Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2019/0023/З |
Дугаар | 25 |
Огноо | 2019-07-19 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: оршин суух, *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч В.*******, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж тус Хурлын дарга Л.*******, эрх зүй, хууль хариуцсан ажилтан Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган сумын Засаг даргын А/85 дугаар “Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулах тухай” захирамж гарч, ...2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдаж, миний бие шалгарсан. Энэ шийдвэрийн дагуу Булган сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/108 дугаар захирамж гарч, надад “Ухаа хошуу”-ны дундаас чанх хойно Хэрлэн голын эрэгт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний мод тариаллах зориулалтаар 5 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Ийнхүү зориулалтын дагуу эзэмшиж байгаад Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар захирамжаар газрын зориулалтыг “амралт, сувиллын” болгон өөрчилж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Зориулалтын дагуу амралт, сувиллын газар байгуулан орчны газрыг тохижуулж, одоогийн байдлаар нийт 450,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Гэтэл амралтын газрынхаа 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүсэлт гаргахад тус газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 151 тоот албан бичгээр “...танай жуулчны баазын газар олголт, зориулалт, ашиглалтын байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын танилцуулга, Булган сумын Засаг даргад өгсөн албан шаардлага зэрэгт дурдсанаар “Ухаа арал” жуулчны баазын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох, газар эзэмших эрхийг цуцлах, газрыг чөлөөлөх үүргийг өгсөн байна. Иймд ...төлөвлөгөөг хянан батлах боломжгүй...” гэсэн хариуг ирүүлсэн. Газар эзэмшигч надад ...газар чөлөөлөх тухай шаардлага, ...газар эзэмших эрхийг цуцлах тухай ямар нэгэн эрхийн акт гаргаж танилцуулаагүй тул энэ талаар тодруулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Уг өргөдлийн хариуд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/270 тоот албан бичгээр “...Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 05 дугаар тогтоолоор танай эзэмшлийн газрыг Чойбалсан хотын ус хангамжийн болон эрүүл ахуйн бүсэд хамааруулан тооцсон байгаа тул хууль бусаар газар эзэмшиж байна...” гэсэн агуулгатай хариу ирсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 05 дугаар тогтоол гарах үед дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж гарч, дуудлага худалдаанаас миний бие шалгарсан. Үүний дагуу ...гэрчилгээ авч гэрээ байгуулан, гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлж яваа иргэн билээ. Төрийн байгууллагын уялдаагүй, гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргадаг, тухайн шийдвэрээ эрх ашиг нь хөндөгдөж буй иргэнд мэдэгддэггүй зэрэг хууль бус үйлдлийн улмаас ...газраа зориулалтын дагуу ашиглах эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Дээрх тогтоолыг надад хэн ч танилцуулаагүй бөгөөд би Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан бичгээс л мэдсэн. ...Миний хувьд орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, байгаль орчинд ээлтэй аж ахуйг хөгжүүлэх зорилгоор хийж бүтээж яваа иргэн билээ.
...Миний бие ...энэхүү 5 га газрыг эхлээд төмс, хүнсний ногоо, жимсний мод тариаллах зориулалтаар эзэмшин, 2 жил ногоо тарьсан. Ийнхүү зориулалтын дагуу эзэмшиж байгаад ногоо муу байсан учир Булган сумын Засаг даргын ...захирамжаар зориулалтыг өөрчлөн аялал жуулчлалын журмаар ашиглаж эхэлсэн. Энэхүү газар 2012 оноос хойш миний эзэмшилд байгаа. Гэтэл 2018 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирээд манай үйл ажиллагааг зогсооно, хориотой бүс гэх зэргээр шахалт үзүүлж, арга ядаад миний бие хуулийн байгууллагад хандаад байна гэв. Иймд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ тогтоолыг гаргахаас өмнө Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын захирамжаар зохион байгуулагдсан газрын дуудлага худалдаанд оролцон, ялалт байгуулж, газар эзэмших эрх нь үүсч, гэрээ байгуулсан байдаг. Ийнхүү газраа зориулалтын дагуу эзэмшиж байгаад, 2015 онд зориулалтыг өөрчлүүлэн тус газарт 450,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, Дорнод аймагт үлгэр жишээ болохуйц аялал жуулчлал, амралтын газрыг байгуулан ажиллуулж байгаа. Ингээд тус газрынхаа 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар холбогдох байгууллагад хандахад 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 151 тоот албан бичгээр “...Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалттай холбоотойгоор танай газар эзэмших эрх цуцлагдана. Тиймээс төлөвлөгөөг батлах боломжгүй...” гэсэн хариуг ирүүлсэн. ...Тодруулахаар Мэргэжлийн хяналтын газарт хандахад 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 01/270 тоот албан бичгээр “...Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 05 дугаар тогтоолоор танай эзэмшлийн газрыг Чойбалсан хотын ус хангамжийн болон эрүүл ахуйн бүсэд хамааруулан тооцсон байна...” гэсэн агуулга бүхий хариуг тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хуулбарын хамт ирүүлсэн тул шүүхэд хандсан. Ийнхүү хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд нийцэж байгаа. Гэхдээ захиргааны хэм хэмжээний акт буюу заавал нийтээр дагаж мөрдөх шинжтэй акт гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа огт яригдахгүй. Хавтаст хэрэгт цугларсан баримтууд, хариуцагчийн тайлбар зэргээс тогтоосон бүс нь Ц.*******ийн эзэмшил газартай давхцаж байгаа нь харагдаж байгаа учир түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзнэ.
...Хариуцагч талаас актыг хууль зүйн үндэслэлтэй буюу эрх зүйн алдаагүй гэдгийг нотлох нарийн тодорхой тайлбар гаргахгүй байна. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-дахь заалтыг л үндэслэж энэ тогтоол гарсан байгаа. Гэтэл энэ нь баримтлах ёстой үндсэн заалт нь биш. Хуралд тогтоолыг батлах эрх нь байгаа бол журмаа зөрчихгүй байх ёстой. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан явагдсан процесс нь хууль зөрчсөн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талууд болон шүүх нотлох зарчмын аль алийг нь хослуулдаг. Тиймээс хариуцагч өөрөө шийдвэрээ хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж өмгөөлж оролцож байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй. ...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад энэхүү маргаан бүхий асуудал байгаагүй. Хариуцагчийн “...ийм асуудал хэлэлцэх гэж байгааг тухайн хуралдаан болдог өдөр л мэдсэн...” гэсэн тайлбарыг шүүхээс дүгнэж үзэх байх. ...1-рт Тэргүүлэгчдийн хурлыг зарлаж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байх ёстой байсан. Энэ нь тодорхойгүй байгаа нь харагдаж байна. 2-рт Тооцоо судалгаа, мэргэжил шаардсан асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу хэлэлцэхгүй байх байсан. Хууль журмын дагуу хэлэлцэж шийдвэрлээгүй гэдэг нь асуулт, хариултын явцад тодорхой болсон. Хуралдаан дээр хэлэлцэх ёсгүй асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан бол энэ шийдвэр хүчингүй болох нэг үндэслэл болно гэж бодож байна.
“...Тухайн шийдвэрийг гаргах үед Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан учир мөрдөх шаардлагагүй...” гэж тайлбарлаж байх шиг байна. Гэхдээ захиргааны хууль тогтоомжийн шүүхийн хэрэглээний зарчимд захиргааны хэм хэмжээний зохицуулалтыг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчилдэггүй. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хэм хэмжээний хүрээнд шүүх шийдвэрээ гаргадаг. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх оролцогчдын хүрээг тодорхойлж, хэлэлцүүлэг хийх гэх мэт хуульд заасан бүх зохицуулалтууд хэрэглэгдэнэ, ийнхүү хэрэглэхэд буруутах зүйл байхгүй гэж үзэж байна. Дээрх тайлбарыг зөвтгөлөө гэхэд тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг хэрэгжүүлэх байсан. Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт хүчин төгөлдөр болсон л бол хуулийн нэгэн адил хэрэглэгдэнэ. Мөн шүүх ч хэм хэмжээний актыг үндэслэж шийдвэр гаргадаг. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 05 дугаар тогтоол нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.3-т заасан “...эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргана” гэсэн заалтыг л хангаж байгаа юм. Энэ журамд заасан бусад шаардлагуудыг хангасан зүйл байхгүй.
Дээрх шаардлагуудыг хангахгүй, мөн бодит байдал дээр нэхэмжлэгчээс өөр ямар этгээдийн, ямар газар давхцалтай байгаа нь ч тодорхойгүй, ойлгомжгүй байгаа тул Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 05 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хуралд эрх нь байгаа учраас цаашдаа хууль журамд нийцүүлээд тогтоочихвол маргаангүй байх болов уу гэж бодож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Ундны усны хамгаалалт болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолыг хэлэлцэн, ...баталсан болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн уг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн байх тул ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлая. Нэгдүгээрт, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2012 оны 08 сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаараар Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, тус 05 дугаар тогтоолыг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд олонхийн саналаар батлан гаргасан. Хоёрдугаарт, энэ тогтоол гарахаас өмнө Дорнод аймгийн Засаг даргын 2003 оны 09 сарын 01-ний өдрийн 191 тоот захирамжаар Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалт болон эрүүл ахуйн бүсийг тогтоосон байдаг. Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 онд хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоохдоо иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашгийг хохироохгүй гэдэг үүднээс өмнө тогтоосон хэмжээнээс нилээдгүй хэмжээгээр багасган тогтоосон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан[1]. Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/85 дугаар захирамжаар “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний мод тариаллах зорилгоор 5 га газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ажлыг... зохион байгуулах”-аар шийдвэрлэжээ.[2]
Дорнод аймгийн Булган сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/108 дугаар захирамжаар “Тус сумын 3 дугаар багийн иргэн *******ийн *******ид Ухаа хошууны дундаас чанх хойно Хэрлэн голын эрэгт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний мод тариаллах зориулалтаар 5 га газрыг дуудлага худалдаанд оролцож ялсан тул 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.[3]
Тус аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар захирамжаар “Тус сумын 3 дугаар багийн нутаг Хоёр ухаа хошууны дундаас чанх хойно, Хэрлэн голын эрэгт хүнсний ногооны зориулалтаар 5 га газар эзэмшигч иргэн *******ийн *******ийн газар эзэмших зориулалтыг амралт сувиллын зориулалттай болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.[4]
Өнөөдрийн байдлаар “Ухаа арал” жуулчны баазад амрагчдын байшин 8, амрагчдын гэр 8, амрагчдын сүүдрэвчтэй байшин 8, гэр ресторан, гал тогоо хооллох хэсэгтэй, 6000 ваттын өндөр хүчдэл /хувийн зардлаар босгосон/, Баянтүмэн сумаас 1300 м-ийн цахилгааны шугам, тоглоомын талбай, ариун цэврийн болон угаалгын өрөө зэргийг бүтээн байгуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон фото зургуудаас тодорхой харагдаж байна.[5]
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаар албан бичгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний батлагдсан аргачлалын дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж, гүйцэтгэлийн хуудасны хамт Ц.*******ид хүргүүлжээ.
Дээрхи үнэлгээгээр ...ерөнхий үнэлгээ хийсний үндсэн дээр “нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой” гэж үзжээ.[6]
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар хуралдааны “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолоор “Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн /гүний худаг/ эрүүл ахуйн бүсийг 100 метрт хотын цэвэр усны төвлөрсөн хангамжийн дамжуулах, түгээх шугамын гол тэнхлэгээс 2 тийш 5 метрт, хот доторх бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах татан зайлуулах шугамын гол тэнхлэгээс 2 тийш 6 метрийн зайд ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийх хамгаалалтын зурвастай байх, ус түгээх цэгийн эрүүл ахуйн бүсийг 5 метр, гэр хорооллын иргэд хувийн хэрэгцээндээ зориулж гаргасан усны эх үүсвэрээс бусад хэрэглэгчийг усаар хангах нөхцөлд эрүүл ахуйн бүсийг 30 метр байхаар тогтоож, ...Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг 1 дүгээр хавсралтаар, цэвэр усны төв усан сан, төмөр шүүх станц, 2 дугаар өргөгч станцын эрүүл ахуйн бүс, хамгаалалтын бүсийг 2 дугаар хавралтаар" тус тус баталжээ.[7]
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаар албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “аймгийн мэргэжлийн хяналтын газраас Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар хуралдааны “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн, ...Ц.*******ийн амралтын газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн нь хууль тогтоомж зөрчсөн” гэх албан бичгийг явуулжээ.[8]
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2017 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний батлагдсан аргачлалын дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж, “нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой” гэж үзчихээд өнөөдөр үгүйсгэж байгаа нь нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэл болохгүй юм.
Мөн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Аймгийн Засаг дарга болон Булган сумын Засаг дарга нарт хяналт шалгалт хийсэн тухай мэдээллийг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар “Ухаа арал” жуулчны баазын үйл ажиллагааг зогсоосон, газар эзэмших эрхийг цуцалсан, газрыг чөлөөлсөн ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар хуралдааны “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоол нь өөрөө утга агуулгын алдаатай өөрөөр хэлбэл уг тогтоолыг батлахдаа ямар ч судалгаагүй, хэдэн иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөхийг судлаагүй, мэргэжлийн байгууллагын саналыг аваагүй, уг тогтоолын хавсралтууд ойлгомжгүй болох нь дээрхи тогтоолын тэмдэглэл[9], хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи тогтоол батлагдсанаас хойш энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэхүү тогтоол батлагдсанаас хойш иргэд, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхдээ шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд дээрхи тогтоолыг анхнаасаа хэрэгжүүлээгүй байна.
Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2003 оны “Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 191 дүгээр захирамжийг өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүйг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл дээрхи захирамжийн үндэслэл болгосон хууль хүчингүй болж шинэчлэгдсэн болно.
Иймд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.*******ийн, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ундны усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох тухай” 05 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хавтаст хэргийн 1-3-р хуудас
[2] Хавтаст хэргийн 18-р хуудас
[3] Хавтаст хэргийн 27-р хуудас
[4] Хавтаст хэргийн 28-30-р хуудас
[5] Хавтаст хэргийн 63-72-р хуудас
[6] Хавтаст хэргийн 36-40-р хуудас
[7] Хавтаст хэргийн 7-11, 53-62-р хуудас
[8] Хавтаст хэргийн 75-76-р хуудас
[9] Хавтаст хэргийн 57-62-р хуудас