Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 433

 

Б.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Хэрлэнчимэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Ут холбогдох 1806004780114 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ол  овогт  Б.У, 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “Эм Си Эс” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;

Б.У нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Топ” караоке бааранд иргэн Л.Гтой маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Уыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Уаас нийт 188.884 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Гт олгох, Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг залруулахдаа: Тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Уыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэж залруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа шүүгдэгч Б.Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон байтлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дээрх заалтуудаас үзвэл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Мөн шийтгэх тогтоолд залруулга хийх талаар шүүхээс надад мэдэгдээгүй. Хэрэгт авагдсан залруулга хийх шүүх хуралдаанд “намайг оролцох шаардлагагүй гэсэн” гэх тэмдэглэл нь худлаа байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Топ” караоке бааранд иргэн Л.Гтой маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Гийн “... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед найз Б.Утай уулзаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны хажуу талын “Топ” нэртэй пабад 23 цагийн үед орсон. Тэнд 4-үүлээ сууж байгаад би найз Б.Утай маргалдахад миний нүүр хэсэг рүү мангасдахаар нь би түлхээд босож ирсэн. Тэгэхэд бид хоёрыг салгасан бөгөөд Б.У 00 орохоор явсан. Буцаж ирээд намайг “босоод ир” гэсэн. Тэгэхээр нь би босож ирээд буруу тийшээ хараад юм ярьж байтал Б.У миний хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би өөдөөс нь дайрсан чинь дахин миний нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохисон...” /хх-5-6/,

гэрч Б.Уын “... Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танил Энх-Оргил, Б.У болон түүний найз Л.Г нартай уулзаад бид 4 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Топ” нэртэй пабад 22 цагийн үед ороод сууж байтал Л.Г, Б.У хоёр маргалдаад “гаръя” гээд боссон. Эхлээд Б.У нэг удаа Л.Гийн хацар хэсэг рүү алгадсан. Тэгээд болиулсан чинь дахин маргалдаад, босож ирээд Б.У нэг удаа гараараа Л.Гийн нүүр хэсэгт цохисон. Тэгтэл Л.Г зөрүүлээд цохисон. Тэгээд шууд салгасан...” /хх-26/,

Б.Уын яллагдагчаар өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Топ” нэртэй караокед Л.Г, Энх-Оргил, Б.У нартай уулзаад 2 шил, 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд 23 цагийн үед би Л.Гтой маргалдаад, би түүнийг мангасдсан чинь өөдөөс намайг мангасдсан. Тэгэхээр нь би гараараа нүүр, хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл хажуугаас Б.У босож ирээд салгасан. Тухайн үед Л.Г текэн дээр очоод “цагдаа дуудлаа” гэхээр нь би явчихсан ...” /хх-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Л.Гийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1212 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-10/, амбулаторын түр карт /хх-28/, хохирлын баримтууд /хх-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Б.Ут оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байна.

            Прокуророос Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Гэтэл анхан шатны шүүхээс Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 39 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин анхан шатны шүүхээс дээрх шийтгэх тогтоолыг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 638 дугаартай шүүгчийн захирамжаар залруулга хийсэн байх боловч уг захирамжийг прокурор эсэргүүцэл бичиж ирүүлсний дараа гаргасан, мөн шийтгэх тогтоолд залруулга хийх шүүх хуралдааны товыг прокурорт мэдэгдээгүй атлаа мэдэгдсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан справк /хх-69/-ийн огноо шийтгэх тогтоолд залруулга хийх шүүгчийн захирамж гарсны дараа үйлдэгдсэн, прокурорын эсэргүүцлийг шүүх 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 15 минутад хүлээн авсан, шүүх хуралдаан мөн өдрийн 16 цаг 30 минутад эхэлсэн зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх-71/-ээс харагдаж байх тул уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ...” гэснийг, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 638 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                       Д.ОЮУНЧУЛУУН