Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2023/0071

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч...” ХХК -ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Ч...” ХХК -ийн захирал Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, Г.Х

Нэхэмжлэгч “Ч...” ХХК

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд “Т т” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д т” ХХК -д холбогдох хэсэг, мөн даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т т” ХХК -д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д т” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Т т” ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ГЗМЗХ2020/31-007 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 826 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Ч...” ХХК -ийн захирал Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, өмгөөлөгч Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0201/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч...” ХХК  нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д т” ХХК -д холбогдох хэсэг, мөн даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т т” ХХК -д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д т” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Т т” ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ГЗМЗХ2020/31-007 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 826 дугаар шийдвэрээр:

2.1. “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ч...” ХХК -ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжийн “Д т” ХХК -д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д т” ХХК -д холбогдох хэсэг, мөн даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т т” ХХК -д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, “Т т” ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжаа гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ГЗМЭХ2020/31- 007 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Ч...” ХХК -ийн захирал Ч.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно”, 96.2-т “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн.

3.2. Шүүх нэхэмжлэгч намайг худал хүсэлт гаргасан мэтээр хөл хугарч эмнэлэгт үзүүлсэн баримтад эмнэлэг дээр очиж үзлэг хийж нэхэмжлэгчийг хууль бусаар мөрдсөн, нөгөө талаас хэргийн баримт болох газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүд /нотлох баримтуудыг/ шүүх цуглуулаагүй, бүрдүүлээгүй байж, шүүх хурлыг хуралдуулсан, мөн шүүх хурал дээр илт нөгөө талд шийдвэрлэх талаар хэлж ярьж байсан нь ... “шүүх хэргээ шийдвэрлэхээс өмнө урьдчилан шийдвэрээ нөгөө талд гаргасан илт үг хэллэг хэлж байсанд” гомдолтой.

3.3. ...манай өмгөөлөгч ковид-19 2 жил тусаагүй анхны тохиолдлоор ХӨСҮТ-д хэвтэж, нотлох баримттай хурал хойшлуулах хүсэлт надаар өгүүлэхэд өмгөөлөгчөөр хангагдах эрхийг минь ноцтой зөрчин, намайг “эрүүл саруул ухаантай бол хариул, хурлаа хийнэ” гээд нэг цаг гаруй хийсэн, энэ хурал маань хөндлөнгийн шинжээч томилуулах хэргийн хамгийн чухал хүсэлт байсан бөгөөд өмгөөлөгчгүй миний хүсэлтийн эсрэг шийдвэр гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Ц нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг хууль ёсны ашиг сонирхол нь огт хөндөгдөөгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж ... компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон.

4.2. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/234, 2018 оны А/162 дугаар захирамжуудаар “Т т” ХХК -д олгосон газар доогуур нь дулааны магистраль шугам байрладаг ... бөгөөд манай компанийн сайжруулсан шороон замыг хааж хашаагаа барьсныг харгалзалгүйгээр хууль бус дүгнэлтэнд хүрч шийдвэрээ гаргалаа.

4.3. Маргаан бүхий захиргааны актууд нь 2007, 2014, 2018 онд гарсан байхад эдгээр онуудын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргуулах өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээж авсангүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар ‘‘... аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга олгоно гэдгийг шүүх нотлох баримтын хэмжээнд нотолж чадаагүй бөгөөд харин 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан гэж дүгнэж шийдвэрээ гаргасан нь учир дутагдалтай байна.

4.4. Анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар “Д т” ХХК-д 1200 м.кв газрыг конторын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Чойжин ламын сүм музейн зүүн талд олгохдоо ... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу... нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.” гэдэг заалтыг зөрчсөн.

4.5. Уг хууль бус захиргааны актыг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Д т” ХХК -д холбогдох хэсэг, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжийн “Т т” ХХК -д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002он/ 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9 дэх заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актууд юм.

4.6. Түүнчлэн гуравдагч этгээд нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болсоноосоо хойш 8 жил тухайн газраа ашиглаагүй ирсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” заалтыг зөрчсөн тул Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээд байгаа юм.

4.7. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ГЗМЗХ2020/Э1-007 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэдэг заалтыг барилгүй “Ч...” ХХК -ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна.

4.8. Маргаан бүхий газар дээр баригдах “Т т" ХХК-ийн барилгын эскиз зургын орц гарцын төлөвлөлт тодорхойгүй, Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан гэх Магадлалын нэгдсэн дүгнэлт учир дутагдалтай байхад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.9. Манай нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон хариуцагч нарыг оролцуулалгүй шүүх хуралдааныг явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.10. Шүүх 2003-2014 он хүртэл уг илт хууль бус захирамж хүчинтэй байж байгаад 2014 онд Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон тал дээр маргаагүй гэжээ. 2007 оны 300 дугаар захирамж нь “Төлөвлөгөөнд тусгаагүй газар эзэмшүүлсэн”, “инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн, мөн тусгай хамгаалттай газар буюу БОАЖЯ-ны эрх хэмжээтэй газарт Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй талаар нэхэмжлэлд дурьдсан байхад энэ тал дээр огт дүгнэлт хийхээс санаатай зайлсхийж, нэхэмжлэлд дурьдсан үндэслэлийг гуйвуулан нэхэмжлэлд бичээгүй, дурьдаагүй, худал үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлд гуйвуулан дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-т "Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй”, 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн.

4.11. Шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэр 2014 онд үйлчлэл нь дуусгавар болсон талаар дурьдаж, нэхэмжлэлд дурьдсан илт хууль бус захирамжийн талаар дүгнэлт няцаалт өгөөгүй, хийгээгүйгээрээ нэг талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үндэслэлийг зөвшөөрсөн гэж ойлгогдохоор нөгөө талаас үйлчлэл нь үр дагаваргүй болсон тал дээр нэхэмжлэгч маргаагүй харин эсрэгээрээ тухайн цаг үед хариуцагч тусгай хамгаалалттай газарт газар эзэмшүүлэх эрхгүй атлаа эрхтэй мэтээр захирамж гаргасан, энэхүү илт хууль бус захирамжийг үндэслэж газрын бусад хууль бус захирамж гарч нэхэмжлэгчийн үндсэн орц гарцыг хааж, түүний бодитой хөрөнгө оруулалт хийгдэж ашиглагдаж байсан замыг хааж, өөрийн өмчлөл мэтээр уг хөрөнгө оруулалт хийгдсэн замыг хааж хашиж, одоо нэхэмжлэгч стандарт бус орц гарцаар орж гарч байгаа байдалд шүүх огт дүгнэлт өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн талаар шүүх хурал дээр хэлж маргасаар байтал шүүх үүнийг хүлээж аваагүйд гомдолтой байна.

4.12. Нийслэлийн Засаг дарга 2014 онд илт хууль бус захирамжийг үндэслэж байршил өөрчлөх захирамж гаргасан, Сүхбаатар дүүргийн 2007 оны 300 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн үндсэн орц, гарцаар гарах, одоо байгаа газраа бүрэн хэмжээгээр эзэмшиж ашиглах эрх сэргэх бөгөөд уг илт хууль бус захирамжийн дараа гарсан бүх захирамжууд нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байсан. Гэтэл шүүх үүн дээр огт дүгнэлт хийгээгүй төдийгүй дүгнэлт хийхээс зайлсхийснээрээ Захиргааны Ерөнхий хуулийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна", 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасныг хэрэглэхээс зайлсхийсэнд гомдолтой.

4.13. Мөн шүүх болон гуравдагч этгээдүүд нэхэмжлэгчийг дээгүүрээ дулааны шугам явдаг түр орц гарцыг та нар үүгээр үүрд орж гарч байх талаар дүгнэлт хийсэнээрээ стандарт бус орц гарцтай болгож нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаад гомдолтой байна.

4.14. Онцгой байдлын газраас мэргэжилтэн ирж, онцгой үед буюу гал түймэр, үер усны гамшиг тохиолдсон үед одоо байгаа стандарт бус орц гарцыг хэрэглэж болох тал дээр үзлэг хийх үеэрээ “нэхэмжлэгчийг үйлдвэрлэлийн зориулалттай обьект тул заавал онцгой үед хэрэглэх 2 орц гарцтай байх шаардлагатай талаар хэлэх атлаа” шүүхэд тайлбар ирүүлэхдээ “стандарт бус орц гарц” хангалттай талаар бичиг ирүүлсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагын хийх хэмжилтийг нүдээрээ хараад хэмжих боломжгүй хэмжилтийг огт хэмжилт хийж үзээгүй атлаа албан бичгээр ирүүлсэн, бичгээр одоо байгаа “орц гарц”-аар галын машин орох боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.15. Нөгөө талаас стандарт бус түр орц гарцаар онцгой байдал бий болсон үед галын машин хэрхэн багтаж орох эсэх нь эргэлзээтэй, үүнийг хэмжиж үзээгүй байж, үүгээр галын машин чөлөөтэй орно гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй, 7.2-т “шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй гэж заасныг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 826 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч, гуравдагч этгээд нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “Ч...” ХХК нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17ы өдрийн А/181 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1780911236 дугаар бүхий 3030 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, 000026353 дугаартай газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

3.2. Мөн “Д т” ХХК -д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 302 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ........... зүүн талд байрлах, 0,12 га газрыг конторын барилга барих зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Газар эзэмших эрхийн 0141626 дугаар гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгосон байна.

3.3. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 302 дугаар захирамжаар “...түүхэн дурсгалт барилгаар тогтоож, төрийн хамгаалалтад бүртгэсэн ........... хамгаалалтын бүсийн газарт давхцуулан олгосон ...” тул уг зөрчлийг арилгаж, гуравдагч этгээд “Д т” ХХК -д эзэмшүүлсэн газрын байршлыг сольж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дугаар захирамжаар Хан-Уул дүүрэгт байрлах, 1200 м.кв газрыг контор, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай олгожээ.

3.4. “Д т” ХХК -д олгосон 0141626 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг үндэслэсэн гэж тэмдэглэсэн байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 302 дугаар захирамжаас өөр шийдвэр байхгүй ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

3.5. “Д т” ХХК -ийн оноосон нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/162 дугаар захирамжаар тус газрыг “Т т” ХХК -д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн уг захирамжуудын улмаас нэхэмжлэгчээс орц, гарц хаасан хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

3.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдолд тухайн захиргааны акт илт хууль бус байх хуулийн зохицуулалттай.

3.7. Гэвч хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Ч...” ХХК , гуравдагч этгээд “Т т” ХХК -ийн газар эзэмших эрх бүхий талбайн кадастрын болон агаар сансрын зураг, маргаан бүхий газарт хийсэн үзлэг, Google Earth программд хийсэн үзлэг зэргээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн талбай нь нэхэмжлэгч “Ч...” ХХК-ийн эзэмшил газрын орц, гарцыг хаасан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.8. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа түүхэн дурсгалт барилгаар тогтоож, төрийн хамгаалалтад бүртгэсэн .............. хамгаалалтын бүсийн газарт давхцуулан олгосон зөрчлийг арилгаж, шинээр өөр газар шилжүүлэн газар олгосон талаар тайлбарлаж байгаа төдийгүй энэ нь захиргааны байгууллага өөрийн гаргасан эрх зүйн актын алдаа, зөрчлийг арилгаж, зөвтгөн гаргах хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа бөгөөд энэ үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

3.9. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж зааснаар хариуцагчаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй, уг актыг илт хууль бусд тооцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй, энэ талаар дахин тодруулах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

3.10. Түүнчлэн захиргааны актыг илт хууль бусд тооцох тохиолдолд уг актын улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг шаардах ба энэ тохиолдолд “Д т” ХХК -д газар эзэмших эрх олгосон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эсхүл хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 302 дугаар захирамж нь “Төлөвлөгөөнд тусгаагүй газар эзэмшүүлсэн”, “инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн, мөн тусгай хамгаалалттай газар буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх хэмжээтэй газарт Сүхбаатар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад газар эзэмшүүлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

3.11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын дагуу шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянасны дүнд нэхэмжлэгч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 302 дугаар захирамжийн улмаас хөндөгдсөн гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь зөв болжээ.

3.12. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо шүүх хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй, ач холбогдолтой нотлох баримтыг гаргуулаагүй нь алдаа болсон гэж тайлбарлаж байна.

3.13. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан нотлох үүргээ хэрэгжүүлж, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нотлох баримт дутуу цуглуулсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3.14. Мөн нэхэмжлэгч “Ч...” ХХК -ийн захирал Ч.О-оос шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд түүнийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн байх тул 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа хойшлуулсан байгаа нь шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан эрхээ эдлэх бүхий л боломжит байдлаар хангасан гэж үзэхээр байна.

3.15. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр “...Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө” гэх заалт, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн заавал биелүүлэх 4 дүгээр хавсралт, Галын аюулаас хамгаалах шаардлагын 12 дугаар зүйл “Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө. Зам гарцаас 10 хүртэл давхар барилгын хана хүртэл 5 м-ээс багагүй, 10 дээш давхар барилгын хана хүртэл 8 м-ээс багагүй байхаар тооцож төлөвлөнө. Энэ бүсэд ямар нэгэн хаалт, цахилгаан дамжуулах агаарын шугам болон мод эгнүүлэн тарихыг хориглоно. Барилгын орц байхгүй ханын дагуу галын машин зорчих 6 м-ээс ихгүй зурвас зай гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө” гэснийг хангаж байна” гэж тодорхойлсон байхад “... одоо байгаа орц, гарцаар галын машин орох боломжтой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.16.  Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээрх Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтэд хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй, хэрэгт гомдол гаргасан гэх баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

3.17.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ч...” ХХК -ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул “Т т” ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

3.18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... “Т т” ХХК -д олгосон газар доогуур нь дулааны магистраль шугам байрладаг ... бөгөөд манай компанийн сайжруулсан шороон замыг хааж хашаагаа барьсныг харгалзалгүйгээр хууль бус дүгнэлтэнд хүрч шийдвэрээ гаргасан” гэж тайлбарлаж байх ба Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу “Т т” ХХК -д олгосон маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаагүй бөгөөд маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдээс олгосон байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

3.19. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д “хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй бөгөөд уг асуудлыг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан тул “Т т” ХХК -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хүлээн авах, хангах боломжгүй байна.

3.20. “Т т” ХХК  нь өөрийн эзэмшил газар дээрээ 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ГЗМЗХ2020/31-007 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, барилгын зураг төслийг боловсруулахдаа мөрдөх төлөвлөлтийн ажлыг урьдчилан даалгасан ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, аливаа байдлаар хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

3.21. Учир нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах комиссоос Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах, “Т т” ХХК -ийн “Контор, үйлчилгээний барилга”-ын ажлын зураг төсөлд Барилгын тухай хуулийн 34.1.4, 34.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоол, 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийг тус тус үндэслэн магадлал хийх ажлыг зохион байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1299/2021 дугаартай Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр нэгтгэн бүртгэлийн дугаар олгосон байх тул Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэдэг заалтыг барилгүй “Ч...” ХХК -ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

3.22. Мөн Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д “Энэ хуулийн 25.6-д заасан магадлалын дүгнэлттэй холбоотой маргаантай асуудлыг холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлж болно” гэж заасан байхад нэхэмжлэгчээс маргаан бүхий газар дээр баригдах “Т т" ХХК-ийн барилгын эскиз зургийн орц гарцын төлөвлөлт тодорхойгүй, Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан гэх Магадлалын нэгдсэн дүгнэлт учир дутагдалтай талаарх гомдлоо холбогдох газарт хандан шийдвэрлүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА