| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн,
улсын яллагч Г.Яндаг /томилолтоор/,
хохирогч Д.А,
шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Д овогт Шын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Шын Г нь Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ажилладаг, ам бүл хоёр, эхнэрийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
-1998 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг шүүхээс мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Ш.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ... тоотод “намайг хаяж яваад миний мөнгийг үрчихлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн Д.Аын цээж тус газар руу нь хоёр гараараа түлхэж, эрүүл мэндэд нь “...хүзүүний 2 дугаар нугаламын сэртэн, 6 дугаар нугаламын арын сэртэн хугарал” бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч Г.Гаас: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч Д.А мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 16-нд Ш.Гтай тааралдаад бид хоёр 2 шил архи уусан. Ш.Г гинжээ ломбардад тавьсан. Тэгээд Ш.Г нэг машинд суугаад алга болсон. Орой 16-17 цагийн орчимд би Згийн гэрт 6.000 төгрөгийн архи авч, орж уусан. Тэгэхэд Згийн гэрт Ш.Г орж ирээд намайг хямдхан муу архи авч уулаа гээд архи булааж авах гэхээр нь булаацалдаж байхад Ш.Г намайг цээж рүү түлхээд би ард байсан жижиг ширээн дээгүүр давж толгойгоороо савж хойшоо тонгороод унасан. Миний биед учирсан гэмтлийг Ш.Г ах учруулсан. Байцаагчид өгсөн мэдүүлэг үнэн зөв. Эмчилгээний зардалд 760.000 орчим төгрөгийн зардал гарсан. Ш.Г MRI шинжилгээний төлбөрийг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах Ханын материалын эцэс дээр багын найз Г гэх залуутай тааралдсан. Тухайн үед би архи уусан байсан. Тэгээд Г бид хоёр Гын гэр рүү орж хоол хийж идчихээд мөнгөн гинж аваад Ханын материалд байрлах Нандин ломбардад 20.000 төгрөгөөр тавиад ломбардаас гарахад Г “ах нь нэг хүнтэй уулзаадахъя” гээд нэг машинд суугаад яваад өгсөн. Тухайн үед ломбардад мөнгөн гинжийг нь би өөрөө тавьсан болохоор 20.000 төгрөг надад үлдсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцсийн буудал дээр цаг гаруй түүнийг хүлээж байгаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК-ийн 4 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 тоотод байдаг З гэх залуугийнд нэг шил 0.5 литрийн Хараа гэсэн бичигтэй архи, клаб элди гэх нэртэй тамхи 1 хайрцаг, түмний ундаа зэргийг 13.000 төгрөгөөр аваад очсон. З гэртээ ганцаараа байсан. Тэгээд түүнтэй архиа хувааж ууж байхад Г ах гаднаас орж ирсэн. Тэгэхэд 16 цаг болж байсан ба надтай хамт архи уусан З тасраад унтсан. Г Згийн гэрт халамцуу орж ирээд “чи яасан хогийн бацаан бэ” гээд миний цээж рүү хоёр гараараа хүчтэй түлхэхэд би арагш ширээн дээр давж унахдаа хана, паар мөргөөд унасан. Тэгээд нэг хэсэг ухаан орж гараад байхаар нь хана налаад явган сууж байхад Г “надтай битгий уулзаарай, маргааш тэр гинж авч өгөөрэй” гээд гараад явсан. Тэгээд би Згийнд сууж байгаад тэнд үлдсэн үлдэгдэл архиа ганцаараа уугаад гэр рүүгээ яваад гэртээ ороод унтсан. Маргааш нь босох гэхэд гараа дийлэхгүй байсан. Тухайн үед би шартсан байх гэж бодоод хэвтэж өнжсөн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Тэгээд би гэртээ байхад миний эх цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байсан. ...Г намайг хаяж яваад миний мөнгийг үрчихлээ гэж маргалдаад намайг түлхсэн. Г намайг цохиогүй, нэг удаа түлхсэн. Тэгэхэд нь би арагш ширээ давж унахдаа хана болон паар мөргөөд унасан. Тухайн үед Г бид хоёр согтуу байсан. Хажууд З тасраад унтсан байсан. Би одоогоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх болно. Би шартаад байна гэж бодсон учраас цагдаагийн байгууллагад хандаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),
-хохирогчоор 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн:
“...Намайг Г “яасан хогийн бацаан бэ” гээд хоёр гараараа түлхсэнээс болж би ширээ давж унахдаа хана, паар мөргөөд унасан. Тэгээд би босож чадахгүй байж байгаад унтаад өгсөн. Би уг гэмтлийг авсны дараа өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 2 дугаар байрны 3 дугаар орц 38 тоотод очсон. Намайг гэрт ороход эх Ч, дүү Б нар байсан. Би гэрийнхэнтэйгээ тэр өдөр яриагүй. Харин маргааш өглөө нь миний толгой хөндүүр болчихоод байсан. Ханын материалын эцсийн буудал орж архи уусан. Тэгээд би дахиад гэр рүүгээ орсон. Ломбардад тавьсан мөнгөн гинж Гын эзэмшлийнх юм. Би хэрэг гарснаас 2-3 хоногийн дараа өөрөө Гын мөнгөн гинжийг авч Гтай Ханын материалын эцэс дээр уулзаж гинжийг нь өгсөн. Би Гтай уулзах үедээ гэмтсэн талаараа огт хэлээгүй. Тухайн үед би өвчнөө намдаах гээд архи уугаад яваад байсан. Би архи уусны дараа шууд гэр рүүгээ харьдаг. Өөр ийш тийшээ яваад байдаггүй. Тухайн үед надад шаардлагатай эмчилгээний зардлыг бүгдийг нь гаргаж өгсөн. Надад санал, гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дугаар тал),
2. Гэрч Ч.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн:
“...Д.А нь миний багын найз байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК-ийн 4 дүгээр байрны 1-1 тоотод байж байтал гаднаас миний найз болох Д.А нь 13-14 цагийн үед нэг шил 0.5 литрийн Хараа архи, нэг ширхэг түмний ундаа, нэг хайрцаг тамхи аваад ороод ирсэн. Тэгээд бид авч ирсэн архийг нь хувааж уусан. Аыг ирэхэд би архи уугаагүй байсан. Бид архиа уугаад дуусахад А “дахиад нэг шил архи аваад ирье, байж байгаарай” гэж хэлээд намайг гэрт үлдээгээд өөрөө гараад явсан. А 10 орчим минутын дараа 0.75 литрийн Их монгол нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд тус архийг бид хувааж ууж байгаад би талд нь ороход согтоод унтсан байсан. Тэр үед А ганцаараа үлдсэн. Тэгээд нэг сэрээд хартал гэрт хэн ч байхгүй, А явсан байсан. Ширээн дээр тал шил архи үлдсэн байсан. Тэгээд би нөгөө архинаас 100 граммыг татчихаад гадуур явж байгаад орой 19-20 цагийн үед гэртээ орж унтсан. ...Атай хамт архи ууж байхад гаднаас хүн орж ирээгүй. Харин архи уугаад согтоод унтсаны дараа хүн орж ирсэн үгүйг мэдэхгүй байна. А манайд ирэхдээ эрүүл орж ирсэн. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Шар Г гэх залуу манай гэрт хэдэн цагт ирснийг би мэдэхгүй байна. Тухайн үед би тасарсан унтаж байсан. Би тасрахдаа гэрийнхээ урд том өрөөнд газар дэвссэн байсан гудсан дээр унтаж байсан. Би тэдний маргалдсан үйл явдлыг хараагүй. Манай гэрт бор өнгийн жижиг ширээ болон паар байгаа. Манай ширээ болон паар хоорондоо ойрхон, ойролцоогоор 1 метрийн зайтай. Манай гэрийн эд зүйлс хэвээрээ, мөн паар ямар нэг зүйлээр бохирлогдоогүй байсан. Тухайн үед миний эх Чимэд Москва хороололд эгч Нарангийнд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
3. Гэрч Л.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн төрсөн хүү Мягмарцэрэн гэх хүүгийнхээ хүүхдүүдийг харж байтал миний төрсөн охин Б над руу залгаад А ажил дээр ирээд хүнд зодуулсан гээд мөнгө нэхээд байна гэснийг тухайн үед тоогоогүй. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Мягмарцэрцэнгийн хүүхдүүдийг харсны дараа өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК-ийн 2-38 тоот гэртээ үдээс хойш ортол миний хүү А гэртээ хэвтэж байсан. Миний хүү тэгэхэд “ээжээ би хүнд түлхүүлээд ухаан алдаад унасан байна, одоо миний толгой болон хүзүү өвдөөд байна” гэхээр нь би тэр өдрөө хүүхдээ тоогоогүй. Тэгээд маргааш нь бас толгой өвдөөд байна гэхээр нь би Ханын материалын эцэст толгой барьдаг бариач өвгөнийг утсаар дуудаад гэртээ хүүгийнхээ толгойг бариулсан. Маргааш нь би Мягмарцэрэнгийн хүүхдийг харах гээд Нарны хороолол орж 2 хоносон. Тэгтэл миний хүү А “миний толгой, тархи өвдөөд ерөөсөө болохгүй байна, нэг дэх өдөр үзүүлье” гэхээр нь би гэртээ очоод хүүхдээ аваад 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв орж томографын зураг авахуулаад эмчид үзүүлэхэд хүзүүний нэг яс нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үзлэг хийсэн эмчээрээ эмчилгээ хийлгэх эмийг бичүүлж аваад бүтэн сайн өдрийн орой гэртээ ирээд өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирж өргөдөл гаргаж байгаа юм. А надад хэзээ, хаана, хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Уг нь би зөндөө асуухад надаас А нуугаад байсан. Харин намайг гэртээ очдог өдөр А гэртээ байж таараад хүнд түлхүүлээд ухаан алдсан байна гэж хэлж байсан. А хэрэг гарахаас өмнө хэзээ гарч явсан талаар сайн санахгүй байна. Тэрээр гэмтсэнийхээ дараа гэрээс огт гараагүй. Гэртээ байх хугацаандаа гэмтлийн эмчийн бичиж өгсөн эмүүдийг авч уусан. Ямар эм авч уусан нь эмчийн жор дээр байгаа. А гэртээ байх хугацаандаа ер нь бол хүзүү өвдөөд, нуруу хөшөөд, толгой өвдөөд байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
4. Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах Компарт зочид буудлыг түрээслэн ажиллуулж байхад миний төрсөн ах А согтуу орж ирээд надад Гын эхнэрийн ээмгийг /тухайн үед би монетон ээмэг гэж ойлгосон/ дэлгүүрт 20.000 төгрөгөөр тавьчихлаа, 20.000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь би нэлээн бодож байж 20.000 төгрөг өгсөн. Тэр хооронд А ах ажлын үүдэнд суучихаад ах нь өвдөөд байна шүү дээ, өчигдөр хүнд зодуулсан, миний толгой өвдөөд байна гэж надад хэлэхээр нь би хэнд зодуулсан юм гэхэд шар Г намайг унагаагаад гэмтээчихсэн гэж хэлж байсан. Тэгээд би ээжтэй утсаар яриад ах А ирсэн, хүнд зодуулсан гэж байна хүний ээмгийг 20.000 төгрөгөөр дэлгүүрт тавиад архи аваад уусан болохоор авч өгөх ёстой гээд мөнгө гуйгаад байна, би мөнгө өглөө шүү гэхэд ээж “хүний юм авсан юм бол одоо өг дөө” гэхээр нь би мөнгө өгсөн. Тэгээд би өөр хүн ажил дээрээ үлдээгээд өөрөө гэр рүүгээ яваад очиход А ах гэрт архи авсан уйлаад сууж байсан. Надад ах нь үхлээ шүү дээ гээд шөнөжин ёолоод хэвтээд байхаар нь ээж Чгийн хамт өнөөдөртөө гайгүй болох нь уу, харъя гээд гэртээ хоносон. Үүрээр А ах үхлээ гээд орилоод байхаар нь за ер нь болохгүй юм байна гээд ээж Чгийн хамт А ахыг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. А тухайн үед юу болсон талаар нарийн сайн ярихгүй нуугаад байсан тул эмнэлэгт хальтирч унасан гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд А ахын хүзүүний яс нь хугарсан, толгой нь хөдөлсөн, их ноцтой юм байна, гэхдээ хагалгаанд орох шаардлагагүй өөрөөр нь бороолуулж эдгүүлсэн нь дээр юм байна гэж хэлсэн. Тэгээд хүзүүний сойлт зүүгээд буцаад гэртээ ирээд ах Аыг хэвтүүлсэн. Түүнээс хойш ах А гэрээс огт гараагүй. Тухайн үед гэрт хэвтэхэд нь би яагаад хүзүүгээ гэмтээсэн талаар асуухад надад өөр өөр юм хэлээд байсан. Тэгж байснаа ах А надад шар Г намайг түлхэж унагаагаад гэмтээсэн гэхээр нь би ээж Чгийн хамт цагдаагийн байгууллагад хандах болсон. А ах миний ажил дээр ирэхэд биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Гэхдээ надад толгой болон хүзүүгээр өвдөөд байна гэж хэлсэн. Тухайн үед шар Г намайг түлхэж унагаасан гэж хэлсэн. Миний ажил дээр А ах 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн. Тэгэхээр гэмтэл авсан өдөр нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болж таарч байна. ...А ахын биеийн байдал зүгээр болсон. Ажлаа хийгээд явж байгаа. Надад хэлэхдээ архинаас болж түлхэж унагаасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
5. Ш.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн гардаг өдөр би Атай Ханын материалын эцэс дээр явж байхдаа таарсан. Тэгтэл Дункуу /А/ би шартаад байна, юм байна уу гэхээр нь би байхгүй, манайх руу явъя гэж хэлээд гэр рүүгээ ороод хажуу талын дэлгүүрээсээ 0.33 литрийн Хараа архи 1 шилийг аваад өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Геологийн 1-1 тоотод хамт архиа хувааж уугаад цай, кофе уусан. Тухайн үед миний хүзүүнд байсан мөнгөн гинжний түгжээ нь мултраад газар унасан юм. Тэгээд би мөнгөн гинжээ Ат өгөөд халаасанд нь хийлгэсэн. А бид хоёр буцаж гараад Ханын материалын эцэст явж байхад машинтай Жамц гэх найз намайг дуудахаар нь би яваад очтол Жамц намайг 21 дүгээр хороолол руу явъя гээд хоолонд оруулаад хамт хоол идсэн. Би Ханын материалын эцсээс явахаас өмнө нь Ат “би явчихаад ирье, чи байж байгаарай” гээд явсан. Тэгээд буцаад 15 цагийн үед Ханын материалын эцэс дээр иртэл А байхгүй байхаар нь би тэр хавийн хүмүүсээс Аыг асуутал Згийн гэр рүү орж харагдсан гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ХМК-ийн 4-1-1 тоотод очоод Згийн гэрийн хаалгыг цохитол А нь архи уусан, халамцуу байдалтай хаалга онгойлгож өгсөн. Тэгээд би ороод гинжээ яасан юм бэ гэтэл ломбардад тавиад архи, тамхи авчихлаа гэхээр нь ямар архи авсан юм гэж асуутал надад архиа харуулсан. Тухайн архи нь хувийн үйлдвэрийн муу архи байсан. Тэгээд А нөгөө архинаасаа надад хийж өгөхөөр нь би уугаагүй. А өөрөө архинаасаа хийгээд нэг уухаар нь за за би ингэсхийгээд явлаа гэтэл А би бас явъя гээд босоод ирэхээр нь би наанаа унтаж амраад маргааш ломбардад тавьсан гинж авч өгөөрэй гэсэн. Тухайн үед А явна би харилаа гээд байхаар нь би наанаа амар гээд баруун мөр рүү нь нэг удаа түлхсэн чинь А ширээ рүү унах шиг болсон. Тэгэхээр нь би гараад явсан. Би Аыг эндээ амраад яв гэж хэлсэн. Тэрээр явна гээд миний үгэнд орохгүй босоод ирэхээр нь би унтаж амар гээд түлхсэн. Би Аыг нэг гараараа түлхсэн. Тэрнээс цохиж зодоогүй. Би Аыг түлхсэний дараа А зүгээр босч ирээд архиа аваад буцаад гудсан дээрээ суусан. Тухайн үед А бид хоёроос гадна гэрийн эзэн З согтоод унтаж байсан. Би Аыг багаас нь Дункуу гэж дууддаг. Бид хоёр багаасаа тоосгоны үйлдвэрт хамт ажиллаж байсан. А бид хоёр 1 дүгээр ангиасаа хойш найзалж байна. Би Ат эмчилгээ хийлгэх шаардлагатай зардлыг тухай бүрд нь өгч байсан. Би Аыг түлхсэнээс хойш 2-3 хоногийн дараа А миний гинжийг өөрөө авсан гээд Ханын материалын эцэс дээр өгсөн. Тухайн үед намайг Анхбаярыг харахад зүгээр байсан. Надад А ажлынхантайгаа явчихаад ирлээ гэж байсан. Аын биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. А бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би Ат санаатай хүнд хохирол учруулъя гэж бодоогүй. А архи уухаараа хөл рүү нь орчихдог. Гэртээ харьдаггүй. Дэмий тэнээд явчихдаг болохоор нь би гадаа хөлдөөд үхчихэж магадгүй гээд наанаа амар гэж хэлсэн юм. Харин өөрийг нь хамгаалж эрүүл мэндэд нь хохирол учрах вий гэж санаа зовсондоо босоод ирэхэд нь наанаа амар гээд цааш нь түлхсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-109 дүгээр тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14515 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн товч: ...Бусдад зодуулсан гэх.
Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний бэхэлгээ зүүсэн.
2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Мед Трама” эмнэлгийн Хүзүүний КТГ-д: “...Хүзүүний 2 дугаар нугалмын урд дээд хэсэгт үл ялиг зөрүү бүхий хугаралтай, хүзүүний 6 дугаар нугалмын арын сэртэн зөрүү ихтэй хугарал тодорхойлогдоно. ...” гэжээ.
Дүгнэлт:
1. Д.Анхбаярын биед хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн, 6 дугаар нугалмын арын сэртэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2, 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. /Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),
7. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийгдсэн ба, мөн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Мед Трама” эмнэлгийн хүзүүний КТГ-ыг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Яг болсон гэх цаг хугацаанд үзүүлсэн бичиг баримт байгаагүй тул хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байсан. Д.Аын биед учирсан гэмтлүүд нь “Мед Трама”-н хүзүү КТГ-д шинэ гэмтэл гэж тусгагдсан байсан. Хүзүүний нугаламын хугарал гэмтэл нь 14-өөс дээш долоо хоног бороолж эдгэдэг. КТГ-д шинэ гэмтэл гэж тусгагдсан байсан. Хэрэг болсон гэх хугацаанаас 8 хоногийн дараа компьютер томографикийн зураг хийлгэсэн. Мөн эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт байхгүй. Хэрэг болсон гэх хугацаанаас хойш 21 хоногийн дараа өөрийн биеэр ирж үзүүлсэн ба, хэсэг газрын үзлэгт хүзүүнд бэхэлгээ зүүсэн, өөр ил гэмтэлгүй байсан тул хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр хүзүүний арын хэсэгт хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Уг гэмтлүүд хүзүүний арын хэсгээр паар мөргөхөд үүсэх боломжтой. Хүзүүний 2-р нугаламын урд дээд хэсгийн зөрүү бүхий хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний 6-р нугаламын арын сэртэнгийн зөрүүтэй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх хоёр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүдийг авсан тохиолдолд хүзүү өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдах, гар хөл бадайрах, саажих, эмнэл зүйн шинж тэмдэг илэрнэ. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр КТГ-д нугасанд эмгэг өөрчлөлтгүй байсан тул хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөлт мэдрэгдэх боловч саа саажилтгүй байсан тул алхах, гишгэх, явах, гараа хөдөлгөх идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Хязгаарлагдмал гадаргуутай зүйл гэдэг нь тухайн гэмтэл үүсгэсэн хэсгийн хүч үйлчилсэн гадаргууг хэлдэг. Үүнд: ширээ сандал, паар зэрэг хамаарна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал),
8. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 118 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:
9. Шүүгдэгч Ш.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 121 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 29 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 48-52 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (125 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 124 дүгээр тал), түүний нэр дээр хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 126 дугаар тал), Хаан банкинд эзэмшдэг дансны хуулгын дэлгэрэнгүй (хавтаст хэргийн 127 дугаар тал), “... гэрэл” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 128 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтыг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн 57-77 дугаар талд авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газар нөхөн үзлэг хийсэн баримтуудыг нотлох баримтаас хасах тухай саналыг гаргасан.
Хэргийн 58-77 дугаар талд авагдсан гэрэл зураг нь юун тухай бэхжүүлсэн гэрэл зураг болох нь тодорхойгүй байдлаар хуулбар зургууд байх тул хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
1.Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ш.Г нь хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай.
Хохирогчийн мэдүүлэгт зөрүү байхгүй ба, гурван удаа мэдүүлэг өгөхдөө “...Г намайг гараараа түлхэж би хойшоо унасан...” гэж тогтвортой мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар хэргийн газар үзлэг хууль зөрчөөгүй. Хэрэг гарсан 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн маргааш нь хохирогч гэрч Бтай уулзаж Г түүнийг гэмтээсэн талаар хэлсэн байдаг, 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн адил хэлсэн. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр томографикийн зураг авахуулсан. Хохирогч гэрээсээ гараагүй гэдгийг гэрч Ч нотолж байгаа бөгөөд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотолсон тул хэргийг буцаах тухай өмгөөлөгчийн санал үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хэргийг прокурорт буцаах байр суурьтай оролцохоо илэрхийлж, шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “...хэргийн бодит байдлыг тогтоох, нотолбол зохих нөхцөл байдлуудыг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл хэргийг яаж шийдвэрлэх талаар хуульд заасан. Прокурорын байгууллага хэргийг бүрэн гүйцэд нотлохгүй байна. Шүүх шийднэ гэж хэргийн нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр дутуу орхисон, хэрэгт хангалттай нотлох баримт байна уу гэдгийг шүүх анхаарах ёстой. Эрүүгийн хуульд гэмт хэргийн бодит байдлыг тогтоох заалтууд байгаа. Улсын яллагч гэрч Ч, З, Б нарын мэдүүлгээр Гыг яллаж байгаа боловч эдгээр гэрчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй, мөн Згийн мэдүүлэг яллах нотлох баримт болохгүй. Мөн хэргийн газрын үзлэгээр нотлогдож байна гэж байна. Хэргийн газрын үзлэг ямар нэгэн зүйл нотлохгүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд хохирогчийг хана, паар мөргөсөн гэж байгаа боловч хохирогч өөрөө паар мөргөөгүй гэдгээ мэдүүлж байна. Нөгөө талаас ширээ сандлын хаанаас хаашаа давсан бэ, ширээний баруун талаас уу, зүүн талаас уу, аль талаас нь давсан бэ гэдгийг тогтоогоогүй. Хохирогчийн мэдүүлгийг туршиж шалгах ёстой боловч шалгаагүй, хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан яллах талын нотлох баримт байхгүй. Гыг яллаж байгаа гол нотлох баримт болох хохирогчийн мэдүүлгүүд өөр хоорондоо, мөн гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй. Хохирогчийг маргааш нь гэрээсээ гараагүй гэж байгаа боловч хохирогч маргааш нь гэрээсээ гарч архи уусан. Хохирогч дүүгээсээ мөнгө авсан боловч тэр дороо гинжийг ломбардаас аваагүй, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр авсан. Шинжээч мэдүүлэгтээ “...хохирогч нь гэмтлийг хэзээ авсныг тогтоох боломжгүй, нотлох баримт байгаагүй...” гэж мэдүүлсэн. Г Аыг түлхсэнээс болж гэмтсэн гэдгийг юугаар нотлох вэ. Хохирогч маргааш нь ээжтэйгээ гэмтэл явсан гэж мэдүүлж байна. Хохирогч сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэх чадвартай юу гэдгийг тогтоох ёстой. Гтай архи хувааж уугаад, дараа нь Зтой хамт 0.5 грамм, 0.75 граммын архи хувааж уусан, ийм хэмжээний архи уусан хүн тухайн үед болсон үйл явдлыг санах уу. А өнөөдөр архи уугаагүй, эрүүл байгаа мөртлөө зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа тул хохирогчийн сэтгэцийг шалгуулах хэрэгтэй. Улсын яллагч ганц хохирогчийн мэдүүлгээр яллаж байна. Хохирогч гэмтэл авсан нь үнэн. Энэ гэмтлийг хохирогч яаж авсан бэ. Үүнийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох ёстой. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор яллах, цагаатгах бүх талын нотлох баримтыг цуглуулна гэж хуульд заасан. Хана, паар мөргөсөн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирол учруулахдаа аль гэмтэл хүнд, аль гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл бэ гэдгийг тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр сэртэнгийн зөрүү ихтэй нь хүндэвтэр, үл ялиг зөрүүтэй нь хүнд гэж дүгнэлт гаргасан. Мөн гэмтэл нь цаг хугацааны хувьд зөрүүтэй. Шинжээч гэмтлийг долоо хоногийн дотор бороолж эдгэнэ гэсэн боловч хохирогч 8 хоногийн дараа шинжээчид үзүүлсэн. Энэ гэмтлийг хэзээ авсан болохыг тогтоож чадаагүй. Энэ гэмтлийн юу нь амь насанд аюултай вэ. Хэрэг гарсан гэх өдрөөс хойш хохирогч 8 хоногийн турш ямар нэгэн зовиургүйгээр гадуур явсан байна. Хохирогчийн учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй. Хүндэвтэр гэмтэл байж болохоор гэмтэл учирсан байна. Үүнийг шинжээчээс дахин тодруулах шаардлагатай. Гэмтэл 7 хоногийн дотор бороолно гэдэг нь бүрэн бороолох уу, бороолж эхлэх үү, хохирогчийн мэдүүлж байсан хана, паар, турба гурвын аль болохыг шалгаагүй. Хохирогч өнөөдөр архи булаацалдаж байгаад өөрөө унасан мэтээр ярьж байна. Гэмт хэрэг санаатай юу, болгоомжгүй юу гэдгийг тогтоох ёстой. Мөн хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт нотлох баримтын шаардлага хангаагүй, гэрэл зурагт юу байгаа нь, юуг нотолж байгаа нь мэдэгдэхгүй, хар зураг байна. Иймээс нотлох баримтууд нь гэмт хэргийг нотлохгүй байгаа тул Гыг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт байхгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж тогтоох шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дахь заалтад заасан нөхцөл байдал үүсч байгаа учраас мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч Ш.Г нь “...хохирогчийг амар гэж түлхсэн, түүнд санаатай гэмтэл учруулаагүй ...” гэж гэм буруугийн талаар маргасан.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Гын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын комбинатын 4 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 тоотод “намайг хаяж яваад миний мөнгийг үрчихлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн Д.Аын цээжин тус газар руу нь хоёр гараараа түлхэж унаган түүний эрүүл мэндэд нь “...хүзүүний 2 дугаар нугаламын сэртэн, 6 дугаар нугаламын арын сэртэн хугарал” бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “...З гэртээ ганцаараа байсан. Түүнтэй архиа хувааж уусан. ...Г Згийн гэрт халамцуу орж ирээд “чи яасан хогийн бацаан бэ” гээд миний цээж рүү хоёр гараараа хүчтэй түлхэхэд би арагш ширээн дээр давж унахдаа хана, паар мөргөөд унасан. ... хэсэг ухаан орж гараад байхаар нь хана налаад явган суусан. ...Маргааш нь босох гэхэд гараа дийлэхгүй байсан. ...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. ...Г намайг хаяж яваад миний мөнгийг үрчихлээ гэж маргалдаад намайг түлхсэн. Г намайг цохиогүй, нэг удаа түлхсэн. Тэгэхэд нь би арагш ширээ давж унахдаа хана болон паар мөргөөд унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),
-хохирогчоор 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн“...Намайг Г “яасан хогийн бацаан бэ” гээд хоёр гараараа түлхсэнээс болж би ширээ давж унахдаа хана, паар мөргөөд унасан. ...Би уг гэмтлийг авсны дараа өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 2 дугаар байрны 3 дугаар орц 38 тоотод очсон. ...маргааш өглөө нь миний толгой хөндүүр болчихоод байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 115-116 дугаар тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-Гэрч Ч.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А манайд ирэхдээ эрүүл орж ирсэн. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ...Манай гэрт бор өнгийн жижиг ширээ болон паар байгаа. Манай ширээ болон паар хоорондоо ойрхон, ойролцоогоор 1 метрийн зайтай. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),
-Гэрч Л.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...төрсөн охин Б над руу залгаад А ажил дээр ирээд хүнд зодуулсан гээд мөнгө нэхээд байна гэсэн. ...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...гэртээ үдээс хойш ортол хүү А гэртээ хэвтэж байсан. Миний хүү тэгэхэд “ээжээ би хүнд түлхүүлээд ухаан алдаад унасан байна, одоо миний толгой болон хүзүү өвдөөд байна” гэсэн. ...маргааш нь бас толгой өвдөөд байна гэсэн. ...А “миний толгой, тархи өвдөөд ерөөсөө болохгүй байна, нэг дэх өдөр үзүүлье” гэхээр нь ...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв орж томографийн зураг авхуулаад эмчид үзүүлэхэд хүзүүний нэг яс нь хугарсан байна гэж хэлсэн. ...А хүнд түлхүүлээд ухаан алдсан байна гэж хэлж байсан. ...А гэртээ байх хугацаандаа ер нь бол хүзүү өвдөөд, нуруу хөшөөд, толгой өвдөөд байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А ах ажлын үүдэнд суучихаад ах нь өвдөөд байна шүү дээ, өчигдөр хүнд зодуулсан, миний толгой өвдөөд байна гэхээр нь би хэнд зодуулсан юм гэхэд шар Г намайг унагаагаад гэмтээчихсэн гэж хэлж байсан. ...Би ээжтэй утсаар яриад ах А ирсэн, хүнд зодуулсан гэж байна ...гэсэн. ...А ах үхлээ гээд орилоод байхаар нь ...ээж Чгийн хамт А ахыг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. ...гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд А ахын хүзүүний яс хугарсан, толгой нь хөдөлсөн, их ноцтой юм байна, гэхдээ хагалгаанд орох шаардлагагүй, өөрөөр нь бороолуулж эдгүүлсэн нь дээр юм байна гэсэн. ...А надад шар Г намайг түлхэж унагаагаад гэмтээсэн гэхээр нь би ээж Чгийн хамт цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Миний ажил дээр А ах 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн. Тухайн үед надад хэлэхдээ өчигдөр хүзүү болон толгойгоо гэмтээсэн гэж хэлсэн. Тэгэхээр гэмтэл авсан өдөр нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болж таарч байна. ...Надад хэлэхдээ архинаас болж түлхэж унагаасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),
-Ш.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...А явна би харилаа гээд байхаар нь би наанаа амар гээд баруун мөр рүү нь нэг удаа түлхсэн чинь А ширээ рүү унах шиг болсон. ...би унтаж амар гээд түлхсэн. Би Аыг нэг гараараа түлхсэн. ...Ат эмчилгээ хийлгэх шаардлагатай зардлыг тухай бүрд нь өгч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-109 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14515 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал),
-Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, хохирогчид учирсан гэмтэл хүндэвтэр зэргийн гэмтэл байхад хүнд гэж гаргасан шинжээчийн дүгнэлт тодорхой бус, аль гэмтэл нь амь насанд аюултай болох, хохирогч гэмтлийг хэрхэн, хэзээ авсан, гэмт хэргийн сэдэлт зэргийг тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй тул хэргийг прокурорт буцаах гэсэн дүгнэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн болно. Үүнд:
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар иргэн Ч.Згийн гэрт очсон, тэдний хооронд тухайн үед мөнгө үрлээ, хямдхан архи авч уулаа гэх маргаан болсон үйл баримт тогтоогджээ. Улмаар шүүгдэгч Ш.Г нь хохирогч Д.Аын цээж хэсэг рүү гараараа түлхэхэд хохирогч Д.А нь ширээ давж хойшоо толгойгоороо савж унасан байна. Үүнээс хойш хугацаанд хохирогчийн биед толгой нь өвдөх, хүзүү нь хөших зэрэг зовиур өгсөн байх бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн, мөн “Мед Трама” эмнэлэгт хүзүүний компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон.
Тэрээр хохирогч Д.А “шар Ганбаа намайг түлхэж унагаасан, толгой өвдөж байна” гэж өөрийн дүү Д.Б, төрсөн эх Л.Ч нарт ярьсан талаар эдгээр гэрч нар мэдүүлэх бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрч Л.Ч, Д.Б нарын мэдүүлгээр нотлогдсон, хохирогчийн мэдүүлэгт зөрүү байхгүй, шүүх хуралдаанд хохирогч Д.А мэдүүлэхдээ “Ш.Г намайг түлхсэнээс би хойшоо савж унасан, мөн мөрдөн шалгах ажиллагаанд миний өгч байсан мэдүүлэг үнэн зөв” гэж мэдүүлсэн бөгөөд хохирогч, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Аын эрүүл мэндэд хүзүүний 2-р нугаламын сэртэн, 6-р нугаламын арын сэртэн хугарал бүхий гэмтэл тогтоогдсон талаар дүгнэсэн ба, уг дүгнэлтийн гаргасан шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ “...Хүзүүний 2-р нугаламын урд дээд хэсгийн зөрүү бүхий хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний 6-р нугаламын арын сэртэнгийн зөрүүтэй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн бөгөөд үүгээр хохирогчид учирсан аль гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болохыг тогтоогоогүй гэх өмгөөлөгчийн дүгнэлт няцаагдаж байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шинжээч гэмтэл нь 7 хоногийн дотор бороолно гэсэн, гэмтлийг хэзээ авсан болохыг тогтоох боломжгүй гэсэн ба, хохирогч гэмтэл авснаас хойш 8 хоногийн дараа үзүүлсэн, 8 хоногийн турш ямар нэгэн зовиургүйгээр явсан байх тул 7 хоногт гэмтэл нь бүрэн бороолох уу, бороолж эхлэх үү гэдгийг шинжээчээс тодруулаагүй” гэж мэтгэлцэх боловч хохирогч нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэмтэл авснаас хойш толгой, хүзүүнд нь зовиур өгч өвдөж байсан, улмаар гэртээ хэвтэх, бариачид үзүүлэх зэрэг арга хэмжээг авсан боловч өвдөлт нь хүндэрч 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн талаар хохирогч өөрөө болон гэрч Л.Ч, Д.Б нар мэдүүлсэн байна. Мөн шинжээч мэдүүлэхдээ “хохирогчийн биед 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийж, “Мед Трама” эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хүзүүний КТГ-ыг үндэслэн дүгнэлтийг гаргасан, КТГ-д шинэ гэмтэл гэж тусгагдсан, хүзүүний нугаламын хугарал гэмтэл нь 14-өөс дээш долоо хоног бороолж эдгэдэг. Уг гэмтлүүд хүзүүний арын хэсгээр паар мөргөхөд үүсэх боломжтой, хохирогчийн нугасанд эмгэг өөрчлөлтгүй байсан тул хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөлт мэдрэгдэх боловч саа саажилтгүй байсан тул алхах, гишгэх, явах, гараа хөдөлгөх идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой” гэж мэдүүлсэн зэргээр өмгөөлөгчийн дээрх дүгнэлт няцаагдаж байна. Нөгөө талаас шүүгдэгч нь хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ш.Г нь хохирогч Д.Атай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагасан идэвхтэй үйлдэл хийсэн нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байх бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Иймд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулан тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Иймээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан шүүгдэгч Ш.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн дээрх үйлдэлд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, шүүгдэгч Ш.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Д.Аын нэрийг “Анхбаяр” гэж буруу бичсэн байх ба, шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулан биеийн байцаалтыг тодруулж, түүний бичиг баримтад үндэслэн шүүх зөвтгөн шийдвэрлэсэн бөгөөд шүүх нөхөн гүйцэтгэх боломжтой зөрчил гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч Д.А нь хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогч Д.Аын эмчилгээний зардлыг шүүгдэгч Ш.Г тухай бүрт нь төлж байсан, 760.000 орчим төгрөгийг төлж байсан гэх ба, энэ талаар баримтыг ирүүлээгүй боловч хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь хохирлыг төлсөн талаар зөвшөөрч мэдүүлсэн ба, шүүх хуралдаанд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэсэн” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “... тохиолдлын шинжтэй, ээдрээ төвөгтэй төвөгтэй нөхцөл байдлууд байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд нь 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эсхүл 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай тул шүүгдэгчийг нийгмээс тусгаарлалгүйгээр торгох ял оногдуулах боломжтой. Ш.Г нь гэр бүлтэй, гэр бүлээрээ үйлдвэр ажиллуулдаг. Тодорхой ажил орлоготой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүх хэрэглэж өгнө үү. Г хохирогчид анхаарал халамж тавьж байсан нь хэрэгт хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал болно. Мөн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзнэ үү. Тиймээс үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд хоёр удаа ял шийтгэгдэж байсан байх ба, ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ш.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.
Шүүгдэгч Ш.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч Ш.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нь торгох ял оногдуулж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг шүүгдэгчид хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхийг илэрхийлсэн” бол хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь ”санаатай” үйлдэл байхаар заасан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмтлийг санаатай учруулаагүй гэж гэм буруу, сэдэлтийн талаар маргасан тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.
3. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрч Л.Чг шүүх хуралдаанд оролцуулахаар тов мэдэгдэж, гэрч нь шүүх хуралд хүрэлцэн ирсэн боловч хохирогч Д.Аын төрсөн эх байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан “гэр бүлийн гишүүн, төрсөн үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэдгийг ойлголоо, тиймээс мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул түүнээс мэдүүлэг аваагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Шын Гыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА