээд 88073496 дугаарын утас өгөхөөр нь уг дугаар руу залгахад нэг танихгүй хүн авахаар нь би юу гэж хүүхэд дээрэлхээд байгаа юм цагдаад хэлнэ гэхэд уг залуу чи юу гээд байгаа юм, пизда минь гэж хараагаад хүрээд ирнэ гэхээр нь би Алтантогос, Өнөболд нарт хэлэхэд Өнөболд хадам аав Баянмөнх нар ирсэн. Тэгээд гэрийн гадаа зогсож байхад дороос 2 залуу ирсэн. Тэгээд би очоод та хоёр яасан гэнээ гээд савхитай залуу руу дайрсан. ...тэгэхэд савхитай залуу савхиа тайлаад цус гараад байна гээд газар суусан. Тэгээд очоод харахад  цус гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/,

Гэрч Н.БатС-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би Г-той хамт очоод юу болсон бэ яасан бэ гэхэд тэр хүүхэн охиноо дуудсан. Охин нь ирээд ...аль нь чамайг татаж чангаасан юм гэж асуусан. Тэгсэн охин нь манай найз Г- руу заасан. Тэгээд удаагүй байж  байтал манай найз Г- эвхрээд унасан. Тэгээд би юу болов гэсэн чинь цамцаа сөхөөд харуулаад намайг хутгачихлаа гэсэн. Цамцыг нь сөхөөд харсан чинь цээжин доор нь онгойсон цус гарч байсан. Энд зогсож байсан хөгшин ах намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд эргэн тойрноо хартал хөгшин ах ...тоглоомын талбайн хажууд явж байсан би гүйж очоод түлхэж унагаад хутгаа яасан гэсэн чинь юун хутга, миний хутга энэ байна гээд чулуу үзүүлсэн. Тэгээд түргэн цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Шинжээчийн 12998 тоот дүгнэлтэд: “...Ш.Г-гийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 27-28/,

Яллагдагчаар Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай хүү Өнөболд гаднаас гүйж орж ирээд Дөлгөөнөө эгч сая утсаар ярилаа, согтуу хүн Эдкаг татаж чангаасан гэнээ гэж хэлчхээд буцаад гараад том ах Бадарчийнх руу явсан. ...Тэгээд гудманд цагаан машинтай 2 залуу ирсэн хоёулаа согтуу байсан. Тэгээд тэр 2 залуу машинаасаа бууж ирэхэд манай бэр уурлаад яагаад хүүхэд зүгээр явуулахгүй дарамталсан бэ гэсэн чинь тэр 2 залуу уурлаад, манай бэр рүү дайраад байсан. Тэгэхээр нь би газар нэг хагархай шил байхаар нь тэр 2 залуугийн нэгнийх цээжинд нь цохисон. Цохисныхоо дараа шилээ доошоо хаячхаад буцаад дээшээ алхаж байсан чинь 2 залуугийн нэг нь гүйж ирээд намайг цохиж унагаасан, тэгээд тэр залуу намайг хутгаа гаргаад ир гэсэн. Би тэгэхээр нь надад хутга байхгүй чулуу байна гээд гартаа байсан чулуугаа үзүүлсэн. Тэгээд байж байсан чинь 103 ирээд цагдаа ирээд намайг аваад явсан. ...Газар байсан шилний хагархай аваад цээж орчимд нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-69/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжинд иргэн Ш.Г-г бага насны эмэгтэй хүүхэд оролдоо гэдэг шалтгаанаар архины хагархай шилээр цээж орчим цохиж шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Ш.Г-гийн: “...юу болсон бэ гээд очтол нэг ах үгийн зөрүүгүй цээж рүү цохих шиг болсон. Тэгсэн чинь цээж рүү халуу дүүгээд явчихсан, хартал цээжнээс цус гарч байсан, нөгөө ах руу хартал цаашаа гүйгээд явж байсан. С-д наад ах чинь хатгачихлаа гэсэн чинь араас нь гүйсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-24/, Гэрч Д.Д-ий: “...би очоод та хоёр яасан гэнээ гээд савхитай залуу руу дайрсан. ...тэгэхэд савхитай залуу савхиа тайлаад цус гараад байна гээд газар суусан. Тэгээд очоод харахад  цус гарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33/, гэрч Н.БатС-ын: “...Тэгээд би Г-той хамт очоод юу болсон бэ яасан бэ гэхэд тэр хүүхэн охиноо дуудсан. Охин нь ирээд ...аль нь чамайг татаж чангаасан юм гэж асуусан. Тэгсэн охин нь манай найз Г- руу заасан. Тэгээд удаагүй байж  байтал манай найз Г- эвхрээд унасан. Тэгээд би юу болов гэсэн чинь цамцаа сөхөөд доор харуулаад намайг хутгачихлаа гэсэн. Цамцыг нь сөхөөд харсан чинь цээжин доор нь онгойсон цус гарч байсан. Энд зогсож байсан хөгшин ах намайг хутгалчихлаа гэсэн. Тэгээд эргэн тойрноо хартал хөгшин ах ...тоглоомын талбайн хажууд явж байсан би гүйж очоод түлхэж унагаад хутгаа яасан гэсэн чинь юун хутга миний хутга энэ байна гээд чулуу үзүүлсэн. Тэгээд түргэн цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/, шинжээчийн 12998 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б- нь хохирогч Ш.Г-г хүүхэд дээрэлхлээ гэх шалтгаанаар газарт байсан хагархай шилийг авч, түүний цээжин тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б-өд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч зорчих эрх хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагархай архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилний хагархай хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР