Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Дгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Дгийн Н нь Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, түүний хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Бгийн нүүр рүү шөлтэй халуун хоол цацсаны улмаас түлэгдэж, биед нь баруун хацар, эрүү, хүзүүнд улайлт, цэврүү бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Би уул руу самарт яваад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ирсэн. Бг “хоол ид” гэхэд нь “наад угаадсыг чинь идэхгүй гичий минь” гээд нүүр рүү нь аягатай халуун хоол цацсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Намайг уучлаарай. Мөн миний нэр дээр данс байхгүй, цалингаа эхнэрийн нэр дээрх дансаар шилжүүлж авдаг, самарт явж орлого олсон, энэ орлогыг нотлох баримт байхгүй байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан  болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд. Үүнд:

1. Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

“...Д.Нтай 2020 оны 8 дугаар сард танилцаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 41 дүгээр гудамжны 6 тоотод хамтран амьдарч байгаа.  Д.Н нь 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр хүмүүстэй нийлж самарт яваад 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн. Маргааш нь гэртээ байж байтал Б, Үнэнсайхан, эхнэр нь гэх эмэгтэй гурав манай гэрт ирээд бид пиво уусан. 15 цагийн үед манай нөхөр намайг шөлтэй хоол хийчих гэхээр нь би хоолоо хийж дуусчхаад Д.Нд аягалаад өгтөл наад угаадсыг чинь идэхгүй гээд гарт барьж байсан аягатай хоолыг булааж аваад миний нүүр болон хүзүү, хацар руу цацсан. Би уйлаад “чи яаж байгаа юм бэ” гээд хашхиртал хамт самарт явсан дүү нар нь орж ирээд Д.Нг дагуулаад явсан. ...Би эмнэлгийн тусламж авсан зүйл байхгүй. Шархны тос түрхээд одоо эдгэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

 

            2. Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

            “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 41-6 тоот Д.Н ахын гэрт нь яваад очтол самарт явсан гэх 3 хүн ирчихсэн, ах тэр хүмүүстэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд ахынд ирсэн хүмүүс гэрээс нь гарсан хойгуур ахтай юм яриад сууж байтал бэр эгч хоолоо ид гээд хэлж байсан. Тэгэхээр нь би хоолны халбага авч өгөх гээд явтал бэр эгч “чи намайг түлчихлээ” гээд хашхирахаар нь хартал аягатай хоол нь шалан дээр асгарчихсан байсан. Би ахад юу болов гээд хэлтэл бэр эгч зайлцгаа гэхээр нь ахыг аваад Цайз руу явсан. Тэгэхэд эгчийн хүзүү орчимд нь улайсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),  

 

3. Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эхнэртэйгээ барилгачдын баяр тэмдэглээд нэг шил архи, хоёр пиво хамт хувааж уугаад хоорондоо маргалдтал эхнэр Б цагдаад дуудлага өгөөд намайг бариулсан. Дараа нь эхнэр бид хоёр Хөвсгөл аймаг руу 9 дүгээр сарын сүүлчээр явчхаад тэндээ 7 хоноод буцаад автобусаар ирж байхдаа Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хоолонд орохоор автобуснаас буухын өмнө эхнэрээс мөнгө байна уу гэж асуухад байхгүй гэхээр нь гараас нь хазсан. ...Би Бг аягатай халуун хоол надад өгч байсныг мэдэж байсан. Би уурандаа аягатай хоолыг нь баруун гараараа барьж аваад тэр даруйдаа нүүр рүү нь санаатай цацсанаа хүлээн зөвшөөрч байна. Дахин буруу зүйл гаргахгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-53 дугаар тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 358 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 3.0х3.0 см хэмжээтэй талбайд улайсан, эрүүнд 2.0х.1.0 см, 1.0х1.0 см, 0.6х0.5 см хэмжээтэй талбайд улайж цэврүүтсэн, эрүүний урд хэсгээр хавдсан. Хүзүүний урд доод хэсэгт 1.0х1.0 см, 3.0х3.0 см хэмжээтэй хүрэнтэж улайсан. Хүзүүний зүүн урд хэсэгт 2.0х2.0 см хэмжээтэй талбайд голоороо цэврүүтэж захаараа тавшсан байв.

Дүгнэлтэд:

1.С.Бгийн биед баруун хацар, эрүү, хүзүүнд улайлт, цэврүү бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь өндөр хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

 

5. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 7-15 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 5-6 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

6. Шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 58 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Бгийн нүүр рүү шөлтэй халуун хоол цацсаны улмаас түлэгдэж, биед нь баруун хацар, эрүү, хүзүүнд улайлт, цэврүү бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Нгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Н, хохирогч С.Б нар нь 2020 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

 

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангайн 41 дүгээр гудамжны 6 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Бгийн нүүр рүү нь шөлтэй халуун хоол цацсаны улмаас түүний биеийг түлж, эрүүл мэндэд нь баруун хацар, эрүү, хүзүүнд улайлт, цэврүү бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хохирогч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...би хоолоо хийж дуусчхаад Д.Нд аягалаад өгтөл наад угаадсыг чинь идэхгүй гээд гарт барьж байсан аягатай хоолыг булааж аваад миний нүүр болон хүзүү, хацар руу цацсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

            -Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...ахтай юм яриад сууж байтал бэр эгч хоолоо ид гээд хэлж байсан. Тэгэхээр нь би хоолны халбага авч өгөх гээд явтал бэр эгч “чи намайг түлчихлээ” гээд хашхирахаар нь хартал аягатай хоол нь шалан дээр асгарчихсан байсан. ....эгчийн хүзүү орчимд нь улайсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),  

-Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би уурандаа аягатай хоолыг нь баруун гараараа барьж аваад тэр даруйдаа нүүр рүү санаатай цацсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-53 дугаар тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 358 дугаартай “... “...С.Бгийн биед баруун хацар, эрүү, хүзүүнд улайлт, цэврүү бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны хамтарсан багийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 7-15 дугаар тал), аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 5-6 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Д.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Бгийн бие махбодид халдаж, нүүр рүү нь халуун хоол цацсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Тус гэмт хэрэг нь шүүгдэгч Д.Н согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон хохирогч, шүүгдэгч нарын тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас гарсан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй боловч шүүгдэгч Д.Н нь урьд хохирогчийн эрүүл мэндэд халдаж байсан талаар хохирогчоос мэдүүлсэн байх бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Байгалмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч С.Б нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.  

 

Шүүгдэгч Д.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэгдэж байгаагүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулан хохирол, хор уршгийн хэмжээ, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь ажил эрхэлдэг гэх боловч цалин, хөлс, бусад орлогыг нотолсон баримтгүй байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэж улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд ял оногдуулсан болно.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Дгийн Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл  гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА