Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: Г.Х- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Х-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000000084 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Х-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Х- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Б.И-ын дуудлагын жолооч дуудсаны дагуу очиж түүний өмчлөлийн 41-16 УНР улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашиныг жолоодон явж байхдаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд хүн буулгах явцад тухайн автомашины арын суудал дээр байсан Б.И-ын гар цүнхнээс 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Х- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.И-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгууллагаас оны шилдэг агент болоод 2.500.000 төгрөгөөр шагнуулсан, мөн дээр нь 405.500 төгрөгийг бүтэн жилд оруулсан орлогын 3 хувь болох шагналт цалин авсан. Энэ мөнгөө би эхнэр маань ажлын хүнээс худалдаж авсан цүнхийг нь авсан байснаа хийгээд 20 цаг дөнгөж өнгөрөөгөөд ажлаасаа гараад өөрийн найз Дашнямын төрсөн өдрийн арга хэмжээ болж байсан Дөлгөөн нуурын ард байх Хоймор оффисын пабад очиж сууцгааж хэдэн шил пиво ууж ярьж сууж байгаад 23 цаг 30 минутын үед манай найз Энхтөр дуудлагын жолоочийн 76766006 утас руу залгаад жолооч дуудсан. Уг жолооч нь 15 минутын дараа ирээд миний 41-16 УНР дугаартай Тоёота Алфард машиныг жолоодоод Одонхүү, Энхтөр гээд 2 найзаа суулгаад тэндээсээ шууд яваад Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт байх хотхон дээр Одонхүүг гэрт нь буулгаад Нарны хорооллын Хаан банктай байр руу Энхтөрийг буулгахаар явсан. Одонхүүг буулгахдаа би өөрийн авсан шагналын мөнгөнөөс 5000, 5000 төгрөг аваад даллагын уутандаа хийгээрэй гээд 2 найздаа авч өгсөн бөгөөд мөнгөтэй цүнх миний машины хамгийн арын суудал дээр байсан. Энхтөрийг буулгахдаа бид хоёр 20 орчим минут зогсоод машины араас мөргүүлсэн эвдрэлээ бууж харуулаад эргээд машинд сууж байгаад буугаад Энхтөрийг байрны орцны үүдэнд хүргэж өгөөд эргээд машиндаа суугаад гэрийн зүг хөдөлсөн. ...Тэгээд гэртээ ороод эхнэртээ шагналын мөнгөө үзүүлж бурхан дээрээ тавихаар гаргаж иртэл 5 боодол 5000 төгрөгийн дэвсгэрт болон задгай 5000 төгрөгийн дэвсгэрт байх ёстой байтал 4 боодол бүтэн, нэг задгай байсан бөгөөд 1 боодол мөнгө дутуу байсан... Би өөрийн 500.000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээж авсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Гэрч Г.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүү маань уг нь хулгай хийгээд байх хүн биш бөгөөд хулгай хийх болсон шалтгаан нь 2 нялх хүүхдээсээ болоод ийм гэмт хэрэгт холбогдлоо гэж бодож байна. Хоёр хүүхэд нь хоёулаа нялх болохоор мөнгө төгрөгийн хэрэгцээ их байсан байх” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Яллагдагчаар Г.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр хоёр эрэгтэйг автомашинаас буусны дараа цүнхийг нээтэл боодолтой мөнгөнүүд байхаар нь 1 боодол мөнгө аваад халаасандаа хийсэн. ...Тэгээд удалгүй автомашины эзэн ах “буцаад ир, мөнгө алга болчихлоо” гэхээр нь би Ханбогд хороолол руу ороод буланд зогсож байсан хучлагатай автомашины дор мөнгийг нуучхаад буцаад очсон. ...Цагдаагийн хэлтэс дээр очоод би мэдүүлэг өгөөд мөнгө нуусан газраа зааж өгсөн. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 26-27/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 5/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 7-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 12/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-60/, хохирогчийн хүсэлт /хх-н 68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Л.Х- нь 2021 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Б.И-ын дуудлагын жолооч дуудсаны дагуу очиж түүний өмчлөлийн 41-16 УНР улсын дугаартай Тоёота Алфард маркийн автомашиныг жолоодон явж байхдаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд хүн буулгах явцад тухайн автомашины арын суудал дээр байсан Б.И-ын гар цүнхнээс 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.И-ын: “...гэртээ ороод эхнэртээ шагналын мөнгөө үзүүлж бурхан дээрээ тавихаар гаргаж иртэл 5 боодол 5000 төгрөгийн дэвсгэрт болон задгай 5000 төгрөгийн дэвсгэрт байх ёстой байтал 4 боодол бүтэн, нэг задгай байсан бөгөөд 1 боодол мөнгө дутуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хүлээн авсан тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Х-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Х- нь хохирогч Б.И-ын автомашиныг жолоодон явахдаа хохирогчийг машинаас буух хооронд түүний машинд байсан цүнхнээс 500.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 68/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Х-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ийг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х- нь 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР